Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 139

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г банк” ХХК

Хариуцагч: Ц.Ц

5 882 200 төгрөг 01 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагч Ц.Ц, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ц нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *******тай ЗГ5205104756 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 4 500 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж нэмж 500 000 төгрөгийг авч, цалингийн зээлийн үлдэгдлийг 4 564 059 төгрөг болгон, гэрээний хугацааг 48 сар, зээлийн жилийн хүүг 26.4 хувь болгож өөрчилсөн болно. Ц.Ц нь зээл авах үедээ “Б-У” ХХК-д оёдолчноор 1 жил 1 сар ажиллаж байсан бөгөөд цалингаа барьцаалж гэр бүлийн хэрэгцээнд цалингийн зээл авсан. Гэтэл Ц.Ц нь зээл болон барьцааны гэрээний 2.4 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлээ төлөх үүргээ зөрчиж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 605 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Банкны зүгээс зээлдэгч Ц.Ц удаа дараа холбогдож, уулзаж зээлээ төлөх талаар сануулж хэлсэн боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3 897 349 төгрөг 57 мөнгө, зээлийн хүү 1 927 331 төгрөг 76 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 57 518 төгрөг 68 мөнгө нийт 5 882 200 төгрөг 1 мөнгө болсон байна. Иймд хариуцагч Ц.Ц-с 5 882 200 төгрөг 1 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа хэвээрээ. Ц.Ц нь 2016 онд зээлийн гэрээ байгуулж зээл аваад 2017 онд нэмж 500 000 төгрөгийн зээл аваад нийт 4 500 000 төгрөгийн зээл авсан. Хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлөлт хийгээд түүнээс хойш 605 хоног хугацаа хэтрүүлсэн. Банкны зүгээс Ц.Ц 2017 онд 3 удаа мэдэгдэх хуудас гардуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 онд дуусна. 2020, 2021 онд төлөх боломж байсан. Манайхаас зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт оруулаад өгөөч ээ, зээлийг бөөнөөр нь төлөх боломжгүй бол зээлийн эргэн төлөлтийн хуваарьтаа оруулаад 2021 он хүртэл бүтэн төлөөд яваач ээ гэсэн шаардлага тавьсан. Зээл хариуцаж авснаас хойш гэрт нь 2 удаа очсон. Зээлээ хэвийн хэмжээнд оруулаад өгөөч ээ гэдэг талаар хэлсэн. Ц.Ц хувьд ерөөсөө зээл төлөх сонирхол байхгүй, боломжтой хэмжээгээрээ хийгээч гэдэг боловч хийдэггүй. Тийм учраас шүүхэд хандсан. Ц.Ц-с 5 882 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Ц миний бие 2016 онд Б-У ХХК-д ажиллаж байх хугацаандаа Г банкнаас 2016 оны 10 дугаар сард цалингийн зээл авсан нь үнэн. Зээл авснаас хойш зээлээ цаг тухай бүрт нь өгч байсан боловч ажлын цаг өдөрт 12 цагаас дээш амралт багатай ажилласнаас болж бие өвдөж, ухаан алдаж, цус алдсанаас болж, хэт ядаргаанд орсноос болж ажил хийх боломжгүй болж ажлаасаа гарснаар ганц нөхрийн цалин хүрэхээ байж зээлээ төлж чадахгүй өдийг хүрсэн. Дахиж ажил хийж чадахгүй, бие маань өвддөг болсон учир 3 хүүхдээ харж ганц нөхрийн цалингаар болгодог. Би одоо 3 сар гарантай жирэмсэн учир ажил хийх боломжгүй гэртээ байдаг. Миний бие үндсэн зээлээ төлнө. Харин хүүнээс нь чөлөөлж өгч амьдралд минь туслана уу гэж гуйж байна. Нөхөр хүүхэд настай аавтайгаа амьдардаг. Ганц нөхрийн цалингаар амьдардаг болохоор үндсэн зээлээ бага багаар төлнө гэжээ.

Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс зээлийг бүрэн төлнө гэж байгаа. Г банкнаас 2 хүн ирээд шууд 3 000 000 төгрөг төлвөл хэвийн төлөлтөө орно гэсэн. Би сар сард төлөөд явъя гэсэн чинь 3 000 000 төгрөг заавал төл, тэгж байж хэвийн хэмжээндээ очно гэсэн. Тэр 3 000 000 төгрөгийг шууд төлөх боломжгүй гэж би хэлсэн. Тэгвэл шүүхэд хандана гэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Г банк ХХК-ийн нэхэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ5205104756 дугаартай Зээл болон барьцааны гэрээний хуулбар, Зээл эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ5205104756-А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Ц.Ц өргөдөл, хариуцагч Ц.Ц зээлийн дансны хуулгууд, 9016001014 дугаартай нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаартай Г банкны гүйцэтгэх захирлын тушаал, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09/2432 дугаартай Г банк ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн н/1516 дугаартай Г банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10/09 дугаартай Г банк ХХК-ийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хариуцагч Ц.Ц хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк ХХК нь Ц.Ц холбогдуулан 5 882 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч тал “...Миний бие үндсэн зээлээ төлнө. Харин хүүнээс нь чөлөөлж өгч амьдралд минь туслана уу. …Нөхөр хүүхэд настай аавтайгаа амьдардаг. Ганц нөхрийн цалингаар амьдардаг болохоор үндсэн зээлээ бага багаар төлнө...” гэсэн тайлбарыг гаргажээ.  

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Г банк ХХК болон Ц.Ц нарын хооронд ЗГ5205104756 тоот зээл болон барьцааны гэрээгээр 4 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 27.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, мөн  2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ5205104756-А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 4 064 059 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 500.000 төгрөг авч нийт 4 564 059 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар зээлдүүлжээ. Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

ЗГ5205104756-А тоот нэмэлт зээлийн гэрээний хавралтад заасан эргэн төлөх хуваарьт төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 4.498.589 төгрөг 69 мөнгө төлөх үүргийг хэсэгчилж төлөхөөр график хугацааг зааж уг гэрээнд Ц.Ц гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх зээлийн гэрээний үүрэг болох төлбөрийн үлдэгдлийг ЗГ5205104756 тоот гэрээний үүрэгт нэгтгэн оруулж тооцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Г банк ХХК нь хариуцагч Ц.Ц-с гэрээнд заасан хугацааны үндсэн зээл, шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэлх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг  шаардах эрхтэй байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Г банк ХХК болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан ЗГ5205104756-А  тоот зээлийн гэрээний хугацааг талууд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тогтоосон байна. Зээлийн дансны хуулгаас үзэхэд зээлдэгч нь үндсэн зээл 1.292.553 төгрөг 04 мөнгө төлсөн, үндсэн хүү 1.513.874 төгрөг төлсөн нь нотлогдож байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл зээлийн хүүг төлсөн ба үүрэг зөрчигдөж эхэлсэн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр / зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаа / -аар тооцвол үндсэн зээл 5.000.000 - 1.292.553 төгрөг 04 мөнгө /төлсөн/ = 3.707.446 төгрөг 06 мөнгө, төлөгдөөгүй хүү 1.473.129 төгрөг 25 мөнгө нийт 5.180.578 төгрөг 05 мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзлээ. Нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлаагүй атлаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанаас хойших хүүг шаардах эрхгүй байх тул хариуцагчаас 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны зээлийн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан 9016001014 дугаартай нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаартай Г банкны гүйцэтгэх захирлын тушаал, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09/2432 дугаартай Г банк ХХК-ийн итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн н/1516 дугаартай Г банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10/09 дугаартай Г банк ХХК-ийн итгэмжлэл зэрэг нь хэргийн оролцогчийг тодорхойлоход ач холбогдолтой, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ5205104756 дугаартай Зээл болон барьцааны гэрээний хуулбар, Зээл эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ5205104756-А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Ц.Ц өргөдөл, хариуцагч Ц.Ц зээлийн дансны хуулгууд зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц-с 5.180.578 төгрөг 05 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 701.624 төгрөг 15 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 065 төгрөг 20 мөнгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 97 839 гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.УГТАХБАЯР