| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0151/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/168 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй (томилолтоор), шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000143 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Я ургийн овогт С-ийн Н (РД: ...), 1967 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хувиараа мал аж ахуйг эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч С.Н нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны шөнө Увс аймгийн Давст сумын 02 дугаар баг, Жаргалант хорооллын 311 тоотод хохирогч Д.Отай маргалдаж, түүний цээжин тус газарт бор өнгийн иштэй хутгаар нэг удаа хутгалж, цээжний баруун дунд хэсэгт байрласан цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, уг шархны эргэн тойронд баруун суганы хонхорт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас), гэмт хэргийн дуудлага мэдээлэлд очиж ажилласан хэсгийн цагдаа Г.Даас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас), хохирогч Д.Оын мэдүүлгүүд (хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудас), гэрч Г.Дын мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), гэрч М.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), насанд хүрээгүй гэрч О.У-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), гэрч Р.З-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), гэрч Б.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 179 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас), шүүгдэгч С.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч С.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн С.Нийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, малчны тодорхойлолт, Р.З-гийн Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шинжлээн судалсанд тооцуулсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
2.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан үнэлээд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас);
- Хохирогч Д.Оын “...шөнө 01 цагийн үед би унтаж байтал хүн намайг татаж сэрээсэн. Тэр үед манай гэрт С.Н ганцаараа орж ирээд миний эхнэр М.Амгалантай юм ярьж байсан. С.Н нэлээн согтуу байсан тул та гэр рүүгээ яв гэж хэлсэн. Тухайн үед С.Н манай хоолны шкафын хажууд зогсож, эхнэр М.А галын хажууд зогсож байсан. Би С.Нид та яв, бид нар амармаар байна гэж хэлэхэд ямар нэг зүйл хэлэхгүйгээр манай хоолны шкафын шургуулгад байсан бор өнгийн модон иштэй хутга аваад баруун гараараа миний цээжний баруун хэсэгт хутгалсан. Хутганы үзүүр дотогш орсон эсэхийг би мэдэхгүй, миний цээжнээс цус ихээр гарч байсан ба С.Н манай гэрээс гарч явсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);
- Хохирогч Д.Оын дахин өгсөн “...Тэр шөнө унтаж байтал манай гэрт хүн орж ирээд эхнэр М.А-тай хэрэлдээд байхаар нь би сэрээд харахад нагац талын хамаатан С.Н согтуу байсан. Цээж нүцгэн хувцасгүй босож зогсоод тэр хүнийг гэрээс гаргах гэтэл манай хоолны шкафын шургуулгаас хутга авч тийм зүйл болсон. Миний цээжний баруун хэсэгт хутгаар зүсэгдсэн, хатгагдсан гэмтэл учирч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж одоо биеийн байдал хэвийн болсон. Өөр миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, одоо миний биед өвдөж зовуурилах зүйл байхгүй. Миний шаардлагатай бүх зардлыг С.Н төлж барагдуулж надаас уучлалт гуйж бид нар эвлэрсэн тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад сэтгэл санааны хохирол учраагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас);
- Гэрч Г.Дын “...2025 оны 05 дугаар сарын 21-ний шөнийн 01 цаг 33 минутад манай сумын эрүүл мэндийн төвийн дарга О.Болортунгалаг над руу “манай сумын иргэн Д.О нь цээжин тус газраа хутгалуулсан гээд дуудлага өгөөд байна, хамт очъё” гэж ярьсан. Би Д.Оын гэрт очиход тэрээр гэрийнхээ зуухны дээд талд суучихсан, гараараа цээжний баруун талд нойлын цаасаар дарсан байсныг авч харахад нэлээн гүн зүссэн шарх байсан. ...Би юу болсон талаар Д.Оын эхнэр болох М.А-гаас асуухад “манай нөхрийг унтаж байтал гаднаас С.Н орж ирээд сэрээгээд хэрүүл хийгээд байсан бөгөөд гэнэт маргалдаад орилохоор нь хартал С.Н шкафын шургуулгаас бор өнгийн модон иштэй хутга аваад цээжин хэсэг рүү нь хатгах шиг болсон. Тэгтэл манай нөхрийн цээжний баруун талаас цус гарахад С.Н гартаа барьж байсан хутгаа газарт хаяад гэрээс гараад зугтсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);
- Гэрч М.А-гийн “...2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Д.О бид хоёр ажилдаа явсан ба орой 20 цаг өнгөрч байхад нөхөр ирээд хоол унд идчихээд унтаж амарсан. Тухайн үед нөхөр Д.О бага зэргийн архи уусан байсан. Тэр орой гэрт хүн орж ирээгүй, нөхөр бид хоёр гэрээсээ гараагүй. Шөнө 01 цаг өнгөрч байхад манай гэрт хүн орж ирсэн ба гэрэл асааж харахад манай сумын иргэн С.Н согтуу орж ирсэн байсан. С.Н “цай өг, тамхи өг, чүдэнз байна уу” гэх мэтээр надаас болон нөхөр Д.Оаас асууж байсан. Тэр үед нөхөр Д.О “та харьж амар, гэрээс гар, бид нар унтаж амарлаа” гэж хэлэхэд манай хоолны шкафын татуурга /шургуулга/ татаад дотор нь байсан бор өнгийн модон иштэй хутга аваад миний нөхөр Д.Оын цээж хэсэгт нэг удаа хутгалсан. Тэр үед нөхөр Д.О, С.Н бид нар галын доод талд байсан ба Д.Оын цээжнээс цус ихээр гарч байсан. Би С.Нийг гэрээс хөөж гаргаад эмч дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);
- Насанд хүрээгүй гэрч О.У-ын “...2025 оны 05 дугаар сарын 20-ны орой бид нар унтаж байтал шөнө дунд гэр дотор чимээ гараад байсан. Сэрэхэд манай сумын иргэн С.Н гэх хүн манай гэрт согтуу орж ирсэн, галын баруун хэсэгт зогсчихсон манай аав Д.Отай хэрэлдэж маргалдсан байдалтай, цай хийж өг, гал, тамхи өг гэх мэтээр хэлж байсан. Тэр үед Нацагаа буюу С.Н гэх хүн цааш эргээд манай хоолны шкафын шургуулгаас хутга аваад манай аавын цээж хэсэгт хутгалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас);
- Гэрч О.Б-ийн “...2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 01 цаг өнгөрч байхад айлд дуудлагаар оччихоод гарч байтал манай эмнэлгийн сувилагч н.Б над руу утсаар залгаж “Д.О хутгалуулсан гэнэ, та очоорой” гэж хэлсэн. Давст сумын 02 дугаар багт байрлах иргэн Д.Оын гэрт очиход гэр дотор цус гоожсон Д.О зүүн гараараа цээжнийхээ баруун хэсгийг нойлын цаасаар дарчихсан байсан ба үзэхэд хутгаар зүсэгдсэн байдалтай цээжний ил шархтай, цус ихээр гарч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас) зэргийг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Увс аймгийн Давст сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч С.Н нь хохирогч Д.Оын гэрт агсам тавьж танхайрах явцдаа хохирогчийн цээж хэсэгт 1 удаа хутгалсан үйл баримт тогтоогдож байна.
2.2. Хохирогч Д.Оын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 179 дугаартай “...Д.Оын биед цээжний баруун хэсэгт байрласан цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, уг шархны эргэн тойронд, баруун суганы хонхорт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ...Цээжний баруун хэсэгт байрласан цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, уг шархны эргэн тойронд, баруун суганы хонхорт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээрх (2.1-т заасан) үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.
2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Увс аймгийн Давст сумын 02 дугаар баг, Жаргалант хорооллын 311 тоотод шүүгдэгч С.Н нь агсам тавьж, хохирогч Д.Отай маргалдах явцдаа түүний цээжин тус газарт бор өнгийн иштэй хутгаар нэг удаа хутгалж цээжний баруун дунд хэсэгт байрласан цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж, зүсэгдсэн шарх, уг шархны эргэн тойронд баруун суганы хонхорт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2.4. Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Гантулга шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор өнгийн иштэй хутгыг Г.Даас 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн (хавтаст хэргийн 3 дугаар хуудас) авч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр уг хутганд үзлэг хийж, гэрэл зургаар (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас) бэхжүүлсэн байна.
Мөрдөгч уг хутгыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эд мөрийн баримт (хавтаст хэргийн 10 дугаар хуудас)-аар тооцсон байх боловч 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.От буцаан өгсөн (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас) байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсгийг тооцох бөгөөд нэгэнт эд мөрийн баримтаар тооцсон зүйлийг тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу хадгалах, хамгаалах, шилжүүлэх, устгах эсэхийг шийдвэрлэдэг. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг давж заалдах хугацаа дуустал эд мөрийн баримтыг хадгална” гэж заажээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлэх журамтай.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор эд мөрийн баримтыг устгах, буцаан олгох, улсын орлого болгох эрхгүй бөгөөд зөвхөн шүүхийн шийдвэр буюу шүүгчийн зөвшөөрлөөр уг ажиллагааг явуулна.
Гэтэл мөрдөгч хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг буюу эд мөрийн баримтыг хохирогчид буцаан олгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгож, хариуцлага тооцуулах үүрэгтэй бөгөөд уг үүргээ прокурор хэрэгжүүлээгүй байна.
Эд мөрийн баримтыг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр буцаан олгох, устгах зэрэг тохиолдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түгээмэл гарч байгаа бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагааг хяналтаараа илрүүлж чадахгүй байгаа прокурорын буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх зэргээр идэвхтэй довтолж буй аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл ердийн ухамсрын хүрээнд бусад руу чиглэсэн, хүч хэрэглэсэн довтолгооны улмаас хүний эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой.
Шүүгдэгч С.Н нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед зэвсэг буюу хутга хэрэглэн халдсан байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
3.4. Шүүгдэгчийн хохирогч руу зэвсэг хэрэглэж довтолсон нэг удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Нийн үйлдлийн улмаас хохирогч Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч С.Н хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч Д.Оын “...Миний шаардлагатай бүх зардлыг С.Н төлж барагдуулж, надаас уучлалт гуйж бид нар эвлэрсэн тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад сэтгэл санааны хохирол учраагүй. Тэр талаар нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас)-ээр тогтоогдож байна. Иймд хохирогчийн дээрх мэдүүлэгт үндэслэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), Увс аймгийн Давст сумын Хандгайт багын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102 тоот албан бичиг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, өндөр насны тэтгэвэрт гарсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч С.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэх ялын төрөл, хэмжээнээс сонгож оногдуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, хохирогчийн цээж хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нид 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
4. Мөрдөгч 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч С.Нид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я ургийн овогт С-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийг 1’000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Н-ийг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА