Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 518

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.С

Хариуцагч: С.Э

Гэм хорын хохирол 35.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр, хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, иргэдийн төлөөлөгч Ч.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 онд манай улсын хэд хэдэн аймагт хонины гоц халдварт цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож байсан билээ. Гэтэл С.*******, Ё.******* нар нь хөл хорио тогтоосон тэр цаг үед буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09  дүгээр сарын 01-ний өдрийн хооронд ******* аймгийн ******* сумын  нутаг дэвсгэрээс 223 толгой хонь ******* сумын *******т багийн нутаг дэвсгэрт авчирч С.******* манай саахалт айл болох Б.*******ынд 26 хонь тавьсан байдаг. Үүнээс хойш манай нутагт цэцэг өвчин гарч улмаар онцгой комисс, мал эмнэлгийн газраас Б.*******ын 115 хонь, манай 139 тооны хонь халдварт өвчнөөр өвчилсөн байна гэж оношлоод тус тус устгалд оруулна. Тухайн үед С.******* нь Б.Цогбаатрын хохирлыг барагдуулж өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл манайх хохирлыг барагдуулж чадалгүй эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Тухайлбал манайхнаас устгалд орсон 139 толгой хониноос 83 нь төллөх мал /эм хонь/ байсан бөгөөд тус явдал болоогүй бол өдийд 368 орчим төл авах байсан. Өөрөөр хэлбэл хонь ямааны гоц халдварт цэцэг өвчний голомттой газраас С.*******, Ё.******* нар нь гарал үүслийн бичиггүй, зохих ёсны зөвшөөрөлгүйгээр мал авчирсан явдлаас болж 139 толгой мал болон түүнээс хүртэх үр шим, авах үр төлөөрөө хохирсон юм. Энэхүү үйл явдлыг цагдаагийн байгууллагаас шалган С.*******, Ё.******* нарын буруутай үйлдлээс болж гоц халдварт хонь ямааны цэцэг өвчин гарсан болохыг тогтоосон.

Иймд С.*******аас устгалд орсон 139 хонь тухайн үеийн зах зээлийн ханшаар 16 020 000 гурван жилийн төл 368 тухайн  үеийн зах зээлийн ханшаар 60 000 төгрөгөөр бодоод 22 000 000 төгрөг нийт 38 020 000 төгрөг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгаад 35 940 000 төгрөг нэхэмжилж байна. Манай саахалт айлд хариуцагч хонь авчирч тавьсан. Түүнээс нь халдвар халдаад манай хонь устгалд орсон. Мөн манай саахалт айлын хонь устгалд орсон байсныг нь хариуцагч төлж өгсөн. Харин манай хонийг төлөөгүй. Тэгээд л маргаан үүссэн. Би Мал эмнэлэг, Онцгой байдлын газраар энэ талаараа хөөцөлдөөд явсан. Арга ядаад 08 сард хот орж Ерөнхий сайдтай уулзах хүсэлт гаргасан. Тэгсэн чинь ерөнхий сайдын туслах буюу хуулийн зөвлөх нь 08 дугаар сарын 20-ны үед танай аймгийн шүүх шийдвэрлэх юм байна. Эзэн холбогдогчтой хэрэг шүүхээрээ яв гэсэн хариуг өгсөн. Тэгээд хариуцагч С.*******аас хонио гаргуулж авах буюу төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: 2016 оны 08 дугаар сарын 30-аас 09 дүгээр сарын 01-ний хооронд хариуцагч С.******* нь ******* аймгийн ******* сумаас малын гарал үүслийн бичиг нь тодорхойгүй 200 хонь, хурга ачиж ******* сумын *******т багийн нутагт авчирсан байдаг. Үүнээс үүдээд тухайн нутагт хонины цэцэг өвчин гарсан. Манай үйлчлүүлэгчийн 139 хонийг устгалд оруулсан байдаг. Тус үйл явдлыг цагдаагийн байгууллагаас шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож тогтоол гаргасан.  Тус тогтоолд С.*******, Ё.******* нар нь гарал үүслийн бичиг нь тодорхойгүй газраас мал авчирч хонины цэцэг өвчин гарсан болохыг тогтоож өгсөн. Мөн хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт буюу хавтаст хэргийн 27, 29 дүгээр хуудсан байгаа С.*******, Ё.******* нарын мэдүүлгээр тодорхой байдаг. С.*******аас байцаагч асуухад гарал үүслийн бичигтэй байсан уу? гэхэд С.******* гарал үүслийн бичгийг би өмнө ******* аймгаас авчихсан байгаарай гэж хадам ээж Цэцэгмаадаа хэлээд захичихсан байсан. Тэгээд зураг аваад явсан чинь Цэцэгмаа гарал үүслийнх бичгийг авчихсан байсан. Хэнээс авсныг нь мэдээгүй гэсэн байдаг. Мөн Ё.******* энэ талаар мэдүүлсэн байдаг. Тиймээс хариуцагч тал нь гарал үүслийн бичиг нь тодорхойгүй. Хонь авсан газраасаа гарал үүслийн бичиг аваагүй. Өөр газраас гарал үүслийн бичиг авч гарал үүсэл нь тодорхойгүй мал авчирч хонины цэцэг өвчин халдаасан нь нотлогддог. Хариуцагч талаас гарал үүслийн бичиг гэх бичгийг нотлох баримтаар ирүүлсэн байдаг. Тэр баримтыг нь харахад хонь гэж бичсэн байдаг. Гэтэл хариуцагч ******* аймгийн ******* сумаас хурга ачиж ирсэн байдаг. Хурга байсан бол тухайн гарал үүслийн бичиг дээр хурга л гэж бичигдэнэ. Гарал үүслийн бичиг дээр хурга бол хургаараа, төлөг бол төлгөөрөө л бичигддэг. Нас бие гүйцсэн тохиолдолд хонь гэж бичигддэг. Манай үйлчлүүлэгчийн 139 толгой хонийг тухайн цэцэг өвчнөөс улмаас устгалд оруулсныг нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд 2016 оны  12 дугаар сарын 21-ний өдрийн устгалд оруулсан малын эмчийн тодорхойлолт, 5 дугаар хуудсанд прокурорын тогтоол, 6 дугаар хуудсанд мал устгасан акт, 7 дугаар хуудсанд онцгой байдлын тодорхойлолт, 19 дүгээр хуудсанд ******* сумын Засаг даргын 2016 оны малын үнэлгээний бичиг зэрэг баримт байдаг. Эдгээр баримтуудаар хариуцагч С.*******ын буруутай үйлдлээс болоод манай үйлчлүүлэгчийн мал цэцэг өвчин тусаж эд хөрөнгөд нь хохирол учирсан. Иймээс Иргэний хуулийн 497, 510, 228, 229 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Манай үйлчлүүлэгчийн 139 толгой хонины 83 толгой хонь нь төллөх эм хонь байсан. Манай үйлчлүүлэгчийн олох ёстой орлого байсан. 2016 оны 83 хонь гэдэг нь 2017 оны, 2018 оны, 2019 оны, 2020 оны төл гээд 4 жилийн төл байгаа. Иймээс Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу манай талаас олох ёстой байсан орлогоор нэхэмжилж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.******* нь хариуцагч надаас 38 020 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гарган өгнө гэжээ.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 08, 09 сард манай ах Ё.******* над руу яриад хонь нь сайн байдаг. Тэндээс хонь авмаар байна гэсэн. Түүний дараа би хадам ээжтэйгээ яриад хурга зарах айл байна уу гэсэн. Тэгсэн хурга зарах айл байгаа нэг нь 25.000 төгрөг гэж байна гэж ярьсан. Хадам ээжид урьдчилгаа гээд 3.500.000 төгрөг өгөөд үлдсэнийг очиж байгаад өгье гэсэн. Тэгээд тэр газраас хурга худалдаж авсан. Хурга худалдаж авах талаар хадам ээжтэйгээ ярьж байхдаа би гарал үүслийн бичиг гэдэг зүйл байх ёстой шүү. Тэр бичгийг наад айл чинь даах ёстой. Тэр бичгийг нь заавал авсан байгаарай гэсэн чинь түүний дагуу гарал үүслийн бичгийг нь тэр хүмүүс нь авсан байсан. Тэгээд 29-ний өдөр очиж айлдаа очиж хоноод 30-ны өдөр хурга ачаад наашаа 31-ний өдөр ирж Хондот гэх газар ирж *******ынд тээврийн хөлсөнд авсан 20-аад хурга 2, 3 төлөг буулгаж орхиод *******ын очиж үлдсэн хургануудаа бүгдийг нь буулгасан. Тэр газраас гарал үүслийн бичиг шинжилгээ хийгдсэн, угаалга, вакциндаа хамрагдсан гэсэн бичиг баримтыг авч ирсэн. Түүнээс хойш 2 сарын дараа буюу 10 дугаар сарын 30-ны өдөр манай ах над руу залгаад нэг хонь үхчихлээ гэсэн. Тэгээд мал эмнэлэг дээрээ очоод мал эмнэлэгт үзүүлээд хөл хорио тогтоогоод хонины цэцэг өвчин байх магадлалтай гэсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагаас Ё.******* бид хоёрыг шалгаж үзээд цэцэг өвчинтэй хонь авчирсан байна гээд гарал үүслийг нь шалгаад бид нарт ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тэгээд хавтаст хэрэг нь хаагдсан. Тэр газраас нь бид нар гарал үүслийн бичиг авахдаа ямар нэгэн хүн амьтныг танихгүй. Мал худалдаж авсан хүнээ ч танихгүй. Тэгээд гарал үүслийн бичгийг нь авсан. Баримт бичгийг нь бүрэн өглөө л гэсэн. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед мал авчирсан гэсэн. Тухайн үед хорио цээрийн дэглэм тогтоосон юм байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Т.******* нэхэмжлэл гаргах болсон гол шалтгаан нь 2016 онд манай улсын хэд хэдэн аймаг хонины гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон гэсэн эхний өгүүлбэр байдаг. Өнөөдрийн байдлаар 35.940.000 төгрөгийг С.*******аас гаргуулъя гэсэн гол санаа, гол утга учир нь энд яваад байдаг. Энэ нь хорио цээр тогтоосон газраас мал авчраад санаатайгаар бусад айлын малд цэцэг өвчин буюу малын гоц халдварт өвчин тараасан юм аа гэсэн утгатай нэхэмжлэл бичсэн. Харин энэ талаар бид хоёр хэн нь ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ******* аймгийн ******* суманд малын гоц халдварт өвчин гараад хорио цээрийн дэглэм тогтоогоогүй үе байдаг. Тэгэхээр хорио цээрийн дэглэм тогтоосон байхад мал авчирчээ гэдэг шалтгаант холбоо бүрдээгүй байна гэж үзэж байна. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 223 толгой хонь авчирсан гэх зүйлийг хэлээд мөн С.******* нь манай саахалт айл *******ынд 26 хонь тавьсан байдаг юм аа гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл ******* аймгийн ******* сумаас мал авчраад *******ын тавьсан. Тэгээд *******ын малнаас халдварт өвчин тараагдсан юм аа гэсэн санаа агуулагдаж байгаа юм. Үүнийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* аймагт байдаг хадам ээж буюу энэ хэргийн хүрээнд гуравдагч этгээд гэж үзэж болохоор, өнөөдрийн байдлаар хариуцагчаар татаагүй байгаа Ё.******* гэдэг хүн байдаг. Энэ хүн ******* аймгийн ******* сумаас малын үйлдвэр угсаагаа сайжруулах, ашиг шимээ сайжруулах гэсэн гол зорилготой байсан. Тэгээд мал, хурга авмаар байна гэхээр нь манай үйлчлүүлэгчийн хадам ээж нь тэнд байдаг учраас хурга зарах айл байдаг эсэхийг сураглахад хурга зарах айл олдсон байдаг. Энэ хурга зарах айлын эзэн нь н.Бат-Очир гэсэн хүн байсан. Тэр нь энэ гарал үүслийн бичиг дээр бичигдсэн байдаг. Тэгээд энэ хүмүүсийн хооронд нь С.******* зуучлаад хурга авахаар болсон. Нэг хургийг нь 25 000 төгрөгөөр авахаар болсон. Энэ болсон үйл явдал ерөнхийдөө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Нэг эд хөрөнгөө өгөөд нөгөөх нь төлбөрөө төлчихсөн байдаг. Худалж авсан эд хөрөнгийг ******* аймгийн ******* сумаас аймгийн ******* суманд буюу Ё.*******ынд авчрахын тулд машин хэрэгтэй болсон. Тэгээд Ё.******* С.*******аас машинаар чинь мал ачиж ирье гэсэн. Ингээд тээврийн хөлсөө тохиролцоод ******* аймгийн ******* суманд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр очиж хоноод 30-ны өдөр малаа ачих болсон. Тэгэхийн тулд худалдагч тал холбогдох бичиг баримтыг бүрдүүлээд Ё.******* малын гарал үүслийн бичиг авсан гээд бичгийг нь өгсөн. Тухайн гарал үүслийн бичгийн болоод малын угаалгад оруулах буюу урьдчилан сэргийлэх үзлэгийн мөнгийг та нар төлөх ёстой юм байна гэсэн. Нийтдээ 139.300 төгрөг С.*******ад бэлэн байсныг н.Бат-Очир гэдэг хүн аваад бүх бичиг баримтыг нь бэлэн болгосон байдаг. Үүний дараа 08 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* сумаас малыг ачиж ирээд *******ын хотонд тавьсан байдаг. Тэгээд С.******* нь тээврийн хөлсөндөө танай авсан хурганаас авчихъя гээд тээврийн хөлсөндөө 28 хургийг аваад *******ын гэдэг малчин айлын хотонд тавьсан байдаг. Түүнээс хойш 2 сарын хугацаа өнгөрсний дараа буюу өвчин нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *******ын мал нь өвдөж эхэлсэн байдаг. Тэгээд холбогдох сумынхаа малын эмчид мэдэгдээд малаас дээж авхуулаад хот руу шинжилгээнд явуулсан байдаг. Тэгээд хонины цэцэг өвчин гэж илэрсэн байдаг. Үүнээс болоод ойр орчмын  болон өөрийнх нь хотны гээд бүх малыг хяналтад авсан. Гэтэл *******ын айлын малд мөн цэцэг өвчин илэрсэн. *******ынд тавьсан малаас нэхэмжлэгчийн малд яаж халдварлагдаад байгаа талаар нэхэмжлэлдээ бичээгүй байдаг. Учир нь нэхэмжлэгч нь малчнаа солиод өөр айлын 40 малыг хотондоо тавьсан. Үүнээс үүдээд нэхэмжлэгч Т.*******ын малд цэцэг өвчин буюу малаас малд гоц өвчин халдварласан гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Т.*******ын халдварт өвчний улмаас устгалд оруулсан малын тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 289 дугаартай аймгийн Прокурорын газрын тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай Мал устгалын акт, 2016 оны 11 дүгээр сарын  2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30/306 дугаартай аймаг Онцгой байдлын газрын тодорхойлолт,  2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний 1-235 дугаартай аймаг ******* сумын Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн итгэмжлэл, эрүүгийн хэрэгт авагдсан тайлбар авсан тухай тэмдэглэлийн хуулбар /5 хуудас/, гэрч Г.ы мэдүүлэг, гэрчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0016391 дугаартай мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000873 дугаартай халдваргүйжүүлэлт хийсэн актын хуулбар, 007381 дугаартай мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудсын хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.******* нь С.*******ад холбогдуулж гэм хорын хохирол 38.020.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас 35.940.000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.******* нь “...С.*******, Ё.******* нар нь гарал үүслийн бичиггүй, зохих ёсны зөвшөөрөлгүйгээр мал авчирсан явдлаас болж 139 толгой мал болон түүнээс хүртэх үр шим, авах үр төлөөрөө хохирсон...“ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,

Хариуцагч С.******* нь “...Цагдаагийн байгууллагаас Ё.******* бид хоёрыг шалгаж үзээд цэцэг өвчинтэй хонь авчирсан байна гээд гарал үүслийг нь шалгаад бид нарт ямар нэгэн арга хэмжээ аваагүй...”  гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч С.******* нь 2016 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 223 тооны хонь ачааны автомашинд ачиж тээвэрлэх явцдаа аймгийн ******* сумын *******т багийн нутаг дэвсгэрт нутаглаж байсан Б.*******ынд 26 хонь авч ирж нутаглуулсан үед Б.*******ынд малын гоц халдварт цэцэг өвчин гарсан  үйл баримт талуудын тайлбараар нотлогдож зохигчид энэ талаар маргаагүй, талууд дээрх тээвэрлэн ирсэн хониноос хонины цэцэг өвчин халдварласан эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч Т.*******ын малд малын гоц халдварт цэцэг өвчин халдварлаж, улмаар 121 хонь устгуулсан хохирол нь хариуцагч С.*******ын 2016 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 223 тооны хонь ачааны автомашинд ачиж тээвэрлэх явцдаа аймгийн ******* сумын *******т багийн нутаг дэвсгэрт нутаглаж байсан Б.*******ынд 26 хонь авч ирж нутаглуулсан үед Б.*******ынд малын гоц халдварт цэцэг өвчин гарсан  үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцагч С.******* нь хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/- ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх / адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохиролыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хариуцагч тал “...2016 оны 08 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ******* аймгийн ******* суманд малын гоц халдварт өвчин гараад хорио цээрийн дэглэм тогтоогоогүй үе байдаг...” гэсэн тайлбар гаргаж маргаж байх боловч хариуцагч С.*******ын шүүх хуралдааны үед гаргасан “ Б.Цогтбаатарт би танайд гай болчихлоо гээд өөрийн хэдэн малаа өгч хохирлыг барагдуулсан, ... Миний авч ирсэн малаас цэцэг өвчин гарсан гэж бүх газар тогтоосон...” гэсэн тайлбар, гэрч Г.ы “ ...2016 онд Дундговь аймагт өвчин гарсан. Дундговь аймгийн *******т суманд өвчин гарсан учраас Манлай суманд пост гаргаад хамгаалж байсан. ******* аймгаас мал ачиж ирээд энэ өвчин гарсан...” гэсэн мэдүүлгээр хариуцагчийн үйлдлээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Шүүх хохирлыг тооцохдоо шүүх хуралдааны үед хариуцагчийн өмгөөлөгчийн “таны 139 толгой малаас Б.*******ын 18 толгой мал хасагдаж байна. Тэгэхээр үлдсэн 121 толгой мал нь таны устгагдсан мал гэж үзэхээр байна уу?” гэсэн асуултыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөс үзэхэд нэхэмжлэгчийн нийт 121 хонь устгалд орсон байна гэж дүгнэв. Түүнчлэн зөрүү 18 хонь нь ямар нас, зүсмийн хонь байсан нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нийт устгалд орсон малны үнэ 16.020.000 төгрөгийг нийт хонь 139 хувааж тооцвол нэг хонины дундаж үнэ 115.251 төгрөгийг 18 хонинд үржүүлбэл 2.074.518 төгрөг байна. Үүнээс устгалд орсон хонины төлбөр 16.020.000 төгрөг – 2.074.518 төгрөг = 13.945.482 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ. Нэхэмжлэгч нь сүүлийн 4 жилд хэдэн тооны малнаас хичнээн тооны төл авах байсан талаараа нотлоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх тооцоолж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн 4 жилийн төлний үнэ 19.920.000 төгрөг, 18 хонины үнэ 2.074.518 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргасан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1-235 дугаартай үнэлгээтэй хариуцагч танилцсан, нэхэмжлэгч дээрх үнэлгээгээр нэхэмжлэлийн үндэслэлээ нотлож нэхэмжилсэнийг хариуцагч маргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх” тухай хэргийн оролцогчдын эрх үүрэгтэй танилцсан байх тул нэхэмжлэгч талаас гаргасан үнэлгээгээр хохирлыг тооцох нь хуульд харшлахгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Т.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 348.050 төгрөг төлсөн ба хуульд зааснаар хангагдсан үнийн дүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 289 дугаартай аймгийн Прокурорын газрын тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай Мал устгалын акт, 2016 оны 11 дүгээр сарын  2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30/306 дугаартай аймаг Онцгой байдлын газрын тодорхойлолт, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний 1-235 дугаартай аймаг ******* сумын Засаг даргын үнэлгээ зэрэг нь  нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг  хангасан гэрч Г.ы мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй  байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Т.*******ын халдварт өвчний улмаас устгалд оруулсан малын тодорхойлолт, эрүүгийн хэрэгт авагдсан тайлбар авсан тухай тэмдэглэлийн хуулбар /5 хуудас/, 0016391 дугаартай мал, амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000873 дугаартай халдваргүйжүүлэлт хийсэн актын хуулбар, 007381 дугаартай мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудсын хуулбар зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Э-с 13.945.482 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.С-т олгосугай.

2. Нэхэмжлэгчийн 21.994.518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348.050 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-ас 227.677 төгрөг 41 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С-т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.УГТАХБАЯР

                                                                         ШҮҮГЧИД                                Р.УРАНЧИМЭГ

                                                                                                                     Б.ОТГОНСҮРЭН