Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 63

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,  

Улсын яллагч Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, 

Насанд хүрээгүй гэрч Г.Аззаяа,

Шүүгдэгч Ч.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 107 дугаар зүйлийн 107.3, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ганхуягт холбогдох 201617000348 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галын техникч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг Дэнжийн 2-4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, 1 дүгээр баг Таван шарын 1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зотол овогт Чүлтэмийн Ганхуяг /ЛЮ68042496/

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ч.Ганхуяг нь эхнэр Ц.Цэнгэлийг 2013 оноос хойш байнга зодож тарчлаасан, 

мөн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 1114 тоот хашаанд эхнэр Ц.Цэнгэлийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож бие махбодид нь хуйханд цус хуралт, хамар ясны хугарал, 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн, доод зовхи, доод уруулын дотор салстын шарх, нүүр зүүн эгэм, мөр, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи баруун зүүн чихний дэлбэн, баруун эгэм, шуу, цээж, зүүн бугалага шуу, алга, баруун зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан, 

мөн өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 1114 тоот хашаанд Ц.Цэнгэлийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж, амь биед нь аюултай нөхцөлд байхад яаралтай тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ц.Цэнгэл нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх талын дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ч.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр Цэнгэл, охинтойгоо хамт гурвуулаа гэртээ байсан. Тэгээд охин сургуульдаа явсаны дараа эхнэр бид хоёр Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 4-2 тоотод байх өөрийн эзэмшилийн хашаа байшингаа эргэхээ явсан юм. Ингээд явж байсан чинь Сумъяадорж ахынхаар ороод явъя гээд эхнэрийг хэлэхээр нь тэднийд очсон. Тэднийд очсон чинь Сумъяадорж ах нүүрс хураагаад зогсож байгаад бид хоёрыг хараад нүүрснээс хураагаад өгч гээд гэхээр тэдний нүүрсийг хурааж өгсөн. Сумъяадорж ах нүүрс хурааж өглөө гээд нэг шил архи авч өгсөн. Орой болоод харих гэсэн чинь Сумъяадорж ах чи гайгүй байгаа юм чинь гэртээ хариад хоночих Цэнгэл манайд хоног гэхээр нь би гэр рүүгээ харьсан. Маргааш нь Сумъяадорж ах над руу залгаад намайг хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход бүгдээрээ согтуу байсан. “ Яасан бэ” гэсэн чинь “ чамайг явсны дараа бид нар 2, 3 шил архи уусан. Энэ хэд тэгээд согтчихлоо, энийг би ганцаараа барахгүй байна “ гээд үлдсэн нэг шил архийг Сумъяадорж ах бид хоёр хувааж уусан. Тэгсэн Сумъяадорж ах намайг “ ахдаа архи авч өгөхгүй юм уу “ гэхээр нь би Сумъяадорж ахаас 20,000 төгрөг зээлээд 1 шил хувааж уусан. Сумъяадорж ах “ орой манай хүүхдүүд Улаанбаатар хотоос ирнэ. Миний хоёр дүү одоо харь “ гэхээр нь бид хоёр харьсан. Үүнээс цаашхийг санахгүй байна. Маргааш нь цагдаа ирээд миний согтолтын зэргийг үзээд 3,9 бүхэл байна гээд гавлаад авч явсан. Өглөө нь надад танай эхнэр нас барсан байна. Чи үүнийг мэдэж байна уу? гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хариулсан. 

Би охиноо яагаад худал мэдүүлэг өгөөд байгааг ойлгохгүй байна. Хэрэг гарахаас 2, 3 хоногийн өмнө намайг архины шилээр цохисон. Ам руу нь архи цутгасан гэж хэлсэн байна лээ. Энэ бол огт худлаа. Би тэр өдөр архи уугаагүй. Хэрвээ архины шилээр цохисон бол толгойгоо боох ёстой. Охинд эд нар үг зааж өгөөд байна гэж бодож байна. Энэ хүмүүсийг худал мэдүүлэг өгч байгаад л гомдож байна. Цэнгэлийн гараа ажил дээрээ хугалж байсан гэж ярьдаг.Би хаа ганц зоддог байсан. Тэр өдөр бүгд согтуу байсан. Согтуу байсан болохоор тухайн өдөр юу болсныг мэдэхгүй байна. Манай ах дүү нар ажил явдалд нь оролцож, оршуулгын зардалд 800,000 төгрөг өгсөн гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэдэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: Энэ хэрэг болсноос хойш Аззаяа надад “Аав ээжийг дандаа зоддог байсан. Энэ хэрэг болсноос 2-3 хоногийн өмнө аав ээжийг архины шилээр цохиод толгойг нь цоолсон. Мөн урьд нь ээжийн хамрыг нь мурийлгасан” гэж хэлсэн. Би хугацааг нь санахгүй байна. Нэг өдөр Цэнгэл гараа хугалчихаад надад “шатан дээрээс унаад хугалсан” гэж хэлсэн. Ер нь урьд нь Ганхуягийг манайд ирэхээр нь Цэнгэл яасан бэ гэхээр “Дүүг чинь алчихсан” гэж хэд хэдэн удаа хэлж байсан. ...Аззаяа урьд өмнө нь энэ талаар ярьдаггүй байсан бөгөөд энэ хэрэг гарснаас хойш санан санан “Аав ээжийг дандаа зоддог, намайг ч зоддог, миний чихний хэнгэргийг цоолсон” гэж ярьдаг болсон.Талийгаач маань үнэндээ эргэж зодуулахаас айгаад бидэнд болон цагдаад хэлдэггүй байсан юм билээ. Ер нь бол зоддог гэдгийг нь гадарладаг байсан. Энэ Ганхуяг дүүг маань зангидсан гар дор байлгаж байгаад алсан. 1995-1996 онд талийгаачийг маань айхтар зодож байсан гэдгийг ээж маань ярьдаг байсан...гэх мэдүүлэг /хх-28-31/.

“...Тэр өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харуй бүрий болж байхад буюу 17 цаг жаахан өнгөрч байхад намайг гэрийнхээ шалыг угааж байхад Ганхуяг гаднаас архи ууж байсан бололтой орж ирээд шууд усны лаазнаас шанагаар ус хутгаад залгилсан. Тэгээд эргээд харсан чинь хувцас хунар, гутал нь дан цус болсон, цусан дээр нь цас холилдоод хөлдчихсөн байсан. Тэгэхээр нь би “Чи чинь яачихсан яваа юм. Мал янзалсан юм уу” гэсэн чинь Ганхуяг “Танай дүү Цэнгэлийг алчихсан хохино” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи чинь юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь Ганхуяг гараад манай хажууд байдаг Балжиннямых руу орохоор нь би халаад өмсөөд дагаад орсон. Тэнд манай охин Бархас, Ганхуягийн охин Аззаяа 2 байсан бөгөөд Ганхуяг ороод “Би Цэнгэлийг алчихсан хохино” гэж хэлчихээд гарахаар нь араас нь Аззаяа дагаад явсан. Би араас нь дагаад манайхаас урагшаа 2-3 гудамжны цаана нэг айлын хашаа руу орсон. Тэгсэн чинь тэр айлын хашаанд байгаа гэрийн үүдний амбаарын зүүн талд талийгаач дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь би тэвэрч аваад өвдөг дээрээ тавьсан чинь ямар ч ухаангүй, хувцас хунар нь шал нойтон байхаар нь би усаар цацсан байна гэж бодсон. Ингээд өвөр дээрээ аваад тэврээд уйлж байсан чинь түргэний машин ирээд эрэгтэй эмч ирээд талийгаачийг тэврээд гэрт оруулаад гэрийн баруун талд шалан дээр толгойг нь хойш харуулаад хэвтүүлсэн. Энэ үед харсан чинь талийгаачийн нүүр ам нил цус мөн хувцас нь дан цус болчихсон байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор хувцас нь нойтон байсныг усаар норгосон байна гэж бодсон чинь цус байсан юм билээ. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэр айл нь Сумьяадоржийнх байсан бөгөөд Сумьяадорж тухайн үед Ганхуяг руу заагаад “энэ л алсан. Гэрээс аваад гарсан” гэж хэлж байсан. ...Намайг тэврээд босох гэж байхад эмч залуу ирээд “та хэрэггүй” гээд талийгаачийг тэврээд Сумьяадоржийн хаалгыг балбаж байгаад гэрт нь оруулаад баруун урд талд нь хэвтүүлээд үзсэн. Тэгээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Тэр үед Сумьяадорж орондоо нүцгэн, согтуу байсан. Эхнэр Боргил нь ч согтуу байсан” гэх мэдүүлэг /хх- 28-31/

 

- Насанд хүрээгүй гэрч Г.Аззаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Намайг бага байхын л аав ээжийг байнга зоддог байсан. Ер нь байнга л зоддог байсан. 2016 оны намар аав ээжийг зодоод цагдаа дуудсан чинь цагдаа нар аваад явсан. Тэгээд маргааш нь та муу хоёр цагдаа дуудаж намайг бариулсан гээд эргээд л ээжийг зоддог. Ер нь бол аав ээжийг зодсон тохиолдол маш олон болохоор би яг хэдэн удаа гэдгийг хэлж чадахгүй байна. Дандаа л зодож элэг, бөөрлүү нь өшиглөөд байдаг байсан. Толгой тархийг нь хүртэл олон удаа хагалж байсан. Цагдаа дуудах гэхээр нь ээж “хэрэггүй миний охин чамайг дараа зодно” гээд дуудуулдаггүй байсан. Тэгээд л ээж маань зодуулаад байдаг байсан. Зарим үед ээж зодуулаад дуугарч чадахгүй болдог. Би айгаад “ээжээ яасан бэ” гээд уйлахаар нилээн байж байгаад зүгээр болдог. Би маш их айдаг байсан. Зарим үед архи авч ирээд ээжид архи шахаж амруу нь цутгаж уулгаад ээжийг согтоохоор нь би ээжийг аваад явахаар араас дагаж яваад зодоод байдаг байсан. Би аавд “Та ээжийг зодохоо болиоч” гэхээр намайг зодох гээд байхаар ээж өмнүүр ороод зодуулдаг байсан. Ээжийг зодож хамаг биеийг хөх няц болгочихоод маргааш нь хоол цай хийж өг гэж загнаад хоол цай хийж өгөхөөр “энийг чинь идэхгүй, дахиж хий” гээд зоддог байсан. Ээж үнэндээ цагдаад хэлбэл дахиад л зодно гээд айдаг байсан. Намайг бараг ухаан орох цагаас л зоддог байсан. Би арай том болоод бүх зүйлийг мэддэг байсан. 2013 онд аав нэг удаа мөн ээжийг зодоод гарыг нь мушгиад гарыг нь хугалчихсан. Тэр үед ээж эмээд өөрөө гараа унаад хугалсан гэж худал хэлсэн. Эмнэлэгт үзүүлээгүй. Аавд зодуулаад гэмтсэнийгээ эмээд бараг хэлдэггүй нуугаад байдаг байсан.Дандаа хүнд том гутал барьж байгаад элэг бөөрлүү нь цохиж зоддог. Би аав ээжийг зоддог талаар хэнд ч хэлж байгаагүй. Үнэндээ айгаад хэлж чадаагүй. Би заримдаа аав зодох гэхээр эмээгийнд гүйгээд очдог байсан. Гэхдээ эмээд аав ээжийг байнга зоддог талаар хэлж байгаагүй. Би дотроо бодоод л яваад байдаг байсан. Хэн нэгэнд хэлбэл аав, ээжийг улам л зодох байх гэж боддог байсан. Ээжийн шүдийг цохиод унагаж байсан тохиолдол ч байгаа. Ээж тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй, хүмүүсээс нуугаад л өнгөрсөн. 2016 оны 06 дугаар сард Сумьяадорж ахын гэрт зодсон гэсэн. Тэр үед Сумьяадорж ах болон эхнэр нь харсан байх ёстой. Тэр үед Сумьяадорж ахын эхнэр Боргил нь надад хандаж “Аав чинь ээжийг чинь зодоод байхаар нь би хорисон чинь миний толгой руу цохисон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-39-40/

 

-Гэрч Ц.Сумъяадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Ер нь Ч.Ганхуяг эхнэртээ их ширүүн, урьд өмнө нь бол маргалдаж муудалцаад эхнэрээ зодох гээд байдаг байсан. Ч.Ганхуяг бол эрүүл үедээ бол гайгүй томоотой, харин архи уусан үедээ эхнэртэй их ширүүн зантай харьцдаг. Ганхуяг нь 2016 оны 06 сард эхнэр Цэнгэлийн хамт манай гэрт маргалдсаар орж ирсэн. Тэгээд Ганхуяг нь эхнэрээ зодоод байхаар нь манай эхнэр Боргил болиулах гэж байгаад цохиулж байсан. Ганхуяг нь эхнэр Цэнгэлийгээ байнга зоддог байх гэж бодож байна. Учир нь манай гэрээр хаяа ирэхдээ маргалдаад муудалцаад байдаг юм...гэх мэдүүлэг /хх- 32-34/

 

-Гэрч М.Боргилын мөрдөн байцаалтанд өгсөн: Орой нь Ч.Ганхуяг гэрлүүгээ яваад талийгаач манайд үлдсэн. Тухайн үед талийгаач надад “гэрт очихоор Ганхуяг зодно, танайд хоноё” гэж хэлсэн. Маргааш нь Ганхуяг ирээд талийгаачийг аваад явсан. Удалгүй талийгаач буцаж 12 цагийн орчим манайд гүйж ирээд “Ганхуяг намайг зодох гээд байхаар нь гүйгээд ирлээ” гэж хэлсэн. Тэгээд Ганхуяг гэрлүүгээ яваад талийгаач Цэнгэл “гэрт очвол Ганхуяг зодно” гэж хэлээд манайд үлдэж хоносон. Ганхуяг архи уусан үедээ бол талийгаачид их ширүүн байдаг. Гэхдээ миний дэргэд бол муудалцаж байгаагүй. Талийгаачийн эгч нь надад Ч.Ганхуягийг эхнэрээ зоддог талаар ярьж байсан. Ганхуяг нь 2016 оны 06 сард эхнэр Цэнгэлийн хамт манай гэрт маргалдсаар орж ирсэн. Тэгээд эхнэрээ зодоод байхаар нь голоор нь орж салгах гэж байгаад цохиулж байсан. Хэрэг болохоос 2 хоногийн өмнө Цэнгэл нь манай гэрт ирсэн. Өөрөө надад хэлэхдээ Ганхуяг архи уучихсан очихоор зодоод байна. Танайд хоночихоё гээд 2 хоносон”... гэх мэдүүлэг /хх-35-38/

 

 -Гэрч Л.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн: Ч.Ганхуягийг Цэнгэл эгчийг зоддог байсан талаар мэддэг байсан. Хаяа Цэнгэл эгчийг нүд ам нь хавдчихсан ирэхээр нь “Яасан нөхөр чинь зодсон уу” гэхэд үгүй өөрөө ойчсон гэж худлаа хэлдэг байсан. Одоо охин Аззаяа нь Ганхуягийг эгчийг маань байнгын зоддог байсан талаар байнга ярьдаг. Ер нь дарамтанд байсан учраас эгч маань үнэнийг хэлж чаддаггүй айгаад байдаг байсан юм билээ.Тэр өдөр 17 цаг өнгөрч байхад манай дүү Бархас над руу залгаад “  сая Ганхуяг согтуу ирээд эгчийг чинь алчихлаа “ гэж хэлээд гарлаа гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ гэж хэлээд ганцаараа такси аваад ээжийн хашаанд ирээд Бархасын хамт хашаанаас гараад гүйсэн боловч тэд нарын хаана байгааг олоогүй. Ингээд замд Аззаяатай тааралдаад түүгээр заалгаад нэг айлын хашаанд ирээд гэрт нь орсон чинь талийгаач гэрийнх нь баруун урд талд нүүр ам нь дан цус болчихсон нас барсан байсан. Эмч, цагдаа ирчихсэн байсан. Би цочирдоод нүүрсний түмпэн аваад Ганхуяг руу шидэх гэж байсан чинь тэнд байсан хүмүүс хорьсон. Манай ээж болон бид маш их гомдолтой байна. Ганхуяг гэгч нь эгчийг маань зодоод алсан”... гэх мэдүүлэг /хх-43/

 

-Гэрч Ц.Бархасын мөрдөн байцаалтанд өгсөн: Хаяа Цэнгэл эгчийг нүд ам нь хавдчихсан ирэхээр нь “Яасан нөхөр чинь зодсон уу” гэхэд үгүй өөрөө ойчсон гэж худлаа хэлдэг байсан. Эгч маань айгаад хэлдэггүй байсан. Миний дэргэд зодох гээд сандлаар далайж байсан тохиолдол ч байгаа. Бид нар цагдаад хэлнэ гэхээр эгч маань “хэрэггүй цагдаад битгий хэл” гэдэг байсан. Сүүлд нь Аззаяагийн яриагаар талийгаач маань “Цагдаад хэлбэл эргээд зодуулна” гэж бодоод их айдаг байсан гэсэн”...гэх мэдүүлэг /хх-45/

 

- Гэрч Ц.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэр өдөр намайг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүртэй байхад 17 цаг 30 минутын орчимд Дэнжийн 11-14 тоотод ухаан алдсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагыг хүлээн авснаас хойш 5 минутын дараа Дэнжийн 11-14 тоот хашаанд ирэхэд гэрийн гадаа 50 орчим насны ухаангүй эмэгтэйг эгч нь бололтой 60 орчим насны эмэгтэй өвдөг дээрээ толгойг нь тавиад байж байсан. Дэргэд нь 2-3 хүн харагдсан. Ухаангүй эмэгтэйн нүүр ам хувцас нь нил цус болсон байсан. Тэр үед гадаа маш хүйтэн байсан учраас эгч нь гэх эмэгтэйтэй хамт ухаангүй эмэгтэйг гэрт оруулаад гэрийн баруун урд талд хэвтүүлээд үзэхэд нас барсан, бие нь хөрж хөшсөн байсан. Ер нь гадаа бол тэр эмэгтэй ямар ч харьцаагүй байсан болохоор би нас барсан байна гэдгийг мэдсэн. Тэгээд гэрт оруулаад нарийн үзлэг хийхэд бие нь хөрж хөшсөн, нас бараад удсан шинжтэй байсан... гэх мэдүүлэг /хх- 54-55/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 477 дугаартай дүгнэлтэнд: “Талийгаачид хийгдсэн задлан шинжилгээний протокол, задлан шинжилгээгээр авагдсан эд эсийн шинжилгээ зэргээс харахад талийгаач Ц.Цэнгэл нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан байна” гэжээ /хх-94-96/

 

- Сүхбаатар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 130 дугаартай албан тоотод: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутгаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр агаарын температур -16.0 - -22.0  градус хүйтэн, агаарын даралт 913.9 Г/п, үзэгдэх орчин 50 километр хүртэл чөлөөтэй байсан байна. Өдрийн хугацаанд 2-6 м/сек салхитай, агаарын чийгшил 58-75 хувьтай байсан ба энэ өдөр үзэгдэл ажиглагдаагүй байна” гэжээ./хх-97/

 

- Шинжээч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Агаарын температур -16 - -22 градуст дааралтын эсрэг ямар нэг үйлдэл хийхгүй бол 20-30 минутын хугацаанд осгох боломжтой” гэх мэдүүлэг /хх-98/

 

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 62 дугаартай актанд: 1.Талийгаач Ц.Цэнгэлийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух болон зулай хэсгийн хуйхан доорх цус хуралт, хамар ясны шинэ хугарал, доод эрүүнд баруун талын 1, зүүн талын 2-р шүдний булгаралт, буйлны цус хуралт, дух хамар хоёр нүдний доод зовхи, доод уруулын дотор талын салстын язарч урагдсан шарх, нүүр, зүүн мөр, эгэм, баруун өвдөг, зүүн шилбэний хэсгийн зөөлөн эдийн олон тооны зулгаралт, 2 нүдний дээд доод зовхи, 2 чихний дэлбэн, баруун эгэм, баруун шуу, цээжний болон зүүн мөр бугалга шуу, алга, баруун гуя, өвдөг шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэний хэсгийн зөөлөн эдийн олон тооны цус хуралт няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эдгээр гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх  гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 5.Талийгаач нь архисах өвчний улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. 6. Талийгаач Ц.Цэнгэлийн цогцост хоёр талын уушигны завсрын эдийн үрэвсэл бүхий хуучин өвчин байсан ба энэ нь үхэлд хүргээгүй байна. 7.Талийгаач нь 0/I/ бүлгийн харъяаллын цустай байна. 6.Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой..гэжээ./хх-79-82/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.16-ны өдрийн 10227 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:1.Шинжилгээнд ирүүлсэн бүх хувцаснууд нь үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна гэжээ /хх-58/.

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.16-ны өдрийн 10228 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн сэжигтний гэх брюкэн өмд, куртик, малгайд цус илэрсэн. Бүлгийн харьяалал тогтоох боломжгүй байна. 2.Бусад  хувцаснууд дээр цус илрээгүй... гэжээ/хх-60/.

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.07-ны өдрийн 6969 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн хөх хүрмэнд 1 ширхэг /шинэ/ цамцанд 2 ширхэг /шинэ/ хар хөх өмдөнд 1 ширхэг /хуучин/ татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхай байна. 2.Дээрх ханзарсан уранхайнуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна гэжээ./хх-63/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.08-ны өдрийн 6970 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:1.Шинжилгээнд ирүүлсэн хүрэн цамцанд 1 ширхэг /шинэ/, эрээн цамцанд 1 ширхэг / хуучин/, саарал майканд 1 ширхэг / хуучин/ цагаан цамцанд 5 ширхэг /хуучин/, саарал фудволканд 1 ширхэг / хуучин/, хар хөх өмдөнд 1 ширхэг / хуучин/, хөх дотоожинд 1 ширхэг / хуучин/, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан, хөвөрсөн уранхай байна. Мөн цагаан цамцны энгэрийн товч татаж чангаах хүчний үйлчлэлээр хуучин тасарсан байна. Малгай, хар хөх өмд, хар саарал дотуур өмд тус бүрт дулааны үйлчлэлээр гарсан хуучин түлсэн уранхайнууд байна. 2.Дээрх уранхайнуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна... гэжээ /хх-65-66/.

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.12.14-ний өдрийн 10229 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:1.Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбон дээр цус илэрсэн. АВО системээр 0(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна. 2.ХГҮ шорооны хэсэг нь үмхийрч муудсан тул шүүх биологийн шинжилгээ хийх боломжгүй байна... гэжээ. /хх-69/ 

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.01.27-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2016.12.23-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 2.Талийгаач осголтын улмаас нас баржээ. 3.Талийгаачийн цогцост хуйханд цус хуралт дух хамар баруун, зүүн, доод зовхи, доод уруулын дотор талын салстын шарх, нүүр, зүүн эгэм, мөр баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхи, баруун зүүн чихний дэлбэн, баруун эгэм, шуу, цээж, зүүн мөр, бугалга, шуу, алга, гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ. 4.Дээрх гэмтлүүд нь амьддаа үүсгэгджээ. 5.Талийгаачид эгэмний архаг үрэвсэл, ерөнхий судас хатуурах өвчин тогтоогдох ба эдгээр нь үхэлд хүргээгүй байна гэжээ. /хх-88-90/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.04.20-ны өдрийн 477 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: 1.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2017.01.27-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Талийгаачид хийгдсэн задлан шинжилгээний протокол, задлан шинжилгээгээр авагсан эд эсийн шинжилгээ зэргээс харахад талийгаач Ц.Цэнгэл нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан байна. 4.Талийгаачийн цогцост хуйханд цус хуралт, хамар ясны хугарал, 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн доод зовхи, доод уруулын дотор талын салстын шарх, нүүр, зүүн эгэм, мөр, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун зүүн чихний дэлбэн, баруун эгэм, шуу, цээж, зүүн мөр, бугалга, шуу, алга, гуя, өвдөг, шилбэ, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ. 5.Дээрх гэмтлүүд амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байна. 6.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ./хх-94-96/    

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт: 1.Ч.Ганхуяг нь болсон асуудлыг үнэн зөвөөр тусгаж мэдүүлэг өгөх чадвартай байна.2.Ч.Ганхуяг нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан. 3.Одоо сэтгэцийн ямар нэг хурц эмгэггүй.4.Ч.Ганхуяг нь хэрэг хариуцах чадвартай болно гэжээ. /хх-170/

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 7-14/

 

- Гэрэл зургийн үзүүлэлт / хх- 15-19/

 

- Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх- 19-20/

 

     -    Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21/

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх- 22-23/

 

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24/

 

- Ч.Аззаяагийн №0006493 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар

 

- Ч.Ганхуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-140/

 

- Ч.Ганхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-147/

 

- Ц.Цэнгэлийн №0000170143 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар/хх-151/

 

- Согтуурал шалгасан магадлагаа.2016.11.22 /хх-156/ зэрэг болно.

 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ганхуягт 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 107 дугаар зүйлийн 107.3, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ч.Ганхуягийн догшин авирлан танхайрсан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ц.Цэнгэлийг амь биед нь аюултай нөхцөлд байхад яаралтай тусламж үзүүлээгүй гэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчилж зүйлчлэх дүгнэлт гаргасныг үндэслэлтэй, 

харин эхнэр Ц.Цэнгэлийг 2013 оноос хойш байнга зодож тарчлаасан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчилж зүйлчлэх дүгнэлт гаргасныг үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Ч.Ганхуягийн холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “ танхайрах гэмт хэрэг ” гэдэг ойлголт 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон ба Ч.Ганхуягийн дээрх үйлдлээс учирсан хөнгөн гэмтэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, 

мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3  дахь хэрэг хүндэвтэр ангиллын хэрэг ба энэ хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, шинэчилэн найруулсан хуулиар тухайн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын хөнгөн гэмт хэрэг болсон байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн улсын яллагчийн дээрх дүгнэлт үндэслэлтэй байна.

Энэ нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцохгүй, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцнэ. 

 

Харин шүүгдэгч Ч.Ганхуягийн эхнэр Ц.Цэнгэлийг 2013 оноос хойш байнга зодож тарчлаасан гэх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэргийг нотлогдоогүй, мөн уг хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх/ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх / гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.

Тухайлбал, “ шүүгдэгч Ч.Ганхуягийг эхнэр Ц.Цэнгэлийг 2013 оноос хойш байнга зодсон “ гэх үйл баримтын талаар насанд хүрээгүй гэрч Г.Аззаяагийн “ 2013 онд аав нэг удаа мөн ээжийг зодоод гарыг нь мушгиад гарыг нь хугалчихсан. Ээжийн шүдийг цохиод унагаж байсан тохиолдол ч байгаа. 2016 оны 06 дугаар сард Сумьяадорж ахын гэрт зодсон гэсэн. 2016 оны намар аав ээжийг зодоод цагдаа дуудсан чинь цагдаа нар аваад явсан. Ер нь ээжийг байнга зоддог байсан” гэх, гэрч М.Боргилын ” 2016 оны 06 сард эхнэр Цэнгэлийн хамт манай гэрт маргалдсаар орж ирсэн. Тэгээд эхнэрээ зодоод байхаар нь голоор нь орж салгах гэж байгаад цохиулж байсан ” гэх мэдүүлэг, Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн тоо бүртгэлийн 4 хуудас баримт хэрэгт тус тус авагджээ.

Гэрч Г.Аззаяа нь шүүгдэгч Ч.Ганхуягийг эхнэр Ц.Цэнгэлийгээ байнга зоддог талаар мэдүүлэх боловч түүний мэдүүлгээс “ 2016 оны 06 дугаар сард Сумьяадорж ахын гэрт зодсон ”  гэх үйлдэл гэрч М.Боргил нарын мэдүүлэгүүдээр нотлогдох хийгээд бусад үйл явдлууд хэдийд, хаана, яаж үйлдэгдсэн, ямар хохирол учирсан нь тодорхойгүй, үүнийг хэрэгт өөр бусад баримтаар нотолж, тогтоогоогүй байна.

Гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн тоо бүртгэлийн баримтанд тусгагдсан 2014.01.11-нд гэртээ агсам тавьж танхайрсан /312004414000070/, 2014.04.23-нд ар гэртээ агсам тавьсан /312004414000783/, 2015.02.23-нд ар гэртээ агсам тавиад байна/312004415000420/ гэх үйлдлүүдийн цаг хугацаа тодорхой боловч, харин эхнэрээ зодоод байна /110004414002178/, аав агсам тавиад байна / 110004415000562/ гэх үйлдлүүдийн цаг хугацаа уг баримтанд бичигдээгүй, дээрх агсам тавьсан үйлдлийн улмаас эхнэрээ зодсон эсэх нь энэ баримтаас тодорхойгүй байх ба эдгээр үйлдлүүд нь гэрч Г.Аззаяагийн мэдүүлж буй “эхнэрээ зодсон, гэмтэл учруулсан ” үйлдлүүдтэй шалтгаант холбоотой, хамааралтай эсэхийг хэрэгт шалгаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг Тарчлаах гэмт хэргийн объектив талын шинж “ байнга зодох “ үйлдэлд тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл хийсэн байхыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар энэ нөхцөл байдлыг болон уг хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд нотолж, тогтоогоогүй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд,... эргэлзээ гарвал... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ч.Ганхуягт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэргийн бүрэлдэхүүний объектив талын “ байнга зодох “ шинж үгүйсгэгдэж байх тул уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо.

 

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хууль үйлчилж эхлэхээс өмнө гэмт хэрэг биш харин Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр  зүйлд зааснаар захиргааны зөрчилд тооцогдож байжээ. 

Иймд 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй ” гэж заасан тул Ч.Ганхуягт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлгүй байна.

 

 

Шүүгдэгч Ч.Ганхуяг нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 1114 тоот хашаанд эхнэр Ц.Цэнгэлийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хуйханд цус хуралт, хамар ясны хугарал, 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, дух, хамар, баруун, зүүн, доод зовхи, доод уруулын дотор салстын шарх, нүүр зүүн эгэм, мөр, баруун өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун, зүүн, дээд, доод зовхи баруун зүүн чихний дэлбэн, баруун эгэм, шуу, цээж, зүүн бугалга, шуу, алга, баруун зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, 

мөн өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 1114 тоот хашаанд эхнэр Ц.Цэнгэлийг хүнд зэргийн согтолттой, өөрт нь зодуулсан, бусдын туслалцаа шаардлагатай нөхцөлд туслалцаа үзүүлээгүй орхисны улмаас хохирогч Ц.Цэнгэл нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Ганхуягийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэдэв, насанд хүрээгүй гэрч Г.Аззаяа, гэрч Ц.Сумъяадорж, М.Боргил, Л.Алтансувд, Ц.Бархас, Ц.Алтансүх нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 163, 477, 10228, 10228, 6969, 6970, 10229 дугаартай дүгнэлтүүд, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 62, 130 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц, эмгэг судлал магадлагааны акт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

 Иймд шүүгдэгч Ч.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- /Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх /-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

Ч.Ганхуягийг дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Ч.Ганхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал үгүй бөгөөд харин хохирогчийг хүнд зэргийн согтолттой байхад нь зодож хохирол учруулан, улмаар зодуулсны улмаас явж чадахгүй, биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж орхиж явсан нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Энэ нь Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 62 тоот дүгнэлт, гэрч Ц.Сумъяадоржийн “ Талийгаач жаахан архи уухаар хөлд нь ороод явж чадахаа байдаг. Тийм болохоор Ганхуяг талийгаачийг манайд үлдээгээд гэр лүүгээ явсан юм ” гэх мэдүүлгээр нотлогдоно.

 

Шүүгдэгч Ч.Ганхуяг энэ хэргийн улмаас 148 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэдэв амь хохирогчийн оршуулгын зардалд 5.720.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон 4.485.394 төгрөгийн / хх154-155/ нэхэмжлэлийг хангаж, шашны зан үйл болон нотлох баримтгүй 1.234.606 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо. Ч.Ганхуяг нь оршуулгын зардалд 800.000 төгрөг өгсөн гэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт үгүй бөгөөд дээрх мөнгийг түүний ах, дүү, төрөл, садангаас буяны ажилд зориулж өгсөн болохыг хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

 

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Ч.Ганхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ганхуягт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дүгээр зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар өөрчилж зүйлчилсүгэй.

 

 3. Шүүгдэгч Зотол овгийн Чүлтэмийн Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, аюултай байдалд орхих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

4. Шүүгдэгч Ч.Ганхуягийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1050 /нэг мянга тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 / нэг сая тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасныг баримтлан ялтан Ч.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.050.000 төгрөгөөр торгох ялыг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгөөр тооцон 70 хоног буюу 2 сар 10 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 10 хоногоор тогтоосугай.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ялтан Ч.Ганхуягт оногдуулсан 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсгийг баримтлан ялтан Ч.Ганхуягийн цагдан хоригдсон 148 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 

           8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар ялтан Ч.Ганхуягаас 4.485.394 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баруун- Урт сумын 5 дугаар багийн иргэн Ц.Цэдэвт олгосугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Ганхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН