Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 143/ШШ2021/00106

 

Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Ж.Т

Хариуцагч: О.М

30.015.389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн-төлөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О, нарийн бичгийн дарга А.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Т*******, О.М******* нар нь 2014 оны 11 сарын 12-ний өдөр 01 дугаартай гэрээ байгуулж Ө******* аймгийн Д сумын Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалттай 26 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь 1 сарын 0.25 буюу жилийн 3 хувийн хүүтэй. Зээлийг олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар зээлийн гэрээнд тусгасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Ж.Т*******ын Ө******* аймгийн Ц******* сум, Я******* тоотод байрлах 500 м2 газрыг өмчлөх эрх, Э.Аын Ө******* аймгийн Ц******* сумын төв Б******* тоотод байрлах 1000 м2 газрыг өмчлөх эрхийг тус тус барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч тал нийт 2 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 24 260 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 942 500 төгрөг, алданги 4 812 889 төгрөг, нийт үлдэгдэл төлбөр 30 015 389 төгрөг. Сум хөгжүүлэх сангийн зээл олгохтой холбоотой харилцааг Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ны өдрийн 153 дугаартай Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-р нарийвчлан зохицуулсан байдаг. Журмын 3.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн сумын Засаг дарга нь зээлдэгтэй гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих болон бусад эрхийг хэрэгжүүлдэг. Сум хөгжүүлэх сан нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлэх нь сангийн хөрөнгөөс гадна тухайн сумын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд зориулагдах хөрөнгийн эргэлтийг зогсоох муу үр дагавартай байдаг. Иймд хариуцагч нараас 30 015 389 төгрөг гаргуулж Ө******* аймгийн Д сумын Сум хөгжүүлэх санд олгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Т*******, О.М******* нартай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар зээл олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нийт төлөлтөө хийж дуусгахаар харилцан тохиролцсон боловч 2014 оноос 2017 оны хооронд нийтдээ 2.000.000 төгрөгийг төлсөн. Зээлийн үлдэгдэл 24.600.260 төгрөг, хүүгийн үлдэгдэл 942.500 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй. Тийм учраас Ө******* аймгийн Д сумын Засаг даргаас олгосон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлээ гаргаад шаардаж байна гэв.

Хариуцагч Ж.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Ж.Т*******, О.М бид 2 уг зээлийг аваад бизнес эхэлж байсан боловч улс орон даяар эдийн засгийн хямралтай он жилүүд таарч бизнес маань бүрэн зогсож санхүүгийн чадваргүй болсон учраас төлөх чадваргүй болсон одоо бид энэ зээлийг төлөх чадваргүй, боломжгүй байна гэжээ.

Хариуцагч О.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сум хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. О.М, Ж.Т******* бид хоёр уг зээлийг аваад бизнес эхэлж байсан боловч улс орон даяар эдийн засгийн хямралтай он жилүүд таарч бизнес маань бүрэн зогсож, санхүүгийн чадваргүй болсон учраас энэхүү зээлийг төлөх чадваргүй болсон. Зах зээлийн ийм үед энэхүү зээлийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Т*******, О.М******* нар нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нийтдээ 26.000.000 төгрөгийн бизнесийн зээл авсан байдаг. Энэ зээлээ хугацаанд төлөөгүй талаараа хариу тайлбартаа дурдсан. Үйл ажиллагаа эрхэлж байсан боловч тухайн үед эдийн засгийн хямрал болоод үйл ажиллагаа нь доголдож зогссон талаар ярьдаг. Иймээс өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй байгаа. Энэ зээлийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сум хөгжүүлэх сангаас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг. Хариуцагч Ж.Т*******, О.М******* нарт 2014 оноос 2017 он хүртэл 3 жилийн хугацаатай зээл олгосон. Тэгэхээр энэ зээл нь 2014 оноос 2021 он буюу өнөөдрийг хүртэл 6 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүхээр хянан хэлэлцэгдэж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймээс Иргэний хуульд заасны дагуу гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар, барьцааны хөрөнгийн жагсаалтын хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, дугаартай гэрчилгээний хуулбар, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, дугаартай гэрчилгээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1081 дугаартай итгэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Ө******* аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Ө******* аймгийн Д сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай итгэмжлэл зэргийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Ө******* аймгийн Д сумын Сум хөгжүүлэх сан нь Ж.Т*******, О.М******* нарт холбогдуулж 30.015.389 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Ө******* аймгийн Д сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын Засаг дарга Ц Б, хариуцагч Ж.Т******* нар 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас зээл олгох 01 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр сарын 0.25 хувийн хүүтэйгээр 26.000.000 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар зээлдэгч нар нь 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгахаар тохиролцсон ба зээлдэгч нар нь үндсэн зээлээс 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэсэн тайлбарыг гаргасан ба талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байна.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...энэ зээл нь 2014 оноос 2021 он буюу өнөөдрийг хүртэл 6 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно , 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...2020 оны 11 дүгээр сараас хойш сонгуулийн үр дүнг хараад шинэ Засаг дарга нар томилогдоод баталгаажсан... гэсэн тайлбар, Ө******* аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай захирамж зэргээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон С.Батболд нь Ө******* аймгийн Д сумын Засаг даргаар томилогдсон нь тогтоогдож байх тул шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үе гэж тооцож хариуцагч нараас зээлийн төлбөрийг эргүүлэн төлүүлэхээр тогтоох нь хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүх хариуцагч нарын хариуцах төлбөрийг тооцохдоо зээлийн үндсэн төлбөр 26.000.000 төгрөг, төлбөл зохих хүү 1.248.750 төгрөгнөөс төлсөн мөнгө 2.000.000 төгрөгний зөрүү 751.250 төгрөг нийт 25.248.750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.4-т заасныг үндэслэн алданги 4.812.889 төгрөгийг хариуцагч нараас шаардсан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т авсан зээл, түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх, зохих журмын дагуу зээлийг төлүүлэх шаардлагатай бусад арга хэмжээ авна заасан үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар хариуцагч нараас алданги 50.000 төгрөгийг гаргуулан нийт 25.298.750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас зээл олгох 01 дугаартай гэрээнд зээлдэгч О.М******* нь хамтран зээлдэгч гэж гарын үсгээ зурсан, гэрээний оролцогч биш гэж маргаагүй, түүнчлэн ... О.М, Ж.Т******* бид хоёр уг зээлийг аваад бизнес эхэлж байсан боловч улс орон даяар эдийн засгийн хямралтай он жилүүд таарч бизнес маань бүрэн зогсож, санхүүгийн чадваргүй болсон учраас энэхүү зээлийг төлөх чадваргүй болсон... гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж зааснаар хариуцагч нарт зээлийн гэрээний үүргийг тэнцүү хариуцуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Т*******, О.М******* нараас 28.298.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.716.639 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 308.027 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Т*******, О.М******* нараас улсын тэмдэгтийн хураамж 284.444 төгрөг гаргуулан орон нутгийн төсвиийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.УГТАХБАЯР