Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/475

 

 

М.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Жамъяндагва,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлоор М.Бид холбогдох 2009000001103 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Мгийн Б, 1982 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, орчуулагч мэргэжилтэй, “Ази капитал корпорэйшн” банк бус санхүүгийн байгууллагад захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла-Улаанбаатар төвийн гадаа иргэн Б.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Мгийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулахаар шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үндсэн үүргээ биелүүлэхгүй, шүүгдэгчийг цагаатгах бус яллах байр суурийг урьтал болгож, хэргийн оролцогч болон өмгөөлөгчийн эдлэх эрхийг эдлүүлэхгүй, буруу дүгнэлт хийж, өмгөөлөгч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгч, яллагдагч М.Б нь 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла-Улаанбаатар төвд иргэн Б.Мийн биед халдаж, гэмтэл учруулсан гэх өргөдлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр мөрдөгч дэслэгч н.Одмаа нь шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Мөрдөгч нь шинжээч томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилох шийдвэрийг яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахгүй, нуун дарагдуулж, хэт нэг талыг байр суурийг хамгаалж, 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, хэргийн оролцогч нарын эрхийг эдлүүлэхгүй, хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрт тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана” гэсэн хуулийг ноцтой зөрчиж, 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 8938 дугаартай дүгнэлтийг 24 цагийн дотор гаргасан нь хэт нэг талын байр суурийг хамгаалж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлэхгүй хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дахь заалтыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 8938 дугаартай гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч цагдаагийн ахлах дэслэгч М.Аригуунтөгсийг гэрчээр асуулгах, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, хохирогч гэх Б.Мийн ажилладаг газар болох Шангрилла-Улаанбаатараас Б.Мийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс хойш ажилдаа хэдэн өдөр ямар шалтгаанаар ажилдаа ирээгүйг тодруулах зорилгоор тодорхойлолт гаргуулж авах, акт олгосон газрын эмчийг гэрчээр асуулгах, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах, 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Шангрилла-Улаанбаатарын гэмт хэрэг үйлдсэн гэх газрын камерын бичлэгт үзлэг хийлгэх, хэрэгт хавсаргах, 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 8938 дугаартай гэмтлийн зэргийг тогтоохдоо шинжээч, мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах зэрэг тодорхой, хууль зүйн үндэслэлтэй хүсэлтийг шүүхэд гаргахад хууль зуйн үндэслэлгүй тайлбар хийж, үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж, хуулийг ноцтой зөрчиж, хэргийн оролцогч нарыг мэтгэлцэх зарчмаар хангах хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхгүй, шүүгдэгч болон өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байхад шүүх нь ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж шийтгэсэнд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч болон өмгөөлөгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө хохирогч Б.Мийг биед халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тухайн гэмт үйлдэл нь 2020 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө болсон үйл баримт. Хэргийн үйл баримтын маргааш өглөө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Б.М өөрийн биед дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлт нь 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр гарсан. Энэ нь хуульд заасан ямар нэг маргаан байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Тухайн шинжээчийн дүгнэлт нь ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокурорын зүгээс дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн өмгөөлөгчийн хэлж байгаа хохирогч шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаах нь хэрэгт ач холбогдолгүй. Хохирогч Б.Мийг биед халдсан этгээд М.Баас өөр хүн байгаагүй. Эмчийн магадалгаа нь 2020 оны 8 дугаар сарын 4-өөс 6-ны хооронд хохирогч Б.М 2 хоногийн чөлөө авсан. Энэ нь М.Бийн буруутай үйлдлийн улмаас ажлаа хийх боломжгүй болсон. Мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж үндэслэл бүхий шийдвэр гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла-Улаанбаатар төвийн гадаа иргэн Б.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мийн “...Б гэх эрэгтэй ... бөгж зүүсэн ... баруун гараараа миний зүүн хацар руу нэг удаа цохисон. Энэ үед миний зүүн нүд хавдаж, ... урагдсан. ...Б ... миний зүүн хацар руу цохих үед би арагшаа савахад миний зүүн бугуйнд байсан цагны оосор тасарч, пиджакны зүүн халаасанд байсан гар утасны дэлгэц хагарсан. ...” /хх 5/,

гэрч Б.Амарзаяагийн “...Манай ах Б тэр хамгаалагч залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон ба дараа нь тэр хоёр зууралдаад газар унасан. ...” /хх 8/,

М.Бийн яллагдагчаар өгсөн “...Шангрила төвийн Наадам центр нэртэй пабд ... архи ууж сууж байсан. Үүнээс цааш юу болсныг би огт санахгүй байна. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээд биеэ авч явах чадваргүй байсан учраас дүү Амарзаяа ирээд авч явах гээд байхад сүүлд нэрийг нь мэдсэнээр М гэгч хамгаалагч дүүг маань “чи цаашаа бай. ... чаддаг юм бол намайг цохичих” гэж шарыг хөдөлгөсөөр байгаад надад цохиулсан байгаа юм. ...” /хх 27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8938 дугаартай шинжээчийн “...Б.Мийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 10-11/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла-Улаанбаатар төвийн гадаа иргэн Б.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх шүүгдэгч М.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Жамъяндагва “...Мөрдөгч нь шинжээч томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилох шийдвэрийг яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахгүй, нуун дарагдуулж, хэт нэг талыг байр суурийг хамгаалж, 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, хэргийн оролцогч нарын эрхийг эдлүүлэхгүй, хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрт тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана” гэсэн хуулийг ноцтой зөрчиж, 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 8938 дугаартай дүгнэлтийг 24 цагийн дотор гаргасан нь хэт нэг талын байр суурийг хамгаалж, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрхийг эдлүүлэхгүй хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дахь заалтыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. ...Тодорхой, хууль зүйн үндэслэлтэй хүсэлтийг шүүхэд гаргахад хууль зүйн үндэслэлгүй тайлбар хийж, үндэслэлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж, ... шүүгдэгч болон өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх нь шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байхад шүүх нь ял оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж шийтгэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, ... өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Жамъяндагва нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “...хохирогчид үүссэн гэмтлийн зэрэг нь эргэлзээтэй, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох зайлшгүй нөхцөл байдал байх ...” /хх 43/ гэсэн агуулга бүхий хүсэлт гаргажээ. Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор С.Болорзул уг хүсэлтийг хянаад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 8938 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна. ...” /хх 44/ гэсэн хариу,

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Жамъяндагва нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 8938 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2020 оны 8 дугаар сарын 4-ний үйл явдал болсноос хойш буюу 24 цагийн дотор нэн яаралтай гаргасан нь эргэлзээтэй ...” /хх 46/ гэсэн агуулга бүхий хүсэлт гаргажээ. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Э.Амарбат уг хүсэлтийг хянаад “...Шинжээчийн дүгнэлт 24 цагийн дотор гарсанд үүсэх эргэлзээ, бүрэн бус хийгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ нь дахин шинжээч томилох хууль зүйн үндэслэл биш юм. Иймд гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. ...” /хх 48/ гэсэн хариуг тус тус өгчээ.

Мөрдөгч Н.Ганчимэг нь 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн шинжээч томилсон тогтоолдоо шүүхийн шинжилгээний дүгнэлтийг 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргахыг заасан бөгөөд шинжээч эмч М.Аригуунтөгс 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр дүгнэлтээ гаргаж, 24 цагийн дотор гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрт тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.” гэж заасанд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн мөрдөгч нь шинжээч томилохдоо шинжээч томилох шийдвэрийг яллагдагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй зөрчил нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх ноцтой зөрчилд хамаарах эсэхийг шүүх өөрсдийн дотоод итгэлээр үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв.

Түүнчлэн, хохирогч Б.Мийн бие махбодид гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8938 дугаартай дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ