Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 143/ШШ2021/00164

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б

Хариуцагч: Х.О

Хариуцагч: У.У

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Х.*******, У.******* нараас гэрээний үүрэгт нийт 12 585 826.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Х.*******, У.*******, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.******* болон хамтран зээлдэгч У.******* нар нь *******ны Өмнөговь салбартай 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 341601182581 тоот зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг жилийн 26,4%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.

Зээлийн барьцаанд: Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар улсын бүртгэлийн дугаартай, ******* тоот хаягтай/; Олон үйлдэлт гоо сайхны уурын аппарад; тавилга; 6D арьс оношлогооны аппарад Асег брендын зөөврийн компьютер; Toshiba брендын зөөврийн компьютер; бараа материалын үлдэгдэл.

Зээлдэгч Х.******* болон хамтран зээлдэгч У.******* нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1 891 599.65 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 188 642.35 төгрөг нийт 4 080 242 төгрог төлсөн. Зээлдэгч Х.******* болон хамтран зээлдэгч У.******* нар нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болох мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2019 оны 03-р сарын 26-аас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 329 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2021.02.17-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж өгнө үү. 2021 оны 02-р сарын 17-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 10 108 400.35 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 446 800.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 625.42 төгрөг, нийт төлөх дүн 12 585 826.48 төгрөг байна. Иймд зээлдэгч Х.******* болон хамтран зээлдэгч У.******* нараас 12 585 826.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх зээлийн гэрээг байгуулахад хоёр хариуцагч хоёулаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж авсан байдаг. ******* ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд хариуцагч Х.*******, У.******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч нар нь 341501182581 тоот зээлийн гэрээг байгуулж 12 000 000 төгрөгийг 26,4% хүүтэй, 40 сарын хугацаатай авсан байдаг. 2020 оны 02 сараас зээлдэгч Х.******* хугацаа хэтрүүлж банкны зүгээс зээлдэгчид 3 удаагийн мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийн дагуу зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж үндсэн зээл нэмэгдүүлсэн хүү нийлбэр дүнгээр 12 585 826,48 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай байгаа. Банкны зүгээс хариуцагч Х.*******өд мэдэгдэх хуудас өгөх бүртээ танилцуулсан байгаа. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зэлээс 1 891 599 төгрөг, нэмэгдүүлсэн болон хуримтлагдсан хүүгийн төлбөр 2 188 642,35 төгрөг, нийлбэр дүнгээр 4 080 242 төгрөг төлсөн байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 10 108 400,35 төгрөг, зээлийн хүүд 2 446 800,71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30625,42 төгрөг нийлбэр дүнгээр 12 585 826,48 төгрөг болж байна гэв.

Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хүрлээ овогтой ******* би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* Гурвансайхан тооцооны төвөөс 12 000 000 төгрөг болох бизнесийн зээл авсан нь үнэн. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж сар бүр төлөлтөө хийж явж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс банкны төлөлт хоцрогдож ирсэн нь үнэн. Сүүлийн 2 жил шахам цар тахал ковид-19 өвчний улмаас хийж байсан гоо сайхны үйл ажиллагаа маань хумигдаж ирсэн. Олон сар гэртээ нийтээрээ крантилагдсан. Энэ хугацаанд ямар ч орлогогүй болсон. 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* шилэн хийц компани байгуулсан. Одоогоор үйл ажиллагаа маань эхлэх гэж байна. *******наас нэхэмжилж байгаа 12 585 826.48 төгрөг төлөх нь үнэн. Яаралтай хурдан төлөх гээд ажиллаж байна. Өмнөх хугацаанд төлж байсан мөнгө маань хүүд төлсөн юм байна. Нийт хүү 4 080 242 төгрөг төлсөн байна гэжээ.

Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 12 585 826,48 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр зөвшөөрч байна. Би гоо сайхны үйл ажиллагаа эрхэлдэг. Би 2019 оны 05 дугаар сарын 31-нд тус банкнаас 12 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар авсан нь үнэн. Би тухайн үед 2 өөр банкинд зээлтэй байгаад *******наас авсан зээлээрээ хааж үлдсэн хэсгээр нь эргэлтийн хөрөнгө авсан. 2019 оны 6 сараас хэвийн төлөлттэй явж байгаад 2020 оны 03 дугаар сараас эхлэн цар тахал гарч хөл хорионд орсон. Мөн тухайн үед би бие давхар байж байгаад 2020 оны 05 дугаар сард төрсөн. Одоо нялх хүүхэдтэй. Би 2020 оны 2 дугаар сард буюу цагаан сарын үеэр маш их хэмжээний бараа татаад ажлаа хийхээр төлөвлөж байсан ч цар тахал гарсны улмаас хөл хорьчихсон. Бид нийгэм даяараа 2 жилийн хугацаанд хоригдож байна. Ингээд ажлаа өөрийн зүгээс хянаад явах боломжгүй нөхцөлд орсон. Миний зүгээс хотоос бараа татаж хөдөө сумдаар явж борлуулан зээлээ төлөх чин хүсэл байсан боловч яг гэр хорионд 2 жилийг өнгөрүүллээ. Одоо би *******наас болон хамтран зээлдэгч нараас уучлалт гуйж байна. Зээлээ төлөх нь миний өөрийн үүрэг. Би сая 2021 оны 01 дүгээр сард ******* шилэн хийц гэх компанийг найзуудын хамт байгуулсан. Компанийн маань үйл ажиллагаа жигдрэх гээд ажлын санал аваад гэрээ хэлцлээ байгуулаад явж байна, мөн нийгмийн байдал ч сайжирч байна. Би итгэл хүлээгээд авсан зээлээ төлөх үүргээ зөрччихөөд энд зогсож байна. Миний хүсэлт гэвэл У.*******ийг энэ маргаанд оролцуулахгүй байх хүсэлтэй байна. Би хүүхдээ төрүүлээгүй, ажлаа хийж байхдаа зээлээ хэвийн төлж байсан. Одоогоор нийтдээ 4 сая орчим төгрөг төлсөн байгаа. Энэ төлөлт маань зээлийн хүүд явсан. Би банкыг уян хатан байж зөвхөн надтай гэрээ хийгээсэй гэж хүсэж байна. Одоо миний зээлийн үлдэгдэл үндсэн зээл цэвэр 12 000 000 төгрөг нэмээд хүү 500 000 төгрөг үлдсэн байгаа. ******* намайг бодож зээлийн хүүг зогсоож шүүхэд хандсан. Би энэ үлдэгдэл зээлийг бүгдийг нь төлнө. Хүрлээгийн Отгонцэцэг зөвхөн надтай гэрээ хийж өгөөч. ******* надаас болоод учиргүй алдагдалд орсон зүйл байхгүй. Учир нь нийгэм даяараа л ийм байдалд орсон. Уналт босолттой энэ нөхцөлийг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагч У.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Уранцэцэг овогтой ******* миний бие нь Х.*******ийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 341601182581 тоот зээлийн гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээл авахад нь танил дүү нь учраас туслан хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг мөнгийг Х.******* юунд захиран зарцуулсныг огт мэдэхгүй бөгөөд би тэр мөнгөнөөс 1 000 төгрөг ч авч хэрэглээгүй. Иймд энэ мөнгийг төлж чадахгүй, мөнгө авч хэрэглэсэн Х.*******өөр өөрөөр нь төлүүлэх хүсэлтэй байна. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Х.*******тэй гэрт нь очиж уулзахад санаа зовох зүйлгүй, би 04 сарын сүүл 05 сарын 01 гэхэд үлдэгдэл мөнгө болох 12 585 826.48 төгрөгийг төлж дуусгахаар төлөвлөсөн байгаа, чи дахин очих шаардлагагүй гэж хэлэв гэжээ.

Хариуцагч У.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би төлөх үндэслэлгүй. Хариуцагч Х.******* төлнө. Тухайн үед зээл авахад гарын үсэг зурсан нь үнэн. Зээлийг би захиран зарцуулаагүй тул миний хувьд зээлийг төлөх боломжгүй. Энэ талаар Х.******* эгчтэй яриад тохирсон байгаа гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Х.*******, У.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 12 585 826.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х.******* нь ...*******наас нэхэмжилж байгаа 12 585 826.48 төгрөгийг төлнө, мөн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулахыг зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн тайлбар гаргадаг.

Хариуцагч У.******* нь ...Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Би зээлийн мөнгийг авч захиран зарцуулаагүй тул зээлийг төлөх боломжгүй гэж эс зөвшөөрч маргадаг.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Х.*******, У.******* нар нь *******наас 12 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Мөн зээлийн гэрээний 6.2.1-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол ...банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэж зааснаар харилцан тохиролцжээ.

Хариуцагч Х.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 1 891 599.65 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2 188 642.35 төгрөг, нийт 4 080 242 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалж 2020 оны 03 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ.

Нэхэмжлэгч нь зээлдэгч Х.*******өд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх болон нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг 2020 оны 03, 06, 09 дүгээр саруудад тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

******* ХХК нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.*******өөс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Иймд зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх зүйн үндэслэл бүрдсэн байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Х.*******өөс үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 12 585 826.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******инд олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч У.*******т холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, уг гэрээний үүрэгт нийт 12 585 826.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзжээ.

Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь бараа татан авах зориулалттай бичил бизнесийн зээл байх ба уг зээлийн болон барьцааны гэрээнд хариуцагч У.******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан талаар маргахгүй байна.

Зээлдүүлэгч нь зээлийн 12 000 000 төгрөгийг Х.*******ийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. Зээлийн мөнгийг Х.*******ийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч нь энэ талаар Х.*******, У.******* нар нь бизнесийн харилцаа хамааралтай этгээд биш боловч төрөл садангийн холбоотой гэснийг нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр хариуцагч нар үүнийг тайлбараар няцааж байна. Мөн зээлийн зориулалттай уялдан У.*******ийн эрхэлдэг ажил, бизнес, орлогын талаарх болон зээл олгохтой холбоотой бусад баримт хэрэгт авагдаагүй байна.

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар; олон үйлдэлт гоо сайхны уурын аппарат; тавилга; 6D арьс оношилгооны аппарат, Асег брендын зөөврийн компьютер; Toshiba брендын зөөврийн компьютер; бараа материалын үлдэгдэл зэргийг барьцаалжээ.

Өөрөөр хэлбэл, банк зөвхөн Х.*******ийн барьцааны зүйл, түүний хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Дээр дурдсанаас үзвэл хамтран зээлдэгч болох хариуцагч У.*******тэй холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.

Дээрх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөө барьцаалж зээл авсан нь Х.*******өд хамааралтай болох бөгөөд харин гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн цалин тогтмол орлого, бусад ямар нэгэн зүйл барьцаалаагүй хариуцагч У.*******т зээлийн гэрээний үүргийг хамааруулах боломжгүй юм.

Барьцааны гэрээнд тусгагдсанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар барьцаалсан байх боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг тодорхойлох баримт бичиг /гэрчилгээний хуулбар/ хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь 2020 оны 03 дугаар сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн төлбөрийн төлөөгүй гэх хугацаанаас хойш хариуцагч Х.*******өд үүргээ гүйцэтгэхийг шаардсан болон гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлсэн байх боловч хариуцагч У.*******ээс үүрэг гүйцэтгэх талаар шаардаж байсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул ******* ХХК-ийн хариуцагч У.*******т холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 12 585 826.48 төгрөг гаргуулах, хариуцагч Х.*******, У.******* нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Х.*******өөс зээлийн гэрээний үүрэгт 12 585 826.48 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч У.*******т холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 12 585 826.48 төгрөг гаргуулах, хариуцагч Х.*******, У.******* нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 323.25 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******өөс улсын тэмдэгтийн хураамж 216 323.25 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ОТГОНСҮРЭН