Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 64

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, 

Улсын яллагч хяналтын прокурор Г.Амарсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, 

Шүүгдэгч М.Базарсад нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Базарсадад холбогдох эрүүгийн 17300000210010 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн харьяат, 1980 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Түмэнцогт сумын 3 дугаар баг Баян-Овоо гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЛЙ80041076, Хөхий овгийн Мягмарын Базарсад 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч М.Базарсад нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны орой Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр Хэрлэн голын орчим Ш.Даваахүүг зодож түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины цус хуралт, язралт, зүүн нүдний алимны хөнгөн зэргийн доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 - Шүүгдэгч М.Базарсад шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017.07.11-ний орой найзуудтайгаа нийлээд гэр бүлээрээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хэрлэн гол руу явсан. Очсон орой жаахан ууж байгаад амарсан. 12-ны өглөө жаахан ууцгаагаад, өдөр унтаж байхад намайг сэрээгээд хоол ид гэсэн. Намайг ороход бэлэн хоол хийсэн байсан. Тэгэхээр нь би ийм хоол идэж чаддагүй юм, ходоод өвдөөд байдаг юм гээд эхнэртэйгээ жаахан маргасан. Тэгсэн чинь О.Мөнгөнцэцэг чи яагаад ийм хоол иддэггүй юм гэж түлхсэн. Би жаахан согтуу ууртай байсан учраас цохисон. Найзыгаа цохисондоо харамсаж байна. Гэтэл Ш.Даваахүү салгах гээд хажуугаар орж ирэхээр нь сандарсандаа цохисон. Эмчилгээнд 300.000 төгрөг өгсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан. Улсын яллагчаас гаргасан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох саналыг зөвшөөрч байгаа. Миний буруу. Найзыгаа гэмтээсэндээ харамсаж байна. Ш.Даваахүүтэй сайн дураараа эвлэрсэн... гэв. 

 

- Хохирогч Ш.Даваахүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би гэр бүлээрээ найз нөхдөөрөө 2017 оны 07 дугаар сарын 11-ний орой Хэрлэн гол явсан юм. Тэгээд тэндээ амраад 2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө Базарсад гэж манай найз эхнэр Цолмонтойгоо маргаад эхнэрээ цохих гээд байсан гэсэн. Тэгсэн чинь хажууд нь байсан Мөнгөнцэцэг гэж манай найз голоор нь орж салгах гэж байгаад цохиулсан гэсэн. Тэр үед нь би гэрт байсан юм. Тэгсэн чинь гэрийн хаалга онгорхой байсан чинь үүдээр Базарсад Мөнгөнцэцэгийг үсдээд чирээд явсан, тэгэхээр нь би салгах гээд гарч очсон чинь Базарсад өөдөөс дайраад байсан. Тэгээд хүмүүс ирээд Базарсад бид хоёрыг хоёр тийш болгох гээд гарнаас бариад авсан. Гэтэл Базарсад миний зүүн нүд болон хамар орчим 2 удаа мөргөсөн. Тэгсэн чинь миний нүд орчимоос цус гараад хүмүүс салгаад эмнэлэг авч явсан. Надад гомдолтой байна. Зүгээр өөрийг нь хүн зодохоос сэргийлж салгах гэж байгаад зодуулсан болохоор, мөн миний нүдний хараанд гэмтэл авсан ч байж магадгүй болохоор гомдолтой байна. Би Базарсад гэдэг хүнтэй бол урьд өмнө маргаж муудаж байсан удаа байхгүй. Ямар нэг өс хонзон байхгүй. Базарсад бид нар өглөө босоод Соёорхол, Хар экс нэртэй 2 шил архи хувааж уусан. Урд орой нь бол жоохон уугаад амарсан. Надад бол Базарсадтай маргалдах муудах ямар нэг санаа бодол байхгүй. Эмэгтэй хүн зодлоо гэж салгасан болохоос муудах шалтгаан байхгүй. Намайг мөргөх үед хажууд Батсуурь, Мөнгөнцэцэг, манай эхнэр Нямсүрэн, Цолмон, Энхтөгс нар байсан. ...Би хэргийн материалтай танилцахгүй. Би шүүх хуралд суухгүй. Хадлан тарианы ажилтай тул амжихгүй юм. Одоо ямар нэг гэмтэл байхгүй. Базарсад надад эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” ...гэх мэдүүлэг /хх-4-6/,  

 

- Гэрч О.Мөнгөнцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би М.Базарсад, Ш.Даваахүү нарыг танина. Ямар нэг садан төрлийн холбоо байхгүй. Бид нар найз нөхөд юм. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бид нар Хэрлэн гол дээр гэр бүлийн найзууд гээд нийлсэн юм. Тэгээд Базарсад унтаж байгаад боссон. Тэр үед эхнэр Цолмон бид хоёр хоол хийж байсан юм. Тэгсэн чинь хоолноос болж эхнэртэйгээ маргалдсан. Би маргах үед нь машинд байсан юм. Машинаасаа буугаад ирсэн чинь эхнэрээ цохих гэж байсан тэгэхээр нь би очоод салгасан юм. Тэгээд би Базарсадыг чи яагаад хоол голоод байгаа юм бэ гэртээ юу иддэг чинь бид нарт хамаагүй гэсэн чинь тэр Базарсад “чиний хоёр архичин дүү л гоймон иддэг юм байгаа биз” гэсэн. Тэгэхээр нь би тэр Базарсадруу “чи миний хоёр дүүгээр битгий оролдоод бай” гэсэн тэгсэн чинь Базарсад миний толгой руу хоёр удаа цохисон. Тэгээд би байрлаж байгаа гэрлүүгээ явсан юм. Тэгэх зуураа чи муу өөрөө явахгүй юу бид нар чиний машиныг хөлсөлж ирсэн болохоос гэж хэлээд явж байхад араас ирээд зүүн мөр орчим өшиглөсөн. Тэгээд би газар унсан чинь миний үснээс зулгаагаад чирсэн. Тэгсэн чинь Даваахүү ирээд салгасан. Тэгээд би босоод ирсэн чинь Даваахүүгийн нүднээс цус гарч байсан. Би яаасан юм бэ гэсэн чинь мөргөсөн гэж байсан. Тэгээд Даваахүү, Цолмон, Нямсүрэн нар гол руу очиж нүүр амаа угаагаад эргэж ирээд Даваахүү Базарсадыг чи намайг сум руу хүргэж өг эсвэл би машинтайгаа явлаа гэж байсан. Тэгээд тэр Базарсадын машинтай Нямсүрэн, Даваахүү нар сумын эмнэлэг явсан. ...Тэр Базарсадын цохиж өшиглөсөнөөс болж миний зүүн хөмсөгний дээд талд хавантай, хоёр хөлний өвдөгний гадна талд шалбарсан бодоход үсдээд чирэхэд нь урагдсан байх. Тэр Базарсад нэлээн согтуу байсан байх архи ууж байгаад унтсан байсан. Хоол хийгээд дуусаад босгож байгаа нь тэр юм. Бид нар чандаг гоймонгоор хоол хийсэн юм. Түүнийг голоод эхнэртэйгээ муудсан байх. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” ...гэх мэдүүлэг / хх- 8/,

 

- Гэрч Б.Нямсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө Базарсад эхнэр Цолмонтой муудаад байсан чинь Мөнгөнцэцэг дундуур нь орсон юм шиг байсан түүнийг бол би өөрөө хараагүй. Энхтөгс харчихаад Мөнгөнцэцэгийг М.Базарсад зодлоо та нар гараач гээд байсан. Тэгсэн чинь гэрийн үүдээр Базарсад Мөнгөнцэцэгийг үснээс нь зулгаагаад гарсан. Тэгсэн чинь манай нөхөр Ш.Даваахүү очоод салгах гэсэн чинь хэд хэд эрүүрүү нь Базарсад цохисон. Тэгэхээр нь би нөхөрөө салгаад татсан Батсуурь гэдэг манай найз Базарсадыг татаад салгасан. Тэгсэн чинь Базарсад манай нөхөр Даваахүүгийн нүүрлүү нь хэд хэдэн удаа мөргөсөн. Тэгсэн чинь нүднээс нь цус гарсан. Тэгээд би Цолмонгийн хамт нөхрөө аваад жижиг машинтай гол дээр очиж нүүр гарыг  нь угаалгаад тэндээсээ сум руу цус нь тогтохгүй болохоор эмнэлэг орсон юм. ...Манай нөхөр Даваахүү, Базарсад хоёрын хооронд ямар нэг өс хонзон байхгүй. Базарсад эхнэртэйгээ хоолноос болж маргалдсан гэж байсан. Харин Мөнгөнцэцэгтэй юунаас болж муудсан талаар мэдэхгүй. Урд өдөр нь бол жоохон архи уусан тэгээд унтаж байгаад босоод 2 шил архи уучихаад эргээд унтсан болохоор босохдоо архи нь уг нь гайгүй байх ёстой юм. Нэг их согтуу байгаагүй. Манай нөхөр Даваахүүтэй Базарсад муудах үед хажууд Батсуурь, Мөнгөнцэцэг нар байсан. Мөнгөнцэцэг хаана хаанаа гэмтсэн талаар хараагүй өөрөө хөл гар луу цохисон гэж л байсан. Би түүнийг нь ажиглаагүй. Манай нөхөр Даваахүүгийн зүүн нүд мөн хамар нь хавантай байна.Өөр гэмтсэн зүйл байхгүй” ...гэх мэдүүлэг / хх- 9/,

 

- Гэрч Ч.Цолмонгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би нөхөр М.Базарсад болон Ш.Даваахүү, У.Батсуурь, Мөнгөнцэцэг нарын гэр бүлийн хамт  2017.07.12-ны өдөр бид нар Хэрлэн гол дээр гэр бүлийн найзууд гээд нийлсэн юм. Тэр үед манай нөхөр Базарсад машиндаа унтаж байхаар нь бос хоолоо ид гэж хэлсэн юм. Тэгсэн чинь манай нөхөр бэлэн гоймон иддэггүй гэдгийг мэдсээр байж гээд надтай маргалдсан юм. Тэгээд над руу дайраад байхаар нь манай найз Мөнгөнцэцэг дундуур орж чи хоол голлоо гэж хэлээд маргалдсан. Тэр үед нь би манай нөхөр намайг хараад янз бүрийн ааш гаргаж магадгүй гээд хөндий байж байсан. Тэгсэн чинь Даваахүү гарч ирээд зууралдсан. Тэгээд Батсуурь очоод манай нөхрийг татаж салгасан. Даваахүүг эхнэр нь Нямсүрэн очиж салгасан. Тэгээд Даваахүүг дагуулаад Нямсүрэн бид нар гол дээр очиж нүднийх нь тэндээс гарсан цусыг нь тогтоосон. Тэгээд Даваахүү сумын төв орно гэхээр нь аваад сумын төв явсан юм. ...Манай нөхөр Базарсад Даваахүүгийн нүүрэн тус газар нь 1 удаа мөргөж байгаа харагдсан тэрнээс цохиж зодолдсон зүйл байхгүй. Би өөр мөргөж цохиж байгааг нь хараагүй. Манай нөхөр Базарсад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр мууддаг үе чинь өглөө байсан болохоор нэг их уугаагүй. Би өөрөө бол архи хэрэглээгүй” ...гэх мэдүүлэг / хх-12/,

 

- Гэрч У.Батсуурийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бид нар Хэрлэн гол дээр гэр бүлийн найзууд гээд нийлсэн юм.Тэгээд бид нар хоол цай идэж уугаад зарим нь архи уух нь уугаад байж байсан юм.Би гадаа боолтны чулуу халаагаад байж байсан. Харин Базарсад, Даваахүү нар гадаа байж л байсан. Нэг харсан чинь тэр Даваахүү, Базарсад нар муудаж байсан. Тэгээд би очоод салгасан юм. Харин юунаас болж муудсан талаар мэдэхгүй. ...Тэр Базарсад, Мөнгөнцэцэг гэдэг хүнтэй муудах үед нь бол хараагүй мэдээгүй харин Даваахүү, Базарсад хоёрыг муудах үед нь бол очиж салгасан. Базарсад, Даваахүү нар жоохон халамцуу байсан.Би Даваахүүгийн нүүр орчим цус гарсан харагдсан. Хаанаас нь цус гарсан талаар хараагүй. Базарсадын хувцас жоохон цус болсон байсан.Тэгээд намайг салгасанаас хойш тэр Базарсад, Даваахүү нар сум руу явсан байсан. Би салгаж орхиод ямаа боож байсан тэрлүүгээ яараад явсан юм.Намайг анх очход Мөнгөнцэцэг, Даваахүү, Базарсад нар байсан харин цаанаас Нямсүрэн гарч ирж байсан” ...гэх мэдүүлэг / хх-10/,

 

- Гэрч А.Энхтөгсийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө ямаа боож идэх гээд байж байсан чинь Базарсад эхнэр Цолмонтой маргалдсан юм. Тэр Базарсад маргалдахдаа бэлэн гоймонгоор хоол хийлээ гэж эхнэртэйгээ маргалдсан юм. Тэр үед нь би машин дотор хэвтэж байсан юм. Тэгсэн чинь манай найз нар бахиралдаад байхаар нь харсан чинь Базарсад Мөнгөнцэцэгтэй хэрэлдэж байсан. Тэгээд Базарсад Мөнгөнцэцэгийг цохих гээд байх шиг байсан чинь гэрт байсан Даваахүү гарч ирээд барицалдаж байсан. Тэр хоёрыг хэн нь хэнийгээ цохисон талаар бол хараагүй. Тэгээд Даваахүү тонгойгоод байсан харсан чинь хамараас нь юм уу хаанаас нь цус гарсан талаар мэдэхгүй цус болсон байсан. Би яасан бэ гэж асуусан чинь нүднийх нь орчимоос цус гарч байсан. Би Базарсад, Мөнгөнцэцэг, Даваахүү нартай ямар нэг садан төрлийн холбоо байхгүй зүгээр гэр бүлийн найз нөхөд юм.Базарсад, Мөнгөнцэцэг хоёрыг муудах үед би машинд байсан. Тэр Мөнгөнцэцэгээс машинаас буугаад асуухад эхнэртэйгээ муудаад байхаар нь Цолмон руу дайраад байхаар нь гоймон иддэггүй гэхээр нь хэдэн үг хэлээд маргалсан юм гээд Мөнгөнцэцэг зогсож байсан. Тэгээд би Цолмонг өмөөрөөд Базарсадтай хэрэлдсэн юм байна гэж бодож байсан. Базарсад согтуу байсан харин Даваахүү нь гайгүй байсан” ...гэх мэдүүлэг / хх-11/,

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 259 дугаартай дүгнэлтэд: 1.Ш.Даваахүүгийн биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, язралт, зүүн нүдний алимны хөнгөн зэргийн доргилт тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-17/,

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 /

 

- М.Базарсадын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/ 

 

- М.Базарсадын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/

 

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багийн Засаг даргын 2017.07.25-ны өдрийн 83 тоот тодорхойлолт /хх-28 / 

 

- Шүүгдэгч М.Базарсадын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.08.08-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-35 / 

 

- Хохирогч Ш.Даваахүүгийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.08.08-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-38/

 

- Хохирогч Ш.Даваахүүгийн Сүхбаатар аймаг дахь Түмэнцогт сумын Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх- 37/ зэргийг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Базарсадад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч М.Базарсад нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг Хэрлэн голын орчимд иргэн Ш.Даваахүүгийн нүүрэн тус газар нь мөргөж түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины цус хуралт, язралт, зүүн нүдний алимны хөнгөн зэргийн доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Базарсадын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ш.Даваахүү, гэрч О.Мөнгөнцэцэг, Б.Нямсүрэн, Ч.Цолмон, У.Батсуурь нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 259 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

 Иймд шүүгдэгч М.Базарсадыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

 

М.Базарсад дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь хохирогч Ш.Даваахүүгийн “ Базарсад өөдөөс дайраад байсан. Тэгээд хүмүүс ирээд Базарсад бид хоёрыг хоёр тийш болгох гээд гарнаас бариад авсан. Гэтэл Базарсад миний зүүн нүд болон хамар орчим 2 удаа мөргөсөн. Тэгсэн чинь миний нүд орчимоос цус гараад хүмүүс салгаад эмнэлэг авч явсан ” гэх болон гэрүүдийн мэдүүлэгүүдээр нотлогдоно. 

 

Шүүхээс шүүгдэгч М.Базарсадыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Базарсадын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул хуульд заасны дагуу прокуророос сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

М.Базарсад нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

    Шүүүгдэгч М.Базарсад нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэрээр хохирогчид учирсан эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Даваахүү нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Хөхий овогт Мягмарын Базарсадыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Базарсадыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Ялтан М.Базарсад энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид учирсан эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ш.Даваахүү гомдол саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

 

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд ялтан М.Базарсадад авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН