| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2019/00346/И |
| Дугаар | 03 |
| Огноо | 2019-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 03
Нэхэмжлэгч: ОНӨААТҮГазар
Хариуцагч: Н.М,
500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газар “ОНӨААТҮГ” нь тус аймгийн ИТХ-ийн шийдвэрийн дагуу орон нутгийн оюутантай тодорхой нөхцөлийг тохирон гэрээ байгуулж, сургалтын төлбөрийн зээл олгож ажилладаг. Энэхүү ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/-ын даргын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “төлбөр төлөх тухай” 10 дугаартай тушаалаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Н.М 500 000 төгрөгийн зээлийг олгож шийдвэрлэсэн. Тушаалын дагуу 500 000 төгрөгийг зээлдэгч оюутны сурч буй сургуулийн дансанд шилжүүлсэн. Энэхүү тохиролцоогоор Н.М нь зээлийг сургуулиа төгссөний дараа эргүүлэн төлөхөөр тохиролцсон ч өнөөдрийг хүртэл эргэн төлөөгүй манай байгууллагыг хохироож байна.
Иймд хариуцагч Н.М оюутны сургалтын төлбөрт олгосон 500 000 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх боломжгүй юм шиг байна. Өмнөговь аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газар байгуулагдсан цагаасаа эхлэн оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож ажилласан юм байна лээ. 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н.М-с гаргасан хүсэлтийн дагуу Хөгжил хөрөнгө оруулалтын газрын даргын тушаал гаргаад төлбөр төлөх 10 дугаар тушаалыг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаад мөн өдрөө Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн данс руу мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Н.М-г нь өөрөө өргөдөл гаргахдаа 500 000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг хүссэн. Олгохдоо тушаал нь 500 000 төгрөг гэж гарсан байсан боловч 748 000 төгрөг шилжүүлсэн зөрүүтэй нөхцөл байдал үүссэн юм байна лээ. Үүнийгээ цэгцлээд нэг ойлголтонд хүргээд өгөөч ээ гэсэн хүсэлтийг итгэмжлэл олгосон байгууллагаасаа шаардсан боловч тодорхой болгож өгсөнгүй. Ийм нотлох баримт хэрэгт хавсаргасан байгаа. Нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газрын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариу тайлбар гаргаж байна. Миний охин Н.М-н сургалтын төлбөрт зориулан 2011 онд Хөгжил хөрөнгө оруулалтын газраас 500 000 төгрөгийн оюутан тэтгэлэг хүсч хүсэлт өгч байсан боловч тухайн үедээ сургуулийн дансанд шилжүүлсэн гэж хөрөнгө оруулалтын газар бидэнд мэдэгдээгүй. Хүмүүнлэгийн их сургуулийн сургалтын алба ч бидэнд мэдэгдээгүй. Хөгжил хөрөнгө оруулалтын газраас шүүхэд гаргасан баримт нь 748 000 ХУИС-ийн дансанд шилжүүлсэн баримт хавсаргаж өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Охиноо оюутан байх үед эцэг эх бид нар сургалтын төлбөрийг нь 100 хувь өөрсдөө төлж байсан. Бидэнд зээл олгосон гэж мэдэгдээгүй зээлээ төл гэж нэг ч удаа залгаж нэхэж байгаагүй 2019 он хүргэсэн байна. Тиймд хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөгжил хөрөнгө оруулалтын газар бидэнтэй гэрээ хийгээгүй оюутны зээл бид ч хүсээгүй оюутны тэтгэлэг хүсч хүсэлт гаргаж байсан тул Хөгжил хөрөнгө оруулалтын газрын нэхэмжилсэн 500 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөгжил хөрөнгө оруулалтын газар нь 2010 оноос хойш тусламж олгож байгаа гэсэн учраас манай хүүхэд хүсэлтдээ оюутны сургалтын зээл ч биш, тэтгэлэг ч биш тусламж олгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн байдаг. Яг тэр өдөр нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дансанд нь 748 000 төгрөг хийсэн гэж 6 жилийн дараа 2019 онд Хөгжил хөрөнгө оруулалтын газраас гэнэт манайд хэлсэн. Тухайн үедээ хүүхдийн сургалтын төлбөрт мөнгө хийлээ ч гэж хэлээгүй. Хүмүүнлэгийн ухааны их сургууль манай хүүхдийн сургалтын төлбөрөөс 500 000 төгрөг хасаагүй. Би өөрөө ажил хийдэг, өөрөө оюутныхаа төлбөрийг төлдөг байсан учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Энэ байгууллага тухайн сургалтын төлбөрийн талаар бид нартай ямар нэгэн гэрээ өнөөдрийг хүртэл хийгээгүй. 2019 оныг хүртэл энэ талаар юу ч хэлээгүй байж байгаад гэнэт л мөнгө нэхсэн учраас би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 500 000 төгрөг гэж ярьж хэлээд байдаг боловч баримт дээр нь 748 000 төгрөг шилжүүлсэн гэсэн байдаг. Сургуулиа төгсөөд 6 жилийн хугацаа өнгөрсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох нэхэмжлэл, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай Хөгжил хөрөнгө оруулалтын газрын даргын тушаалын хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлт, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн баримт, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 168 дугаартай “Хөгжил хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ”-ийн итгэмжлэл, 000009474 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярмаагийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГазар нь хариуцагч Н.М-т холбогдуулан 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч тал тусламж хүсч өргөдөл гаргасан боловч мөнгө аваагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх боловч хэрэгт авагдсан гүйлгээний баримт /хх-5/-аар хариуцагчийн нэрээр гүйлгээ хийгдсэн нь тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагч нь гүйлгээгээр өөрийн суралцаж байсан сургууль мөнгө хүлээн аваагүй гэдгийг нотлоогүй болно.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГазар нь хариуцагч Н.М-с гэрээний үүргийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд шаардсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдал тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГазрын хариуцагч Н.М-с 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Хөгжил, хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР