Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

 

 

 

 

2025           06          09                                                          2025/ШЦТ/61

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * овгийн *т холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19* оны *дугаар сарын *-ний өдөр* аймгийн * суманд төрсөн, * настай, э*эгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, * ажилтай, ам бүл * хамт * аймгийн *сум*-р баг *-р хороолол, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, * овгийн */РД:*/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч *нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 10-11 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт 6-р байрны орчим машины зогсоолоос шалтгаалан иргэн *тэй маргалдаж улмаар түүний өмсөж явсан дээлийн энгэрийг урж 530,100 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

 

1. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хохирогч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би эхнэр * болон хүүхдүүдийн хамтаар эмээ дээрээ очиж золголт хийх санаатай 10 цаг өнгөрөөгөөд хорооллоос гарсан юм. Тухайн үед эмээгийн байрны гадаа машинтай ирэхэд машины зам дээр цэнхэр өнгийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам хаагаад тавьчихсан байсан бөгөөд манай эхнэр * нь тухайн машины жолоочид хандаж "та машинаа холдуулаад өгөөч, та зам хаагаад тавьчихсан байна" гэж хэлэхэд тухайн эмэгтэй учир зүггүй уурлаж машин дээр ирээд хэл амаар доромжлоод "та нар том машин унасан юм байж наад боржураа даваад гараач, чи юун сүртэй юм бэ" гэснээ шууд утсаараа бичлэг хийгээд бид хоёрыг машины цонхоо дээшлүүлэхэд хараагаад үлдсэн. Тус өдөр баярын өдөр хэрүүл маргаан хиймээргүй байсан тул цааш хөдлөөд боржур давж машинтайгаа ертөнцийн зүгээр баруун талын зогсоол дээр байрлуулаад 1-2 минут зогсоод байж байтал ардаас тухайн эмэгтэй ирээд утсаараа бичлэг хийгээд хэл амаар доромжилж байснаа машины зүүн талын хаалга онгойлгоод манай эхнэр *ийн нүүр хэсэг рүү нь 1 удаа алгадаад хойд хаалга онгойлгохоор нь манай эхнэр хүүхдүүдэд гар хүрэх гэж байна гэж бодоод машинаас буугаад тухайн эмэгтэйг "та зүгээр байгаач, яах гээд бичлэг хийгээд байгаа юм бэ, баярын өдөр болж байхад" гэж хэлэхэд тухайн хэрүүл маргаан хийгээд байсан гэх эмэгтэй манай эхнэр * рүү дайраад байхаар нь би урдуур нь ороод болиоч та гэж хэлэхэд миний дээлийн энгэр хэсгийг татаад урсан. Миний баруун гарын сарвуу хэсгийг тухайн үл таних эмэгтэй хумсаараа маажсан. Мөн дээлийн энгэр хэсгийг татаж ураад хохирол учруулсан. Миний урагдсан дээл засварлах боломжгүй. Деталь хэсгээр урагдаагүй энгэр хэсэг нь урагдчихсан. Би тухайн дээлийг эхнэртэйгээ явж байгаад 2024 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын *худалдааны төвөөс Акуа дээл гэж авч байсан. 800,000 төгрөгөөр худалдан авч байсан.. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-р хуудас)

 

2. Гэрч *ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр миний бие нөхөр *, 2 хүүхдийн хамт золголт хийхээр Сайхан сумын 5 дугаар байрны зогсоолд машинаа тавих гээд явж байтал * улсын дугаартай цэнхэр Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зам таглачихсан зогсож байсан. Жолооч нь машиныхаа хажууд байхаар нь зам чөлөөлөөд өгөөч зогсоолд машинаа тавья гэтэл боржуур даваад яв, би холдож чадахгүй, чи ямар Акуа уначихсан байгаа биш, бродюраа даваад зайл, ийм машин уначхаад даваад явж чадахгүй бол хохь чинь гэхээр нь би дүрмээрээ замаараа явмаар байна, энэ бродюрыг давахгүй гэтэл ээ чааваасаа чи зайлаач ээ гээд орилоод байхаар нь цонхоо хаагаад маргалдаад яах вэ гэж бодоод бродюр давж яваад 8-р байрны урд зогсоолд машинаа байрлуулсан. Машинаас буух гэж байтал машины жолооч эмэгтэй араас ирээд утсаараа бичлэг хийгээд орилоод байсан. Энэ эргүү хүүхнийг хардаа, чиний том машин унасан чинь тэрэндээ л юм байгаа биз, бүгд бродюр даваад явдаг, чи миний өөдөөс хэрэлддэг хэн бэ, чи хэрэлдэхгүй явах ёстой гэхээр нь та яагаад араас нэхэж ирж хэрэлдээд байгаа юм бэ гэтэл чи миний зэвүүг хүргэлээ, чи дуугай л явах ёстой байсан юм гэхээр нь би бичлэг хийгээд байхаар нь би зургийг дарж авсан юм. Тэгтэл машины хаалга онгойлгоод миний толгой руу 1 удаа цохихоор нь нөхөр буугаад яагаад хүний биед дураараа халдаад байгаа юм гээд машинаас холдуулах гэтэл гарыг нь маажаад хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Нөхөр цагдаа дуудна шүү, эндээс холд, яв гэсэн. Би машинаасаа буугаад нөхрийг зодож байгаа бичлэгийг нь хийж байтал миний толгой руу дахин гараа цохиж, гар утас булаах гээд оролдох үед нь нөхөр холдуулах гээд болиоч гээд барьж автал нөхрийг заамдаад авсан. Заамдаж байхдаа дээлийнх нь захыг хүчтэй албаар татаж урсан. Үүнээс хойш та болиоч, яасан гэж ингэж байгаа юм гэтэл 2 настай эрэгтэй, эмэгтэй хүн ирээд миний охин явъя гээд татаж чангаагаад аваад явсан. Цагдаад дуудлага өгөөд машиндаа сууж байтал тэр машин зогсоолоос гарах явцдаа 3 машин мөргөх шахан байж гараад явсан. Ийм л зүйл болсон.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5-р хуудас)

 

3. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 3-р хуудас)

4. 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-36-р хуудас)

 

5 “*” ХХК-н 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 925-11916 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

-“Акуа даавуун дээл"-ийн зах зээлийн дундаж үнэ 2025 оны 03 дугаар сарын байдлаар 530,100 төгрөгөөр тогтоов..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-44-р хуудас)

 

6. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2533000610047 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 55-58-р хуудас/,

7. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагч *ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 62-р хуудас/,

8. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73-р хуудас/,

9. 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны гүйлгээний баримт /хх-ийн 79-р хуудас/,

10. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 66-68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Прокурорын газраас шүүгдэгч *нь Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн өмсөж явсан дээлийн энгэрээс татаж урсан гэх үйл баримт нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчид 530,100 төгрөгийн хохирол учирсан нь бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэх үйлдлийн шинжийг хангаж байна.

 

2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч Б.Хөхөөгөөс мэдүүлэг авсан тэмдэглэлд ....Тухайн дээл нь зах зээлийн үнэ 530,100 төгрөг болсон. Тухайн үнэ дээл нь бүтэл дээлийн үнэлгээ юм. Мөрдөгчийн ирүүлсэн фото зургаас харахад тухайн дээлийн урагдсан хэсэг нь оёдлоороо бус дээлийн энгэр буюу их биеийн хэсэг ханзарсан тул оёж засварлах боломжгүй гэж үзэж байна... гэх мэдүүлгээр шүүгдэгч *нь бусдын эд хөрөнгийг устгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болсныг ойлгох тул шүүгдэгч *ийг бусдын эд хөрөнгийг устгасан гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч *нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар ялаас чөлөөлөх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 88-89-р хуудас/,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасны дагуу Прокуророос шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага, түүнээс чөлөөлөх үндэслэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, хохирлоо төлсөн нөхцөл байдал зэрэгт тохирч, хуульд нийцэж байна гэж дүгнэлээ.

 

 Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан 530,100 төгрөгийг хохирлыг бүрэн барагдуулсан талаар Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан нь шүүгдэгч *ийг эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 79-р хуудас/,

Иймд шүүгдэгч *т прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 500,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт дагалдаж ирсэн СД бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *овгийн *ийг бусдын эд хөрөнгийг устгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт дагалдаж ирсэн СД бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН