Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/02661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 21 өдөр                    Дугаар 102/ШШ2022/02661                        Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: ГБ ХХК

 

       Хариуцагч:  Л.С

 

       Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 11.945.306 төгрөг 42 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

          Хариуцагч Л.С

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

       

1.Нэхэмжлэгч ГБ ХХК, хариуцагч Л.С холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 11.945.106 төгрөг 42 мөнгө гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Л.С нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ГБ ..... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 9.500.000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.

Хариуцагч нь зээл авах үед .... оршин сууж байсан.

Зээлийн төлөлтийг нэхэмжлэхээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт хариуцагч оршин суудаггүй гэх үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай Шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ... дугаартай Шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж, хариуцагчийг .... оршин суудгийг тогтоосон.

 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагчаас хүүгийн тооцоолол гаргаж үндсэн зээлийн төлбөрт 5.067.439 төгрөг 31 мөнгө, зээлийн хүү 5.796.201 төгрөг 74 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 1.011.465 төгрөг 37 мөнгө, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, нийт 11.945.306 төгрөг 42 мөнгийг хариуцагчаас нэхэмжилж байна, гэжээ.

      

           3.Хариуцагч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Би 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ГБ 9.500.000 төгрөгийн зээл авсан нь үнэн.

Зээл авсны дараа би 2015 оны 06 дугаар сард хүүхдээ төрүүлсэн. Жилийн дараа ажилдаа буцаад орно гэж бодсон тул банканд талд хүсэлт гаргаагүй.

2016 онд дахин хүүхэдтэй болж, жил дараалан хүүхэд төрүүлсэн учир төлбөрөө төлж чадахгүй болсон тул хүүг зогсоож өгнө үү гэх хүсэлтийг 2016 оны 12 дугаар сард ГБ гаргасан. Тухайн үед өргөдлийн хариуг хурлаар хэлэлцээд хариу өгнө гэж хэлсэн боловч хариу өгөөгүй.

Би тэр үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарч байсан учир өргөдлийн хариу авах гэж удаа дараа эдийн засагчтай нь утсаар ярьдаг байсан.

Эдийн засагч нь солигдсон шинэ эдийн засагч байна таны өгсөн өргөдөлтэй танилцана гэдэг хариу л өгдөг байснаас яг албан ёсоор таны хүүг зогсоосон гэдэг хариу өгөөгүй.

Гэтэл 2019 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээс залгаж, ГБ ХХК нь Л.С холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна гэж хэлэх үед би Сэлэнгэ аймагт амьдарч байсан.

Би Улаанбаатар хотод ирээд нэхэмжлэлээ гардаж авах гэтэл та СА амьдардаг, СХД оршин суудаггүй тул таны нэхэмжлэлийг СА шүүх рүү шилжүүлнэ гэж хэлсэн.

2019 оны 07 дугар сард ГБ эдийн засагчтай нь ярьж, Сэлэнгэ аймгийн шүүхэд хэргийг шилжүүлсэн эсэх талаар асуухад таны нэхэмжлэлийг дахин явуулна гэж хэлсэн.

2020 оны 04 дүгээр сард гэнэт намайг эрэн сурвалжилсан нэхэмжлэл гаргахад нь би их гайхсан.

ГБ өгсөн миний эзэмшлийн юнител, мобикомын 2 дугаар, гэрийн хаяг гэх мэт зүйлс огт өөрчлөгдөөгүй байсан.

2020 онд цар тахлаас шалтгаалж, Засгийн газраас зээлийн төлбөртэй холбоотой журам гаргахад би банктай очиж уулзаж, миний хүүг зогсоох боломжтой юу гэж асуухад боломжгүй гэх хариу өгсөн.

2022 онд ГБ зээлийн эдийн засагчтай холбогдоход надаас бага багаар зээлээ төлөх талаар асуухад нь би миний төлсөн мөнгө зөвхөн хүүгийн төлөлтөд ороод байна, үндсэн зээлийн төлбөрөөс хасагдахгүй байна гэж хэлэхэд надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан, гэжээ.

 

4.Хэрэгт цугларсан нотлох баримт:

          

           Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай Д.М, П.Б, Т.А олгосон “Итгэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаартай “Зээлийн гэрээ”, Л.С “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”, “Хүү тооцоолсон хүснэгт”, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай ГБ гүйцэтгэх захирлын тушаал, Улсын бүртгэлийн гэрчилгээ

 

          5.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Л.С дансны хуулга, СА ...... багийн Засаг даргын “Тодорхойлолт”, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Юнител” ХХК-ийн “Тодорхойлолт”, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Мобиком” ХХК-ийн “Тодорхойлолт”, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай “Орон сууц хөлслөх гэрээ”, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгчээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул зээлээ төлөх үүрэгтэй” гэж тайлбарлав. 

    

         3.Хариуцагч Л.С нэхэмжлэлийн татгалзлаа “Би зээл авсанд маргахгүй. Харин миний бие удаа дараа банкинд хандан зээлийн хүүг зогсоогоод шүүхэд намайг өгчээ. Би ойрхон хоёр хүүхэд төрүүлээд, нөхөр маань авто осолд орж саажилт үүсээд мөн ажилгүй хэцүү байна гэдэг шалтгаанаа хэлж өргөдөл өгч, утсаар ярих, банкин дээр очин биечлэн уулзсан боловч “за” гэж хэлээд хүүг зогсоогүй. Эдний зээл хариуцсан хүнтэй уулзахаар очиход байнга өөрчлөгддөг. Тэр битгий хэл хаяг дээрээ амьдарч байхад намайг эрэн сурвалжлуулсныг гайхаж байна. Мөн энэ хугацаанд миний гар утасны дугаар өөрчлөгдөөгүй. Зээлийн төлбөр 4 сая гаруй төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

       

        4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

      

         5.Нэхэмжлэгч ГБ ХХК-тай, хариуцагч Л.С 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ... дугаартай “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, 9.500.000 төгрөгийг, сарын 1.8 хувь, жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн орлогоо барьцаалан хийсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

         6.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

     

          7.Хэрэгт авагдсан 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон Улсын бүртгэлийн ..., регистрийн ... дугаартай гэрчилгээгээр ГБ ХХК мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.

 

          8.Иймээс Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээний дагуу 9.500.000 төгрөгийг авсан болон зээлийг эргэн төлж байсан талаараа маргаагүй бөгөөд зээлийн гэрээний салшгүй хэсэг зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон тул зээлээ төлөх үүрэгтэй.

 

        9. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Л.С зээлийн төлбөрт 8.000.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар зээл төлөлт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, оршин суух тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар зээлдэгч зээлийн хүүг зогсоолгох талаар 2015-2019 он хүртэл нэхэмжлэгчид хандан мэдэгдсэн нь тогтоогдож, зээлдэгчийн гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авч шийдвэрлээгүй түүний эрх ашгийг хохироосон  эс үйлдэхүй гаргасан нь нотлогдож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгч нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй ба нэхэмжлэгчийн тайлбараар тэр үеийн зээл хариуцаж байсан эдийн засагч, хуульчид өөрчлөгдсөнийг зөвшөөрч, зээл 8.776.967 төлөлтөд төгрөг төлсөн талаар маргахгүй байх тул хариуцагчаас 8.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.945.306 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

          10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 142.950 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

        

       1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.С зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 3.945.306 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 142.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА