Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/474

 

 

Ц.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

хохирогч Т.Оын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Хгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Хд холбогдох 2008000001346 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Цын Х, 1991 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Транс бус” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошууны эцэс дээр байрлах таксины зогсоол дээр “өөр такси барь” гэж хэлсний улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар иргэн Т.Оын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, толгойн дагз хэсэг рүү чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хгээс 8.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.От олгуулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Хгийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1. дүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.”, 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гзж заажээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогчийн хохирол төлбөрийг үнэлэхдээ зөвхөн “Цагаан хясаа” ХХК-ийн 8.000.000 төгрөгийн нэхэмжлэх хуудсыг дангаар нь үнэлж хохирол төлбөрийн үнэлгээг 8 саяаар тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь, “Цагаан хясаа” ХХК-ийн тамгатай 8.000.000 төгрөгийн нэхэмжлэх хуудас нь хохирогчид шууд учирсан бодит хохирол биш бөгөөд зөвхөн ирээдүйд гарч болох зардал юм. Хэдийгээр Иргэний нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг тус тус үндэслэн өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй ч өөрт учирсан хохирол, ирээдүйд гарах зардал нь бүрэн бодитой, баримттай байх ёстой. Энэхүү шаардлагыг “Цагаан хясаа” ХХК-ийн нэхэмжлэх хуудас нь дангаараа бүрэн хангаагүй гэж үзэж байна. “Цагаанхясаа” ХХК-иас 4 шүд суулгах мөнгөн төлбөр болох 8.000.000 төгрөгийн нэхэмжлэх хуудсыг өөр бусад шүдний эмнэлгийн үнэ ханштай харьцуулаагүй, мөн зах зээлд тогтсон дундаж үнэлгээг харгалзаж үзээгүй буюу ганцхан эмнэлгийн нэхэмжлэх хуудсыг үндэслэн нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаагүй гэж үзэж байна. Түүнчлэн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 1176 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч “Т.Оын биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх гэмтэл” тогтоогдсон. Үүнээс үзвэл хохирогч Т.О нь эрүү ясны хугаралтай байгаа бөгөөд шүд суулгах мэс засал хийлгэх боломжтой эсэхийг нягтлаагүй, өөрөөр хэлбэл эмчлэгч эмчийн тодорхойлолт байхгүй, эрүүний өвчин бүрэн эдгэрсэн эсэх тодорхойгүй, эрүүний яс бүрэн бороолж эдгэрээгүй байхад имплант шүдийг эрүүний ясыг өрөмдөн суулгах бүрэн боломжтой эсэх талаарх мэргэжлийн эмчийн тодорхойлолт, дүгнэлт, нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өөрт учирсан хохирлыг баримтаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай эхнэр осолд орж харж хандах хүнгүй учраас би өөрөө асарч байгаа. Би одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. 8.000.000 төгрөгийн үнэлгээг өндөр гэж үзэж байна. Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч Т.Оын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруу дээр маргаагүй хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлснийг нь үндэслэж шүүхээс торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хгээс зайлшгүй гарах эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хууль ёсны шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн. Хуулийг зөрчсөн ноцтой зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид эрүү ясны хугарал, нэг шүдний булгарал зэрэг хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн эрүүний хугарлыг эмчлэхийн тулд ойролцоох 3 шүдийг авч нийт 4 шүдний имплант хийлгэх зорилгоор 8.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. 8.000.000 төгрөгийг хэт үнэтэй гэж үзэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4 дэх хэсэгт зааснаар хохирол учруулсан этгээд хохирлыг нөхөн төлнө гэж заасан байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцэс дээр байрлах таксины зогсоол дээр “өөр такси барь” гэж хэлсний улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар иргэн Т.Оын нүүр хэсэг рүү гараараа нэг цохих, толгойн дагз хэсэг рүү чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Оын “...Би 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 22 цагийн үед ... зогсоол дээр зогсож байсан Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой газ хэр их идэж байгаа талаар асууж байсан. Тэгтэл миний танихгүй нэг согтуу залуу ирээд зогсохоор нь “... такси авах юм уу?” гэтэл тэр залуу “такси авахгүй” гэхээр нь би тэр залууг “яв” ... гээд би эргээд хартал тэр залуу миний ард талаас зүүн талын эрүү рүү гараараа нэг удаа, ... дагз руу ... чулуу аваад нэг удаа цохисон. ...Тухайн үед миний эрүү бадайраад, толгой хагарсан байсан. ...” /хх 10-11/,

гэрч Б.Цэнд-Аюушийн “...2020 оны 9 дүгээр сарын 9-ний орой ... үл таних ... залуу Оын эрүү рүү цохиж, ... толгой хэсэг рүү нь нэг удаа чулуугаар цохисон. ...Тухайн үед намайг О дээр очиж харахад “эрүү сонин болчихлоо, шүд хөдөлчихлөө” гээд толгойн дагз хэсгээс нь цус гарч байсан. ...О тэр залууд огт гар хүрээгүй. ...” /хх 20/,

Ц.Хгийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг ойлгож байна, ...хүлээн зөвшөөрч байна. Бэлтгэлийн хар өнгийн хувцастай залуу “өөр такси ав” гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн эхлээд шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон ба тэр залуу газар суучихаар нь би тэр залуугийн толгойн хэсэг рүү нь чулуугаар нэг удаа цохисон. ...Манай хамтран амьдрагчийн ажлын залуутай адилхан харагдсан юм. ...Миний уур хүрээд би тэр залууг цохисон. ...намайг зөрүүлж цохиж, зодсон зүйл байхгүй. ...” /хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1176 дугаартай шинчжээийн “...Т.Оын биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх гэмтэл тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дээрх нэг шүдний бургарал гэмтэл нь эрүү ясны хугаралын шугам 38 дугаар шүдний ёзоор бэхлэгдэх хэсгийг дайрсан, 38 дугаар шүд авагдсан байна. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5%-иар алдагдуулна. ...” /хх 99/ гэсэн дүгнэлт,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 74-76/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Х нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ... таарамжгүй харьцаа үүсгэн улмаар иргэн Т.Оын ... нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохих, толгойн дагз хэсэг рүү чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний булгарал, дагзны хуйхны шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх шүүгдэгч Ц.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Хгийн өмгөөлөгч Д.Алтангэрэл “...Эмчийн тодорхойлолтгүй, эрүүний өвчин бүрэн эдгэрсэн эсэх тодорхойгүй, эрүүний яс бүрэн бороолж эдгэрээгүй байхад имплант шүдийг эрүүний ясыг өрөмдөж суулгах бүрэн боломжтой эсэх талаарх мэргэжлийн эмчийн тодорхойлолт, дүгнэлт, нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулж өөрт учирсан хохирлыг баримтаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж, мөн зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Хгээс хохирогч Т.Оын шүдний эмчилгээний зардал болох 8.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн “...хохирогчийн шүдээ эмчлүүлэх зардал нь зайлшгүй гарах зардалд хамаарна. ...Энэхүү зардлыг урьдчилан нэхэмжлэх эрхтэй. ...” гэсэн дүгнэлт хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн, хохирогч Т.Оын бие махбодид гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1176 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, гэрчийн мэдүүлэгт ноцтой эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Хгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/160 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Хгийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ