| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0095/э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Я.Батханд, Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435001760005 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г ургийн овогт И-ийн Э (РД: ....), 1993 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, агротехникч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт ... оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, З ургийн овогт Н-ын Ц, (РД: ...), 1975 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суудаг /... /, Увс аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж байсан.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч И.Э, Н.Ц нарыг бүлэглэж Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ш.Агийн өмчлөлийн 10 тооны бог мал буюу олон тооны малыг нууцаар авч 760’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Нэгдүгээр хавтаст хэргээс: Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (5-9 дүгээр хуудас), шүүгдэгч Н.Цын 95450105 дугаарын утасны ярианы билл, мөрдөгчийн тэмдэглэл (15-22 дугаар хуудас), Увс аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 48-1/4820 тоот албан бичиг, Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 160 тоот албан бичиг, түүний хавсралтууд (24-28 дугаар хуудас), хохирогч Ш.Агийн мэдүүлгүүд (33-34, 36, 38, 40 дүгээр хуудас), гэрч Б.Нгийн мэдүүлэг (42-43 дугаар хуудас), гэрч Б.Эын мэдүүлэг (48-49 дүгээр хуудас), гэрч Х.Бгийн мэдүүлэг (51-52 дугаар хуудас), гэрч Д.Дийн мэдүүлэг (58-59 дүгээр хуудас), гэрч С.Бын мэдүүлэг (61-62 дугаар хуудас), гэрч С.Бын дахин өгсөн мэдүүлэг (64 дүгээр хуудас), гэрч Ж.Дүгэрсүрэнгийн мэдүүлэг (66-67 дугаар хуудас), гэрч Ц.Ш-гийн мэдүүлэг (69-70 дугаар хуудас), гэрч С.Тын мэдүүлэг (72-73 дугаар хуудас), гэрч Ш.Ж-ийн мэдүүлэг (80 дугаар хуудас), малын үнэлгээ тогтоосон шинжээчийн 265 дугаартай дүгнэлт (97 дугаар хуудас),
- Хоёрдугаар хавтаст хэргээс: “Toyota ist” загварын, 27-43 УВА улсын дугаартай болон “Toyota prius 20” загварын, 46-75 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас, түүхчилсэн лавлагаа (246-250 дугаар хуудас), автомашин үнэлгээ тогтоосон шинжээчийн 121 дүгээр дүгнэлт (13-15 дугаар хуудас), шүүгдэгч И.Эыг яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (19-23 дугаар хуудас), мөрдөгчийн тэмдэглэл (24-27 дугаар хуудас), шүүгдэгч И.Э, Н.Ц нарын мэдүүлэг (31, 39 дүгээр хуудас), шүүгдэгч Н.Цыг яллагдагчаар татах тухай тогтоол өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (32-36 дугаар хуудас), хэргийн материал танилцуулсан баримтуудыг (40-41 дүгээр хуудас);
- Шүүгдэгч И.Эын өмгөөлөгч Б.Батгэрэл: Нэгдүгээр хавтаст хэргээс: Гэрч С.Бын мэдүүлэг (61-62 дугаар хуудас), гэрч С.Тын мэдүүлэг (72-73 дугаар хуудас), гэрч Д.Дийн мэдүүлэг (80 дугаар хуудас), гэрч Д.Бын мэдүүлэг (84 дүгээр хуудас), гэрч Ж.А-ын мэдүүлэг (86 дугаар хуудас), гэрч Г.Ганхүрэлийн мэдүүлэг (88 дугаар хуудас), шинжээчийн 265 дугаар дүгнэлт (97 дугаар хуудас), Увс аймгийн Ус цаг уур, орчин шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 160 тоот албан бичиг, түүний хавсралт (25-28 дугаар хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (240-241 дүгээр хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан.
Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Ө.Нарантуяа өмнөх шүүх хуралдаанд шинжлэн судалсанд тооцуулсан, шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Я.Батханд нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан үнэлээд:
- Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Аззаяагийн илтгэх хуудас (1 дэх хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас);
- Хохирогч Ш.Агийн малын А дансны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас);
- Шүүгдэгч Н.Цын 95450105 дугаарын утасны билл (1 дэх хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас);
- 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 22 дугаар хуудас);
- Хохирогч Ш.Агийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 тооны бог мал алдсан юм. Ойр орчмын хүмүүсээс сураглаад эрж хайгаад олоогүй. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Түргэн сум Рашаант баг” гэсэн групп дээр манай алдагдсан олон тооны баг малын зураг явж байсан. Зарын дагуу холбогдож Түргэн сумын 1 дүгээр баг, Гануу гэх газарт ирж үзэхэд миний алдагдсан 10 тооны бог мал байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас);
- Хохирогч Ш.Агийн дахин өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 тооны бог мал алдсанаас хойш н.Жамбалдорж болон н.Дүгэрсүрэнгийн хамтаар намаржиж байсан Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Нарийн ус гэх газраар сураглаж байсан. Би тухайн Адаргана гэх газраар явж хайгаагүй юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36 дугаар хуудас);
- Хохирогч Ш.Агийн дахин өгсөн “...Миний хувьд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр учир битүүлэг байдлаар малаа алдсан /гээгдүүлсэн/ боловч 10 тооны малыг хуучин намаржиж байсан газраа бэлчиж байхад нь тухайн хүмүүс өдөр шууд эзэнгүй хашаанд хашиж, орой нь ирж ачиж авах гэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан. Уг хүмүүстэй огт уулзаагүй бөгөөд ямар санаатай байсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ маргааш нь цагдаа нар миний малыг бүрэн хүлээлгэж өгсөн учраас надад ямар нэгэн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40 дүгээр хуудас);
- Гэрч Б.Нгийн “...2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр малын бэлчээрээс 10 орчим тооны хонь, ямаа алга болсон зүйл байгаа. Миний нөхөр Ш.А нутагладаг газар болон малын бэлчээрээс хайгаад олоогүй. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хадам ах утсаар залгаж “фейсбүүк дээр танай алга болсон бог малын зураг тавьчихсан байна. Увс аймгийн Түргэн сумын нутаг Хандын Гануу гэх нэртэй газар хашчихсан байна” гэж хэлсэн. Би нөхрийн хамт уг газарт ирэхэд тухайн хашаан дотор манай 10 тооны хонь, ямаа нийлсэн бог мал байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас);
- Гэрч Б.Эын “...Манайх энэ онд бог мал алдсан, алга болгосон тохиолдол байхгүй. Манай бог мал бүрэн байгаа. Тухайн өдрүүдэд Н.Ц над руу холбоо бариагүй. Харин манай нөхөр н.Д руу 2025 оны 11 дүгээр сарын 09-ний орой ярьсан байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дүгээр хуудас);
- Гэрч Х.Бгийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр н.А-ийн хамт Түргэн сумын 2 дугаар баг, Адаргана гэх газарт шийр /бог/ мал хайж явсан. Мал хайж яваад хуучин малын хашаанд бог мал хашсан ул мөр байсан. Тэгэхээр нь ороод үзэхэд жижиг тасалгааны хэсэгт 10 тооны бог мал хашсан байсан ба хаалга хэсгийг нь гэрийн хананы мод хаягдал мод зэргээр хаасан байсан. Тус 10 тооны бог мал нь 2 хонь, 2 ямаа, 2 хурга, 4 ишиг тус тус байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас);
- Гэрч Д.Дийн “...Манай малд Н.Цын мал байхгүй. Манайд тухайн хүн малаа хадгалуулж, хариулдаг зүйл байхгүй. ...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой Н.Ц гэх хүн над руу залгасан байсан. Тухайн үед би ярьсан эсэхийг сайн мэдэхгүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир сайн санахгүй байна. Маргааш өглөө нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр утсаа харахад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнийн 23 цаг 17 минутад над руу залгасан байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас);
- Гэрч С.Бын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Түргэн сумын 2 дугаар баг, Адаргана гэх газарт очиж өтөг бууц ачсан. 2 дахь удаагаа ачаад тухайн газраас Улаангом руу явж байхад замд 10 гаруй тооны бог мал таарсан. Тухайн үед 19-20 цаг болж байсан. Би Н.Ц ах руу залгаж Түргэн сумын 2 дугаар баг, Адаргана гэх газарт тасархай 10 гаруй бог мал байна гэж хэлсэн. Тухайн үед Н.Ц ах “манай хүргэн Адаргана гэх газарт намаржсан тэдний мал байх” гэж хэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 07 цаг болж байхад над руу залгаж тухайн тасарсан бог мал яг хаана байсан талаар асуусан. Би тухайн газрыг зааж өгсөн. Түүнээс хойш дахиж яриагүй. Тухайн үед Д.Дийн залуу очиж харах гэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас);
- Гэрч Ш.Д-гийн “...Тухайн үед Ш.А нь 10 тооны бог мал алдсан. Тухайн малаа Нарийн ус гэх газар эрж хайгаад олоогүй ба 2024 ны 11 дүгээр сарын 11-ний өдөр Түргэн сумын Нэгдсэн групп дээр зургийн тавьсан байсныг Ш.А очиж авсан талаар сонссон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас);
- Гэрч С.Тын “...2024 оны 11 дүгэр сарын 10-ны өдөр байх /тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан/ би Улаангом сумын 11 дүгээр цэцэрлэгийн галчийн ажлаас өглөө буух гэж байтал И.Э над руу утсаар ярьж “та таксинд явах уу” гэхээр нь би ажлаасаа бууж байна таксинд явна гэж хариулахад “та тэгвэл Ивгээл буюу Н.Ц ахыг замаараа аваад ир” гэж ярьсан. Би ажлаасаа 09 цагийн үед буугаад И.Эын хэлсэнээр замаараа Н.Цыг аваад түүний ажил дээр буюу Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэг дээр очсон. И.Эыг аваад түүний заасан газар руу бид гурав шууд явсан. Түргэн сумын нутаг дэвсгэр хадлангийн талбайн ар хэсгээр жижиг уулархаг газарт очсон ба тухайн газарт том жижиг нийлсэн 10 орчим бог мал байсан. Тухайн малыг И.Э нь “манайхны мал тасарсан байна, энэ малыг ойролцоо байгаа малын хашаанд шахчихий” гэж хэлээд тухайн малыг бид гурав эзэнгүй малын хашаанд шахаж, хаалга үүдийн бэхлэж орхиод буцаж аймгийн төв орж ирсэн. Дахин тухайн хоёр хүнтэй хамт яваагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас);
- Гэрч Ш.Ж-ийн “...Би тухайн өдөр Ш.Агийн бог мал болон өөрийн бог малаа хариулсан. Орой хотонд ирэхэд Ш.Агийн бог малаас 10 тооны мал дутсан. Тухайн 10 тооны бог малаа Ш.Агийн хамт Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Нарийн ус гэх газраар эрж хайсан. Түргэн сумын 2 дугаар баг Адаргана гэх газар эрж хайсан зүйл байхгүй. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Түргэн сумын Рашаант баг гэсэн фэйсбүүк цахим хаягт сумын хэсгийн цагдаагийн алба хаагч манай алдсан 10 тооны бог малын зураг оруулсан байсныг манай дүү Ш.А таниад очиж авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дугаар хуудас);
- Гэрч Б.Ө-ын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 19 цагийн үед Түргэн сум 2 дугаар баг Гануу гэх нэртэй газарт эзэнгүй хашаанд олон тооны бог мал хашсан байна гэх мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгчийн хамтаар явсан юм. Тухайн Түргэн сум 2 дугаар баг Гануу гэх газарт очиход эзэнгүй хуучин малын байр байсан ба орж үзэхэд жижиг тасалгаанд олон тооны бог мал хашиж, хаалгыг нь модон хана, төмрийн хаягдал зэргээр таглаж хаасан байсан. Хүн ирэх эсэхийг хүлээж байтал 22 цагийн үед жижиг суудлын автомашин ирээд эзэнгүй хуучин малын байрны хажууд зогссон. Би уг газарт яваад очиход 2 хүн ирсэн байсан ба тухайн хашсан байсан олон тооны бог малаас улаан зүсмийн нас гүйцсэн, тарган эх хонины хөлийг скочоор боож байсан юм. Тухайн үед ирсэн 2 хүний нэрийг тодруулахад И.Э, Н.Ц гэх хүмүүс байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дугаар хуудас);
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...Улаангом сумын хуучин пост, “Тус” гэх дэлгүүрийн урдаас координат цэг болон автомашины км-ыг тэглэж, тухайн өвөлжөөнд шууд очих замаар явахад уг өвөлжөөн дээр 25.9 км явж очсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 240-244 дүгээр хуудас);
- Шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 121 дугаартай “...2024 оны 11 дүгээр сарын байдлаар 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол Улсад орж ирсэн “Toyota pruis 20” загварын автомашины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 5’000’000 /таван сая/ төгрөгөөр тогтоолоо” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас);
- Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 265 дугаартай “...2024 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Түргэн суманд 10 тооны бог малын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 760’000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 97 дугаар хуудас) зэргийг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
2.1. Шүүгдэгч И.Э нь яллагдагчаар “...Манайх Улаангом сумын 2 дугаар багт өөрийн хашаа гэрт амьдардаг. 2024 оны 11 дүгээр сарын эхээр Н.Ц ах болон бусад хүмүүсийн хамт манайд хөзөр тоглож байхад Н.Ц ах руу С.Б гэх хүн утсаар яриад “Адаргана гэх газарт 10 тооны мал тасарсан байна. Уг газарт ямар ч айл амьтангүй газар байна эзнийг нь олчихвол” гэхээр Н.Ц газрыг нь сайн заалгаж аваад хүргэн Д.Д руу залгаж “танай намаржиж байсан Адаргана гэх газарт тасархай мал байна гэнэ, танайхан мал таслаагүй биз дээ” гэж асуусан. Тухайн хүн согтуу байсан бөгөөд “манай мал тасарсан байж магадгүй, та боломжтой бол өглөө харчих” гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед хөзөр тоглож байсан учраас утсаа чанга яригч дээрээ тавьж ярьсан тул яриаг нь сонссон. Маргааш өглөө нь би ажил дээр байхад над руу Н.Ц залгаад “нөгөө ууланд байгаа малын имийг нь харчихмаар байна, хамт яваад өг” гэхээр нь би зөвшөөрч, таксинд явдаг Т ахыг дуудаад бид гурав автомашинтай Түргэн сумын нутаг Адаргана гэх газар руу Улаангом сумаас гарсан. 20 орчим километр зайтай газар өглөө 10-11 цагийн хооронд очихдоо С.Б гэх хүнээр дахин заалгаад очиход заасан газар нь байгаагүй боловч эсрэг талын ууланд бэлчиж байхаар нь би алхаж очоод уулнаас буулгаад ирж, Н.Ц зүс имийг нь харчхаад энэ манай хүргэний мал биш гэхдээ энэ малын эзнийг олж өгье гэж яриад уулнаас доош зам дагуу тууж яваад ойролцоох хашаанд тууж хүргэсэн. Хашаанд шахчхаад шууд Улаангом орж ирсэн.
Өдөр 13 цагийн үед би Н.Ц ах руу яриад “хүний эзэнгүй малыг хээр айл байхгүй газарт шахаад хаясан учраас тэр малын эзнийг олж өгье, хашаанд шахдаг нь буруу боллоо” гэж хэлэхэд “чи ахын дүү аваад тэжээж байгаад зар тавиад эзнийг олоод өг” гэж хэлсэн. Өөрөө хөдөө явж байгаа тул орой яваад орно, автомашин тэрэггүй яах бэ гэхээр нь би нэг хүнээс асуугаад үзье гэж хэлсэн. Үргэлжлүүлэн ажлынхаа газрын О.Мээс автомашинаа өгчих хөдөө яваад ирье гэхэд зөвшөөрсөн. 17 цагийн үед би Ц руу ярихад Улаангом орж байна гэхээр нь би автомашин олчихлоо нөгөө малаа авч ирж, тэжээж байгаад эзнийг нь ольё гэж ярилцаад бид хоёр машинтай гараад 17, 18 цагийн үед мал хашсан газраа очсон. Очиход хашаан дотор мал байхаар нь би Н.Ц ахад мал байна одоо энэ малыг авч явах уу гэж хэлээд хамгийн догшин улаан алаг хонийг бариад хөлийг нь скочоор ороосон байхад цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас);
- Шүүхийн хэлэлцүүлэгт “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой манай гэрт хэдэн хүн хөзөр тоглож байсан. 8-9 цагийн үед С.Б гэдэг хүн Н.Ц /Ивгээл/ руу утсаар залгаж “Адаргана гэх газар 10 тооны бог мал тасарсан байна” гэж хэлсэн. Н.Ц “наана чинь манай Д.Д намарждаг газар байна. Ойр хавьд нь айл байна уу?” гэхэд ямар ч айл алга гэж хэлсэн. ...Маргааш нь би ажил дээр байхад Н.Ц залгаж “Д.Д нөгөө малыг очоод шалгачих гэж байна чамд машин байна уу?” гэхээр нь би миний автомашин эвдэрсэн гэж хэлсэн. Тэгэхэд Н.Ц “таньдаг такси байна уу?” гэхээр нь би С.Т гэж хүн рүү залгаж “Н.Ц ахын мал тасарсан байна гэнэ, та хамт яваад хараад ирэх боломж байна уу?” гэхэд С.Т “за” гэж хэлсэн. С.Т, Н.Ц нар намайг ажил дээрээс ирж авч явсан. Н.Ц ах “уул дээр байгаа малыг тууж ирээд им тамгын харуулаад өгөөч, би уул өөд алхаж явж чадахгүй” гэж хэлсэн. Би тухайн ууланд байсан малыг тууж ирсэн. Н.Ц ах тухайн малыг хараад “манай хүргэний мал биш байна” гэж хэлсэн. Тэгээд ойролцоо байсан малын хашаанд тухайн малыг хашчихаад бид хоёр явсан. Улаангомд ирээд эзэнгүй айлын хашаанд хашчихсан болохгүй байх гээд Н.Ц ах “чи мал тэжээж байгаа юм чинь авч ирээд тэжээж байгаад эзнийг нь олж өг” хэлсэн. Би жил бүр мал тэжээдэг. Бид хоёр манай ажлын залуугийн автомашинаар тухайн малыг авч ирэхээр явсан” гэж;
- Шүүгдэгч Н.Ц нь яллагдагчаар “...Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаангом сумын 2 дугаар баг Хархираа хороололд найз нөхдийн хамт гэрт хөзөр тоглож байхад мөн найз С.Б нь миний 95450105 дугаар руу 90000410 гэсэн дугаараас залгаад “Сонин юутай байна, би Түргэний хойд Адарганаас өтөг ачиж явна гэхээр нь мориндоо өтөг ачиж байна уу? өөр сонин юу байна гэхэд ба Адаргана гэх газарт явж байхад олон хоног тасраад догширсон байдалтай 10 тооны, нэг улаан алагтай хоньтой олон хоносон байдалтай хонь ямаа байна, танайхнаас тасарсан мал байна уу?” гэж асуухаар нь би үргэлжлүүлэн газрын байршлыг нь заалгаж авсан. Манай хүргэний намаржиж байсан газар байна гэж бодоод үргэлжлүүлэн шууд утсаар залгаад Д.Доос би “намарждаг газарт чинь мал тасарсан байна, танайхаас мал тасарсан зүйл байгаа юу” гэж асуухад согтуу байсан бөгөөд “Адаргана гэх газарт нэг ч айл байхгүй, та им тамгын харчихмаар байна” гэдэг зүйл хэлсэн.
Тэгэхээр нь би ярьж дуусаад энэ хүн ер нь сайн мэдэхгүй байна гэж хэлэхэд тухайн үед би утсаар ярихдаа чанга яригч дээр тавьсан байсан учраас миний яриаг сонсон хамт байсан хүмүүс одоо наад яриагаа орхиод тоглоомоо тоглоё гэдэг зүйлийг хэлсэн.
Тухайн үед бол И.Эын гэрт хөзөр тоглож байсан. Тоглоом дуусаж гэрт харьж амарсны дараа маргааш өглөө нь И.Э руу утсаар ярьж “өчигдөр орой яригдаж байсан малыг хамт очиж үзээд, буулгаад өг” гэж хэлээд хамт дагуулж авч явахаар болж 11 дүгээр сарын 10-ны өглөө 10 цагийн үед И.Э, С.Т нарын хамт автомашинтай Адаргана гэх газарт очсон. Уулан дунд, ойр хавьд айл байхгүй газарт 10 тооны мал байсан. И.Э уул руу алхаж очоод тууж ирэхээр нь би зүс имийг харчхаад “эзэнгүй мал учраас эзнийг нь олох хүртэл хамгаалъя” гэж ярилцсан. Тухайн үед би И.Эт “чи энэ малыг болохгүй бол гэртээ тэжээж байгаад зургийг нь зар дээр тавиад эзнийг ол” гэж хэлсэн. Эзэнгүй газар яаж орхих вэ уулын доод хэсэгт харагдаж байх хашаанд оруулъя гэж бодоод И.Э хашаанд тууж хүргэсэн. Хашаанд оруулсны дараа бид гурав аймгийн төв рүү орж ирсэн. Түүнээс хойш байж байтал И.Э над руу яриад “өдөр шахсан малыг эзэнгүй байлгаж болохгүй аймагт авч ирье, манай ажлын хүний машин аваад яв гэж байна” гэхээр нь бид хоёр тухайн газарт 21 цагийн үед очоод удаагүй байхад сумын цагдаа нар хүрээд ирсэн. Бид нарыг сум руу авч яваад маргааш өглөө сумын хэсгийн төлөөлөгч малын зар оруулахад эзэн нь ирээд таньж аваад явсан. Тэр үед бол эзэнтэйн уулзсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас);
- Шүүхийн хэлэлцүүлэгт “...Бид хоёр малын бэлчээрээс хохирогч Ш.Агийн малыг аваагүй. 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой С.Б гэж хүн над руу утсаар яриад Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Адарга гэх газар 10 тооны бог мал байна гэж ярьсан. Би тухайн газар намаржсан Д.Дийн мал байж магадгүй гэж бодоод Д.Д руу ярьсан. Намайг ярихад Д.Д согтуу байсан бөгөөд “та очоод харчих, би боломжгүй байна” гэж хэлсэн. Би И.Э дүүг гуйгаад хамт очсон. И.Э тухайн мал ууланд байхад очиж авч ирсэн. Тухайн тасарсан мал нь дандаа төл голдуу мал байсан учраас бид нар адилхан малчин хүмүүс байсан тул малыг хамгаалалтад аваад хашаанд хашсан. Бид нарын сургаар олсон малыг айлын хотноос авсан гэж улсын яллагч яллаж байна. 30 км газарт малаа малладаг малчин хүн байдаггүй юм. Энэ малын эзэн Ш.А гэдэг хүн байдаг гэсэн би одоо хүртэл уулзаагүй, ямар хүн байгааг нь мэдэхгүй байна. Тухайн 10 тооны бог малын И.Э бид хоёр хүний мөс чанар гаргаж явж олж өгсний хариуд өнөөдөр энд яллагдаж байна. Бид нар С.Т гэж хүнийг гуйгаад очиж тухайн малыг харсан нь үнэн. Бид нарт хулгай хийх ямар ч санаа зорилго байгаагүй” гэж тус тус гэм буруугийн талаар маргажээ.
Шүүгдэгч нартай гэрч Д.Д ярьснаа үгүйсгээгүй боловч тухайн малыг харж өг гэж гуйсан талаар батлаагүй, мөн шүүгдэгч Н.Ц нь тухайн малыг Д.Дийн мал биш гэдгийг мэдсэн атлаа гэрч С.Тод “манайхны мал” гэж хэлээд эзэнгүй хашаанд хашсан, эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүйгээр шөнийн цагаар очиж авах явцад нь цагдаагийн алба хаагч таслан зогсоосон үйл баримттай тэдгээрийн мэдүүлэг нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Ц, И.Э нарын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын дээр дурдсан мэдүүлгүүдээр няцаан үгүйсгэгдсэн, бусад баримтаар нотлогдохгүй байх тул тэдгээрийг хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байгаа гэж үзэх үндэслэлгүй.
2.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээр дурдсан нотлох баримт нь хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна. Иймд дээрх баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
а. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр малын бэлчээрээс хохирогч Ш.А өөрийн 10 тооны бог малаа алдсан;
б. Шүүгдэгч Н.Ц, И.Э нар 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс иргэн С.Тын эзэмшлийн “Toyota prius 20” загварын, 46-75 УВС улсын дугаартай автомашинаар Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Адаргана гэх газарт очиж хохирогч Ш.Агийн 10 тооны малыг бэлчээрээс тууж, тус багийн нутаг дэвсгэр Гануу гэх газарт байрлах эзэнгүй малын хашаанд хашсан;
в. Эзэнгүй малын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж, иргэдэд зар тараахгүйгээр тухайн өдрийн 22 цагийн үед уг малыг О.Мийн эзэмшлийн “Toyota ist” загварын, 27-43 УВА улсын дугаартай автомашинаар ачиж авахаар очоод нэг хонины хөл скочоор ороож байгаад цагдаагийн байгууллагын алба хаагчид баригдсан үйл баримт тогтоогдож байна.
2.3. Дээр дурдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч И.Э, Н.Ц нар 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Гануу гэх газарт гэрч С.Тын “Toyota pruis” загварын, 46-75 УВС улсын дугаартай автомашинаар очиж хохирогч Ш.Агийн 10 тооны бог малыг эзэнгүй малын хашаанд хашиж, тухайн өдрөө гэрч О.Мийн “Toyota ist” загварын, 27-43 УВХ улсын дугаартай автомашинаар тухайн бог малыг зөөж тээвэрлэхээр очиж, хохирогчийн нэг тооны малын хөлийг уяж байхдаа илчлэгдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.
Шүүгдэгч Н.Ц, И.Э нар нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс иргэн С.Тын эзэмшлийн “Toyota prius 20” загварын, 46-75 УВС улсын дугаартай автомашинаар Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт очиж, хохирогч Ш.Агийн 10 тооны малыг бэлчээр дээрээс тууж, тус багийн Гануу гэх газарт байрлах эзэнгүй малын хашаанд хашиж байгаа үйлдэл, энэ талаараа цагдаагийн байгууллага мэдэгдэж, эсхүл /цахим орчинд/ зар тавихгүйгээр шөнийн цагаар очиж нэг тооны малын хөлийг уяж байсан зэргээс дүгнэвэл эзнийг нь олж өгөхөөр гэртээ аваачиж тэжээх бус шунахайн сэдлээр хашсан, мөн дараа нь авахаар очсон гэж үзэх үндэслэлтэй.
Хулгайлах гэмт хэргийг үйлдэж буй этгээд хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжтой болсноор буюу хууль бус эзэмшилдээ авснаар төгссөнд тооцогддог. Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн идэвхтэй үйлдлээр “халдлагын зүйл”-ийг өөр орон зайд шилжүүлж, өөрийн мэдэлд оруулснаар уг гэмт хэргийг бүрэн төгссөн гэж үзнэ.
Мал хулгайлах гэмт хэргийн хувьд халдлагын зүйл болох “мал” нь бусдын оролцоогүйгээр орон зайн хувьд шилждэг буюу байршлаа өөрчилдөг онцлогтой. Иймд мал хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт этгээд тухайн малыг хотноос нь, эсхүл бэлчээрээс нь тууж өөр газар нутагт шилжүүлэх, өөрийн малд нийлүүлэх, малыг хаших зэргээр хууль бус эзэмшлээ тогтоосноор уг гэмт хэргийг төгссөн гэж үзнэ. Энэхүү тохиолдолд шүүгдэгч нар нь хохирогчийн малыг эзэнгүй малын хашаанд хашсанаар уг мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч нар нь хохирогчийн дөрвөн тооны хонь, зургаан тооны ямааг буюу арван тооны бог малыг хулгайлсан тул “олон тооны мал” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна. Тодруулбал 10 тооны бог малыг хулгайлсан шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Энэхүү хэргийн тохиолдолд шүүгдэгч Н.Ц, И.Э нар тухайн 10 тооны бог малыг тууж, хаших зэргээр үйлдлээрээ нэгдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэнд тооцно. Иймд шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.
3.4. “Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна.
“Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно[1].
Шүүгдэгч И.Э, Н.Ц нар нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс тус аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Гануу гэх газарт гэрч С.Тын эзэмшлийн “Toyota prius 20” загварын 46-75 УВС улсын дугаартай тээврийн хэрэгслээр очиж хохирогч Ш.Агийн 10 тооны бог малыг бэлчээрээс нь тууж айлын эзэнгүй хашаанд хашсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч нар дээрх автомашиныг гэмт үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх зорилгоор ашигласан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.
Харин шүүгдэгч нар 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой Улаангом сумаас Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Гануу гэх газарт очихдоо ашигласан О.Мийн эзэмшлийн “Toyota ist” загварын, 27-43 УВА улсын дугаартай дугаартай автомашиныг ашиглан мал хулгайлах гэмт үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нар тухайн малыг хашиж хууль бус эзэмшилдээ оруулснаар мал хулгайлах гэмт хэрэг төгссөн. Гэмт хэрэг төгссөний дараа тухайн малыг зөөж тээвэрлэх, эсхүл нядалсны дараа махыг нь зөөж тээвэрлэхэд автомашин ашиглахыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохгүй.
3.5. Шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Я.Батханд “...Хавтаст хэргийн материалд миний үйлчлүүлэгч мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу хохирогч Ш.А малаа алдсанаас хойш тухайн малыг хаших хүртэл нөхцөл байдлыг тогтоосон зүйл байхгүй. Улсын яллагч мал хулгайлах гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгдэг гэж тайлбарласан. Шүүгдэгч нарыг мал таслаад туугаад явж байсан талаар нэг ч гэрч мэдүүлээгүй, мөн бичгийн баримт хэрэгт авагдаагүй. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болж байна. Ийм учраас миний үйлчлүүлэгч алдуул мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан 15 нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэж;
- Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Ө.Нарантуяа “...Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Ц, И.Э нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэрч С.Б миний үйлчлүүлэгчтэй утсаар ярьж тасарсан мал байна гэж хэлснээр тухайн малын Д.Дийн мал байж магадгүй гэж үзэхээр очоод хохирогч Ш.Агийн малтай холбогдсон. Н.Ц хохирогч Ш.Агийн малыг хашсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин бог мал гэрээсээ 30 км хол явж бэлчээрлэдэггүй. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлнэ өөрчилж өгнө үү” гэж;
- Шүүгдэгч И.Эын өмгөөлөгч Б.Батгэрэл “...Тухайн 10 тооны бог мал нь хэн нэгний оролцоогүйгээр хохирогчийн эзэмшлээс гарч нутаг сэлгэсэн. Мөн тасарсан мал байна гэх сургаар хүргэнийх нь мал мөн эсэхийг шалгах гэж очсон байдаг. Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлээр зүйлчлэхэд хангалтай нотлох баримт бүрдээгүй байна” гэж мэтгэлцжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Я.Батханд, Ө.Нарантуяа, шүүгдэгч И.Эын өмгөөлөгч Б.Батгэрэл нар нь шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй гэж мэтгэлцжээ.
Алдуул мал гэдгийг гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй ижил сүргээсээ тасран салж, бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчин байрлаж байгаа өмчлөгч, эзэмшигч нь мэдэгдэхгүй байгаа буюу эзэнгүй малыг ойлгоно. Эзэнгүй, ижлээсээ тасарсан, өөр орон нутагт бэлчиж байгаа мал бүхнийг алдуул мал гэж үзэхгүй бөгөөд тухайн малыг авч эзэмшилдээ байлгаж байгаа, эзэнгүй мал гэдгийг мэдсэн этгээд нь орон нутгийн захиргаанд тэмдэглүүлж, эзэнгүй мал байгаа талаар тухайн орон нутгийн иргэдэд зар түгээсний дараа үүсэх ойлголт юм.
Тодруулбал Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх хууль зүйн үүргийг болон малчдын дунд байдаг алдуул малын талаар зар түгээх зан заншлын хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд алдуул мал гэж үздэг.
Мөн Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. Мөн тус зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлэх журамтай. Тухайлбал эзэнгүй, тасарсан малыг олсон, эсхүл мэдсэн этгээд эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш 1 жилийн хугацаанд буюу өмчлөх эрх үүсэх хүртэл бусдад худалдах, барьцаалах, нядлах зэргээр хувьдаа ашигласан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч Ш.А 10 тооны бог мал нь ижил сүргээсээ тасарсан боловч хохирогчийн намарждаг газар нутаг буюу Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан тул байнга бэлчээрлэх газар нутгаасаа холдсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч Н.Ц, И.Э нар Увс аймгийн Улаангом сумаас автомашин хөлсөлж Түргэн сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэр, Гануу гэх газарт очиж тухайн газарт бэлчээрлэж байсан хохирогч Ш.Агийн 10 тооны бог малыг тууж айлын эзэнгүй малын хашаанд хашсан идэвхтэй үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын тухайн үед хариулгагүй, эзэнгүй байсан малыг алдуул мал гэх хийсвэр дүгнэлт хийж өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авсан үйлдлийг алдуул мал завших гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
3.6. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Н.Ц, И.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ад 760’000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний 265 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 97 дугаар хуудас)-ээр тогтоогджээ.
Малд үзлэг хийж, хохирогч Ш.А хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас);
- Хохирогч Ш.Агийн “...Миний хувьд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны малаа учир битүүлэг байдлаар алдсан болон гээгдүүлсэн боловч миний 10 тооны малыг хуучин намаржин байсан газраа бэлчиж байхад тухайн хүмүүс өдөр шууд эзэнгүй хашаанд хашиж, орой нь ирж ачиж авах гэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан. Уг хүмүүстэй огт уулзаагүй бөгөөд ямар санаатай байсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ маргааш нь цагдаа нар миний малыг бүрэн хүлээлгэж өгсөн учраас надад ямар нэгэн хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан буюу хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэсэн нь тогтоогдож байна.
Мөн хохирогч Ш.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар нэхэмжлээгүй тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Н.Ц, И.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Н.Цын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 148 дугаар хуудас), шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлтийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 152 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 150 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 151 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэвэл шүүгдэгч нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч И.Эын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 154 дүгээр хуудас), шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлтийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 159 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 156 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 157 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэвэл шүүгдэгч нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт галч /машинист/ ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Н.Ц, И.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар: улсын яллагч “...шүүгдэгч Н.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 6 жилийн хорих ял, шүүгдэгч И.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Я.Батханд “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж үзээд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгч Н.Цын өмгөөлөгч Ө.Нарантуяа “...Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгч И.Эын өмгөөлөгч Б.Батгэрэл “...урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах шаардлагатай.
Шүүгдэгч Н.Цын гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Цд 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Мөн шүүгдэгч И.Эын гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал, тухайн гэмт хэрэг үйлдэхэд гэрч С.Ттой ярилцаж автомашин хөлслөх зэргээр идэвхтэй оролцсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч И.Эт 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгч Н.Ц, И.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэн С.Тын эзэмшлийн “Toyota prius 20” загварын 46-75 УВС улсын дугаартай автомашиныг ашигласан нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг журамтай. Харин тус зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулдаг. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгийг улсын төсөвт шилжүүлдэг.
“Toyota prius 20” загварын 46-75 УВС улсын дугаартай автомашин нь шүүгдэгч нарын өмчлөлийн эд хөрөнгө биш байх бөгөөд шинжээчийн 121 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас)-ээр “Toyota prius 20” загварын 46-75 УВС улсын дугаартай автомашины үнэлгээг 5’000’000 төгрөгөөр тогтоожээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota prius 20” загварын, 46-75 УВС улсын дугаар автомашины үнэлгээ болох 5’000’000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 2’500’000 (хоёр таван зуун мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
3.3. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
4. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан, улсын яллагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч нарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болно.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г ургийн овогт И-ийн Э, З ургийн овогт Н-ын Цын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Ц-ыг 02 (хоёр) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар;
- Шүүгдэгч И.Э-ыг 02 (хоёр) жил 04 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota prius 20” загварын, 46-75 УВС улсын дугаар автомашины үнэлгээ болох 5’000’000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 2’500’000 (хоёр таван зуун мянга) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц, И.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоол