| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0137/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Номиндарь,
Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Т-ын Э-д холбогдох 2428002850269 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн сухайт Шивээ хүрэн хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 19 дахь километрт “Toyota prius alpha” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасны улмаас иргэн Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Э-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөх мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Сэтгэцэд учирсан хохирол төлбөрт 16,500,000 төгрөг, шатахууны зардал 384,956 төгрөг, нийт 16,884,956 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед Э Т 2 манайд ирээд салхинд гарах уу гэхээр нь би тэгье гэж хэлээд манайд бид нар 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи уугаад хоол идээд орой 20 цагийн үед би Гын машинд сууж явсан. Харин Э машинаа бариад Т хажууд нь суугаад бид 4 хамт Сугантын гол явахаар болоод 2 машинтай явсан. Явж байсан чинь манай машин эвдрээд зогссон. Тэгээд Т, Э нар араас ирээд бид нар 1 шил 0.75 граммын архи хувааж уугаад очих газраа олохгүй бас гэгээ тасраад бид нар буцаж гэр рүүгээ явахаар болоод Гын машиныг бид нар түрж асаасан чинь Г машинтайгаа түрүүлээд гэр рүүгээ явсан. Араас нь бид 3 Эгийн машинд сууж явсан. Э машин барьж, Т жолоочийн хажууд суусан би арын суудал дээр сууж явсан. Миний санаж байгаагаар нэг машин манай машины урд явж байсан тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд баахан хүн ирчихсэн цагдаа ирчихсэн байсан... Би хуулийн дагуу асуудлаа шийдүүлмээр байна. Надад эмчилгээний зардалд 3 сая төгрөг зарцуулсан. Би Поошиг гэх газрын эмийн сангаас эм авахад надад баримт өгөөгүй, тэнд гардаггүй юм байна лээ. Тиймээс би гарсан эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. Манай нөхөр намайг хараад ажлаа хийгээгүй ажиллаж байсан бол 4-5 сая төгрөг олох байсан энэ мөнгөө гаргаж авмаар байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл би банк бусад төлбөрийг нь төлж дуусаад 7 хонож байхад миний машин осолд орсон. Гэхдээ би банк бусаас шилжүүлж авч амжаагүй байна. Миний машин одоо Хас, Хаан гэх банк бусын нэр дээр байна. Би банк бустайгаа холбогдоод өргүй гэсэн бичиг гаргаж өгвөл хэрэгт хавсаргана. Банк бус өөрийн биеэр очсон тохиолдолд өргүй гэсэн бичиг өгдөг гэж хэлсэн. Надад банк бусад төлж дуусгасан дансны хуулга байна. Үүнийгээ хэрэгт хавсаргана. Би нэхэмжлэхгүй. Э бид хоёр хамтран амьдрагч.” (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал)
Гэрч Я.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед манайд Т, Э нар ирсэн. Миний машиныг эвдэрсэн гэж сонсоод засаад өгье гээд манайд тэр 2 хоол идэж цай уугаад Э архи байна уу гэхээр нь би 1 шил 0.75 граммын Хараа гаргаж өгөөд Э, Т, Н нар хувааж уусан. Би 2-3 хундага татсан. Э миний машины галыг тохируулаад миний машин ассан. Удалгүй Э, Т хоёр Сугантын гол орж хоноод ирье гэхээр нь би тэгье гээд өөрийн машиндаа Ныг суулгаад явсан, харин Т, Э хоёр өөрсдийн машинтай явсан. Гэрээс гараад 10 гаруй км яваад миний машин унтарсан. Тэгээд хэн нь архи гаргаж ирснийг мэдэхгүй байна нэг архи гаргаж ирээд Э, Т, Н нар хуваагаад ууж байгаа харагдсан. Миний машин унтарсан байсан учир би хөдөө машинаа хаяад явж болохгүй гээд архи уугаагүй. Тэгээд архи нь дуусаад тэр 3 миний машиныг түрж асаагаад өгөхөөр нь би түрүүлээд машинаараа ганцаараа гэр рүүгээ явсан. Тэр 3 ард үлдсэн. Гэртээ хариад 15 минут болсон чинь Т залгаад осол болсон хурдан ир гэхээр нь би очсон чинь машин нь осолдчихсон Т, Э хоёр гадаа гарчихсан Н машинаас босож ирэхгүй байна гээд байж байхаар нь би машины урд цонхоор Ныг гаргасан. Тэгээд цагдаа эмнэлэг дуудсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал)
Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед Г гэх айлд хоол идэж байгаад Г, Н, Э бид 4 нийлж 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад дууссан чинь Сугантын гол гэх газар руу бид 4 хамт явахаар болсон. Тухайн үед миний машин болон Г нарын машинтай хоёр хоёроороо суугаад явахаар болсон. Тэгээд бид нар гэрээсээ гараад 35 орчим км явж байхад Гын машин эвдрээд бид нар зогсож машинд байсан 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архиа дөрвүүлээ хувааж уугаад Г машиндаа суухаар нь бид 3 машиныг нь түрж асаасан чинь түрүүлээд гэр рүүгээ яваад өгсөн. Бид 3 араас нь машинаа асаагаад би жолоочийн хажуу талд суугаад, Э машин бариад Н арын суудалд суугаад явж байтал гэнэт манай машин замаас гараад өнхөрсөн. Тэгээд би машин дотор байхдаа Э, Н хоёрыг гайгүй юу гэсэн чинь гайгүй гэж хэлсэн. Би хажуу талын цонхоо хагалаад машинаас гарсан чинь араас Э миний гарсан цонхоор гарч ирсэн. Би утсаа хайсан чинь машин дотор дуугарч байсан. Тэгээд утсаа автал Г залгаж байсан утсаа аваад бид 3 осолд орсон гэж хэлсэн чинь Г ирээд Ныг манай машин дотроос гаргаж аваад араас нь эмнэлэг цагдаа ирсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал)
Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн үед Гын гэрт Ттай хамт очоод гэрт нь Г, Н, Т бид дөрөв 1 шил 0.75 граммын архи хувааж уугаад Сугантын гол орохоор 18 цагийн үед гэрээс нь Т бид хоёр Т-ын машинтай, Н, Г хоёр өөрсдийн машинтайгаа гарсан. Замд 30-аад км явж байхад Гын машин эвдрээд бид дөрөв 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад Гын машиныг түрж асаасан чинь тэр чигээрээ машинтайгаа гэр рүүгээ явчихаар нь Н, Т бид гурав Т-ын машинтай би жолоог нь бариад явж байтал Поошиг гэх газраас 500 метрийн зайд манай машин замаасаа гараад өнхрөөд хажуугаараа унасан. Тэгээд Т бид хоёр машинаас гарч зогссон чинь Г ирээд манай машинаас Ныг татаж гаргасан. Удалгүй цагдаа эмнэлэг ирсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал)
Шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 3,250,000 төгрөг төлсөн. Үүнээс 1,600,000 төгрөг Нын данс руу шилжүүлсэн. Бусад мөнгийг нь Хятад руу эмчилгээнд Ныг авч явахдаа ашигласан.” (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1.Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, драгер багажаар шалгасан гэрэл зураг, шинжээч эмчийн 521 дугаартай дүгнэлт, оролцогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ... улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна. Энэ нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна. Хариулт-2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг осолд зам, орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна. Замын хөдөлгөөний дүрэм тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудыг зөрчсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хариулт-3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан байгаа тул уг асуултад хариулах боломжгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал)
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 472 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд: “Toyota prius 40” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нийт 19,808,000 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Н-ын биед аарцаг ясны /баруун талд умдаг яс/ хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Б.Н-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0825/1769 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд: “Б-ын Н /РД:.../-ын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх гэмт хэргийн улмаас органик сульдлын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Б-ын Н /РД:.../-ын сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх зэргээс хамаарна. Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.” (2 дугаар хавтаст хэргийн 44-46 дахь тал)
Хохирогч Ж.Т-аас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн хохирлын баримтыг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 82-90 дэх тал)
Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн маягт (1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дэх тал)
Эрх бүхий албан тушаалтны гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал)
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал)
Эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 110-113 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 65 дахь тал)
Хохирол, төлбөр төлсөн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал)
Зарлага, шилжүүлгийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 72, 74, 75 дэх тал)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 63, 67, 128 дахь тал)
БНХАУлсын 200 юанийн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дахь тал)
Монголбанкнаас зарласан валютын ханшийн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 3,421,200 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тогтоолдоо дурдуулах саналтай байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын зүгээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрт 16,500,000 төгрөг, эмчилгээний зардалд 384,956 төгрөг нэхэмжилсэн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлын хувьд гуравдугаар зэргээр тогтоосон. Тухайн гуравдугаар зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлснээр хохирол төлбөрийг тооцох үндэслэлтэй. Нэгэнт хохирогчийн зэрэглэлийг тогтоосон учраас сэтгэл санааны хохирол төлбөрийг нэхэмжлэх эрх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнийг тогтоохдоо гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, хөдөлмөрийн чадвар зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүхээс тогтоох хуулийн зохицуулалттай. Улсын яллагчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шатахууны зардал болох 384,956 төгрөг нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байгаа учраас нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Номиндарь нь шүүгдэгч Т.Э-гийн хууль зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Уг гэмтэлтэй холбогдуулж гарсан хохирлын үнийн дүнг шүүгдэгч төлсөнтэй миний үйлчлүүлэгч маргахгүй байгаа. Харин миний үйлчлүүлэгч Б.Нын зүгээс уг гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүхийн бодож, дүгнэж, гаргаж ирсэн аргачлалаар тогтоосон 16,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Хүсэлтийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэтгэцэд учирсан гэм хорыг тусгайлсан Шүүх шинжилгээний тухай хуулиар тогтооно. Уг гэмт хэргийн хувьд мөрдөгч сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоогоод тухайн тогтоосонтой хохирогч маргахгүй байгаа тохиолдолд Шүүх шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтийн нэгэн адил тооцно гэж Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар хуульчилсан. Тэгэхээр мөрдөгчийн гаргасан буюу өмнө нь тогтоосон дөрөвдүгээр зэрэглэл нь хууль зөрчиж буюу хууль бусаар гарсан дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байгаа. Харин зөвхөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тавьсан хүсэлтийн дагуу дахин шинжилгээ хийлгэж сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоолгоё гэсэн үндэслэлээр дахин шинжилгээ тогтоосон. Уг шинжилгээгээр миний үйлчлүүлэгч Б.Н-ын сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг гуравдугаар зэрэглэл болгосон байгаа. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрвээ шинжээчийн дүгнэлт мөрдөн байцаагчийн магадалгаа хэд хэд байх юм болбол шүүхээр хянан хэлэлцэхдээ алийг нь нотлох баримт гэж үнэлэх юм бэ гэдэг нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байгаа. Тийм болохоор уг хуульд заасан хуулийн зүйл заалтуудаар миний үйлчлүүлэгч Б.Н-ын сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хувийн байдал, гурван хүүхэдтэйгээ өрх толгойлоод ганцаараа амьдардаг эмэгтэй хүнийх нь үүднээс харж үзээд өмнөх зэрэглэлээр нь гэм хорыг тогтоож өгөхийг хүсэж байна. Яагаад энэ хүсэлтийг гаргасан бэ гэхээр шүүгдэгч Т.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч Б.Н-т хүндэвтэр хэмжээний гэмтэл учирсан байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирснаас шалтгаалаад сэтгэцэд гэм хор учирсан гэдгийг харгалзан үзэж өмнөх зэрэглэлээр нь бодож тооцоолж өгнө үү гэж хүсэж байна. Мөн ингэж тооцох хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байгаа гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хувьд ...Өмгөөлөгчийн дүгнэлт болон хэргийн онолын хувьд Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй. Учир нь миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн гэм буруугийн талаар маргадаггүй. ...хавтаст хэргийн хүрээнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар өнөөдөр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн байна, ямар нэгэн байдлаар бусдын эрх ашгийг хохироосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байхгүй гэдгийг дурдъя. ...Улсын яллагчаас зэрэглэлийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 11,880,000 төгрөгийг хохирогчид гаргуулах эрх зүйн үндэслэлтэй гэдэг байдлаар тодруулж хэлж байна. ...сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг хохирогч 16,500,000 төгрөг гэж өмнө нь шүүхээс тогтоосон хэмжээгээр нэхэмжлээд байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хохирогч 16,500,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч 3 дугаар зэрэглэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу тооцоход 8,580,000 төгрөгөөс 15,173,400 төгрөгийн хоорондох хэлбэлзлийг шүүх өөрийн дотоод итгэлийн хүрээнд тогтоох эрх зүйн үндэслэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэглэл гарсан боловч хохирогч 16,500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байгаа нь мөнгөн дүнгийн зөрүү 1,326,600 төгрөгөөр илүү нэхэмжилж байна гэдгийг дурдаж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлд олон талын нөхцөл байдлыг харгалзан үздэг. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд гэмт хэргийн ангиллыг харгалзан үзнэ гэсэн зөвлөмж байдаг. Миний үйлчлүүлэгчийн холбогдож байгаа хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Хүндрүүлэн үзэх нөхцөл, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзнэ гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг тогтоосон. Шүүх шинжилгээний тухай хуульд хүндэвтэр гэмтэл нь 1 сараас дээш хугацаагаар эрүүл мэндийг сарниулна, хөдөлмөр чадвар алдалт гэдгийг мөн 1 сараас дээш хугацаагаар тодорхой хэмжээнд хамааруулж үзэхээр хуульчилсан. Хохирогчийн хувьд өнөөдөр шүүх хуралдаанд оролцож, болсон нөхцөл байдал болоод гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжлээд сууж байгаа нь эрүүл мэндийн хувьд гайгүй байна гэдэг дүгнэлтийг хийж байна. Өнөөдөр хохирогчид сөргөөр яг ийм үр дагавар гаргалаа гэдэг зүйлийг нотолсон баримт хэргийн хүрээнд байхгүй. Хэдийгээр эндээс хор уршиг гэдэг юм сэтгэцтэй холбоотой буюу сэтгэцийн түр зуурынх уу байнгынх уу гэдэг зүйлийг тогтоож өгөөгүй. Байнгынх юм уу, түр зуурынх юм уу гэдэг дээр шинжээчийн дүгнэлтээр асуудаг. Хохирогчийн насны байдал, миний үйлчлүүлэгчийн гэм буруутай нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруу болон гэмшиж буй байдлыг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход харгалзан үзэх үзүүлэлт дунд байдаг. Мөн төлбөрийн чадвар гэдэг зүйлийг харгалзан үзнэ гэж зөвлөмж дээр заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд өнөөдрийн байдлаар тогтсон ажил байхгүй. Яагаад гэхээр энэ гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ажил хөдөлмөр эрхлээд явчих боломжтой гэж үзэж байгаа. Хохирогч өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн, тухайн үед би согтуу байсан учраас юу болсныг санахгүй байна гэсэн мэдүүлэг байдаг. ... ямар эмчид үзүүлсэн нь тодорхой бус байгаа учраас цаашид эмчлүүлэхгүй юм байна гэж ойлгож байгаа. Иймээс миний үйлчлүүлэгчээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээр тооцож 8,580,00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н нь шатахууны зардал 384,956 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод сэтгэл санааны хохирол төлбөр болох 16,500,000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэх,
Шүүгдэгч нь би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Сэтгэл санааны хохирол төлбөрийг шүүхийн тогтоосон хэмжээгээр төлж барагдуулна гэх тайлбаруудыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн сухайт Шивээ хүрэн хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 19 дахь километрт “Toyota prius alpha” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасны улмаас иргэн Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал), иргэний нэхэмжлэгч Ж.Т-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал), гэрч Я.Г-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал), гэрч Ж.Тын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал), шүүгдэгч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 472 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 38-40 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0825/1769 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ (2 дугаар хавтаст хэргийн 44-46 дахь тал), эрх бүхий албан тушаалтны гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал), эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 110-113 дахь тал), хохирол, төлбөр төлсөн баримт (1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...... улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна. Энэ нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна...” (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал) гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Т.Э-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Т.Э-гийн амьсгал дахь спиртийн агууламж 5.06 промиль болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын биед аарцаг ясны (баруун талд умдаг яс) хугарал, нүүрний баруун хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, нуруу орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Т.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Э нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Номиндарь нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 16,500,000 төгрөг, шатахууны зардалд 384,956 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.
Хохирогч, түүний өмгөөлөгчийн хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг мөрдөгчийн зэрэглэл тогтоосон маягтыг үндэслэн нэхэмжилсэн бөгөөд шүүх энэхүү ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж дүгнэж, уг баримтыг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0825/1769 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэл (2 дугаар хавтаст хэргийн 44-46 дахь тал)-ээр тогтоосон байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэрэг гарсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,560,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын зүгээс шатахууны зардалд 384,956 төгрөг нэхэмжилж байх боловч 1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх талд авагдсан шатахууны баримтуудын он, сар, өдөр нь 2024 оны 11 дүгээр сарын 09, 15, 17, 18-ны өдрүүдийн баримтууд байх ба энэхүү цаг хугацаатай уялдуулж хохирогчийн зүгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан, эмчилгээ хийлгэсэн гэх, мөн тухайн шатахууны зардал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой болохыг давхар нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шатахууны зардлын 384,956 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт илүү нэхэмжилсэн 5,940,000 төгрөг, нийт 6,324,956 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Т.Э-гээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 10,560,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг шүүгдэгчийн оршин суух хаяг болох Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоолгох саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Номиндарь нь ял шийтгэлийн талаар тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хувьд ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн сонгох төрлийн санкцтай юм. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлаж хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг оруулж байгаа. Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 10,560,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Зорчих эрхийг хязгаарлах ял нь харьяа аймаг, дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахгүй байдлаар хэрэгждэг. Т.Э-гийн хувьд ажил хийх боломж, нөхцөл байдал зэргийг харахад Дундговь аймагт ажлын эрэлт хэрэгцээ, туслах чанарын ажлууд бага байдаг. Харин Өмнөговь аймгийн “Шивээ хүрэн”, Ханбогд сумын “Цагаан хад” хилийн боомтуудаар нүүрс тээвэртэй холбоотой үйл ажиллагаанд туслах чанарын ажлууд хийдэг. Жолоочийн үйл ажиллагаа хийлгэхгүй, туслах чанарын ажлууд нь олдоц их, ажлын хөдөлмөрийн үнэлэмж нь илүү байдаг учраас хохирол, төлбөрөө төлөх боломж буюу хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөл байдалтай уялдуулаад тэнсэн харгалзах саналыг өмгөөлөгчийн зүгээс оруулж байна. Ял шийтгэл оногдуулахад хуульд нарийвчлан тодорхойлсон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байхгүй ч гэсэн хэргийн хүрээнд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугүйн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,421,200 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж ийм байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н нь хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал тэнд ажил олдох боломж муу байдаг. Тийм учраас хохирол төлбөрийг төлөх боломжгүй болно гэх тайлбаруудыг тус тус гаргав.
Шүүгдэгч Т.Э-гийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 3,421,200 төгрөг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Э-г согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй зэргийг харгалзан хоёр төрлийн үндсэн ялаас хөнгөн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар түүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын биед хүндэвтэр гэмтлээс үүссэн хор уршгийн байдал, шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг нөхөн төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэж, хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Мөн шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой гарсан төлбөрийг нөхөн төлүүлэх хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэх боломжоор хангахад чухал ач холбогдолтой гэж үзэв.
Шүүгдэгч Т.Э-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээх ба хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтын нөхцөлийг өөрчлөх, эсхүл хязгаарлалт тогтоосон бүсээс гадагш 30 хүртэл хоногийн хугацаагаар түр зорчих зайлшгүй шаардлага үүссэн, эсхүл байнга оршин суугаа газраас бусад газарт 3 сараас дээш хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай болсон зэрэг хуульд заасан үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ялыг түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсвэл энэ талаарх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 154, 173, 174 дүгээр зүйлд заасан журмын дагуу хяналт тавьж буй эрх бүхий байгууллагын албан тушаалтанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурорт тавьж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т 3,421,200 (гурван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга хоёр зуу) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Т-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч Т.Э-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнд Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-гээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 10,560,000 (арван сая таван зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т олгож, түүний нэхэмжлэлээс 6,324,956 (зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга есөн зуун тавин зургаа) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Н-т 3,421,200 (гурван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга хоёр зуу) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ