| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/0320/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/352 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2525003740445 дугаартай хэргийг тус шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн,*******,*******,*******,*******,*******, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,, Б ургийн овогт Б-ын С /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” баарны гадна хохирогч Ц.Б-тэй таарч, түүнийг хажуугаар өнгөрөх үедээ “мөргөлөө” гэсэн шалтгаанаар маргаан үүсгэн заамдаж, газарт унагаан зодож эрүүл мэндэд "...дух, зүүн хацар, эрүү, баруун шилбэ, баруун бугуйнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун сарвууны 1-р хуруу, баруун шуу, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Б.С-ийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2525003740445 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хохирогч Ц.Б-ын мэдүүлсэн:...2025 оны 04 дугаар сарын 25-ны өдөр байхад “******” бааранд бүжиг зохион байгуулдаг С.Ж ах утсаар ажил дээр хүрээд ир гэсний дагуу очоод “******” бааранд С.Ж ах болон тэнд байсан бүжгийн хүмүүстэй 0,5 литртэй Агар нэртэй архи хувааж уусан. Тэгээд тэнд 22 цаг хүртэл байж байгаад харихаар баарнаас гарахад үүдэнд шатан дээр танихгүй 2 залуу зогсож байсан. Би хажуугаар зөрөөд гарах үед өндөр залуу нь намайг мөрлөхөөр нь чи яаж байгаа гэхэд намайг куртикнээс гараараа барьж авахаар нь би зөрүүлээд барьж авах гэсэн чинь чи намайг боох гэж байна уу гээд намайг тэр залуу газар хавсарч унагасан. Тэр үед миний карманд байсан гар утас, виза карт унасан. Тэр үед гар утсаа газар унаж байгааг ба хараад утсаа авах санаатай босох гэхэд гар утсыг хүн авч байгаа харагдсан. Тэгээд би босох гээд босож чадахгүй хэсэг хэвтэж байгаад босоод ирэхэд нөгөө 2 залуу зугтаад явсан байсан. Би тэндээсээ тэгээд шууд гэр лүүгээ харьсан. Миний гар утсыг “******” баарны бүжгийн мөнгийг хураадаг эмэгтэй хэлэхдээ намайг тэр 2 залуутай зууралдаж байхад гадаа хараад зогсож байсан юм билээ. Тэгээд надад хэлэхдээ чиний карманаас утас, карт унахыг хараад газраас авахад чамд өгсөн гэхээр нь чи надад өгөөгүй гэхэд би чамтай тэр 2 залууг хамт явж байна гэж өгсөн гэж хэлсэн. ...Өндөр залуу нь намайг заамдаж барьж байгаад хавсарч хөлөөрөө газар унагасан. Тэгээд газар унасан байхад хөлөөрөө цээж рүү 2 удаа өшиглөсөн. Намхан залуу нь бол надад гар хүрээгүй. Надад гомдол санал байхгүй. Миний бие хаа эдгэсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 12-18-р тал/,
-гэрч С.Ж-ын мэдүүлсэн:...2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ****** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг “******” баарыг би ажиллуулдаг юм. Манай хуурай дүү Ц.Б нь өмнө нь ээлжийн амралтаа авсан гэж ярьж байсан. Тэгээд би утас руу залгаад дуудсан юм. Ц.Б ширээн дээр сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд Ц.Б баар хаахаас өмнө гараад явсан байсан. Хэдэн цагт явсан талаар мэдэхгүй байна. Маргааш нь над дээр Ц.Б ирээд өчигдөр танай баарнаас гарч яваад 2 залууд гар утас, виза картаа алдсан гэж ярьж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р тал/,
-гэрч Р.Э-ийн мэдүүлсэн:...2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 21 цагийн үед би 2 найзын хамт “******” баарны караокед орж дуулж сууж байгаад 22 цагийн орчим баарнаа гарахад үүдэнд хоёр залуу зодолдож байсан. Тэр үед нэг утас газар унахад утас гээд дуугарах шиг болсон. Тэгэхээр нь би утсыг нь газраас авч өгчихөөд шууд машинд суугаад явсан. Ц.Б нь манай баарны хөгжимчин С.Ж-тэй найз гээд орж гарч явдаг болохоор танина. Нөгөө залууг нь бол огт танихгүй. Би утсыг анзаарч хараагүй, Ц.Б-д тэр утсыг авч өгсөн учир зүггүй зодолдоод байсан хэн хэнийгээ хаана, юугаар зодоод байсныг хараагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ОРХ0725/581 дугаартай ...Ц.Б-ын биед дух, зүүн хацар, эрүү, баруун шилбэ, баруун бугуйнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун сарвууны 1-р хуруу, баруун шуу, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38-р тал/
-шүүгдэгч Б.С-ийн яллагдагчаар мэдүүлсэн:..Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 57-р тал/
-Сум дундын 14-р шүүхийн 2015 оны 01-р сарын 27-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08-р сарын 15-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75-р тал/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025 оны 06-р сарын 26-ны өдрийн 10-04/2007 дугаар албан бичгийн хуулбар /хх-ийн 77-р тал/
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн хорихооос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Б.М-ийн 2023 оны 03-р сарын 06-ны өдрийн 23/114 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 78-р тал/ зэргийг нотлох баримтаар судалсан.
Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.С нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 22 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ********* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглээд гарч явахдаа Ц.Б-тэй ялихгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэн заамдаж, газарт унагаан зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацар, эрүү, баруун шилбэ, баруун бугуйнд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, баруун сарвууны 1-р хуруу, баруун шуу, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн.
Үйл баримтад дүгнэлт хийхэд, шүүгдэгч Б.С-ийн үйлдлийн улмаас Ц.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн тодорхойлолт, шинжийг заасан.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн зэргийн хохирол учруулсан үйл баримт нотлогдсон,шүүгдэгч үйл баримтын талаар маргаагүй.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг заасан.
Шүүгдэгч Б.С-ийн үйлдэл нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байна.
Шүүгдэгч Б.С-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.С нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял санал болгосон, саналаа дэмжиж байна гэж,
-шүүгдэгч: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Ц.Б шүүхэд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.С-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сайн дураар төлөх үүрэгтэйг мэдэгдэж, ялын биелэлтийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А