Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 842

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2019/00842

 

 

 

 

 “ГП ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00610 дугаар шийдвэртэй “ГП ” ХХК-ийн нэхэмжлэлтэй БХЗХТБАА, ШШГЕГ нарт холбогдох, гэм хорын хохирол 723 852 996 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М , хариуцагч БХЗХТБАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , М.Э , хариуцагч ШШГЕГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: М.Ц  нь 2004 онд “ГП ” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч, тус компанийнхаа захирлаар ажиллаж байгаад 2006 онд нөхөр Ж.М ын хамт “ГК ” ХЗХ-ны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө, мөнгийг залилан мэхэлж авсан, өөрийн компанийн үнэт цаасыг хууль бусаар гаргасан гэх үйлдэлд сэжиглэгдэн шалгагдсан ба улмаар Сонгинохайрхан дүүргийн шүүх 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 тоот шийтгэх тогтоолдоо “... М.Ц гийн Ж.М тай бүлэглэн “ГК ” ХЗХ-ны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн давж заалдах шатны болон Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн. Харин анхан шатны шүүхээс компанийнхаа бондыг гаргасан үйлдэлд 7 жилийн хорих ялаар шийтгэж, 700 762 930 төгрөгийн хохирол төлөх үүрэг оноосон боловч Нийслэлийн Давж заалдах шатны шүүх ялыг “... 21 000 000 төгрөгийн торгуулиар сольж, Сээт Инвест... картын төлбөрт бэлнээр тушаасан 25 хүний хохирол 195 979 324 төгрөгийн 50 хувь буюу 97 989 662 төгрөгийг М.Ц гаар төлүүлж...” гэж дурдан төлбөрийг 97 989 662 төгрөг болгон бууруулсан, 10 718 480 төгрөгийг надаас гаргуулан иргэн Ж.З нарт олгуулах анхан шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Түүнчлэн 2006 онд “ГП ” ХХК-иас 330 780 000 төгрөг гаргуулан иргэн Л.Ц-т олгуулах 896/А тоот шүүхийн шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх гаргасан. Торгуулийн ялын 21 000 000 төгрөг, Ж.З нарт төлөх 10 718 840 төгрөгийг нөхрийн дүү Ж.Э төлсөн. Харин нийт 2970 м.кв талбайтай Г Ц цогцолборыг дагалдах эд хөрөнгийн хамт 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж нийтэд нь 1 570 000 000 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг нь 529 966 төгрөгөөр худалдсан ба үүнээс “ГП ” ХХК-ийн өмчлөлийн В, С блокын нийт 1990 м.кв талбайд 1 056 632 996 төгрөгийн борлуулалтын орлого оногдож байна. Уг орлогоос Л.Ц-т компанийн төлөх 330 780 000 төгрөг болон миний зүгээс Сээт Инвест карт-ын хохиролд төлөх 97 989 662 төгрөгийг төлүүлсэн боловч Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тухай тогтоолыг 8 жилийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үйлдэн ирүүлсэн байх ба харин дуудлага худалдааны орлогоос үлдсэн мөнгийг нь “ГП ” ХХК-нд одоо хүртэл буцаан өгөөгүй.

БХЗХТБАА-ыг хариуцагчаар татан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд нэхэмжлэл гаргаж Г Ц-ийг  худалдан борлуулсан орлогыг нэхэмжилсэн боловч тус шүүх 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 78 тоот шийдвэртээ “... М.Ц гийн нэхэмжлэлийн шаардлага нь ... “ГП ” ХХК-ийн өмч байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ байна. Өөрөөр хэлбэл компанийн хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулахаар иргэн М.Ц  нэхэмжлэл гаргажээ, “ГП ” ХХК нь татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна..., Нэхэмжлэгч М.Ц  нь “ГП ” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийн гүйцэтгэх удирдлага байна..., М.Ц  нь “ГП ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа хэдий боловч М.Ц  нь хуулийн этгээд болж чадахгүй тул тус компанийн эд хөрөнгөтэй холбоо бүхий нэхэмжлэлийг иргэн М.Ц  гаргах эрх зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүх Г Ц-ийн В, С блок нь “ГП ” ХХК-ийн хууль ёсны өмч гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүх М.Ц  нь хуулийн этгээд болж чадахгүй учраас компанийн эд хөрөнгийг нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Нэгэнт М.Ц  хуулийн этгээд болж чадахгүйтэй нэгэн адил хуулийн этгээд нь М.Ц  болж чадахгүй учраас “ГП ” ХХК-ийн эд хөрөнгөөр иргэн М.Ц гийн төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэх эрх зүйн үндэслэлгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заасны дагуу “ГП ” ХХК-ийн эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос зөвхөн иргэн Л.Ц-т төлбөр төлөх тус компанийн үүргийг хангуулаад үлдсэн мөнгийг компанид буцаан олгох ёстой. “ГП ” ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол Энхтайваны өргөн чөлөө 95/2, Г Ц цогцолборын В, С блокийг худалдан борлуулсан орлого болох 1 054 632 996 төгрөгөөс  үлдэж байгаа 723 852 996 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БХЗХТБАА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “ГП ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор “ГК ” ХЗХ-ны үүсгэн байгуулагч Ж.М аас 11 729 818 476 төгрөг, М.Ц гаас 97 989 662 төгрөгийг тус тус гаргуулж 1233 хохирогчдод олгохоор, Шийтгэх тогтоолын хавсралт 3-т дурьдагдсан битүүмжилдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хохирол барагдуулахаар тогтоосны дагуу тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийтгэх тогтоолын 3 дугаар хавсралтын 308-д заасан “ГП ” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах эрхийн улсын Ү-2201011178 дугаарт бүртгэлтэй 1990 м.кв талбайтай 1 327 120 000 төгрөгийн үнэлгээтэй В, С блокийн барилгыг худалдан борлуулж хохиролд тооцсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явуулж албадан дуудлага худалдааны орлогыг шийтгэх тогтоолд заасны дагуу хохирогчдын хохиролд тооцсон. “ГП ” ХХК нь хэдийгээр шийтгэх тогтоолын 3 дугаар хавсралтад заагдсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах барилгын В, С блокийн өмчлөгчөөр бүртгэлтэй хэдий ч уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон 3 шатны шүүхийн тогтоол, тэр дундаа Улсын Дээд шүүхийн 250 дугаар тогтоолын хянавал хэсгийн 1-т “Ялтан Ж.М  нь ....хоршооны үйл ажиллагаа явуулах үндсэн зарчмыг ноцтойгоор зөрчин, зээлийн хороо, хяналтын зөвлөл ажиллуулахгүйгээр иргэдийн хадгалуулсан мөнгийг дур мэдэн өөрийн үүсгэн байгуулсан Глоб интернэшнл групп, Глоб констракшн, Глоб интертрейд, ГИ   зэрэг компаниудынхаа үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулах, хоршооны гишүүн бус иргэдэд зээлийн гэрээтэй, гэрээгүй болон барьцаатай, барьцаагүйгээр зээл олгон итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан...” гэж дүгнэсэн.  Үүнээс үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь зөвхөн М.Ц гийн 97.9 сая төгрөгийн төлбөрийг барагдуулах зориулалтаар бус “ГК ” ХЗХ-ны хохирогчдын хадгалуулсан мөнгөөр бий болсон хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж дүгнэн, уг эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу “ГК ” ХЗХ-ны хохирогчдын хохиролд тооцохоор мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн, шийтгэх тогтоолд нэрлэн заасан хөрөнгө тул “ГП ” ХХК энэ хөрөнгөтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ШШГЕГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С  шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Ж.М аас 11.7 тэрбум төгрөг, М.Ц гаас 97.9 сая төгрөг гаргуулан “ГК ” ХЗХ-ны хохирогчдод олгохоор, мөн шийтгэх тогтоолын хавсралт 3-т заасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, хохирол барагдуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэний /шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр/-ийн дагуу БХЗХТБАА Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, шийтгэх тогтоолын 3 дугаар хавсралтад заагдсан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах барилгын В, С блокийг худалдан борлуулж, “ГК ” ХЗХ-ны хохирогчдын хохиролд тооцсон байна. Дээрх дуудлага худалдааны орлогыг шүүхийн шийдвэрийн дагуу “ГК ” ХЗХ-ны хохирогчдод олгосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон БХЗХТБАА нь захиран зарцуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн нэмэлт тайлбар зэргээр тогтоогдож байна. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүйг дурдах нь зүйтэй. БХЗХТБАА  нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах В, С блокийг худалдан борлуулсан орлогыг ШШГЕГ-ын  дансанд төвлөрүүлээгүй, захиран зарцуулаагүй тул “ГИ  ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БХЗХТБАА, ШШГЕГ-т холбогдуулан гаргасан, гэм хор учруулсны хохирол 723 852 996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ГП ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 777 215 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц  давж заалдах гомдолдоо: “ГП ” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр нэгэнт хэрэгжиж тус компанийн хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлөгдсөнийг нь огт үнэлээгүй ч анхан шатны шүүх Л. Ц-ийн  төлбөрийг “ГП ” ХХК-иар бүрэн төлүүлээд 521 тоот гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 14 тоот тогтоолыг үйлджээ. Компанийн шууд хамаарал бүхий этгээд болох үүсгэн байгуулагч М.Ц д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 5/49 тоот тогтоолыг дурдан нотолсон. Тус компани, түүний үүсгэн байгуулагчийн үүрэг хангагдсан, шүүхээс төлбөрийн үүрэг оноосон өөр шийдвэр байхгүй атал анхан шатны шүүх ямар нэгэн бүрэн хангагдаагүй үүрэгт хамаарах баахан хуулиудыг нуршиж дурдан нэхэмжлэлийн агуулга, хүрээнээс хальж Ж.М ын төлөх үүрэг бүхий төлбөрт холбогдох ажиллагаанд дүгнэлт гаргахад дүгнэлтийнхээ 80 хувийг зориулж нэхэмжлэлийг саармагжуулсан.

Түүнчлэн, шийтгэх тогтоол, магадлалын хохирол, хөрөнгөтэй холбоотой заалтад Улсын Дээд шүүх ямар ч өөрчлөлт оруулаагүй байхад “Анхан шатны тогтоол, Давж заалдах шатны магадлалд Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 250 тоот тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн атлаа мөн л ямар өөрчлөлт хийснийг тодорхойгүй орхиж ямар нэгэн юм байгаа мэтээр бүрхэгдүүлсэн. Гэтэл уг нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хамгийн чухал ач холбогдол бүхий өөрчлөлтүүдийг давж заалдах шатны шүүх хийснийг бүр ч дурдалгүй, ор тас үнэлэлгүй орхигдуулжээ. Шийтгэх тогтоолоор М. Ц-ааг  зөвхөн Сээт Инвест бондын хэрэгт буруутган ялласныг бүх шатны шүүх хэвээр баталсан. Харин уг үйлдлийнх нь бодит хохирлыг буруу тогтоосон шийтгэх тогтоолын алдааг Давж заалдах шатны шүүх залруулан хөнгөлсөн. Мөн хохирогчдын зөвхөн нэр, хохирлын дүнг заасан 1233 хохирогчдын жагсаалт бүхий шийтгэх тогтоолын хавсралт 1-ийг хүчингүй болгож оронд нь Ж.М ын үйлдэлд хохирсон хохирогчдын нэр, хохирлын дүнгийн ард ХЗХ, Барилга, Сээт рүү шилжсэн гэж, М. Ц-ааг ийн үйлдэлд хохирсон хохирогчдын нэр, хохирлын дүнгийн ард СЭЭТ гэж тайлбар хийсэн жагсаалтаар хавсралт 1-ийг шинээр үйлдэж хэн нь хэний төлбөр авагч болохыг маш ойлгомжтойгоор зааглан ялгасан. Улмаар магадлалд “М.Ц гаас 97 989 662 төгрөг гаргуулж энэхүү магадлалын Хавсралт 1-д заасны дагуу хохирогч нарт олгох” гэснээр “М.Ц гаас гаргуулах мөнгийг энэхүү магадлалын Хавсралт 1-д зөвхөн СЭЭТ гэж заасан хохирогч нарт олгоно” гэсэн агуулга шүүхийн шийдвэрт бүрэн тусгалаа олжээ. Шийтгэх тогтоолын хавсралт 3-т битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах Г Ц-ийн В, С блокыг “Үл Хөдлөх хөрөнгийн Ү-2201011178 тоот гэрчилгээгээр баталгаажсан “ГП ” ХХК-ийн хөрөнгө” гэж өмчлөгчийг нь нэр цохон тодорхой болгож битүүмжилсэн байх тул төлбөр төлөгч тус бүрийн төлбөрийн шаардлагыг хангуулах хөрөнгийг тус тусад нь нэрлэх шаардлагагүй гэж үзэн шийтгэх тогтоолд “хавсралт 3-т хөрөнгө битүүмжлэгдсэнийг дурдсугай” гэснийг өөрчлөн  “...шийтгэх тогтоолын хавсралт 3-т дурдагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хохирол барагдуулсугай” гэж төлбөр төлөгчдөд оноосон төлбөрийг ямар хөрөнгөөр, хэнд барагдуулах агуулга хэн ч будлих боломжгүйгээр шүүхийн шийдвэрт тодруулж өгчээ. Хариуцагч нь магадлалын болон хавсралт 1, 3-ын агуулгуудыг сайтар ойлгож “Шийтгэх тогтоолд “ГП ” ХХК-ийн гэж нэр цохон битүүмжилсэн хөрөнгийг борлуулсан орлогоос тус компанийн үүсгэн байгуулагч М.Ц д шүүхээс оноосон төлбөрийг барагдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг шүүх дурдан нотолсон. Ж.М ын төлбөр барагдаагүй байгаа тухай дурдсан хэдий ч  энэ нь компанийн хөрөнгийг түүний хохиролд суутган шилжүүлэх үндэслэл шалтгаан биш бөгөөд түүний төлбөрийг барагдуулах ажил хуульд заасны дагуу явагдаагүй учраас хохирол нь барагдах боломжгүй болсон нь Захиргааны хэргийн шүүхээс томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр нотлогдож Ж.М ын хохирол барагдах боломжийг алдуулсан асуудал босож нотлох баримтуудтайгаа Улсын Ерөнхий прокурорын болон Хууль Зүйн сайдын ширээн дээр очсон.

Хариуцагчийн зүгээс “ГП ” ХХК-ийг Ж. Мэндбаяр үүсгэн байгуулсан, уг компанийг санхүүжүүлэх зорилгоор “ГК ” ХЗХ байгуулж хадгаламж эзэмшигчдээс мөнгө татсан гэж Улсын Дээд шүүхийн шийдвэрт дурдсан, хөрөнгийг хадгаламж зээлийн хоршооны хөрөнгөөр авсан тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураасан, хадгаламж зээлийн хоршооны хөрөнгөөр авсан хөрөнгө учраас үлдсэн орлогыг 1233 хохирогчид хуваариласан гэж Давж заалдах шатны шүүхийн “... шийтгэх тогтоолын хавсралт 3-т дурдагдсан битүүмжлэгдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хохирол барагдуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт мэдэгдсүгүй” гэж ерөнхийлөн заасан ганц шийдвэрт дулдуйдан ямар ч үндэслэлгүй, логикгүй, мухайр тайлбарт нийцүүлэн шүүх ташаа дүгнэлт хийсэн.

Хадгаламж зээлийн хоршоо байгуулагдсанаас хойш 1 жилийн дараа тус компанийг М. Ц  2004 оны 6 дугаар сард үүсгэн байгуулж 2004 оны 11 дүгээр сард тус компани Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 95/2-т байрлах 2970м2 талбай бүхий үйлчилгээний объектыг “ГК ” ХЗХ-ны зээлийн санхүүжилтээр “С ” ХХК-иас худалдан авч өргөжүүлэн шинэчилж зочид буудлын цогц үйл ажиллагаа явуулсан, 2005 он 5 дугаар сард хуримтлагдсан зээл, хүү алданги 250.0 сая төгрөгт тооцон барилгынхаа А блокоо шилжүүлсэн, 2005-2006 онуудад бүх ашиг орлогоо Хадгаламж зээлийн хоршооны кассанд бэлнээр тушааж хоршооны өндөр хүүтэй зээл, хүү, алдангид нийт 2.0 тэрбум төгрөгийг төлсөн бодит үйл баримтыг манай тал тайлбарлан хангалттай нотлох баримтуудыг эрүүгийн болон шүүхийн архивуудаас гаргуулж шүүхэд өгсөн.

Анхан шатны шүүх  “Шийтгэх тогтоолын хавсралт 3-т заасан “ГП ” ХХК-ийн хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж орлогыг шийтгэх тогтоолд заасны дагуу 1233 хохирогч нарын хохиролд тооцсон үйл баримтыг талууд тайлбарлаж байна” гэж дүгнэсэн. Хэрвээ 1233 хохирогчдыг ямар ч зааг ялгаагүйгээр жагсаасан шийтгэх тогтоолын хэсэг болох хавсралт 1 хүчингүй болж магадлалын хавсралт 1 гараагүй байсан бол битүүмжлэгдсэн бүх хөрөнгийг дайчлан шийтгэх тогтоолын хавсралт 1-ээр 1233 хохирогчид хавтгайруулан хуваарилах байсан. Харин одоо бол “ГИП ” ХХК-ийн хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж шийтгэх тогтоолд заасан 1233 хохирогч нарын хохиролд тооцох” тухай заалт 113, 116 тоот гүйцэтгэх хуудас, шийтгэх тогтоолын хавсралт 3-ийн алинд нь ч огт байхгүй.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх өмнө гаргаж байсан нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгосон ч нэхэмжлэгч зөрчлөө арилган нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхэд сүүлийн шүүх хуралдаан болохоос олон cap, хоногийн өмнө өгсөн дээрх бүх тайлбарыг нотлох баримтуудыг эрүүгийн архив, шүүхийн архивын тэмдэгтэй хуулбар байна гээд үнэлээгүй. Эдийн засгийн чадваргүйн улмаас нэхэмжлэгч нь өмгөөлөгч авч чадаагүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий эдгээр нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас эх хувиар нь гаргуулан авах эсвэл архивын тамгатай хуулбар нотлох баримтаар үнэлэгддэггүйг мэддэггүй нэхэмжлэгч талд нотлох баримтуудаа нотариатаар баталгаажуулан нотлох баримтын шаардлага хангуулахыг шүүхээс анхааруулан даалгаж болох байсан. Тодруулбал цөөнгүй асуудал мэтгэлцээнээр болон хариуцагчаас өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба хуулийн мэдлэг дутмаг нэхэмжлэгч тал ихэнх нотлох баримтаа үнэлүүлэх эрхээ эдэлж чадаагүй. Мөн тухайн үед компани хэрхэн ажиллаж, ямар ашиг орлого олж, зээлээ төлж байсныг менежерийг болон өнөөдөр тууштай үйл ажиллагаа явуулж бидэнтэй хамтран ажиллаж байгаа байгаа “ГК ” ХЗХ-ны хоршооны хохирогчдын байгууллагын удирдлагыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх гэрчүүдийг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй. Иймээс шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй гэм хорын хохирол “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэсэн.  Глоб цент цогцолборын В, С блокыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан 1 054 632 996 төгрөгийн орлогоос уг хөрөнгийн өмчлөгч “ГП  ХХК-иас Л.Ц-т олгуулах 332 539 900 төгрөг, М.Ц гаас СЭЭТ-ийн хохирогчдод олгуулах 97 989 662 төгрөгийг хасч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг үндэслэн үлдсэн 624 103 434 төгрөгийн орлогыг хариуцагчаас гаргуулан олгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн зарим нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ГП ” ХХК нь хариуцагч БХЗХТБАА болон ШШГЕГ-т холбогдуулан гэм хорын хохирол 723 852 996 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 993 дугаар шийдвэрээр “ГП ” ХХК-иас 330 780 000 төгрөг гаргуулан иргэн Л.Ц-т олгохоор,  мөн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 170 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар тогтоолоор “ГК ” ХЗХ-ны үүсгэн байгуулагч Ж.М аас 11 729 818 476 төгрөг, М.Ц гаас 97 989 662 төгрөгийг тус тус гаргуулж 1233 хохирогчдод олгохоор, Шийтгэх тогтоолын хавсралт 3-т дурдагдан битүүмжлэгдсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж хохирол барагдуулахаар тус тус тогтоосны дагуу БХЗХТБАА  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар гомдлын агуулгаас үзэхэд төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас  учруулсан  гэм хорыг шаардсан, эсхүл дуудлага худалдаанаас орсон орлогын үлдэгдлийг буцаан шаардсаны аль  болох нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулснаар зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангаж, талуудын хооронд үүссэн  эрх зүйн харилцааг зөв тодорхойлж,  маргааныг шийдвэрлэхэд  ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтуудыг оновчтой сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Хариуцагч байгууллагууд нь Шийтгэх тогтоолын хавсралт 3-т дурдагдан битүүмжлэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах Г Ц-ийн В, С блокын “Үл Хөдлөх хөрөнгийн Ү-2201011178 тоот гэрчилгээгээр баталгаажсан “ГП ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болох нийт 1990 м.кв талбай бүхий барилгыг дуудлага худалдаагаар борлуулж, 1 056 632 996 төгрөгийг дээрх шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолын дагуу төлбөр, хохиролд тооцон хуваан барагдуулсан гэж татгалзлаа тайлбарласан. Гэтэл уг хөрөнгө борлуулсны орлогыг хэрхэн яаж хуваасан, хэнд хэдэн төгрөг олгосон, шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Тухайн хөрөнгийг борлуулсны орлого хэрхэн зарцуулагдсан буюу мөнгө үлдсэн эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Хэрэгт авагдсан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 5/49 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолууд нь дээрх үйл баримтыг хангалттай, эргэлзээгүй нотлохгүй юм. /1хх-ийн 11, 229 дүгээр тал/

Түүнчлэн, 1 дүгээр хавтас хэргийн 147 дугаар талд хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Т, С.Х, Д.У нарыг оролцуулахаар томилсон ерөнхий шүүгчийн захирамж авагджээ. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Т, Ч.И, С.Х нар оролцсон ба уг шүүх бүрэлдэхүүнийг ерөнхий шүүгч захирамж гарган томилоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдлаар тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс залруулах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1,168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/00610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ЭНХТӨР

                

                              ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                        Б.НАРМАНДАХ