| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0152/э |
| Дугаар | 2025/ШЦТ/169 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй (томилолтоор), шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000133 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Г-ын А (РД: ...), 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт ... аймгийн ... сумын Улиастай багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч Г.А нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл буюу нууцалсан дугаараас хохирогч Б.Өтэй харилцаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийн дансны мэдээллийг хууль бусаар авч, түүний интернэт банкаар нэвтэрч Голомт банкны .... тоот данснаас иргэн С.Аий эзэмшлийн Голомт банкны ....тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 3’000’000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны .... тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 1’000’000 төгрөг, нийт 4’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Хохирогч Б.Өгийн Голомт банк дахь .... дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), шүүгдэгч Г.Аийн Хаан банк дахь .... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас), гэрч С.Аий Голомт банк дахь ....тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 14-21 дүгээр хуудас), хохирогч Б.Өгийн Төрийн банк дахь .... тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), хохирогч Б.Өгийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр хуудас), гэрч О.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), гэрч С.Аий мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), шүүгдэгч Г.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас) зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан хянаад:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Хохирогч Б.Өгийн Голомт банк дахь харилцах дансны “2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 3’000’000 төгрөгөөр 1 удаа, 1’000’000 төгрөгөөр 1 удаа буюу нийт 4’000’000 төгрөгийн зарлага гарсан” гэх агуулгатай хуулга (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)
- Шүүгдэгч Г.Аийн Хаан банк дахь депозит дансны “2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б.Өгийн данснаас 1’000’000 төгрөгийн орлого орсон” гэх агуулгатай хуулга (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.Аийн Хаан банк дахь .... тоот дансны хуулгад үзлэг хийсэн “...Үзлэгээр .... тоот данснаас орж ирсэн 1’000’000 төгрөгийг өөрийн хэрэглээнд зарцуулсан” гэх агуулгатай тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас);
- Хохирогч Б.Өгийн “...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн үед гэртээ байтал над руу нууцалсан дугаараас 2-3 удаа холбогдож “Голомт банкнаас ярьж байна нүүлгэнэ шилжилттэй холбоотой мөнгө 19’800’000 төгрөг нэг айлд ноогдож байгаа эхний ээлжид танд оруулна. Та регистрийн дугаар ургийн овгоо хэл, төрсөн он сар, утасны дугаараа хэл” гэж хэлсэн. Би өөрийн бүх мэдээллээ өгөхөд “одоо таны утсанд үсэг тоо холилдсон код очно та тухайн кодыг хэлж өгнө үү” гэж хэлсэн. Би тухайн код хэлсний дараа “одоо та наадах кодоо устга” гэж хэлсэн. Мөн “энэ талаар дурсаж хэн нэгэн хүнд хэлж болохгүй, бид таныг мөнгийг эхний ээлжид оруулах гэж байна” гэж хэлсэн. Удалгүй дахиад залгаж “таны утсанд дахин нэг код очно тэр кодыг та хадгалж аваарай” гэж хэлсэн юм. Би 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр утсанд ирсэн кодоо шалгуулахаар хөрш айлын Дуламсүрэн гэх хүнд үзүүлэхэд “таны утсан дээр код байхгүй, харин мөнгө шилжүүлсэн зарлага гарсан байна” гэж хэлсэн. Би тухайн үед ойлгохгүй орхисон юм. ...Би охинтойгоо хамтран эзэмшдэг 6205134189 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 4’000’000 төгрөгийн зарлага гарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас);
- Хохирогч Б.Өгийн дахин өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нууцалсан дугаараас залгаж “Голомт банкнаас ярьж байна, урамшуулал олгоно” гэж хэлээд миний хувийн мэдээлэл болох овог, нэр, утасны дугаар, регистрийн дугаар зэргийг аваад “удахгүй утсанд чинь код очно түүнийг хэлж өгөөрэй” гэхээр нь хэлж өгсөн. Маргааш нь мессежээ хүнд уншуулахад “данснаас 3’000’000 төгрөгөөр, 1’000’000 төгрөгөөр зарлага гарсан байна” гэж хэлсэн. Миний дансанд 12.7 сая төгрөг байсан бөгөөд уг мөнгийг дунд сургуульд сурдаг охиныгоо их сургуульд суралцахад нь зориулж хадгалж байсан. Би энэ хугацаанд уг данснаас мөнгө төгрөгийн гүйлгээ огт хийгээгүй. ...Би интернэт банк ашигладаггүй, ашиглаж мэддэггүй. ...2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Г.Аийн нөхөр О.Бын данснаас миний дансанд 2’000’000 төгрөг шилжүүлсэн бөгөөд “Г.А уучлаарай” гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 2’000’000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа. Г.Атэй уулзахад 1’000’000 төгрөгийг өөрөө зарцуулсан, харин 3’000’000 төгрөгийг тоглоомын данс руугаа хийж зарцуулсан гэж хэлсэн. Миний сэтгэцэд хохирол учраагүй. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас);
- Гэрч О.Бын “...Би энэ талаар мэдэхгүй байна. Манай багийн Б.Ө гэх ах “миний данснаас 1’000’000 төгрөг танай эхнэр авсан байна. Мөн 3’000’000 төгрөг өөр данс руу шилжүүлсэн байна” гэж хэлсэн. Би эхнэрээс энэ талаар асуухад манай эхнэр миний дансаар хүн оруулж гаргасан гэж хэлсэн. Сүүлд цагдаагийн байгууллагаас асууж байна гэхэд миний эхнэр “харин сумын төв орохдоо дугаараа нууцалж яриад тоглоомын данс цэнэглэх гэж Голомт банкны данс руу 3’000’000 төгрөг шилжүүлж, өөрийн данс руу 1’000’000 төгрөг шилжүүлж аваад сумын дэлгүүрээс худалдаа хийсэн” гэж хэлэхээр нь би юу гэсэн үг бэ? яаралтай тэр хүний мөнгийг өгч хохиролгүй болгосон дээр эхний ээлжид ямаа самнаж байгаа 2’000’000 төгрөг өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас);
- Гэрч С.Аий “...Би Melbet агентын үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл Crypto хэлбэрээр цахим валют дансандаа байршуулж иргэдээс мөнгө шилжүүлсэн тохиолдолд тухайн сайт руу coin, USD доллар хэлбэрээр хөрвүүлж тухайн хүний аккаунтыг цэнэглэж өгдөг. Уг данс эзэмшигчийг танихгүй. Тухайн үед 3 сая төгрөг шилжүүлсэн тул уг мөнгөнд ногдох crypto-г A9DB05F гэх нэг удаагийн кодоор 1233708409 гэсэн ID хаягтай Melbet аккаунт руу нь шилжүүлж өгсөн. Уг мөнгийг юунд ашигласан, ашиг олсон эсэхийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Г.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь сумын төвд жирэмсний хяналтаар эмчид үзүүлэхээр ирсэн. Би гар утасны Melbet апликейшн ашиглан тоглодог бөгөөд уг тоглоомыг тоглоход бооцоо тавьж мөнгөөр цэнэглэдэг юм. Тухайн үед надад мөнгө байгаагүй тул арга сэдэж Б.Ө гэх хөрш айлын ах руу утасдаж “Эрдэнэбүрэний цахилгааны станц барих ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэлтийн төлбөр 19 сая төгрөгийг танд өгнө, банкны мэдээллийг шинэчлэх шаардлагатай” гэж худал хэлээд Б.Өгийн хувийн мэдээллүүдийг авсан. Голомт банкны аппликейшнээр хэрэглэгчийн нэр, нууц үгийг сэргээх холбоосоор орж Б.Өгийн утас руу код очиход нь утсаар тэр кодыг нь авч түүний Голомт банкны данс руу нэвтэрч орсон. Тухайн үед Б.Өгийн дансанд 10 гаруй сая төгрөг байсан тул тэр мөнгөнөөс эхлээд 3 сая төгрөгийг тоглоомын данс цэнэглэдэг хүн рүү шилжүүлж тоглоомын хаягаа мөнгөөр цэнэглэсэн. Дараа нь дахин 1 сая төгрөгийг өөрийнхөө .... тоот данс руу шилжүүлж авсан. 3 сая төгрөгийг тоглоом тоглож бооцоо тавиад алдаж дуусгасан. 1 сая төгрөгийг ойр зуурын хүнсний зүйл авч хагасыг нь тоглоомын хаягаа цэнэглээд бооцоо тавьж зарцуулж дуусгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас) зэргийг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Г.А нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Б.Ө рүү дугаараа нууцлан залгаж “Эрдэнэбүрэний цахилгааны станц барих ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэлтийн төлбөр 19 сая төгрөгийг танд өгнө, банкны мэдээллийг шинэчлэх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, түүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллүүдийг авчээ. Шүүгдэгч нь дээрх мэдээллийг ашиглан Голомт банкны интернэт банкаар хохирогчийн .... тоот дансанд нэвтэрч, уг данснаас гэрч С.Аий Голомт банк дахь ....тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 3’000’000 төгрөг, өөрийн Хаан банк дахь .... тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 1’000’000 төгрөг, нийт 4’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож бусдын өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” залилах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Өтэй гар утасныхаа дугаараа нууцлан ярихдаа “Эрдэнэбүрэний цахилгааны станц барих ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэлтийн төлбөр 19 сая төгрөгийг танд өгнө, банкны мэдээллийг шинэчлэх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч хохирогчийн хувийн мэдээллийг авсан, уг мэдээллийг ашиглан интернэт банкаар дамжуулан түүний данснаас гэрч С.Аий Голомт банк дахь ....тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 3’000’000 төгрөг, өөрийн Хаан банк дахь .... тоот данс руу нэг удаагийн гүйлгээгээр 1’000’000 төгрөг, нийт 4’000’000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл дээр дурдсан залилах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.
3.2. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэхүү гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Г.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Өд 4’000’000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь учруулсан хохирол болох 4’000’000 төгрөг төлсөн нь хохирогч Б.Өгийн “...Г.А нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бөгөөд одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид санал хүсэлт байхгүй болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар хуудас)-оор тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Аээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 65-68 дугаар хуудас), Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/1147 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарласан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн, уг хугацаа дууссан гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон. Энэхүү үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Шүүгдэгч Г.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах” гэх санал гаргажээ.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон. Нөгөөтэйгөөр энэхүү заалтын агуулга нь зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрүүдийг тогтоосон агуулгатай юм.
Шүүгдэгч Г.А нь Увс аймгийн Өмнөговь сумын 02 дугаар багт байнга оршин суух хаягтай тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Өмнөговь сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
4. 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгч шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 52 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Г-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Увс аймгийн Өмнөговь сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.А-ийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА