Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 143/ШШ2021/00116

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч: С.Г

2 324 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч С.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр С.******* над руу утасдаж *******анд байрлах махны дэлгүүрээр ажиллаж байгаа сэндвичэн байрныхаа 1 өрөөг ард нь өргөтгөл хийгээд худалдана, та 15 сая төгрөгөөр авах уу, өрөө нь 3х6 м хэмжээтэй, өргөтгөлийг мөн тийм хэмжээтэй барьж өгнө гэсэн. Ард нь одоогоор *******гийн амбаар байгаа гэсэн. Би хүүтэйгээ ярилцаж байгаад өргөтгөлийг өөрсдөө хийе. Харин *******д амбаараа аваарай урд талаа хүнд зарсан гэж хэлээрэй. Тэгээд 10 саяар авъя гэсэн. Тэд зөвшөөрөөд эхний удаа 5 сая төгрөгийг 4 сарын 29-нд шилжүүлсэн. Тэгээд 5 сард *******анд очоод үзтэл өрөө нь 3х4.8 м байсан. Тунгалагтай уулзсан чинь ар талын газрыг өгөхгүй энд юм баривал манай цонхыг хаах гээд байна. Би өөрөө ард нь байгаа амьдрах байраа урагш нь сунгаад том үйлчилгээний заал болгож олон хүнд түрээсэлнэ гэж хэлсэн. Бидний анх ярьснаас өөр зүйл яриад байгаа санаанд тохироогүй тул би буцаахаар шийдсэн. С.******* мөнгийг эргүүлж өгье гэж хэлсэн. Миний харснаар ер нь байраа зарах дургүй харам байгаа юм шиг санагдсан.

Би мөнгөө авчихвал боллоо гэж бодсон. Сар хагасын дараа 6 сарын 11-нд 3 сая төгрөгийг өгсөн. Одоо 2 сая төгрөг дутуу, 4 сарын 29-с хойш 8 сар болж байна. Би Төрийн банкнаас сарын 1,8 хувийн хүүтэй зээлтэй, 2 сая төгрөгийн сарын 1,8 хувийн хүү 36 000 төгрөг 9 сард 324 000 төгрөг, бүгд 2 324 000 төгрөгийг С.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би юань авдаг, юанийн ченж хийдэг. Хэрвээ 2 000 000 төгрөг надад байсан бол би 4600 юань авах байсан. 4600 юань өдөртөө хэдэн ч удаа эргүүлж болдог. Нэг удаа эргүүлэхэд 13600 төгрөг, сардаа 353 000 төгрөг олох боломжоо алдсан. Миний нэхэмжилж байгаа мөнгө 324 000 төгрөг, энэ бол ганцхан сарын ашиг. Гэхдээ энэ мөнгийг өгөөд бараг жил болж байна. Би 5 сараар олох ашгаа бодоход 1 768 700 төгрөгийн боломжоо алдсан. Надаас авсан 2 000 000 төгрөгөөрөө С.******* өөрийнхөө зээлийг төлсөн. Хүн надаас авсан мөнгөөрөө зээлээ төлж байхад би өөрийнхөө мөнгөөр зээлээ төлчихсөн бол хий хоосон Төрийн банканд хүү төлөхгүй байсан. Энэ бол хамгийн багаар бодож хэлсэн мөнгөн дүн. С.******* нь Цэцэгээс 6 500 000 төгрөг, надаас 5 000 000 төгрөг авсан ба 5 000 000 төгрөгөө буцаагаад өгчхөж болох л байсан. Гэтэл энэ бүх мөнгөөрөө зээлээ төлсөн л гэж хэлсэн. Энэ хүн зээлээ төлж болоод байхад, хэрвээ надад энэ мөнгө байсан бол би бизнестээ ашигтайгаар ашиглах эсвэл зээлээ төлж болох л байсан шүү дээ. Энэ бол бизнес эрхэлж байгаа ямар ч хүн мэдэх асуудал. Хүний мөнгийг авчхаад бүтэн жил болчхоод би зээлээ төлчихсөн шүү дээ гэж хэлчхээд өгдөггүй. Хэрвээ надад байсан бол би бизнесээ хийх эсвэл зээлээ төлөх л байсан. Мөн би 5 000 000 төгрөг өгснөөс тэр байрны түлхүүрийг нь авч нэг ч удаа дотор нь орж үйл ажиллагаа явуулаагүй. Намайг 05 дугаар сард очиход тэр байранд чинь мах зардаг хүн түрээслээд С.*******т түрээсээ өгөөд л байж л байсан. Би тэр байрны дотор нь нэг ч удаа орж байгаагүй. С.******* түрээсэлсэн хэвээрээ л байсан гэв.

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы 4а-6 тоотод оршин суугч Боржигон овогт Сэнгээгийн ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сэндвичэн байрыг 15 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцоод урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг авсан. 2020 оны 06 дугаар сард хоёул ярилцаж тохиролцоод наймаа буцсан. Буцаагаад 3 000 000 төгрөгийг өгсөн. Наймаа буцсан учир 2 000 000 төгрөгийн өглөгтэй үлдсэн. Хүү тооцно гэж тохиролцоогүй тул үндсэн төлбөрийг төлнө гэжээ.

Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгийг аваад би зээлээ төлсөн. Би өөрөө мөнгө гаргаж өгөх боломжтой байсан бол энэ хүний мөнгийг төлөх л байсан. Би ганцхан байр түрээслээд нэг ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас хүү тооцсоныг төлж чадахгүй. Анх авсан үндсэн мөнгөө төлөх л хүсэлтэй байна. COVID цар тахал гараагүй байсан бол би үйл ажиллагаагаа явуулаад энэ мөнгийг чинь төлөх л байсан. Өнөөдрийг хүртэл ийм нөхцөл байдлыг үүсгэхгүй л байсан. Одоо бол надад хүү байтугай үндсэн мөнгийг чинь төлөх боломжгүй болоод өнөөдрийг хүртэл ийм нөхцөл байдалтай явж байгааг мэдсээр байж тэгж болохгүй шүү дээ. ******* надад мөнгөө өгчихсөн бол би энэ мөнгийг чинь бүгдийг нь өгчих байсан. Тухайн үед манайд ажил явдал гарсныг та мэдэж байгаа. *******ээс авсан мөнгөө дүүгийнхээ ажил явдалд зарцуулсан гэдгээ танд би хэлсэн шүү дээ. Хэрвээ тухайн үед манай дүү нас бараагүй байсан бол таныг мөнгийг би өгөх л байсан. Тухайн үед би болсон нөхцөл байдлаа хэлээд танд хагас 3 000 000 төгрөгийг чинь өгсөн биз дээ. *******ээс авсан мөнгөө би банк, зээлийн мөнгөнд өгөөгүй. Би ажил явдалд л хэрэглэсэн гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь С.*******т холбогдуулан 2 324 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 324 000 төгрөгийг эс зөвшөөрч маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч С.******* нар нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сум, *******анд байрлах сэндвичин 1 өрөө байрыг 15 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, худалдан авагч Д.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилгаанд 5 000 000 төгрөгийг худалдагч С.*******т харилцах дансаар шилжүүлсэн баримт зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талууд дээрх тохиролцоогоо баталгаажуулж бичгээр гэрээ байгуулаагүй ба тэд 3х6 харьцаатай сэндвичин байрны ар талд өргөтгөл хийгээд 15 000 000 төгрөг, өргөтгөлгүй бол 10 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх ба худалдан авагч Д.******* очиж үзэхэд хэмжээ нь 3х4,8, ар талын газрыг өгөхгүй зэргээс болж буцаахаар болсон, худалдагч С.******* нь мөн 2020 оны 06 сард хоёулаа ярилцаж тохиролцоод наймаа буцсан тул 3 000 000 төгрөгийг Д.*******д буцаан өгсөн, үлдэх 2 000 000 төгрөгийг төлнө гэж тус тус тайлбарладаг.

Нэхэмжлэгч нь Төрийн банканд зээлтэй, нэхэмжилж буй 2 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүгээр тооцоход сарын 36 000 төгрөг ба үүнийг 9 сараар бодож нийт 324 000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилжээ. Тэрээр зээлийн эргэн төлөлтийн хуваарь 1 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэснийг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Талууд бичгээр гэрээ байгуулаагүй тул гэрээнд заасан хүү, алдангийн асуудал хөндөгдөхгүй ба харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирол 324 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах эсэхэд дараах байдлаар дүгнэлт өгөх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 205.7 дахь хэсэгт энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биечлэн, нэгэн зэрэг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Гэтэл талууд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилгаа 5 000 000 төгрөгийг шилжүүлж, 05 дугаар сард тохиролцож чадаагүй үндэслэлээр буцаахаар болж 06 дугаар сарын 11-ний өдөр 3 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн өдрөөс хойш 9 сарын хугацаа өнгөрсөн буюу хариуцагч С.******* нь урьдчилгаанд авсан мөнгийг бүрэн буцааж өгөх үүргээ тухайн цаг хугацаанд гүйцэтгээгүй байх тул хохиролд 150 000 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд хариуцагч С.*******аас нийт 2 150 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 174 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******аас 2 150 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 174 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 134 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамж 49 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ОТГОНСҮРЭН