| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2021/0018/3 |
| Дугаар | 159/ШШ2023/0001 |
| Огноо | 2023-01-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 159/ШШ2023/0001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2021/0018/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: *******
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/ хариуцагч *******, гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх /цахимааар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь төрсөн эцэг *******гаас газар эзэмших эрхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар шилжүүлэн авчээ. Гэтэл нэхэмжлэгч *******гийн төрсөн дүү ******* нь нэхэмжлэгч *******, ******* нарын зөвшөөрөлгүйгээр дээрх газарт барилга барьсан гэж марган Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч ******* 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... *******, *******ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч *******ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар тодруулж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжинхангай Төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй бүртгэлийг болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч ******* нь төрсөн эцэг *******гаас газар эзэмших эрхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар шилжүүлэн авсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр *******гийн төрсөн дүү ******* миний зөвшөөрөлгүйгээр барилга барьсан. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Худалдаа 4-419 тоот хаягт байрлах газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй гэдгээ нэг ч удаа илэрхийлж байгаагүй төдийгүй *******ийн зүгээс өөрийн эзэмшил газарт газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч болон ******* нар нь хууль бус байдлаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулж миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжаар шилжүүлэн авсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр төрсөн дүү ******* миний зөвшөөрөлгүйгээр барилга барьсан. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Худалдаа 4-419 тоот хаягт байрлах газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг охин Д.Уранбилэг нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй гэдгээ нэг ч удаа илэрхийлж байгаагүй, *******т өөрийн эзэмшил газраа шилжүүлсний дараа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэн болсон гэдгээ мэдсэн ба ******* нь миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хууль бусаар хийгдсэн байгаа нь миний өмчлөх эрхэд халдаад зогсохгүй шударга ёсны хувьд хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байгаа учраас хуульд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй төдийгүй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь хууль бусаар хэрхэн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ ******* болон ******* нарт олгогдсоноор охин ******* нь хууль ёсны дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөлд хүрсэн, цаашлаад миний хувьд эцэг, ахын хувьд өөрийн нэр төр, алдар хүндийн асуудал яригдаж төрийн яригдаж төрийн бүртгэлийн байгууллага болон төрсөн дүүтэйгээ нийлж өмчтэй болохын тулд хууль бус ажиллагаанд оролцсон байж болох үйлдэл гаргаагүй гэдгээ нотлохын сацуу гэр бүлийнхээ өмнө хуурамч, худал зүйл хийгээгүй. Хариуцагчийн хаягийн тухайд Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн цахим хуудаснаас Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг Нутгийн захиргааны 3 дугаар байр гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдсан ба хариуцагчийн 70363019 утасны дугаар руу ярихад Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг Нутгийн захиргааны 3 дугаар байр гэж хэлсэн болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Тус шүүхэд нэхэмжлэгч Б Уранбилэг ******* нарын гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна Үүнд:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Төвийн хэсэгт байршилтай , 251.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн *******, хамтран өмчлөгч ******* нарын 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 43/4011 дугаартай мэдүүлэг, түүнд авагдсан тухайн Мандал сумын 7 дугаар багийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаартай албан тодорхойлолт, иргэн *******гаас улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс төлсөн баримт иргэн *******, ******* нарын тусдаа гаргаж нотариатаар баталгаажуулсан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зураг болон план зураг газрын кадастрын зураг, газар эзэмших гэрээ, гэрчилгээний хуулбар зэрэг хууль тогтоомжинд заагдсан нотлох баримтыг тус хэлтсийн Мандал сум дахь улсын бүртгэгч Б.Баярдэлгэр хүлээн авч бүртгэлийн *******дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000324292 дугаартай гэрчилгээ олгосон болно. Өмчлөх эрхийн *******дугаарт бүртгэгдсэн дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь хууль ёсны нотлох баримтанд үндэслэсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “үнэн зөв бодитой заавал биелүүлэх шинжтэй байх” 4.1.5-д заасан “нотлох баримтанд үндэслэж. хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг зөрчөөгүй байна.
Жич: Улсын бүртгэлийн *******дугаартай бүртгэлийн дугаар тус хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний /бүртгэлийн дугаарын давхардал арилгах тухай/ 686 дугаартай дүгнэлтээр ******* дугаартай болж өөрлөгчдсөн болно.” гэжээ.
Гуравдагч этгээд ******* 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Миний төрсөн ах ******* болон түүний төрсөн охин ******* нарын Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “... ах ******* бид нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод хаягт байрлах үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн, ******* дугаартай бүртгэлийг хүчингүй болгох...” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1.Миний ах ******* холбогдох шаардлагын тухайд: Миний энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр бүртгүүлэхдээ ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй болно. Барилгын байршиж буй газар анх 240 м.кв талбай бүхий хоосон газар байсан ба миний ах ******* тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байснаас хураагдахад хүрчихсэн үедээ “...хүнд алдаж байхаар чи барилга барьчих...” гэж өөрөө санал гаргаж ирсэн. Сүүлд би өөрөө хөөцөлдөж байж ахын эзэмшилд байсан газартай залгуулан 294 м.кв талбай бүхий газрыг нэмж, нийт 534 м.кв талбайтай болсон. Ах бид хоёр анхнаасаа энэ газар дээр хоёр давхар барилга барих, би нэг давхрыг нь ах хоёр давхрыг нь хариуцан өөр, өөрсдөө хөрөнгөөр барьж, тус тусын давхраа ашиглахаар тохиролцоод хоорондоо ойлголцоод ямар нэгэн маргаангүй явж байсан. Энэ талаар ах ******* иргэний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ маш тодорхой үнэн зөв мэдүүлсэн байдаг.
Энэ газар дээр баригдсан 257.3 м.кв талбайтай үйлчилгээний төвийн барилгыг би өөрийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд ирээдүйд хоёр давхар болгож, хоёр давхрыг нь ах маань барихаар тохирсоноо биелүүлэх зорилгоор бид хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн юм. Ах ******* бид хоёр нотариат дээр цуг очиж бүртгүүлэх нотариатч чинь зөвшөөрсөн өргөдөл бичихийг хэлсэн тэгэхэд ач маань чи өргөдлийн бичих би гарын үсэг зурчихья гэж хэлэхэд би дор нь өргөдлийг бичээд ах маань, өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл нэхэмжлэлд “...энэ талаар мэдэхгүй, би улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ийм үйл ажиллагаанд оролцоогүй...” гэсэн нь бодит байдалд нийцэхгүй, худал тайлбар болсон. Энийг нь өөрөөс нь асуухад мэдэхгүй байсан. Ийм нэхэмжлэлийг бичсэн нь *******ийн өмгөөлөгч төлөөлж бичсэн болохыг шүүхэд өмнө өөрөө хэлсэн. Ийм учраас ах *******гийн хувьд энэхүү бүртгэл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гэж үзэж байна.
2. *******ийн нэхэмжлэлийн тухайд: Бидний хооронд хийгдсэн анхны ярnа тохироонд ах *******гийн охин ******* хөндлөнгөөс оролцож, үл хөдлөх эд хөрөнгө баригдчихсан газрыг чөлөөлүүлнэ гэж шүүхэд өгсөн ба одоо энэ хэрэг Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажил эхлүүлснээс хойш бүтэн 10 жилийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд энэ газрын эзэмшилтэй холбоотой асуудлаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй. Учир нь ах ******* барилгыг хамтран өмчилж байсан. Миний зүгээс энэ маргааныг өвөг дээдсийнхээ нэр хүнд, ах дүүгийн барилдлагын эв зүйгээр зохицоод шийдчих олон боломжуудыг санал болгож байсан. Шүүх ч энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Энэ газар бол өмчийн газар, төр өмчлөгч нь ******* бол эзэмшигч нэхэмжлэгч Д.Уранбилэг нь 2018 оны 06 дугаар сараас энэ газарт газар эзэмших эрхтэй болсон. Тухайн газарт байрлаж байгаа ах бид хоёрын өмчлөлийн барилга нь 2015 оны 07 дугаар сард улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иймээс өөрт нь газар эзэмших эрх үүсэхээс гурван жилийн өмнө хийгдсэн улсын хүчингүй бүртгэлийг болгуулахаар шаардаж байгаа нь хууль нийцэхгүй гэж би үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, ах ******* болон түүний охин ******* нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд өмчлөх эрхийг анх удаа бүртгэхдээ эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан байгаа. Мөн хуульд газрын хэмжээ, зориулалт, хаяг, байршлын талаарх мэдээллүүдийг заавал тусгана гэх зохицуулалттай байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.4-д заасны дагуу чанарын улсын хянан баталгааны дүгнэлт байдаггүй. Энэ нь заавал улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хавсаргаж өгөх нотлох баримтын жагсаалтад байгаа боловч гуравдагч этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хавсаргаж өгөөгүй. Хариуцагч байгууллага энэ нотлох баримтыг шаардаж аваагүй. Энэ баримтуудыг яагаад улсын бүртгэлд өгөөгүй вэ гэвэл нэхэмжлэгч *******, ******* нарын эрх ашиг сонирхол хөндөгдөх учраас эдгээр баримтуудыг өгөөгүй юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд улсын бүртгэлийг хаана гэх зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс холбогдох баримтаа бүртгүүлчихээд дахин улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлэх эрх нь нээлттэй. Бодит байдал дээр *******гийн нэр байгаа боловч огт өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага бол улсын бүртгэлийг гуравдагч этгээдийн болон нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж үзэж байна.” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нарын зүгээс улсын бүртгэлтэй холбоотойгоор тэдний ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар хууль зүйн үүднээс нотолж, тайлбарлаж чадаагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын улмаас зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа нь зөрчигдөөд байгаа эрх хууль ёсны ашиг сонирхол гэдэг нь бүртгэлтэй холбоотойгоор бус харин байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх, өмчлөлтэй холбоотой эрх ашгийг яриад байна.
Хэрвээ энэ эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байгаа бол маргаан бүхий захиргааны акттай холбож үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн ярьж байгаагаар үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхдээ дутуу материал бүрдүүлсэн гэж хэлж байна. Гэхдээ бүртгэл хийгдчихсэн байгаа. Тэр баримт бичгүүдийг одоо сэргээгээд ирсэн ч нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхолтой ямар ч холбоогүй. Тодруулахын бол нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч цаг хугацааны хувьд авцалдахгүй зүйл ярьж байна. Энэ бүртгэл 2015 онд явагдсан. ******* гэх хүн энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг эзэмшүүлэх эрхийг 2018 онд шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл бүртгэл хийгдсэнээс хойш 3 жилийн дараа тухайн газар дээр газар эзэмших эрх үүссэн. Тиймээс ******* гэх хүний ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн нь тодорхойгүй байна. *******гийн хувьд өмчлөгчөөр тогтоогдсоныг нь мэдэхгүй байсан гэж хэлж байгаа боловч мэдэж байсан болоод гарын үсгээ зурж баталгаажуулсан хангалттай баримт байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хүртэл гарын үсэг нь мөн байна гэх дүгнэлт гарсан. Хэрвээ эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байсан бол тухайн үедээ гомдолоо гаргах ёстой байсан.
Үүнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа бас яригдана. Нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. *******гийн хувьд энэ бүртгэлийг хийсэн үеэс мэдэж байсан учраас тухайн үед гомдол гаргах байсан. Маргаан бүхий захиргааны актыг мэдсэн үеэс 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Харин *******ийн хувьд энэ бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах үндэслэл байгаагүй. Гуравдагч этгээд *******ийг ийм бүртгэлтэй байсан гэдгийг 3 шатны шүүхэд хэлээгүй нуусан гэж хэлж байна. Тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэгдсэн хэрэг нь газар эзэмших эрхтэй холбоотой маргаан байсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зүйл огт яригдаж байгаагүй. Миний бие иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь хяналтын шатны шүүхийн ажиллагаанд шүүхээр хэргийг шийдвэрлэх шатнаас оролцсон. Харин хяналтын шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх явцад үүнийг тодруулсан хурлын тэмдэглэл байгаа. Тиймээс маргааны үйл баримтад огт хамааралгүй асуудлын талаар тайлбар өгөөгүй гэж гуравдагч этгээдийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. *******, ******* гэх хүмүүс хоорондоо ах дүүс юм. Нөгөө талаасаа ******* гэх хүн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэх хүнийг огт танихгүй. Эдгээр үндэслэлүүдээс харахад нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж 0 тоотод байрлалтай байршилтай 257.3 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000324292 дугаартай гэрчилгээ олгож 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэлийн дугаарын давхардал арилгах тухай хяналтын байцаагчийн 686 дугаартай дүгнэлтээр ******* дугаартай болж өөрчлөгджээ.
Нэхэмжлэгч *******, ******* нарын зүгээс нэхэмжлэгч *******ийн газар эзэмших эрхийг ноцтой зөрчсөн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргажээ.
Нэг: Маргаан бүхий бүртгэлээр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмших эрхийн тухайд:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газар олгох тухай” 109 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******д “Марал” дэлгүүрийн баруун талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 240 мкв хэмжээтэй газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгч *******гийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Мандал сумын газрын албанд гаргасан өргөдлийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаартай “Газар эзэмших эрх баталгаажуулах тухай” захирамжаар өмнө нь олгосон 240 мкв газрын хэмжээг сунгаж 534 мкв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 51 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч *******гаас өөрийн эзэмшлийн 534 мкв газрыг өөрийн охин нэхэмжлэгч *******т газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэхээр хүсэлт гаргаж гэрээ байгуулсны дагуу *******т *******гийн эзэмшлийн 534 мкв газрын эзэмших эрхийг шилжүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.
Хоёр: Улсын бүртгэгчийн бүртгэлийн үйл ажиллагааны тухайд:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дах улсын бүртгэгч Б.Баярдэлгэр 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоот 257.3 мкв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн ******* түүний хамтран өмчлөгч ******* нарын гаргасан 43/4011 дугаартай мэдүүлэг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь *******, ******* нар болохыг тодорхойлсон Мандал сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэн *******гаас улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс төлсөн баримт, иргэн *******, ******* нарын тус тусдаа гараараа бичиж нотариатаар баталгаажуулж гаргаж өгсөн өргөдөл, хоёр иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зураг болон план зураг, газрын кадастрын зураг, газар эзэмших гэрээ, гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг хүлээн авч улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000324292 дугаартай гэрчилгээ олгожээ. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэлийн дугаарын давхардал арилгах тухай 686 дугаартай дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар өөрчлөгдөж ******* дугаартай болсон байна[1].
Гурав: Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад цугларсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч *******, ******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлд дээрх өөрийн эзэмшлийн газарт төрсөн дүү *******ийн барьсан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх ямар нэг зөвшөөрөл өгөөгүй, мөн өөрөө үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхээр хандаж байгаагүй талаар нэхэмжлэлдээ дурдаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үгүйсгэдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын бичиг баримтын шинжилгээний лаборторийн ахлах шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3216 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлийн байгууллагад өөрийн эзэмшлийн газар дээр дүү *******т үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг зөвшөөрч өөрийн гараар өргөдөл бичиж, гарын үсэг зурсан болох нь тогтоогддог бөгөөд энэ нь өөрийн төрсөн дүү *******тэй уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх хүсэл зоригоо илэрхийлсэн болохыг нотолж байна.
Мөн иргэн *******, ******* нарын улсын бүртгэлийн байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авахаар гаргаж өгсөн мэдүүлэг түүнд хавсаргасан баримтууд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан[2] мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримтуудыг нотариатаар баталгаажуулан бүрэн хавсаргасан, 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, мөн 29 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул улсын бүртгэгчийн *******, ******* нарыг уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр 1307002496 дугаарт бүртгэж, 000324292 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч *******гийн хувьд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн 534 мкв газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхдээ өөрийн дүү *******т хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх зөвшөөрөл олгосон /хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон/ бөгөөд энэ талаар тухайн үед эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан бол нэхэмжлэгч *******ийн хувьд 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх улсын бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж, бүртгэл хийгдэж, гэрчилгээ олгогдсоны дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр *******гийн эзэмшлийн 534 мкв газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч эзэмших эрх нь үүссэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж байгаагаа мэдэж байсан боловч шүүхэд нэхэмжлэл, улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаагүй, харин *******ийн хувьд уг газрыг эзэмших эрх нь цаг хугацааны хувьд *******, ******* нарт уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосноос хойш газар эзэмших эрх үүссэн бодит нөхцөл байдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шинжээч нарын дүгнэлтүүдээс дүгнэж үзэхэд *******, ******* нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоот үйлчилгээний зориулалттай 257.3 мкв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгч *******, ******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ямар нэгэн байдлаар хөндөөгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 7, 8, 10 дугаар зүйлийн 10.1, 29 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоот үйлчилгээний зориулалттай 257.3 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******, ******* нарыг улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хогогийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР