Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 143/ШШ2021/00107

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: М.П

36.074.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.*******, Г.******* нар нь 2014 оны 04 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалттай 30.000.000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь 1 сарын 0.25 буюу жилийн 3 хувийн хүүтэй. Зээлийг олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд төлж барагдуулахаар зээлийн гэрээнд тусгасан. 2014 оны 04 сарын 25-ны өдрийн 01 дугаартай дээрх зээлийн гэрээг нэг талаас зээлдүүлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх санг төлөөлөн Даланзадгад сумын Засаг дарга, нөгөө талаас зээлдэгч М.*******, хамтран зээлдэгч Г.******* нар байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор Х.*******ийн эзэмшлийн дугаартай газар, Тоёота Марк 2 105 маркийн автомашиныг барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч тал нийт 1.920.370 төгрөгийн төлөлт хийсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 28.872.915 төгрөг, хүүгийн үлдэгдэл 883.840 төгрөг, алданги 6. 317.425 төгрөг, нийт үлдэгдэл төлбөр 36.074.180 төгрөг. Сум хөгжүүлэх сангийн зээл олголттой холбоотой харилцааг Засгийн газрын 2016 оны 03 сарын 14-ны өдрийн 153 дугаартай Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-р нарийвчлан зохицуулсан байдаг. Журмын 3.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн сумын засаг дарга нь зээлдэгтэй гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих болон бусад эрхийг хэрэгжүүлдэг. Сум хөгжүүлэх сан нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдсан. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлэх нь сангийн хөрөнгөөс гадна тухайн сумын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд зориулагдах хөрөнгийн эргэлтийг зогсоох муу үр дагавартай байдаг. Иймд хариуцагч нараас 36.074.180 төгрөг гаргуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх санд олгоно уу гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нийт 30.000.000 төгрөгийг Сум хөгжүүлэх сангаас М.*******, Г.******* нар авсан байдаг. Үндсэн зээлийн үлдэгдэл шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 28.872.915 төгрөг, хүүгийн үлдэгдэл 883.840 төгрөг, алданги 6.317.427 төгрөг, нийт зээлийн төлбөр нь 36.074.180 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ хүмүүс 2014 оны 04 дүгээр сарын 25-аас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл буюу зээлийн гэрээнд тохирсон гурван жилийн хугацаанд нийтдээ 1.920.371 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлөлт байхгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар энэ зээлийн төлбөрийг шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч М.******* нь нөхөр Г.*******тай хамтран 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалттай 30.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан. Тухайн зээл дээр 10.000.000 төгрөгийг нэмж олж нийт 40.000.000 төгрөгөөр М.******* нь ******* тоотод нийтийн халуун усны зориулалттай 48 м2 талбайтай байр барьж ашиглалтанд оруулан үйл ажиллагаагаа явуулж байсан. Уг халуун усны халаалтыг тогоор буюу шалны халаалтаар шийдсэн бөгөөд ус, тогны зардалд олсон мөнгөө өгч сүүлдээ уг зардлаа дийлэхээ байж үйл ажиллагаа зогссон бөгөөд өвлийн хүйтэнд халуун ус маан хөлдөж орлогогүй болсон. Мөн давхар өр зээлтэй байсан тул төлөх боломжгүй өдийг хүрсэн. М.******* нь 2014 оны 04 сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангаас 30.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2014 оны 04 сарын 28-ны өдрийн 01 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваариар буюу 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар гэрээний зүйлд тусгасан. Дээрх хуваарийн дагуу төлөлтөө хийх боломжгүй нөхцөл байдал үүсч гэрээний зүйлээ зээлдэгч зөрчсөн байхад зээлдүүлэгч зээлээ төлөх талаар ямар 1 арга хэмжээ аваагүй 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хариуцагч М.******* нь зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн этгээд хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт: гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт: хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 36.074. 180 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.******* нь нөхөр Г.*******тай хамтран 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Даланзадгад сумын Сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байраар хангах зориулалттай 30.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар зээлж авсан байдаг. Тухайн зээлээр ******* тоотод нийтийн халуун усны зориулалттай 48 метрквадрат байр барьж ашиглалтад оруулж үйл ажиллагаа явуулж байсан. Халуун усныхаа халаалтыг тогоор буюу шалны халаалтаар шийдсэн байдаг. Тухайн үйл ажиллагаа явуулж байхдаа ус, тогны зардалд олсон орлого нь яваад байсан. Энэ зардлаа дийлэхээ байгаад үйл ажиллагаа нь зогссон. Өвлийн хүйтэнд хөлдөж орлогогүй болоод дахиж үйл ажиллагаа явуулаагүй. Мөн М.*******гийн хувьд давхар өр зээлтэй асуудал байсан учраас төлөх боломжгүй нөхцөл байдал үүсч өнөөдрийг хүртэл төлөөгүй ирсэн гэдгээ тайлбарладаг. М.*******гийн хувьд заасан гэрээний үүргээ төлөх ёстой боловч энэ зээл нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон. М.*******, Г.******* нарын хувьд эхний гурван сарын төлөлтөө хийсэн байдаг. Үүнээс хойш зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн. Энэ талаар сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй, уулзаж учраагүй 7 жил өнгөрсөн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан байдаг. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байдаг. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж миний зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа нь дууссан учраас үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Иймээс хөөн хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалт, хариуцагч М.*******, Г.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 0169013 дугаартай гэрчилгээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1078 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/44 дугаартай Өмнөговь аймгийн Засаг дарын захирамжийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацралтын хариу тайлбар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 151 дугаартай итгэмжлэл, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

******* нь М.*******, Г.******* нарт холбогдуулж 36.074.180 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж, хариуцагч М.*******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаарджээ.

*******г төлөөлж тус сумын Засаг дарга Ц Баттулга, хариуцагч М.******* нар 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас зээл олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 01 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр сарын 0,25 хувийн хүүтэйгээр 30.000.000 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар зээлдэгчид 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй харилцан тохиролцож, зээлдэгч 1.920.370 төгрөгийг эргүүлэн төлсөн ба талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал нь ...хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж миний зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа нь дууссан учраас үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Иймээс хөөн хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно , 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... гэж заасан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/44 дугаартай захирамж зэргээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон С.Батболд нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргаар томилогдсон нь тогтоогдож байх тул шаардах эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үе гэж тооцож хариуцагч нараас зээлийн төлбөрийг эргүүлэн төлүүлэхээр тогтоох нь хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүх хариуцагчийн хариуцах төлбөрийг тооцохдоо зээлийн үндсэн төлбөр 30.000.000 төгрөг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар зээлдэгч хэдэн төгрөгний төлөх ёстойгоос буцаан төлсөн төлбөр 1.920.370 төгрөг нь хүүний төлбөр эсхүл үндсэн төлбөрөөс тооцож суутгах нь тодорхойгүй, шүүх тооцох үндэслэлгүй байх тул үндсэн төлбөр 30.000.000 1.920.370 = 28.079.630 төгрөг байхаар тооцох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.4-т заасныг үндэслэн алданги 6.317.425 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т авсан зээл, түүний хүүгийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн харилцах данснаас үл маргах журмаар төлүүлэх, зохих журмын дагуу зээлийг төлүүлэх шаардлагатай бусад арга хэмжээ авна заасан үүргээ зээлдүүлэгч биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар хариуцагчаас алданги 50.000 төгрөгийг гаргуулан нийт 28.129.630 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.*******гаас 28.129.630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.944.550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 338 321 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 298.598 төгрөг гаргуулан орон нутгийн төсвиийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР