| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2019/00418/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2020-03-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 158
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: ШШГГ
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хууль бус ажиллагааны улмаас Б.М гаргуулсан 19 663 780 төгрөгийг буцаан олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, А.Ч, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.М нь “Г г” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б овогтой Б нь ...чи манай “Г гн” ХХК-ийг түр зуурын хугацаанд буюу сонгуулийн ажил дуустал түр шилжүүлж аваач, би сонгуульд нэр дэвшиж байгаа учир уг компанийн захирал байж болохгүй гэсний дагуу гуйлтыг нь хүлээн авч түүнд туслах санаа зорилготойгоор “Г г” ХХК-ийг Б.М нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч компаний захирал нэртэй болсон. Ингээд компанийг шилжүүлэн авсаны дараа шүүхээс “Г г” ХХК-д холбогдуулан Өмнөговь аймгийн Татварын газраас нэхэмжлэл гаргасан байсанг Б.Б танилцуулж мөнгө нэхэмжилсэн байна яаж хариу тайлбар өгөх вэ яах вэ гэхэд хүлээн зөвшөөрчих, өгөх ёстой нь үнэн гэсэн учир шүүхэд хүлээн зөвшөөрсөн тайлбар өгөхөд удалгүй Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 00422 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар “Говь гарден” ХХК-аас 56 145 780 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн татварын газарт олгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Б.М шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр дуудаж та өр төлбөрөө төл төлөхгүй бол цалин хөлснөөс суутгал хийнэ, данс хаана гэх мэт зүйлийг хэлэхэд нь Б.Б та компанийн өр төлбөрөө төл, надад хамаагүй гэж уулзаж хэлсэн боловч би компаниа шилжүүлээд авна гэдэг боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар компанийг үүсгэн байгуулагч Б.Б шилжүүлэн өгөхгүй, Б.М өрөө төл гэх шаардлага тавьсан. Түүний хувьд компанийн өр төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн боловч шууд миний цалин хөлснөөс суутган төлөөлүүлэгчийг хохироосоор байна. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар цалингаас суутгал хийж, Б.М нь давхар давхар орон сууцны зээл болон бусад зээлтэй учир зээл төлөх, хэрэглээний мөнгөгүй хоосон хонож байна гэхэд хилсдэхгүй. Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч компанийн өр төлбөрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа “Г г” ХХК-н өмчид хэд хэдэн автомашин бүртгэлтэй байгаа тогтоосон байдаг ба уг автомашиныг борлуулж компанийн өр төлбөрийг төлүүлэх атал энэ ажиллагааг хийхгүй байна. Харин шууд Б.М цалингийн данснаас суутгал хийн төлбөрийг төлж байгаа нь хууль бус ажиллагаа болсоор байна. “Говь гарден” ХХК-ийн эзэмшилд: 20-22 ӨМӨ улсын дугаартай, цагаан алаг өнгөтэй ISUZU ELF маркийн тээврийн хэрэгсэл, 39-98 ӨМА улсын дугаартай хөх өнгөтэй MITSUISHI RVR маркийн тээврийн хэрэгсэл, 17-92 ӨМӨ улсын дугаартай улаан өнгөтэй NORD BENZ ND 4250 маркийн тээврийн хэрэгсэл, 17-93 ӨМӨ улсын дугаартай улаан өнгөтэй NORD BENZ ND 4250 маркийн тээврийн хэрэгсэл, 60-62 ӨМА улсын дугаартай цэнхэр өнгөтэй ZIL 130 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг нь бүртгэлтэй байсныг шийдвэр гүйцэтгэгч уг автомашинуудын шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол шийдвэрт заасан үүргийг л гүйцэтгэх ёстой. Гэтэл “Г г” ХХК-аас төлбөрийг гаргуулахдаа дээрх эзэмшилд байгаа автомашинуудаар төлбөр гүйцэтгэх атал ямар нэгэн ажиллагаа явуулахгүйгээр шууд хувьцаа эзэмшигч гэх Б.М өмчийн эрхэд халдаж байгаа нь хууль бус бөгөөд энэ талаар удаа дараа шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж гомдол гаргасан боловч хууль зөрчсөн үйлдлээ үргэлжлүүлсээр байх тул арга буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрлээ.
Иймд Б.М “Г г” ХХК-н бусдад төлөх төлбөрийг албадан мөнгөн төлбөр төлүүлэх ажиллагааг таслан зогсоолгож хууль бус болохыг тогтоолгон, Б.М албадан гаргуулаад байгаа 11 000 000 төгрөгийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулж Б.М буцаан олгуулж өгнө үү. Цаашид нэхэмжлэлтэй холбогдуулан төлбөрт гаргуулсан мөнгөн дүнг шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацааны мөнгийг нэмж нэхэмжлэх болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтуудтайгаа холбогдож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй тул энэ байдлаа нэхэмжлэлд дурдмаар байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс Б.М зөрчигдсөн эрх, нэг талдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. 2020 оны 03 сарын 23-ны өдөр үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ дахин нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргасан. ...Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 070 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай шийдвэр гүйцэтгэгч Нямцэрэнгийн тогтоол байдаг. 2017 оноос өнөөдрийг хүртэл энэ гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нь “Г г” ХХК гэх хуулийн этгээд байгаа тохиолдолд хуульд зааснаар ямар ажиллагаа явуулахыг хуулийн зохих заалтуудад тодорхойлон заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан дараалал журмын дагуу явагдаагүй шууд гүйцэтгэх захирал Б.М цалин хөлснөөс буюу хувийн өмчид халдаж цалин хөлснөөс суутгал хийж байгаа нь үндэслэлгүй юм. Миний зүгээс анхны нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэж бичсэн. Үүний хүрээнд 11 000 000 төгрөг байсан боловч өнөөдрийн байдлаар 19 663 780 төгрөгийг Б.М буцаан олгуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2018 оны 09 сарын 21-ний өдрийн 01/932 тоот албан бичгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Б.М нь “Г г” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б овогтой Б компанийг шилжүүлж өгье, энэ хүн ч өөрөө авъя гэсэн хүсэлтийг өөрсдийн биеэр очиж гуйж байсан. Улсын бүртгэл дээр шилжүүлье гээд очиход шийдвэр гүйцэтгэх газраас манайд албан тоот ирсэн учраас бид ямар нэгэн байдлаар энэ компанийн эрхэд өөрчлөлт оруулахгүй, боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн. Компани өр төлбөртэй байгаа учраас энэ эрхийг шилжүүлж өгөхгүй, та өр төлбөрөө дуусгасны дараа компаниа шилжүүлээрэй гэсэн нөхцөл байдлыг хэлсэн. Компанийг өр төлбөртэй байна гэдэг үндэслэлээр шилжүүлэхгүй байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өртэй компанийг хэн нэгэнд шилжүүлэхгүй байх, бусдын эрхийг хязгаарласан үйлдэл хийх нь хуулийн тусгайлсан заалт байдаггүй. Нэгэнт компанийн үүсгэн байгуулагч Б овогтой Б нь өртэй компаниа би авъя, өр төлбөрөө төлье, энэ хүний өр төлбөр биш юм гэдгийг шийдвэр гүйцэтгэгч нартай удаа дараа нүүр тулан уулзаж ярилцаж байсан учраас энэ 01/932 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Нэгэнт хуулийн этгээдийн өр төлбөрийг хувь хүний тэр дундаа дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу Даланзадгад сумын 3-р баг 34-р байр, 15 тоотод байрлах орон сууцны зориулалттай 82.82 мкв талбайтай 3 өрөө орон сууцны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн. Энэ мөн үндэслэлгүй болсон. Яагаад гэвэл компанийн өр төлбөрийг төлөхөд хувь хүний эд хөрөнгөд хамаатуулан тухайн хувь хүний эд хөрөнгөөр компанийн өр төлбөрийг барагдуулах гэж байгаа нь хууль бус юм. Мөн гүйцэтгэх ажиллагаа үндэслэлгүйгээр явагдаж байгаа учраас энэ албан тоотыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Энэ гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 171670/06 тогтоолыг хүчингүй болгох хүсэлтэй байна. Энэ тогтоолын дагуу Даян контракт майнинг ХХК-ийн захиргаанд Б.М цалин хөлснөөс суутгал хийх, данс битүүмжлэх болсон байдаг. Энэ тогтоолын дагуу цалин хөлснөөс нь суутгал хийгдсээр өнөөдрийг хүрсэн. Гүйцэтгэх ажиллагаа буюу хуулийн этгээдийн эд хөрөнгө байгаа тохиолдолд тухайн гүйцэтгэх захирал гэж нэрлэгдэж байгаа энэ хүний хувийн өмч буюу цалин хөлснөөс суутгал хийх эрх зүйн үндэслэлгүй байгаа учраас энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. 171670/01 тогтоолын хувьд бид эвлэрэн хэлэлцлээ. Хэргийн хүрээнд хүчингүй болгосон тогтоол байдаггүй. Хадгаламжийн данс болон арилжааны банкууд дахь дансыг битүүмжилсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн хувьд нэг талдаа энэ тогтоолыг хүчингүй болголоо гэж мэдэгдээгүй. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтуудад уг тогтоолыг хүчингүй болголоо гэсэн тогтоол нь авагдаагүй байгаа учраас энэ нэхэмжлэлийг гаргасан байсан. Одоо шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүчингүй болгохоо хүлээн зөвшөөрсөн учраас үүн дээр эвлэрэн хэлэлцлээ гэж ойлгож байна.
Төлбөр төлөгч хуулийн этгээдээс хөрөнгө төлбөрийг яаж гаргуулах вэ гэдгийг хуулинд тусгайлан зохицуулж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8-р бүлэгт 93-98-р зүйлд хуулийн этгээдээс төлбөр мөнгийг ямар дарааллаар явж суутгал авах ёстой гэдгийг хуульчилж өгчээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.1-д “төлбөр төлөгч- хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна” гэж заасан. Энэ хэсэгт зааснаас хамгийн эхэнд юуг авч үзэх вэ гэхээр тухайн хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө байна уу гэдгийг ажиллагаа явуулах ёстой. Энэ хэргийн хүрээнд гүйцэтгэх ажиллагаанууд явагддаг. “Г г” ХХК нь арилжааны банкуудад ямар харилцах данстай юм бэ, төгрөгийн болон валютын данс байгаа вэ гэдэг талаар лавлагаа авсан байдаг. Лавлагаа аваад харилцах болон хадгаламжийн дансыг нь битүүмжлэх талаар хүсэлт явуулсан байдаг. Хавтаст хэргийн хүрээнд “Г г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2 ч удаа авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл эрхээ шилжүүлээд тухайн эрх шилжүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг харахад тухайн компани хичнээн ширхэг данстай юм бэ, хэдэн банкинд хэдий тооны харилцах данстай юм бэ гэдэг нь тодорхой хэмжээнд бүртгэгдсэн байдаг. Хэргийн хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулахад 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Хас банкны 5001202485 тоот харилцах дансны гүйлгээг битүүмжилсэн албан тоот байдаг. Дараа нь 2017 оны 01 сарын 25-ны өдрийн Хаан банкны “Г г” ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг битүүмжлэв гэсэн ийм 2 тоот ирсэн. Капитрон банкны хувьд 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 17/69 албан тоотоор Капитрон банкинд “Г г” ХХК нь данс эзэмшдэггүй гэсэн хариу тоот байдаг. Ерөөсөө банктай холбоотой 3 гүйцэтгэх ажиллагааг явуулсан байдаг. Энэ гүйцэтгэх ажиллагаа дээр ямар зүйлийг дарааллаар нь явуулаагүй юм бэ гэхээр эхлээд мөнгөн хөрөнгө байна уу гэдгийг шалгах ёстой. Энэ албан тоотуудаас үзэхэд тодорхой хэмжээнд зарлагын гүйлгээг битүүмжилсэн болохоос өнөөдөр “Г г” ХХК-ийн Хаан банкны ийм дансанд өдий хэмжээний төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн зүйл энэ хэргийн хүрээнд авагдаагүй, тодорхой бус. Нөгөөтэйгүүр энэ зарлагын гүйлгээг хааснаас “Г г” ХХК дансандаа тийм хэмжээний төгрөгтэй байна, үүнийг нь битүүмжлэх ажиллагаа хийсэн. Энэ өдий хэмжээний мөнгө төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол мөнгөн хөрөнгө нь өдий хэмжээгээр тогтоогдож байна гэсэн зүйл энэ гүйцэтгэх ажиллагаанд харагддагүй. Тэгэхээр мөнгөн хөрөнгөтэй холбоотой төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө дээр ямар ажиллагаа хийгдсэн бэ гэдэг нь тодорхой бус болсон. Үүнийг тогтоож өгөөгүй. Мөнгөн хөрөнгөөрөө тухайн хуулийн этгээд төлбөрөө төлж хүрэлцэж чадахгүй байна гэсэн зүйлийг тооцож тогтоосон ажиллагаа энэ хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Энэ “Г г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний ар талд Хаан банкинд төгрөгийн 2 данс, валютын 2 данс, Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн 1 данс, Хас банкны төгрөгийн 1 данс гээд нийт 6 харилцах данс банк дээр дамжигдаж гүйлгээ хийгддэг байхаар байдаг. Хаан банкны төгрөгийн, төгрөгийн, 4 валютын, гэсэн валютын дансны үлдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаар тогтоогоогүй байгаа учраас үүн дээр ямар нэгэн ажиллагаа заавал хийж байж дараагийн хувь хүний цалин хөлснөөс суутгах ажиллагаа явагдах ёстой. Тэгэхээр энэ ажиллагаа хийгдээгүй байна гэж хэлмээр байна. Худалдаа хөгжлийн банкинд төгрөгийн тоот данс байдаг. Худалдаа хөгжлийн банкнаас өнөөдөр “Говь гарден” ХХК төгрөгийн дансандаа хичнээн төгрөгийн үлдэгдэлтэй юм, энэ харилцах данс хэвээрээ байгаа юу, байгаа бол мөнгөн төлбөрөөр энэ мөнгийг барагдуулах ажиллагаа огт хийгдээгүй. Тэгэхээр гүйцэтгэх ажиллагааны дараалал нь мөнгөн хөрөнгөтэй холбогдуулж хийсэн ажиллагаа огт байхгүй байна.
Б.М цалин хөлсөөс шууд суутгаж хүний хөрөнгө рүү халдаж байгааг нэг талдаа гүйцэтгэх ажиллагаа хууль бус болжээ гэж нэхэмжлэлийнхээ үндсэн нөхцөлийг ингэж хамаатуулмаар байна. Үнэхээр компанийн мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд дараа нь “Г г” ХХК буюу хуулийн этгээдийн хөрөнгөөс гаргуулна гэсэн хуулийн заалт байдаг. Хөрөнгийн талаар Иргэний хуулийн 84-р зүйлд “аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, 84.4-т “энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 125-р зүйлд гэр бүлийн хөрөнгө, түүний зохицуулалт гээд хөрөнгийн талаар нарийвчлан тодорхойлолтыг тусгаж өгсөн. Компанийн тухай хууль компанийн дүрэмд зааснаар тухайн компанид бүртгэлтэй эд хөрөнгийг компанийн эд хөрөнгө гэж үзнэ гэж байдаг. Мөнгөн хөрөнгө дээр ямар ч ажиллагаа хийгээгүй байж хөрөнгө рүү орсон гэсэн тайлбарыг хийж байна. Хөрөнгөтэй байна гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар улсын бүртгэлээс “Г г” ХХК нь ямар хөрөнгүүдтэй юм бэ, Автотээврийн газраас ямар хөрөнгүүд байна вэ энэ талаар лавлагаануудыг авсан байдаг. Энэ лавлагаагаар “Г г” ХХК нь өнөөдрийн байдлаар гаргаж өгсөн 2020 оны 03 сарын 12-ны өдрийн Автотээврийн газрын лавлагаагаар 7 хөдлөх хөрөнгөтэй байна гэдгийг нотлоод өгсөн. Энэ 7 хөрөнгө дээр ямар ажиллагаа хийдэг вэ гэхээр Автотээврийн газраас 1 лавлагаа аваад, Хил хамгаалах газраас 1 албан тодорхойлолт авдаг. Түүгээр энэ машиныг хамгийн сүүлд хилээр орсон гарсан гэдэг зүйлийг авснаас шийдвэр гүйцэтгэгч өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн эд хөрөнгийг эрэн сурвалжлах эрхийг хуульд зааж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Б 2019 оны 06 сарын 05-ны өдрийн 17 тоот албан тоот өгдөг. Энэ албан тоот дээр “Г г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа болно гэсэн байгаа. Эрэн сурвалжлах ажиллагааг ямар байдлаар хийчихээд эрэн сурвалжилсан гэж үзэх нь нэг талдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хамааралтай болоод дүйцүүлж үзэхээр ажиллагаа процесс нь дүйцэж адилхан явж болохоор байна. Нөгөөтэйгүүр эрэн сурвалжилна гэдгийг зөвхөн албан тоот авснаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн юм, энэ компани машин, хөрөнгөгүй байна гэдгийг нотлох эрх зүйн үндэслэл болохгүй. 1183 БЧ, 2353 УБ, 1792 ӨМӨ, 1793 ӨМӨ, 2022 ӨМӨ, 3998 ӨМА, 6062 ӨМА гэсэн Нордбенз, чиргүүл зэрэг эдгээр эд хөрөнгүүд Б Б бид хөрөнгө хаана байгаа вэ гэхээр Б.Б ЗИЛ-130 машин, hilux зэрэг эдгээр машинуудыг хаана байгааг мэдэхгүй, гэхдээ бараг төмрийн хогийн цэгт хаягдсан юм гэдэг тайлбарыг хэлсэн. Нордбенз маркийн хүнд даацын ачааны зориулалттай автомашинуудыг би мэдэхгүй юм гэсэн хариу тайлбарыг өгсөн гээд байгаа. Эдгээр хүмүүсээс тухайн хөрөнгийн талаарх мэдээллийг тэр дундаа төлбөр төлөгч хүн хөрөнгийнхөө талаар үнэн зөв мэдээллийг өгөх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хуульчилж өгсөн. Үүсгэн байгуулагч Б.Б энэ машиныг би мэдэхгүй юм гэдэг тайлбараар хөрөнгөгүй юм гэдэг зүйлийг үндэслэл болгоод хувь хүний цалин хөлснөөс суутгал хийж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93.4 дэх заалт нь мөн хуулийн 94-р зүйлд заасантай уялдаж өгөх ёстой. 94-р зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах гэсэн 3 үндсэн зарчмаар энэ ажиллагаа хийгдэнэ гэдгийг хуульчилж өгсөн. 94.1-т төлбөр төлөгч хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгө байхгүй тохиолдолд гэж байгаа. Байхгүй гэдгийг өнөөдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тогтоож өгөөгүй байна гэдгийг сануулж хэлье. Уг хуулийн этгээд хэний эзэмшилд байгаагаас үл хамааран дараах хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах ажиллагааг явуулна гэж заасан. Энэ хуулийн заалтаас үзэхэд хоёрдогч шатны ажиллагаа хөрөнгөтэй холбоотой ажиллагааг заавал хийсэн байх ёстойг хууль шаардаж байдаг. Хөрөнгөтэй холбоотой ажиллагаан дээр эрэн сурвалжилсан гээд байгаа болохоос өнөөдөр эрэн сурвалжлах ажиллагааг хуулийн хүрээнд, эрх хэмжээнийхээ хүрээнд хийсэн зүйл байдаггүй. Хийсэн ажиллагаа нь зөвхөн улсын дугаараар нь хайсан. Улсын дугаараар биш арлын дугаараар нь хайхад энэ автомашинуудыг олох боломжтой. Нордбенз маркийн автомашин өнөөдөр ямар үнэтэй билээ. Энэ бол ганцхан машины мөнгөөр өр төлбөрийг төлөх боломжтой байдаг. Нордбенз маркийн автомашин бол даатгалын байгууллага дээр заавал даатгалтай, жолоочийн хариуцлагын даатгалд орсон байх ёстой. Зөвхөн Өмнөговь аймаг гэлтгүй Монгол улсад даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгалын байгууллагуудаас арлын дугаараар нь эрэн сурвалжлахад энэ Нордбенз маркийн автомашин олдох бүрэн боломжтой харагдаж байна. Энэ ажиллагааг өнөөдрийг хүртэл хийгээгүй, гүйцэтгэлийн ажиллагаа дутуу явагдаад үндэслэлгүйгээр цалин хөлс рүү нь ороод байгаа. Үнэхээр мөнгөн хөрөнгө байхгүйг нотлосон, хөрөнгө байхгүй нь нотлогдсон, гүйцэтгэх ажиллагаа явуулахад гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа нь тогтоогдвол тухайн үүсгэн байгуулагч гэдэг хүнээс буюу Б.Б хуулийн этгээдийн төлбөрийг авах ёстой байдаг юм байна. Үүсгэн байгуулагч гэдэг дээр өнөөдөр энэ хэргийн хүрээнд Н гэж хүнийг гэрчээр байцаалгасан. ...Б.М нь үүсгэн байгуулагч биш. “Говь гарден” ХХК-ийн үүсгэн байгуулагч бол Б Б гэсэн ийм тайлбарыг өгч байгаа юм. Тэгэхээр үүсгэн байгуулагч Б.Б төлбөр төлөгчөөр орж ирэх ёстой хүн. Үүсгэн байгуулагчийн хувьцаа болон хөрөнгөөс гэсэн зүйл байдаг. Өнөөдөр Б.Б гэдэг хүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дуудаад тайлбар гаргуулдаг. Б.Б ямар тайлбар гаргасан бэ гэхээр 2018 оны 09 сарын 20-ны өдрийн баталгаа гаргуулсан байдаг. Энэ баталгаан дээр “Г г” ХХК-ийн өр төлбөрийг би хариуцах ёстой. Б.М гэж хүн хариуцах үндэслэл байхгүй. Би энэ өр төлбөрөө 2018 оны 10 сард төлж барагдуулна гэсэн баталгаа хийлгэж авсан байдаг. Тэгэхээр үүнээс хойш үүсгэн байгуулагчийн хөрөнгийг битүүмжилсэн байхгүй. Үүсгэн байгуулагч Б.Б холбоотой ямар ч ажиллагаа хийгдээгүй байдаг. Үүсгэн байгуулагчтай холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болжээ гэдгийг хэлмээр байна.
Компанийн тухай хуульд хуулийн этгээдийн өр төлбөрийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч хүмүүс ямар хэмжээгээр хариуцах юм бэ гэдгийг зааж өгсөн. Компанийн тухай хуулийн 9.1-д компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. Компани нь эд хөрөнгө болон эд хөрөнгийн бүх эрхээрээ хариуцлага хүлээнэ. Хуулийн этгээдээс 56 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан байдаг. Б.М хөрөнгөөс гаргуулах эрх зүйн зохицуулалт байхгүй байгааг анхаарна уу. 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэсэн заалт байдаг. 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцах бөгөөд гагцхүү өөрийн эзэмших хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа. Магадгүй Б.М энэ компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзвэл компанийн дүрэмд 129 000 ширхэг хувьцаа эзэмшдэг. Компанийн дүрмийн заалт дээр 1 ширхэг хувьцаа нь 1 000 төгрөг гэсэн байдаг. 129 000 ширхэг хувьцаа нь 12 900 000 төгрөг, үнэхээр Б.М хариуцна гэж үзэж байгаа бол 12 900 000 төгрөгийг л хариуцах үндэстэй байдаг. Үүнийг анхаарч үзнэ үү. Тэгэхээр өнөөдрийн байдлаар суутгасан 19 663 780 төгрөг илүү суутгаж аваад байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг талдаа хууль бус болоод байна. Хариуцагч нар Компанийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт заасныг хэлээд байдаг. Б.М компанид ямар ч эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх оруулаагүй. Эд хөрөнгө оруулаагүй учраас Б.М цалин хөлснөөс суутгаж, төлбөрийг давхар хариуцна гэсэн заалтыг хамаатуулж хувь хүний хөрөнгө рүү халдаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болж байна гэж миний зүгээс үзэж байна. Компанийг үүсгэн байгуулсан шийдвэр, оруулсан хувь хөрөнгийг компанийн дүрэмд тодорхой заагаад өгсөн байгаа учраас Компанийн тухай хуулийн 9.5-т зааснаар Б.М өөрийн хөрөнгөөрөө давхар хариуцах эрх зүйн үндэслэл байхгүй байна. Иймд эдгээр хуулийн зүйл заалтыг анхааран үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, А.Ч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 422 дугаартай шүүгчийн захирамжаар “Г г” ХХК /РД:2852101/-иас 56.145.780 төгрөг гаргуулж Өмнөговь аймгийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэгдсэн. ...Дээрхи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хувиарилан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулсан бөгөөд төлбөр төлөгч “Г г” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.М 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж ярилцахад Б.М би одоогоор ажилгүй байна уул уурхай гайгүй болж байна манай компани уурхайд машин явуулаад тэрнээс орж ирсэн мөнгөөр энэ асуудлыг шийдэж дуусах талаар ярилцсан тухай тэмдэглэлд дурьдагдсан байгаа юм. “Г г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг тодруулах олж тогтоох зорилгоор компанийн үүсгэн байгуулагч Б.Б болон гүйцэтгэх захирал Б.М нараас асууж тодруулахад огт мэдэхгүй манай компанийн нэр дээр тийм автомашин байхгүй талаар тайлбар тодорхойлолтыг бичиж өгсөн бөгөөд Хил хамгаалах ерөнхий газарт 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03/710 дугаартай албан бичгээр нэр бүхий автомашинууд Монгол улсын хилийн боомтуудаар гадаад улсын хилийн боомтруу нэвтэрсэн талаарх лавлагаа авахад 17-92ӨМӨ улсын дугаартай, өнгөтэй, N04250 маркийн тээврийн хэрэгсэл нь хамгийн сүүлд 2017 о- дугаар сарын 27-ны өдөр, 17-93ӨМӨ улсын дугаартай, улаан өнгөтэй, N04250 маркийн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт байрлах Гашуун сухайт хилийн боомтоор Хятад улсын Ганц модны боомт руу нэвтэрсэн бүртгэл авагдсан бөгөөд түүнээс Монгол улсын хилийн боомт руу нэвтэрсэн бүртгэл хийгдээгүй байгаа талаар бичгээр тодруулан авсан учир дээрх тээврийн хэрэгслүүд нь биет байдлаар олдохгүй байна. Иймд төлбөр төлөгч “Г г” ХХК-нийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэн хураан авч худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Компаний тухай хуулийн 9.5-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан. Иймд Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа “компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдсэн, тайлан тэнцэлд тусгагдсан тохиолдолд түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан гэж үзэх ба хэрэв хувьцаа эзэмшигч хувь хүн компанид оруулсан хөрөнгөө зааглан тусгаарлах хуулийн шаардлагыг биелүүлээгүй бол эрсдлээ хүлээж, өөрийн бүхий л хөрөнгөөр хариуцлага хүлээж, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах үндэслэл үүсэх төлбөрийг төлүүлэх цалин хөлснөөс суутгал хийсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир Б.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх газраас “Г” ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч эцсийн өмчлөгч Б.М гэдэг хүний цалин хөлснөөс нь суутгал хийх цаашлаад үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгөөс төлбөрийг барагдуулах талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа. “Говь гарден” компанийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байхгүй. 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Цаасан дээр байдаг гэж хэлэхээр тийм компани гэж үзэж байгаа. Харин компанийн нэр дээр бүртгэлтэй 4-5 автомашин байдаг. Тэр автомашины талаар анх үүсгэн байгуулсан Бараадууз овогтой Батаа гэдэг хүнээс тайлбар, тодруулга, тэмдэглэл авахад энэ машинууд зарим нь ашиглалтаас гараад хогийн цэг дээр байгаа байх гэдэг тайлбарыг өгдөг. Нордбенз гэдэг 1793, 1792 гэсэн 2 шланзыг мэдэхгүй. Энэ компанийн нэр дээр ийм хөрөнгө байхгүй, би хараагүй гэсэн тайлбарыг өгч байгаа. Б.М ч гэсэн тийм тайлбарыг өгч байгаа. Энэ хөдлөх 2 эд хөрөнгийг эрэн сурвалжлах зорилгоор хил хамгаалах, хилийн шалган нэвтрүүлэх газраас энэ хөрөнгүүдийг тогтоох Монгол улсын нутаг дэвсгэр дээр байдаг эсэх гэдэг байдлаар албан бичиг явуулж тодруулж авсан. 1 автомашин нь гараад явчихсан байх жишээтэй. 2017 онд нүүрсний ачаа тээвэрт явж байгаад гарч явсан. 2018, 2019 онд ямар ч тээвэр хийх боломжгүй, явагдаагүй машинууд байна гэдгийг тодруулсан. Эцсийн бүлэгт компанийн хөрөнгө нь эрэн сурвалжлаад тогтоогдохгүй байсан учраас компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуулийн дагуу мэдэгдээд хийгдэж ирсэн. Мэдэгдлийг 2017 оны 01 сарын 12-ны өдөр үүсгэх тогтоол үйлдээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд материалыг оруулаад явахдаа удаа дараа өгч явж байсан. Эхний ээлжинд 2017-2018 он хүртэл жилийн хугацаанд компанийн нэр дээр ямар хөрөнгө байдаг вэ гэдгийг тодруулах ажиллагаа тэр хөрөнгөөс нь төлбөр тооцоо гаргуулах ажиллагаануудыг хуулийн дагуу явуулж байсан. Эцсийн бүлэгт компанийн нэр дээр байгаа хөрөнгүүдийг олж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзээд бид компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчийн өөрийнх нь цалин хөлс орлогоос нь төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж ирсэн. Хамгийн анх Б.М 2017 оны 01 сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газар дээр уулзсан тэмдэглэл байгаа. Төлбөр төлөгч “Г г” ХХК-ийн захирал Б.М ярилцсан тухай тэмдэглэл гэж байгаа. Энэхүү төлбөрийг хэзээ хэрхэн барагдуулж дуусгах вэ гэхэд Б.М одоогоор би ажилгүй байна, манайх уурхайд машин явуулаад тэрнээс орж ирсэн мөнгөөр нь энэ асуудлыг шийдэж дуусгах байх, 02 дугаар сараас эхлэн төлбөрийн төлөлт хийгдэнэ гэсэн ийм тэмдэглэл өгсөн байгаа. Үүнээс үзэхэд 2017 оны 01 сарын 25-ны өдөр уулзаад 2017 оны 02 сараас эхлээд энэ компанийн төлбөрийг төлж явах үүргээ өөрөө мэдэж байсан. тийм учраас өнөөдрийн байдлаар 2 жилийн хугацаанд төлбөрийн асуудлыг дуусгах бүрэн боломжтой байсан. Бид сайн дураараа төлөх хугацаатай мэдэгдлийг хуулийн хугацаанд өгч байсан. Өнөөдрийн байдлаар төлөөгүй байдалтай байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, төлбөрөөс зайлсхийсэн. Тогтоолуудыг хүчингүй болгуулах асуудлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч тавьж байна. Бид Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 01/932 тоот албан бичиг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баталгаажуулах арга хэмжээ авсан. Нэг хуулийн этгээд компани төлбөртэй байлаа. Үүсгэн байгуулагч нь тэр компанийг бүрэн өөрөө мэдэх боломжтой хүн байхад 2016 оны 09 сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гараад компанийн төлбөрийг төлөх шийдвэр гарч байгаа. Үүнээс хойш өөр хүний нэр дээр шилжүүлье гэдэг асуудал тавихаар бид зөвшөөрч болохгүй. Ямар ч хамаагүй хүнд би сонгуульд оролцоно гээд шилжүүлээд явчих юм бол энэ компанийг хариуцах эзэн байхгүй болно. Тийм учраас бид хуулийн дагуу баталгаажуулах арга хэмжээгээр хориг тавьсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11-т зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа тодорхойлолт гаргуулах гэсэн зүйл заалт байгаа. Мөн хуулийн 44.2.14-т төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг нь түдгэлзүүлэх гэсэн зүйл заалтын дагуу манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эрхийг нь түдгэлзүүлсэн байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх үүсгэн байгуулагч нь Б.Б гэдэг хүн байсан. Дараа нь Н гэдэг хүнд шилжүүлсэн. Дараа нь Б.М гэдэг хүнд шилжүүлсэн гэж байна. Энэ нь тухайн үед шүүхийн шийдвэр гарахаас өмнө улсын бүртгэлийн байгууллага дээр өөрчлөлт хийгээд компанийн гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигч нь тухай бүр нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулаад солиод явсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар Б.Б гэдэг хүн сонгуульд нэр дэвших гээд шилжүүлсэн байлаа гэхэд Б.М шилжүүлээгүй, Н гэдэг хүнд шилүүлсэн байдаг. Н гэдэг хүн хэзээ ч сонгуульд өрсөлдөөгүй. Б.Б яагаад шууд Б.М шилжүүлээгүй юм бэ гэдэг асуудал гарч ирдэг. Н гэдэг хүнд шилжүүлээд тэр хүн 5 сар тухайн хуулийн этгээдийг авч явж байгаад 5 сарын дараа Б.М шилжүүлээд Б.М шилжүүлсний дараа шүүхэд татварын байгууллагатай холбоотой татварын асуудал яригдсан. Шүүх дээр тухайн компанийг төлөөлөөд Б.М гэдэг хүн хариуцагчийг төлөөлж оролцсон. Гүйцэтгэх захирлын ажлаа хийж байсан. Энэ компани нь олон ажилчидтай, энд тэнд хөрөнгөтэй, оффистой том компани бол биш. Б.М өөрөө энэ анхны 2016 онд гарсан шүүхийн шийдвэр дээр компанийг төлөөлж шүүхэд энэ төлбөрийг төлөх нь үнэн гэсэн тайлбарыг гаргачихаад сүүлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад 2016 оноос хойш 2020 он хүртэл бид шууд Б.М цалинд суутгал тавиагүй. 2019 онд цалингийн суутгал тавьсан. Түүнээс өмнө 3 жилийн хугацаанд энэ компанийн хөрөнгийг тогтоохын тулд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тогтоох зорилготой улсын бүртгэлийн байгууллага болон бусад холбогдох газруудаас бүх бүртгэл лавлагааг гаргуулаад авч байсан. Компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө байдаггүй. Компанийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгүүд гээд байгаа нь хэдэн автомашин байгаа. Тухайн үед компани байгуулахын тулд мэдээж компанийг хөрөнгөтэй харагдуулахын тулд янз бүрийн байдлаар аавынхаа унаж байсан машинуудыг Б.Б гэдэг хүн бүртгүүлсэн байх жишээтэй. Тэр машинуудын он, сар, өдрийн хувьд харахад одоо явж байх боломжгүй байгаа. Сүүлд бүртгэгдсэн 2 Нордбензээс бусад автомашинууд нь ёстой төмрийн сэг гэдэг юм уу төмрийн хог болчихсон. Түүнийгээ ч Б.Б гэдэг хүн өөрөө тайлбарладаг. Н нь ч тэр талаар мэддэггүй. Хамгийн сүүлд шилжүүлж авсан Б.М ч мэддэггүй. Наранбаяр шүүхэд гэрчээр асуугдсан байгаа. Би Б.М хөрөнгө шилжүүлж өгөөгүй, Б.Б ч надад компанийн хөрөнгө гэж тийм хөрөнгө шилжүүлж өгөөгүй, би мэдэхгүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа. Үүн дээр бид Б. Мэрх ашгийг зөрчөөд ийм ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлгүй. Бид 2016 оноос 2019 он буюу 3 жилийн дараа Б.М гэдэг хүний тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч өнөөдрийн байдлаар улсын бүртгэл дээр бүртгэлтэй байгаа лавлагааг гаргуулж авсны үндсэн дээр хэн гэдэг хүний өмчлөлд, хэн гэдэг хүний хувьцааг нь эзэмшээд байгаа лавлагааг нь авсны үндсэн дээр хуулийн этгээдийн төлбөрийг үүсгэн байгуулагчаас нь гаргуулах арга хэмжээг авч ажилласан. Эрхийг шилжүүлэхийг түдгэлзүүлсэн гээд байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээ нь 01/932 албан тоотоор хуулийн этгээдийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн өөрчлөлт оруулахыг хориглосон тогтоол хүргүүлсэн. Анхны шүүхийн шийдвэр гарахаас эхлүүлээд өнөөдрийг хүртэл Б.М л байгаа. Гэтэл дуртай үедээ хэн нэгэн рүү шилжүүлж болохгүй гэсэн хууль байхгүй гээд байгаа. Яг өнөөдөр амьдрал дээр өртэй хуулийн этгээдийг хэн нэгэнд дамжуулаад хуулийн цоорхой ашиглаад явсан өчнөөн этгээдүүд байдаг байх. Гэхдээ манай хувьд шууд Шүүхийн шийдвэр ерөнхий газраас барьж байгаа бодлого шийдвэр чиглэл нь ч шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй хуулийн этгээд гарахад хамгийн түрүүнд хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг нь зогсоож байгаад гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчтэй нь асуудлыг ярина гэсэн шаардлагыг тавьж ажилладаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44-р зүйлд заасан үндэслэлээр улсын бүртгэл дээр хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориг тавьсан. Б.Б манайхтай олон удаа уулзсан гэж байна. Хууль эрх зүйн үүднээс ч ямар үндэслэлээр Б.М нэр дээр очсоныг бид мэдэхгүй. Ямар ашиг сонирхол байгааг бид мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар явсаар байгаад Б.М нэр дээр ирсэн. Б.М хамгийн сүүлийн шатанд төлбөр төлөгч хуулийн этгээд буюу “Г г” ХХК-ийн удирдлагаар шүүхийн анхны процессоос эхлээд явсан байдаг.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Б.М эд хөрөнгийг битүүмжлээд цалин хөлснөөс нь суутгал хийх ажиллагаа явуулж байгаа. Б.Б гэдэг хүн манай байгууллага дээр компаниа шилжүүлж авна гэж ирж байсан. Үүнийг Б.Б, Б.М нарт тайлбарлаж өгч байсан. 2016 онд тухайн компанийг үүсгэн байгуулахад нэгж хувьцааны үнэ 1 000 төгрөг байсан. Зах зээл дээр хувьцааны үнэ тогтвортой байдаггүй. Анх үүсгэн байгуулахад нэгж хувьцааны үнэ 1 000 төгрөг байсан учраас одоо мөн адил үнэтэй гэж үзэж болохгүй гэж бодож байна гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Б.М цалингийн данснаас мөнгө суутган “Г г” ХХК-ийн өр төлбөрийг гаргуулж байгаа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, хууль бус ажиллагааны улмаас Б.М гаргуулсан 19 663 780 төгрөгийг буцаан олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шийдвэр гүйцэтгэлийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/932 тоот, мөн өдрийн 01/933 тоот албан бичгүүд, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17160070/01 тогтоол, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17160070/06 тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.
Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 143/ШШ2016/00422 дугаар захирамжаар хариуцагч “Г г” ХХК нь Өмнөговь аймгийн Татварын газрын 56 145 780.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1844 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”-оор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/932 тоот албан бичгээр “Төлбөр төлөгч “Г г” ХХК-ийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж хариуг ирүүлэх”, мөн өдрийн 01/933 тоот албан бичгээр “Төлбөр төлөгч “Г г” ХХК-ийн захирал Б.М нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, хэрэв бүртгэлтэй бол эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлэх тухай” тус тус Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ханджээ.
Мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17160070/01 дугаар тогтоолоор “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай”, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17160070/06 дугаар “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай” тогтоол тус тус гарчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд” гэж тодорхойлсон, төлбөр төлөгч нь Б.М биш, “Г г” ХХК байна.
Мөн хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, улмаар эд хөрөнгө эзэмшдэг эсэхийг холбогдох байгууллагаас тодруулж, арилжааны банкуудаас дансны лавлагааг гаргуулжээ.
Хил хамгаалах ерөнхий газарт 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 03/710 албан тоотоор “Г г” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх хөрөнгүүд буюу 5 тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтэрсэн эсэх талаарх лавлагаа гаргуулахаар илгээсэн албан бичиг болон тус газраас ирүүлсэн хариу албан бичиг, мөн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргаж өгсөн Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн албан бичиг зэргээр төлбөр төлөгч “Г г” ХХК-ийн нэр дээр 7 төрлийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч-хуулийн этгээд “Г г” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааг зарим байгууллагаас лавлагаа авснаар хязгаарласан ба хуульд заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагч байгууллага нь “Г г” ХХК-иас төлбөр гаргуулах ямар ч боломжгүй болсон гэдгийг нотлох үүрэгтэй. Гэтэл “Г г” ХХК-ийн хөрөнгүүд байхгүй болсон, мөн уг хөрөнгүүдээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэх нөхцөл байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан, хариуцагч уг заалтыг үндэслэн төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч Б.М цалингаас суутгал хийсэн талаар тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Б.М нь “Г г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2006 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан “Г г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон тус компанийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Г г” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Б.М цалин хөлснөөс суутгал хийх ажиллагааг явуулахдаа Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний зэрэгцээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл компанийн хүлээх үүргийг түүний хувьцаа эзэмшигч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй, харин компани үүнийг бүрэн хариуцах үүрэгтэй байна. Энэ агуулгаар хуульд “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй” гэж зааж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалан хуульчилсан.
Харин “гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн заалтаар ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хариуцлага хүлээх тохиолдлын хариуцлагын хэмжээг зааж, мөн хязгаарласан ба “өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээ” гэдэг нь тухайн компанийн хувьцааг эзэмшихийн тулд хувьцаа эзэмшигчээс компанид оруулсан хөрөнгөд хамааралтай ойлголт бөгөөд хувьцаа эзэмшигч нь зөвхөн ийнхүү оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээхээс биш эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр нөхөх хариуцлага хүлээх агуулга биш юм.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/933 тоот албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс Б.М нэр дээр бүртгэлтэй 3 өрөө байрны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн байх ба энэхүү эд хөрөнгө нь нэхэмжлэгч Б.М өмчлөлийнх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй тул “Г г” ХХК-ийн өмчлөлөөс бүрэн тусгаарлагдмал байж, компанийн өмчлөлөөс ялган зааглах бүрэн боломжтой байдлаар ашиглагдаж байсан тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан “зааглагдаагүй эд хөрөнгө” гэж үзэхгүй.
Хариуцагч байгууллагын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17160070/06 дугаар “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай” тогтоолын дагуу Б.М цалингийн орлогоос 19 663 780 төгрөгийг суутган авч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсныг зохигч маргаагүй тул хариуцагч нь “Г г” ХХК-иас төлбөр гаргуулах ажиллагааны явцад Б.М цалингаас суутгал хийсэн ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй...” гэж заасанд нийцээгүй гэж үзнэ.
Иймд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Г г” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийхдээ Б.М хувийн өмчид холбогдуулан явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчаас 19 663 780 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.М нь төлбөр төлөгч биш бөгөөд тэрээр өөрийн цалин, орлогоос суутгал хийсэн ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргасан байх тул шүүх маргааныг хянан шийдвэрлсэн болно.
Нэхэмжлэгч Б.М нь төлбөр төлөгч биш байх тул түүний нэхэмжлэлээс төлбөр төлөгч “Г г” ХХК-тай холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/932 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17160070/01 дугаар “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд “...данс битүүмжилсэн уг тогтоолыг хүчингүй болгохыг зөвшөөрч байна, ер нь хүчингүй болгосон тогтоол” гэж хүлээн зөвшөөрч зохигч маргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/933 дугаар “Т “Г гн” ХХК-ийн захирал Б.М дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх, бүртгэлтэй бол эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж хариу ирүүлэх тухай” албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17160070/06 дугаар дугаар “Цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 19 663 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгосугай.
2. Нэхэмжлэлээс Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/932 дугаар “Т “Г г” ХХК-ийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж хариуг ирүүлэх” албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 331 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН