| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/04309/И |
| Дугаар | 101/ШШ2022/03688 |
| Огноо | 2022-09-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2022/03688
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 12-566 тоот хаягт байрлах Боржгон овогт Н*******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, Бөхийн өргөөний зүүн урд байрлах, ******* дунд сургууль БСБ /РД:*******/-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх, 2022 оны ээлжийн амралтын цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очир, хариуцагчийн төлөөлөгч Р.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Өлзий-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.******* миний бие Мон содон ухаан сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар 2021 оны 9 сараас ажиллаж эхэлсэн. Энэ сургууль 2022 оны 4 сарын 11-ний өдрөөс өдөр өнжүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус сургуулийн захирал Р.А******* миний ажлын хажуугаар хүүхдүүдийг өдөр өнжүүлэх дээр авч ирэх, өдөр өнжүүлэхээс нь сургуульд нь хүргэж өгөх ажлыг надад хэслний дагуу би суралцагчдыг хүргэж өгч авч байсан.
Гэтэл энэ ажлаас болж үл ойлголцол гарч менежер Ш.Нямдаваа нь намайг хэл амаар доромжлон зайл гэж хөөсөн. Тухайн үед энэ процесс болж байхад сургуулийн захирал Р.А******* харсан боловч юу ч хэлээгүй. Энэ ажилд надад цалин хөлс өгч байгаагүй.
Би хоцрогдолттой байсан суралцагчдынхаа хоцрогдлыг арилган улсын хэмжээнд 12 дугаар анги төгсөгчид нар маань шалгалтаа амжилттай өгч тэнцсэн.
Энэ хугацаанд сургуулийн зүгээс 1 дүгээр улирлын өвлийн амралтын 2021.12.18-ны өдрөөс 2022.02.14-ныг хүртэлх буюу 39 хоногийн цалин болох 1,319,682 төгрөгийг олгоогүй.
Мөн хамгийн сүүлд маргаан болсны дараа сургуулийн захирал намайг ажиллуулахгүй гээд 2022 оны 4 сарын 27-ны өдөр ажилласан хугацааны цалинг 29-ний өдөр шилжүүлсэн. Намайг халсан гэж ойлгосон.
Иймд 2022.04.28-ны өдрөөс 2022.06.20-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.343.232 төгрөгийг гаргуулан авах нэхэмжлэл гаргасан.
Мөн энэ хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалыг нөхөн бөглүүлж, 2022 оны ээлжийн амралтын мөнгийг Мон содон ухаан ЕБСургуулиас тус тус гаргуулж өгнө үү.
Хөдөлмөрийн тухай хуулиараа би амралтын мөнгө авах эрхтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Мон содон ухаан ерөнхий боловсролын сургуулийн гүйцэтгэх захирал Р.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
Н.******* багшийг 2021 оны 09 сарын 09-ний өдөр өөрийнх нь ажилд орох хүсэлтийн дагуу шалгуургүйгээр авсан байдаг. Нэг сарын сая төгрөгийн цалин хөлс өгөхөөр тохирохдоо тэтгэвэрт гарсан учраас нийгмийн даатгал төлөхгүй гэж хоорондоо тохиролцсон.
Өдөр өнжүүлэхийн хүүхдүүдийг багш нар ээлжилж зөөдөг байсан. Н.******* багш н.Марал гэдэг охиныг авахаар болсон. Очиж авахдаа н.Марал гэдэг охины багштай нь маргалдаад аав ээжтэй нь маргаан үүссэн учраас хүүхэд нь манай өдөр өнжүүлэхээс гарсан.
Н.******* ажлаа хөтөлбөрийн дагуу явуулдаггүй байсан. Энэ талаар хүүхдүүд бас хэлдэг. Цайны цаг болохоор цүнхээ үүрээд гараад явдаг байсан. Н.******* хүүхдүүдийн хажууд танай тэнэг хүүхдүүдийг сургах гэж зовж байна гэж хэлсэн байсан. Би цалинг нь бодох ёстой журмын дагуу бодож бүрэн өгсөн. Өвлийн 1 дүгээр улирлын амралтын мөнгийг өгөхгүй гэдгээ багш нартаа хэлсэн. Бүгд хүлээн зөвшөөрсөн. Ковид гээд хүүхдийн элсэлт муу цалин хөлс өгөхөд хэцүү байсан тул багш нартайгаа ярилцсаны үндсэн дээр амралтын мөнгө өгөхгүйгээр тохирлцсон. Н.******* багш өөрөө энэ талаар сайн мэдэж байгаа. Бид амаар харилцан тохиролцсон. Бичгээр байгуулсан зүйл байхгүй.
Би энэ хүнийг ажлаас халаагүй. Халсан талаар хэлээгүй. Одоо хүртэл тушаалаа гаргаагүй явж байгаа. Өөрөө ирж уулзаж хүсэлтээ өгөхийг нь хүлээгээд л байгаад байдаг. Гэтэл энэ хүн нэхэмжлэл гаргасан байна.
Н.******* нь ажил дундуур их явдаг. Хичээл орохоор байнгын идэх юм идээд байж байдаг. Хүүхдүүдээс асуухаар хичээл заадаггүй гэж хэлдэг. Ажлаас халаагүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэх зүйл төлөх үндэслэлгүй. Зуны ээлжийн амралтын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн 4 сарын 27-ны өдрөөс хойш ирээгүй байхад ямар үндэслэлээр ээлжийн амралтын мөнгийг өгөх юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс 2021 оны 9 сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, өөрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг, хариуцагчаас Ерөнхий боловсролын сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол хэл, уран зохиолын багш Н.*******ийн хичээлийн бэлтгэлийн хүснэгт, 2021-2022 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын цагийн тооцоо зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,343,232 төгрөг гаргуулах, 1 дүгээр улирлын амралтын мөнгө 1,319,682 төгрөг, ээлжийн амралтын мөнгө, нийт 2,662,914 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч Н.*******, Нийслэлийн Ерөнхий боловсролын Мон содон ухаан сургууль нарын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 4-5 дугаар тал/
Гэрээнд ажил олгогч талын гарын үсэг зурагдаагүй байх хэдий ч хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талаар талууд хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь Монгол хэл бичиг, уран зохиолын багшаар 2021 оны 9 сарын 09-ний өдрөөс эхлэн ажилласан байна.
4.Нэхэмжлэгчээс 2021 оны 12 сарын 18-ны өдрөөс 2022 оны 2 сарын 14-ний өдөр хүртэл хугацааны буюу 1 дүгээр улирлын сурагчдын амралтын хугацааны цалин хөлс 1,343,232 төгрөгийг нэхэмжилсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулалаас бүрдэнэ гэж заасан.
Сурагчдын улирлын амралтын хуваарийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар батлах бөгөөд сурагчдын улирлын амралтын хугацаанд багш нарт олгох цалин хөлсийг үндсэн цалин хөлсөөр тооцож олгох журамтай байна.
Хариуцагчаас байгууллагын эдийн засгийн байдалтай холбогдуулан багш нартаа сурагчдын 1 дүгээр улирлын амралтын хугацааны цалин хөлсийг өгөхгүйгээр амаар харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж, байгууллагын салбар болон салбар дундын түвшинд тус тус хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр зохицуулж болно гэж заасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар ажилтан, ажил олгогч нар цалин хөлсийг гэрээ, хэлэлцээрээр тохиролцсон бууруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байх тул талуудын тайлбар болон тэдгээрийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т сарын үндсэн цалингийн хэмжээ 1,000,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2021 оны 12 сарын 18-ны өдрөөс 2022 оны 2 сарын 14-ний өдөр хүртэл хугацааны цалин 1,319,618 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,343,232 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Энэ шаардлагын үндэслэлийг 2022 оны 4 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж, 2022 оны 4 сарын 28-ны өдрөөс 2022 оны 6 сарын 20-ны өдөр буюу хичээл амрах хүртэл хугацааны цалин, хөлс гэж тодорхойлсон.
Хариуцагчаас ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, ажлаас чөлөөлөөгүй байгаа гэж, харин нэхэмжлэгчээс ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэл зориггүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд 2022 оны 4 сарын 28-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй, халагдсан гэж ойлгосон гэх тайлбарыг гаргаж байна.
Талуудын тайлбараар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан болон ажил олгогчийн хэн нэгний санаачилгаар цуцлагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,343,232 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгчээс ээлжийн амралтын цалин гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилд орсон өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 6 сарын хугацааг ажилтны цагийн тооцоогоор тодорхойлогдоно гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 991.1-д ажилтанд ажлын жил бүр ээжлийн амралт олгож биеэр эдлүүлнэ... гэж, 99.2-т ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ гэж заасан.
Иймд нэхэмжлэгчийн ажилд орсон өдөр буюу 2021 оны 9 сарын 09-ний өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул ажилтанд ээлжийн амралт эдлэх эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчээс ээжлийн амралтын хугацаагаа нэхэмжлэлдээ тодорхойлоогүй бөгөөд шүүх хуралдаан дээр мөн тодорхой мэдэхгүй байна гэх тайлбарыг гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-т хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа 15 хоног байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацааг хуульд заасан үндсэн хугацаагаар тооцох нь зүйтэй гэж үзэв.
Талууд 8-16 цагийн хооронд буюу ажлын нэг өдөрт 8 цаг, долоо хоногт 40 цаг ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 3.4-т заасны дагуу буюу нэг өдрийн дундаж цалин хөлс 45,455 төгрөгийг 15 хоногоор тооцож 681,818 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгчээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж заасан.
Талуудын тайлбараар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн хэн аль нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүйгээр цалин хөлсөө авахаар тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.
Иймд эхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Мон содон ухаан сургууль БСБ-аас 2,001,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 661,414 төгрөгт холбогдох хэсэг боло нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Мон содон ухаан сургууль БСБ-аас 2,001,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 661,414 төгрөгт холбогдох хэсэг болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын Мон содон ухаан сургууль БСБ-аас 46,974 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА