Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, * ургийн овгийн *эд холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны * сарын *-ны өдөр  өдөр *аймгийн *суманд төрсөн, * настай, э*эгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * хамт *аймгийн * сумын * баг * тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, * /РД: */.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 35 минутад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2-р багийн нутаг Моностой гэх газраас зохих зөвшөөрөлгүй нойтон 0,9м/куб, хуурай 0,8 м/куб нийт 1,7 м/куб мод бэлтгэж * улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч * мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

 

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * өгсөн: ... * бүсийн сум дундын ойн ангиас тогтоосон хохирлын хэмжээ 549,334 мөнгө болсон байсан, мөн Байгал аял жуулчлалын газрын улсын байцаагчийн актаар хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 1.648.002 төгрөг болсон байгаатай хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-р хуудас/,

 

2. Иргэний нэхэмжлэгч * өгсөн: “...* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны үед өөрийн төрсөн ахаасаа 3,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. * нь манай эхнэрийн төрсөн дүү. Надад гомдол санал байхгүй. * нь урьд  миний машиныг аваад ойр зуурын ажилдаа ашигладаг байсан. Өөрийн машиныг авч үлдэх хүсэлтэй байгаа тул машиныг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

 

3. Гэрч * өгсөн: “...2025 оны 03 сарын 14-нд миний хүү * нь Бургалтай 2-р багийн Моностой гэх газраас хар мод бэлтгэсэн гэж хэлсэн. Мод бэлтгэх үедээ ганцаараа байсан. Би Баруунбүрэн сумын 3-р багийн малтай хороололд худгийн хажууд * гэх хүнээс хашааг нь худалдаж авсан юм. Уг хашаа нь 2 тал хашаа байсан болохоор үлдсэн хэсгийг нь хашаалах зорилгоор 2025 оны 03 сарын 14-ны өдөр миний хүү * нь Бургалтай 2-р багийн Моностой гэх газраас хэрэглээний мод бэлтгэхээр 09 цагийн орчимд * улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Харин би 2025 оны 03 сарын 19-ны өдөр сумын засаг даргаас хэрэглээний гоожин авахаар хүсэлт гаргатал иргэдийн хурал хуралдаагүй болохоор боломжгүй гэсэн хариу өгсөн. * нь мод бэлтгэх үедээ ганцаараа явсан. Би ямар багажаар мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. Цахилгаан хөрөөгөөр бэлдсэн байх. Модоо ачиж буулгахдаа хүргэн ахынхаа портероор ачсан. Мод бэлтгэхдээ болон ачиж ирэхдээ хүргэн ах нь болох 3.Алтанхүүгийн эзэмшлийн * улсын дугаартай х.портер маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж бэлтгэсэн модоо буулгаж ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,

 

4. Гэрч Б. өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 23 орой гэрт байж байхад * гэрт хүрч ирээд хамт хань болоод хөдөө явчхаад ирье гэж хэлээд дагуулаад явсан, ууланд очоод тайраад бэлдсэн байсан нийт 33 ширхэг нойтон хуурай холиод ачаад тэгээд шөнө ирээд айлын хашаанд буулгасан юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 75-р хуудас/,

 

5. Яллагдагч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2025 оны 03 дугар сарын 16-ны өдөр ээжийг мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авчихаарай гэж хэлчихээд хашааны шон хийх шургааг мод бэлтгэхээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг Моностой гэх газар руу ганцаараа * улсын дугаартай хүргэн ах *ийн портер машинтай яваад 6 ширхэг босоо мод унгаагаад бэлтгэчихээд буцаж суманд ирсэн. Тэгсэн ээж гоожин аваагүй хэрэглээний модны зөвшөөрөл өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд модоо авч чадахгүй байсан бөгөөд нэгэнт бэлтгээд унагаачихсан болохоор 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр мөн хүргэн *ийн машинтай * гэдэг найзаа гуйгаад хамт явж нөгөө бэлтгэсэн модоо хөрөөдөж 2 метр 50 см болгоход 33 ширхэг мод болсон тэгээд тэр модоо сумын төв рүү ачиж оруулж ирээд * ахын хашаанд буулгасан байсан чинь маргааш өглөө нь хэсгийн төлөөлөгч * ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/,

6.2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай *ы бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай” шинжээчийн дүгнэлтэд

-Иргэн Эрдэнэхүү овогтой * нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-баг "Моностой" гэх газраас хэрэглээний зориулалттай "Шинэс" төрлийн хуурай, нойтон мод бэлтгэсэн болно.

- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Бургалтай 2 дугаар багийн "Моностой" гэх газраас * нь хууль бусаар хэрэглээний зориулалттай бэлтгэсэн шинэс төрлийн модонд хэмжилт хийхэд нойтон 0.9м³, хуурай 0.8м³ нийт 1,7м³ мод бэлтгэсэн байна.

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1-дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3 дугаар мужийн ойн сангийн 1м³ "Бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ" нь 80 312 төгрөг, шинэс төрлийн нойтон мод нь 267 707 төгрөг байна. Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий, гуалинд мод -1,8 итгэлцүүрээр бодно. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модыг хэмжиж дүгнэхэд: 0.8 м³ *80312*1,8= 115 649 төгрөг. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн нойтон модыг хэмжиж дүгнэхэд: 0.9 м³ *267 707*1,8= 433.685 төгрөг болж байна.

- Монгол улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл заалтыг үндэслэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн нь экологи эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд нийт 549,334 төгрөгийн хохирол учруулсан байна ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/,

 

7. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-29-02/279/03 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай”:

- Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 494.1-т / Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 549.334х3=1.648.002 төгрөг болов.

- Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2-р багийн нутаг Моностой гэх газраас иргэн * ойн санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 1.648.002 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх акт /хавтаст хэргийн 33-р хуудас/,

 

8. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд: “...Hyundai porter маркийн автомашин нь 2025 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 2,000,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-41, 43-р хуудас/,

9. 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “*” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд: “...Модны хөрөө /бинзен/ 2025 оны 03 дугаар сарын байдлаар ижил төсөөтэй байдлаар зах зээлийн үнэ цэнийг 80,000 төгрөг гэж тооцлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-53-р хуудас/,

10. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас/,

11. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р хуудас/,

12. 2025 оны 04 дугаар сарын 01-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13-р хуудас/,

13. 2025 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр “Улаан өнгийн модны цахилгаан хөрөө”-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

14. 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “...* улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 20-21-р хуудас/,

15. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “...33 ширхэг 0.8 метр куб хуурай, 0.9 метр куб нойтон, нийт 1.7 метр куб хэрэглээний модыг  битүүмжилсэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22-р хуудас/,

16. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2533000000038 дугаартай прокурорын тогтоол /хавтаст  хэргийн 80-84-р хуудас/,

17. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90-91-р хуудас/

18. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суман дахь *ы бүсийн сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай “...тус цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа * /РД:*/ нь 2025 онд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй болно...” гэх албан тоот /хавтаст хэргийн 114-р хуудас/

19. Төрийн банкны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “...Байгаль орчин уур амьсгалын санд 1,648,002 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 116-р хуудас/

20. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 101-107-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 35 минутад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2-р багийн нутаг Моностой гэх газраас зохих зөвшөөрөлгүй нойтон 0,9м/куб, хуурай 0,8 м/куб нийт 1,7 м/куб мод бэлтгэж * улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасны дагуу 1,648,002 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * мэдүүлэг, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай дугаартай *ы бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлт, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-29-02/279/03 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай акт, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “...* улсын дугаартай Hyundai porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, 33 ширхэг Шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол болон бусад бичгийн нотлох баримтаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч *ийг “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуулийн зүйлчлэл, зүйл хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон байна. Шүүгдэгч *ийн үйлдэл нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч нь төрийн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх, тээвэрлэх зохих зөвшөөрөл аваагүй нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суман дахь *ы бүсийн сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дугаартай “...тус цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа * /РД:*/ нь 2025 онд хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй болно...” гэх албан бичиг зэргээр нотлогдоно. /хавтаст хэргийн 114-р хуудас/

 

Шүүгдэгч нь “Хашаагаа битүүлж засах зорилготой уулнаас мод бэлтгэж дундуур нь хөрөөдөж саравчаа засаж янзалсан” гэж мэдүүлж байх бөгөөд шууд санаатай үйлдлээр хэргийг үйлдсэн байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч Д.Бат-Эрдэнээс: Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч * нь: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй....” гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 35 минутад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2-р багийн нутаг Моностой гэх газраас зохих зөвшөөрөлгүй нойтон 0,9м/куб, хуурай 0,8 м/куб, нийт 1,7 м/куб мод бэлтгэж * улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно… гэж хуульчилжээ.

 

*ы бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай” шинжээчийн дүгнэлтээр Монгол улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл заалтыг үндэслэн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн * нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 549,334 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх экологи эдийн засгийн үнэлгээ гаргажээ. /хх-ийн 26-р хуудас/

2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-29-02/279/6 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагчийн “Хохирлын үнэлгээ тогтоох тухай актаар Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 494.1-т / Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 549 334х3=1.648.002 төгрөг гэж тогтоосон байна. Шүүгдэгч энэ актыг үгүйсгээгүй, маргаагүй тул энэ актын дагуу хохирлыг тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч * нь байгаль экологид учруулсан хохирол 1,648,002 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 33 ширхэг 1.7 метр куб хэрэглээний модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлогод оруулж,

Шүүгдэгч *ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан * улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч *гийн эзэмшилд байдаг болох нь тогтоогдож байх тул * улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж,

Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ… гэж тус тус заасны дагуу шүүгдэгч * нь хуульд заасан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч П.Бат-Эрдэнэ эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч * нь 2025 оны 03 сарын 04-ны өдрийн 20 цаг 35 минутад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2 дугаар багийн нутаг “Моностой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр нойтон 0.9 метр куб хуурай 0.8 метр куб нийт 1.7 метр куб мод бэлтгэж 42-26 ОРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар мод бэлтгэсэн тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *эд Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  мянган төгрөгөөр торгох торгох ял оногдуулах саналтай байна...”  гэв.

 

Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 90-р хуудас/

Шүүгдэгч *ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялыг шүүгдэгч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт багтаан төлөх бөгөөд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих саналыг прокурорын газарт гарган шийдвэрлүүлэх болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч *эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч * ургийн овогт *ийг ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялыг шүүгдэгч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт багтаан төлөх бөгөөд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих саналыг прокурорын газарт гарган шийдвэрлүүлэх болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөөг, гэмт хэрэг үйлдэж олсон 33 ширхэг, 1.7 метр куб Шинэс төрлийн модыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдэхээ ашигласан * улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН