Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 143/ШШ2021/00285

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хариуцагч: Б.Д

6 032 243 төгрөг 09 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Б.******* /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ны ******* салбарын харьяа ******* төв нь Ж.*******, хамтран зээлдэгч Б.******* нартай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 341601165486 тоот зээлийн гэрээ байгуулан 7 000 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд зурагт, 2 хаалгатай хөргөгч, хөлдөөгч цалин зэргийг барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Ж.*******, хамтран зээлдэгч Б.******* нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч Ж.******* нь 2018 оны 01 сард нас барсан ба хамтран зээлдэгч Б.******* нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1 дэх зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Тус зээлийг хуваарийн дагуу төлж байгаад зээлдэгч Ж.******* нь 2018 оны 01 сард зуурдаар нас барсан. Зээлийн гэрээний 2.3.1-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч Б.*******ид банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 30-ны байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 5 119 520.53 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 883 987.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 28 735.21 нийт 6 032 243.09 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаагаа дахин хэлье. Зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч Ж.*******, хамтран зээлдэгч Б.******* нар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч Ж.******* нь 2018 оны 01 дүгээр сард нас барсан ба хамтран зээлдэгч Б.******* нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1 дүгээр зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн байдаг. Тус зээлийг хуваарийн дагуу төлж байгаад зээлдэгч Ж.******* 2018 оны 01 дүгээр сард зуурдаар нас барсан. Зээлийн гэрээний 2.3.1-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэсний дагуу хамтран зээлдэгч Б.*******ид банкны зүгээс зээл төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлийн төлбөр төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Нийт 6 032 243.09 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцох шаардлагыг зээлийн гэрээний 3.3 дахь зүйлд хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ гэж заасан байдаг. Мөн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд эрх зүйн бүрэн чадамжтай байна гэж заасан байдаг. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.4 дэх хэсгүүдэд зааснаар Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч гэрээгээр тогтоосон буюу түүнд эрх олгосон, эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд нийтлэг аливаа хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б.*******оос шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. Б.******* зээлийг авсан нь нотлох баримтаар нотлогддог. Банкны зүгээс хэрэглээний зээлийн зориулалтад хяналт хийх үүрэг хүлээдэггүй. Тухайн зээлийн хэн аваад хэн ашигласныг хянах үүрэг банкинд байхгүй учраас гэрээгээр *******, ******* нар зээлийг төлөх ёстой гэж үзэж байгаа юм. ******* нь нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Б.*******оос нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан болохоос нэг ч төгрөг аваагүй. Авсан улсууд нь бий. Тэр хүмүүс нь төлөөд 2018 оны 7 дугаар сараас төлөлтөө зогсоосон байна билээ. Би тус болох үүднээс гарын үсэг зурсан болохоос би төлөхгүй гэж бодож байгаа. Энэ зээлийг авсан зарцуулсан зүйлүүд банкинд хамаагүй байдаг юм байж. Гэхдээ би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Найз нөхөддөө л тусалж явсан. Дээрээс нь хэн гэдэг хүн энэ зээлийг хэрхэн төлж байсан нь банк дээр байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны зүгээс шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу шаардаж байгаа. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар шаардахын тулд эхлээд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ёстой. Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зориг бүрэн туссан байж байж энэ үүргийг шаардах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон зүйл бол хамтран хариуцагч гэдэг хүн ямар эрх эдэлж үүрэг хүлээх талаар тодорхойлсон зүйл банкны зүгээс байхгүй байдаг. Анх зээлийг авсан үндсэн зээлдэгч 7 000 000 төгрөгөө зээлчихээд өөрөө бүрэн захиран зарцуулсан байдаг. Гэтэл энэ хүн маань нас барчихаад байгаа. Шаардаж байгаа үүрэг нь анх зээл авсан талийгаачийн хувийн шинж чанар, хувийн байдалтай холбоотой олгогдсон зээл бөгөөд нас барснаар үүрэг дуусгавар болох зохицуулалттай байгаа. Иймээс зээл авсан этгээд нас барсан тул шаардах эрх дуусгавар болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК нь Б.*******ид холбогдуулж 6 032 243 төгрөг 09 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.******* нь ...Энэ зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан болохоос нэг ч төгрөг аваагүй... гэсэн тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК болон ******* овогтой *******, ******* овогтой ******* нарын хооронд 341601165486 дугаартай барьцаат зээлийн гэрээ/ цалингийн зээл/ -гээр 7.000.000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, гэрээг 36 сарын хугацаатай байгуулж, зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцохоор зааж уг гэрээнд хамтран зээлдэгчээр Б.******* нь гарын үсэг зурсан байна.

Дээрхи цалингийн зээлийн гэрээнд Ж.*******ын хамтран зээлдэгчээр Б.*******ийг тусгасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэлд нийцээгүй байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан бол түүнийг хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. ******* ХХК болон Ж.*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 341601165486 дугаартай зээлийн гэрээнд Б.*******ийг хамтран зээлдэгч гэж зааж, зээлийн гэрээнийн 5.1.7-д Зээлдэгч нь цалингийн орлогоо барьцаалж зээл авсан бөгөөд энэхүү гэрээний 2.1.5-т заасан зээл буцаан төлөх хувиарт хугацаа болохоос өмнө зээлдэгчийн дансанд орж ирсэн цалингийн орлогоос тухайн сард төлөх зээл болон хүүний дүнтэй тэнцэх хэмжээгээр барилт хийж, зээл төлөх хувиарт өдөр болоход зээлийн төлбөрт суутгаж авах, 7.1-т барьцааны зүйл: зээлдэгчийн цалин түүнтэй адилтгах орлого гэж заажээ.

Хэрэгт цугларсан зээлийн хувийн хэрэгтэй холбоотой баримтуудаас үзэхэд Ж.*******ын зээл олгохыг хүссэн хүсэлтийн дагуу дээрх зээлийг олгосон ба хамтран зээлдэгч Б.*******ийн хаана, ямар ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээнд тусгагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Түүнчлэн дээрх гэрээгээр Ж.*******од цалингийн зээл олгосон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зээлийн гэрээний заалтууд, Ж.*******ын дансны хуулга /хх-104/ зэрэгт тусгагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин гэдэг нь хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгогддог хөдөлмөрлөсний хөлс байдаг. Хөдөлмөрлөх түүндээ хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Түүнчлэн энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ. Цалингийн зээлийн гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан Ж.*******од холбогдолтой ба гэрээнд хамтран зээлдэгч гэж заасан боловч өөрийн цалинг барьцаалаагүй, хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй Б.*******ид хамааруулах боломжгүй байна.

Зээлдэгч Ж.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан /хх-39/ байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болно гэж заажээ.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүрэг зээлдэгч нас барснаар дуусгавар болох нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй зээлийн гэрээ болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул хамтран зээлдэгч гэж гэрээнд заасан боловч хамтран үүрэг гүйцэтгэх боломжгүй хариуцагч Б.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэг зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******ид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 032 243.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 466 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.УГТАХБАЯР