Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 147

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д к ББСБ” ХХК /РД: /,

Хариуцагч: Х б овогт Д О, /РД:/,

Зээлийн гэрээний үүрэгт 89 200 980 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0018090008 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 0018090008/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагч Д.О, түүний өмгөөлөгч Ч.М, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д к ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: Хариуцагч Д.О нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №0018090008 дугаартай зээлийн гэрээний дагуу “Даланзадгад капитал ББСБ” ХХК-с 80 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар 30 хоногийн 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 0.7 байхаар тохиролцож зээлж авсан. Зээлийн

гэрээ байгуулах үед төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах үүднээс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №0018090008/01 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” байгуулж №0018090008 дугаартай зээлийн гэрээний барьцаа болгож доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Үүнд:

1. тоотод байрлах 750 м/квадрат газар,

2. тоотод байрлах 750 м/квадрат газар,

3. тоотод байрлах 64 м2 талбай бүхий хувийн сууц

Хариуцагч Д.О нь №0018090008 дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үүргийг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээнд заасны дагуу Д.О төлбөрийн үүргийг нэн даруй барагдуулах талаар мэдэгдсэн. Гэвч хариуцагчийн зүгээс төлбөрийн үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр өнөөг хүрлээ. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 89 200 980 төгрөг болоод байна. 89 200 980 төгрөгийг хариуцагч Д.О гаргуулж өгнө үү. Хариуцагч төлбөрийн үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлд дурдагдсан барьцаа хөрөнгөөр төлбөрийн үүргийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгана уу.

Д к ББСБ ХХК-ийн зүгээс 2016 оны 09 сарын 01-ний өдрийн №0016090001 дугаартай “Зээлийн гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл болох 89 200 980 төгрөгийг Д.О шаардаж байна. Урьд гаргасан нэхэмжлэлдээ 2018 оны 09 сарын 21-ний өдрийн №0018090008 дугаартай зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа гэж бичиж байсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 09 сарын 21-ний өдрийн №0018090008 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагчид 80 000 000 төгрөгийн зээл олгоогүй талаар олж мэдлээ. Энэ нь тухайн үед байгууллагыг төлөөлөн ажиллаж байсан ажилтнууд болон хариуцагчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдалтай холбоотой тул хүлцэл өчье. 2016 оны 09 сарын 01-ний өдрийн №0016090001 дугаартай зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг үндсэн хүү 30 хоногт 6 хувь, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 1,2 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр 12 сарын хугацаатайгаар хариуцагч Д.О зээлдүүлсэн.

Хариуцагч Д.О нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байснаас үүдэн 2018 оны 05 сарын 07-ний өдөр буюу зээлийн гэрээгээр тогтоосон 12 сарын хугацаа өнгөрөөд байхад үндсэн зээл 35 555 556 төгрөг, хуримтлагдсан хүү 35 099 139 төгрөг, хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү 3 074 685 төгрөг, зээлийн гэрээний төлбөрийн нийт үлдэгдэл 73 729 379 төгрөг болоод байсан байна. Энэ талаар зээлдэгчид мэдэгдэж нэн даруй зээлийн төлбөр төлөхийг шаардаж байсан. Зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй нь нэгэнт илэрхий болсон тул Д.О хөнгөлөлт үзүүлж зээлийн гэрээний хүү, төлбөрийг багасгах, нэмэлт хугацаа олгож өгнө үү гэх агуулга бүхий хүсэлт гаргасан. Түүний энэ саналыг Д к ББСБ-аас хүлээн авч шийдвэрлэхдээ өмнө байгуулсан зээлийн гэрээнд хүү, төлбөрийн үлдэгдэл, хугацааны талаар нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр шийдвэрлэвэл зохих байсан. Гэвч зээлдүүлэгч, зээлдэгч нарын эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан 80 сая төгрөг зээлж байгаа байдлаар гэрээ байгуулсан хуульд үйл нийцэх хэлцэл байгуулсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж байна. Д к ББСБ ХХК-нь хариуцагч Д.О 2016 оны 09 сарын 01-ний өдрийн №0016090001 дугаартай “Зээлийн гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл болох 89 200 980 төгрөгийг шаардаж байна. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй хэвээрээ байна. Үүнд:

- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3-р баг, Ёлын 30 тоотод байрлах 750 м/квадрат газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруун сайхан 26-14 тоотод байрлах 750 м/квадрат газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруун сайхан 26-14 тоотод байрлах 64 м2 талбай бүхий хувийн сууц

Хариуцагчийн зүгээс өөрийн хүсэлтээр гэрээ байгуулж ямар нэгэн дарамт, хүч хэрэглэсэн зүйлгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл байгуулсан атал манай байгууллагыг хууль зөрчсөн, мэхэлсэн мэтээр тайлбар өгч байгаа нь зохисгүй. Хэдийгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус эрхийг нь зөрчсөн гэх агуулгатай тайлбар өгч байгаа боловч нэгэнт санхүүгийн байгууллагаас авсан зээлийг эргэн төлж дуусаагүй гэдгээ мэдэж байгаа. Гэрээ хэлцлийн шатанд гарсан алдааг ашиглан авсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн өгөхгүй байх арга зам хайж байгаа нь ёс зүйгүй үйлдэл болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Нийт 89 200 980 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ мөнгөн дүн нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний төлбөрийн үлдэгдэл юм. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Энэ талаараа сөрөг нэхэмжлэлийн гаргаад байгаа. Үүнийг манайх маргахгүй байгаа. Яагаад гэвэл 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээг манай ажилтнуудын зүгээс алдаа гаргаад хариуцагчийн зүгээс гаргасан хүсэлтэд нь үндэслээд үндэслэлгүй гэрээ хийчихсэн байсан. Энэ талаар маргах зүйлгүй. Тийм ч учраас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэмэлт тайлбар гаргах тухай гээд тайлбар гаргасан. Энэ тайлбартаа “Даланзадгад капитал ББСБ” хариуцагч Д.О 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 160901 дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 89 200 980 төгрөгийг шаардаж байна гэсэн. Нэхэмжлэлдээ өмнөх 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр шаардсан байсан. Үүнийгээ залруулж ойлголтын зөрүүгээ арилгаад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдэл юм гэдгээ тодруулж бичсэн байгаа. Хариуцагчийн зүгээс 2016 оны зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт 12 удаагийн төлөлтөөр 24 847 128 төгрөгийг төлсөн. Үүнээс нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу манайхаас 24 847 128 төгрөгийн төлбөрөөс 9 727 386 төгрөгийг зээлийн үндсэн хүүнд, 15 086 572 төгрөгийг үндсэн төлбөрт, 33 170 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тус тус авсан байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цуцлагдаагүй, хүчин төгөлдөр явсан гэрээний дүнгээс уг төлбөрийг хасаж үзвэл 89 200 980 төгрөг болоод байгаа. Хариуцагчийн зүгээс нэг зүйлийг буруу ойлгоод байх шиг байна. 80 000 000 төгрөгийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулаад 80 000 000 төгрөгөөсөө шууд хүү бодоод энэ нэхэмжлэлийн дүнгээ гаргаад байна гэж ойлгоод байх шиг байна. Гэтэл би 2016 онд байгуулсан гэрээнийхээ дагуу нийт хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоод түүнээс хариуцагчийн төлсөн төлөлтүүдийг хасаад энэ дүн гарч байгаа шүү. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Мөн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт заалгах хүсэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэл ойлгомжгүй байна. Би 2019 оны 12 сарын 09-ний өдөр гаргасан тайлбар дээрээ 2018 оны 09 сарын 21-ний өдөр  байгуулсан гэрээ нь алдаатай хийгдсэн байна, талууд буруу ойлгосон байна, үүгээр төлбөрийн үлдэгдлийг шаардсан зүйл байхгүй гэсээр байхад маргаагүй зүйл дээр нэхэмжлэл гаргаад байна шүү дээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүх дээр талуудын маргаантай зүйлийг л шийддэг. Би 2019 оны 12 сарын 09-ний өдөр гэхэд л энэ талаар маргах зүйлгүй, энэ хүний хариу тайлбарт бичсэн 2018 оны гэрээ хүчин төгөлдөр бус юм гээд бичээд байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад түүнд тохирсон тэмдэгтийн хураамжаа өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа. 2018 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон боловч талуудын хүсэл зориг, бие биедээ гаргаж өгсөн хүсэлтүүдээс үзвэл агуулгын хувьд тухайн үед 2018 оны 09 сарын 21-ний өдрийн байдлаар 73 427 277 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэрхэн сунгах тухай, хэрхэн зээлийн хүүгийн төлөлтийн хэмжээг багасгах талаар хэлцэл болсон. Хүсэл зоригийнхоо агуулгаар нь авч үзвэл анх 2016 онд авсан зээлийн үүргээ баталгаа болгож өгч байгаа баталгаа барьцаа юм. Гэтэл төлбөрийн үүрэг гүйцэтгэж дуусаагүй байхад барьцаагаар хангах үүргээ хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас 2018 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус. Гэхдээ түүнийг дагалдаж байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр, барьцаалбарыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Манай байгууллагын зүгээс барьцаалбарыг хүчин төгөлдөр бус гэрээгээ шинэчиллээ гэж улсын бүртгэлийн байгууллага руу явуулж байсан хүсэлт байдаг. Гэхдээ үүнийг манайх дангаараа шийдээд явуулаагүй. Хариуцагч Д.Олжмэдэх өөрөө хүсэлт гаргаад энэ 73 427 277 төгрөгийн үлдэгдэлтэй болчихлоо, үүнийгээ би сунгамаар байна, хүүг нь багасгаад өгөөч ээ, алдангийг нь багасгаад өгөөч ээ гэж ярьсаны үндсэн дээр явуулсан болохоос бид өөрсдөө дангаар шийдээд улсын бүртгэлийн байгууллага руу хүсэлт явуулаагүй. Тийм учраас барьцаалбарыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3-р багийн Ёлын 12 тоотод оршин суугч Д.О миний бие нэхэмжлэгч Даланзадгад капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэхтэй танилцлаа. Нэхэмжлэгч Даланзадгад капитал ББСБ ХХК-аас 2016 оны 09-р сарын 01-ний өдөр 40 сая төгрөгийг сарын 6 % хүүтэй 12 сарын хугацаатай зээлэн авсан нь үнэн бөгөөд гэрээний дагуу төлөлтүүдийг хийгээд явж байсан боловч гадаад хүмүүстэй эхлүүлсэн ажил маш их асуудал гарч нэхэмжлэгчид зээлээ төлж чадахгүйд хүрч, нэхэмжлэгчтэй харилцан тохирсны дагуу тухайн үед хуримтлагдсан 80 сая төгрөгөөр сарын хүүг 3% болгон 2018 оны 9-р сарын 21-нд шинэчилсэн гэрээ хийн баталгаажуулсан юм. Мөн тус шинэ гэрээний дагуу тодорхой төлөлт хийж байсан боловч төлөвлөж байсан ажил одоо болтол бүтэлгүй банк, ББСБ, хувь хүмүүст маш их өр зээлтэй, тэдэнд их төвөг удаж байгаа нь үнэн юм. Нэхэмжлэгч Даланзадгад капитал ББСБ ХХК-д зээлийн барьцаанд нэр бүхий нэхэмжлэхэд дурдагдсан барьцаа хөрөнгүүд байгаа нь үнэн боловч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3-р баг, Ёлын 30 тоотод байрлах 750 м2 Г.Цээсүрэнгийн нэр дээрх газар нь дамаа өөр хүний оролцоотой, бие дааж шийдвэрлэх боломжгүй, бусад хөрөнгийг бусдад маш их өр зээлтэй тул шууд төлбөрийн үүргийг хангах боломжгүй ядаж зах зээлийн үнээр зарж борлуулан энэ ББСБ-ын өр зээлийг төлж барагдуулах боломжийг олгож шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэмжилж байна.

Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д к ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 89200980 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрөх мөн барьцаа хөрөнгүүдээр төлбөрийн үүргийг хангуулах боломжгүй юм. Үүнд:

- 2016 оны 09-р сарын 01-ний өдөр 40 сая төгрөгийг сарын 6 % хүүтэй 12 сарын хугацаатай зээлж аваад хуваарийн дагуу төлөлтийг хийж чадахгүй тасалдсан байхад хэдийгээр хүүг 3% болгон хөнгөлсөн ч тухайн хуримтлагдсан хүү алдангийг оролцуулан 80 сая төгрөгөөр шинэчлэн 2018 онд гэрээ хийсэн нь тухайн байгууллага зөвхөн өөрийн эрх ашгийг бодсон шийдвэр байж гэх;

- Нэхэмжлэлд дурдсан барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг анхнаасаа хэт бага үнэлсэн гэх, барьцаа хөрөнгөөр төлбөрийн үүргийг хангуулах боломжгүй гэх үндэслэлүүд юм.

Миний бие өрх толгойлон амьдардаг, бусдад их хэмжээний мөнгө алдан эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд маш ихээр хохирч өөрөө болон өнчин хоёр хүүхдэдээ мөн сэтгэл зүйн хүнд дарамт үзүүлж яваа нэгэн бөгөөд өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг аль болох зах зээлийн үнэд дөхүүлэн зарж борлуулж банк, ББСБ, хувь хүмүүсийн өр төлбөрөө төлж барагдуулах, хүү алданги болон өрийн ачаа дарамт багатай байж албан ажлаа хэвийн хийж цалингаараа өр зээлээ дарах зэрэг хүсэлтэй байгаа тул миний амьдралд тулгараад байгаа энэ асуудал сорилтыг даван туулахад миний “амьд байх”, “эрүүл байх” Үндсэн хуулийн энгийн заалтуудаараа хангагдах эрхийг минь хамгаалахад дэмжлэг болох шийдвэрийг гаргаж өгнө үү хэмээн хүсч байна гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд “Д к " ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч овогт Д О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 89 200 980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг үндэслэн дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Д к" ББСБ ХХК-иас 40 000 000 сая төгрөгийн 0016090001 дугаартай Зээлийн гэрээ, 0016090001\01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан өөрийн болон бусдын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3-р баг Ёлын 30 тоотод байрлах Г-1105001557 дугаартай 750 м.к газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайхан 26-14 тоотод байрлах Г-1105002673 дугаартай 750 м.квадрат газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 26-14 тоот байрлах Ү-1105003590 дугаартай 64 м2 талбай бүхий хувийн орон сууцыг тус тус барьцаалан зээл авсан бөгөөд тус зээлийн төлбөрийн 26 301.360 сая төгрөгийн төлөлтийг хийсэн мөн тухайн үед миний бие нь “Д к" ББСБ ХХК-иас хугацаа хэтэрч эхлэх үед графикийн төлөлтийн дагуу төлбөрөө хийгээч гэж шаардлага өгөх бүрт тодорхойгүй байгаагаа илэрхийлж байсан. Тус банк бус санхүүгийн байгууллагын санал тавьснаар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 0018090008 дугаартай Зээлийн гэрээ, 0018090008\01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан өөрийн болон бусдын эзэмшил өмчлөлийн эд хөрөнгө болох Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 3-р баг Ёлын 30 тоотод байрлах Г-1105001557 дугаартай 750 м.квадрат газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхан 26-14 тоотод байрлах Г-1105002673 дугаартай 750 м.квадрат газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр Баруун сайханы 26-14 тоот байрлах Ү-1105003590 дугаартай 64 м2 талбай бүхий хувийн орон сууцыг тус тус дахин барьцаалан гэрээ байгуулсан ч надад 80.000.000 сая төгрөг миний өмчлөлд орж ирээгүй, дээрх явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэг, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 186 дугаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмуудыг тус тус зөрчиж байгуулсан хууль бус гэрээ болсон бөгөөд тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг хуулиар шаардсан зохицуулалттай, зээлдүүлэгч нь зээлийг бодитоор олгоогүй байхдаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги төлөхийг шаардах эрхгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр тус 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр “Д к” ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 89,200.980 төгрөг болон гэрээний үүрэг хүлээх үр дагавар үүсэх нөхцөл байдал илрэн гарч байх тул дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд Нэхэмжлэлийн шаардлага: “Д к” ББСБ ХХК-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0018090008 дугаартай Зээлийн гэрээ болон 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0018090008\01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбооотой эрхийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,  56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр 40 000 000 төгрөгийг зээлсэн. Өнөөдрийг хүртэл 26 000 000 төгрөгийг төлсөн байгаа. 2018 онд хийсэн гэрээгээрээ 2016 оны гэрээ хүчингүй болсон гээд байдаг юм. Хүчингүй болсон гэрээгээрээ хүү, алданги тооцоод 89 200 980 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Зээлдэгчийн данс руу мөнгө орж ирснээр зээлийн нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа. Хууль дээрээ ч байгаа. Миний Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкны данс руу тухайн ББСБ-аас 2018 онд хийсэн гэрээгээр 80 000 000 төгрөг огт орж ирээгүй. 2016 онд авсан 40 000 000 төгрөг болон түүнээс төлсөн 26 000 000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг төлж барагдуулна. Бусдаар 2018 оны гэрээгээр өнөөдрийн яригдаж байгаа мөнгө, хүү, алдангийг төлөх боломжгүй гэж үзэж байна.

2018 оны 09 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгүүдийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь миний бие тус банк бус санхүүгийн байгууллагаас 80 000 000 төгрөгийг аваагүй. Энэ нь миний анхны авсан 40 000 000 төгрөгөөс хүү алданги арай дэндүү зөвхөн нэг талаа бодсон одоогийн миний санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой үүнийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан гэв. 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д к ББСБ” ХХК нь хариуцагч Д.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 89 200 980 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч Д.О нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0018090008 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 0018090008/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 0016090001 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Д.О нь “Д к ББСБ” ХХК-иас 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, бизнесийн зээл зориулалтаар зээлдэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-60-61/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх-59/ болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож, талууд энэ талаар маргаагүй.

Зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 451.2. дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн, хуульд заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Д кББСБ” ХХК нь хариуцагч Д.О зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Зохигч талууд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 40 000 000 төгрөгийн, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч “Д к ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хариуцагч нь үндсэн зээлээс 15 086 572 төгрөг, үндсэн хүү 9 727 386 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33 170 төгрөг буюу нийт 24 847 128 төгрөг төлсөн” гэсэн тайлбарыг гаргасан ба хариуцагч энэ үнийн дүнд дараахь байдлаар маргадаг.

Хариуцагч Д.О нь “...2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу 16 удаагийн төлөлтөөр нийт 26 001 916 төгрөг нэхэмжлэгчид төлсөн” гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохигч талууд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч нь дээрхи маргаж буй байдлаа нотлохгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 24 913 428 төгрөг, хүү 58 015 047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 272 505 төгрөг нийт 89 200 980 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Д.Онь үндсэн зээлийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгч нь “...дээрх зээлийн гэрээгээр шаардаж буй хүү, нэмэгдүүлсэн хүү хууль бус...” гэж мэтгэлцдэг.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж заасан нь хүүтэй олгосон зээлийн хугацаа дуусмагц зээлийн хүү тооцохыг зогсоох агуулгатай бус, харин зээл олгохдоо хүүгүй олгож болохыг хуулиар зөвшөөрсөн агуулгатай юм. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгчийн хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлагын талаар заажээ.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3.5-д заасан “зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэх агуулга бүхий нөхцөл хуульд харшлаагүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасан.

Иймд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон шаардлага нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээний 3.3.5-д зааснаар хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Д.О зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24 913 428 төгрөг, хүү 58 015 047 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 272 505 төгрөг, нийт 89 200 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д к ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болдог.

Гэвч тухайн үед буюу талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Монгол банкнаас зарласан зээлийн хүү, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн хүү буюу зах зээлийн дундаж хүү хэд байсан болох, талуудын харилцан тохирсон зээлийн гэрээний хүү нь дээрх банк болон эрх бүхий байгууллагаас олгох зээлийн хүүгээс хэт өндөр буюу зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэх нөхцөл байдлыг нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүйгээс хариуцагч тал өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзэх тул шүүх хариуцагчийн хүсэлтээр талуудын гэрээгээр харилцан тохирсон 6 болон 3 хувийн хүүг дээрх үндэслэлээр багасгах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2016 болон 2018 онд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ хоёулаа хүчин төгөлдөр хэлцэл тул шаардах эрхтэй...” гэж тайлбарладаг.

Талуудын хооронд 2018 онд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа /энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “2018 оны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин мөн өдрийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь “2018 оны зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг манайх хүлээн зөвшөөрч байгаа” гэж зөрүүтэй тайлбар гаргадаг/, мөн 2016 онд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан баримтаар барьцааны эрх дуусгавар болсныг бүртгэсэн зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч Д.О нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0018090008 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 0018090008/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би 2016 онд 40 000 000 төгрөгийн зээл авсан, ...төлөх ёстой зээл, хүүгээ төлж чадаагүй тул хуримтлагдсан хүүг нэмж 2018 онд 80 000 000 төгрөг зээлүүлсэн байдлаар хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч “Д к ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, харин мөн өдрийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр” гэсэн тайлбараар дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0018090008 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэсгийг хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0018090008 дугаартай 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээг урьд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг үргэлжлүүлэн байгуулсан, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, 56.1.10 дахь хэсэгт “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” нь тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О зээлийн гэрээний үүрэгт 89 200 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д к ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0018090008 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 0018090008/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Д к ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 955 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оулсын тэмдэгтийн хураамжид 603 955 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д кББСБ” ХХК-д олгож, хариуцагч Д.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О улсын тэмдэгтийн хураамжид 487 750 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод нөхөн төлүүлж, нэхэмжлэгч “Д кББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 557 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.О олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНСҮРЭН