| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 194/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1622 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1622
2025 06 17 2025/ШЦТ/1622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Б.Бамбадорж,
шүүгдэгч А.А, Б.Б, Т.Т, тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, Б.Б, Т.Т нарт холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Т.Т
2. Монгол Улсын иргэн, А.А
3. Монгол Улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Т.Т, А.А нар нь бүлэглэн 2024 оны 09 сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 47.8 кг Сибирь хуш модны үр болох самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж бэлтгэн, А.Аын нагац ах болох Б.Бийг гуйж түүний эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоуоta Hilux” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 4,727,420 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”- д багтсан 47.8 кг Сибирь хуш модны үр болох самрыг А.А, Т.Т нар нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийн ********** улсын дугаартай “Тоуоta Hilux” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Өмнөх шүүх хуралдаан болоход бид хүүхэдгүй байсан боловч одоо хүүхэдтэй болоод ам бүлийн тоо нэмэгдсэн. Ажил хийхгүй гэртээ хүүхдээ харж байгаа” гэв.
Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөрийг эхнэр болох Т.Т бид хоёр сар сардаа төлнө гээд бодсон. Бид хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. Одоогоор эхнэр хүүхэд, асаргаанд байх хадам ээжийн хамтаар амьдарч байгаа. Би ахтайгаа хамт экскаватор барьдаг ба сард 3,600,000 төгрөгийн цалин авдаг. Гэхдээ нийгмийн даатгал төлдөггүй” гэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Одоогоор хохирол төлөөгүй байгаа. Учир нь шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Би одоогоор нийтийн тээврийн автобусны жолооч хийж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 10-14 дүгээр тал)
- 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 15-21 дүгээр тал)
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалын ургамлын тухай хуульд "Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална" гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 31-33 дугаар тал)
- Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ******** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг юм. Би 2024 оны 05 дугаар сард худалдан аваад хувийн хэрэглээндээ ашиглаж байгаад 2024 оны 05 дугаар сараас зарна гэсэн зарыг байршуулж 07 дугаар сарын 02-ны Б гэх хүнд 11,500,000 төгрөгт зарсан. Тухайн үед наадам энэ тэр гээд амралт таараад завгүй явсаар байгаад одоог хүртэл нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм...", "... Надаас Б гэх хүн нь машин авахдаа төлбөрөө 100 хувь бүгдийг нь төлөөд барагдуулсан одоо ямар нэгэн өр авлагын харилцаа байхгүй болно..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 37-38 дугаар /
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.А-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны 2920 дугаартай Сибирь нарс (хуш)- Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (хуш)- pinus sibirica нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д болон Ойн тухай хуулийн 3.1.12- т заасан "Ойн дагалт баялаг"-т хамаарч байна.
- Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 23,3 хувьтай байх тул нойтон байна.
- Хуш модны үр буюу самрыг 1Ш8 5786:2007, ММ8 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой,
- Хуш модны үр буюу самрыг МNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой,
- Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна,
- 47,8 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900 төгрөг х 47.8 кг= 4.727.420 төгрөг байна.
- Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн тооцоход 4.727.420 төгрөг х 3 = 14.182.260 төгрөг байна.
- Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу" Байгаль орчныг хамгаал тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан Хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 4.727.420 төгрөг х 5 = 23.637.100 төгрөг гэх.”гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47-50 дугаар тал)
- Дамно Үнэлгээ ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №ЭК- 24-24 дугаартай “...Тоуоta Hilux...нийт хөрөнгийн үнэлгээ 10,412,500 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 61-64 дүгээр тал)
- Яллагдагч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай найз залуу А бид 2 зээлийн мөнгөө төлөх гэсэн бид 2 тодорхой ажилгүй мөн мөнгө төлөх хугацаа нь тулсан тул хурдан мөнгө олох зорилгоор самарт явахаар болсон...", "...бид 2 хоорондоо ярилцаад Баянзүрх дүүргийн улиастайн хойшоо ам руу урт гэх газар луу самарт явахаар болсон бид 2 унаагүй тул А-ын нагац ахыг нь машинтай нь гуйгаад ууланд хүргүүлэхээр болсон тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагийн үед А-ын нагац ах халзаа гэх хочтой ахын машинаар ууланд хүргүүлсэн чинь самар байдаг газартаа хүрч амжилгүй шаварт суугаад тэндээсээ гарч чадаагүй өдөржин шөнөжин юм болоод тэр хавиар явж байсан машинуудыг гуйгаад тэд нар нь бас шаварт суугаад арай гэж л 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өглөөний 05 цагийн үед шавраас гараад Халзаа ах бид 2-ыг тэр ууланд үлдээгээд эргээд хот явсан. Тэгээд А бид 2 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн турш тэр уулаар явж самар түүсэн тухайн үед гадаа цаг агаар нэлээн салхитай байсан тул ууланд боргоцой газарт унасан байсан. Тэр газарт унасан байсан боргоцойг шуудайнд түүсэн. Тэгээд А бид 2 нийт 8 шуудай боргоцой түүчхээд эргээд машингүй болохоороо дахиад Халзаа ахыг хүрж ирээд аваач гэж дуудсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41, 99 дүгээр тал)
- Яллагдагч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Миний нагац дүү А нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр надтай утсаар яриад та мосттой машинтай юм чинь намайг найз охины хамт Шар хаднаас хойшоо яваад самартай ууланд хүргээд өгөөч эхээр нь би Амгаланбаатарыг найз охин Т-ын хамт яриад байсан газарт нь тухайн өдрөө хүргэж өгсөн тэгээд тэндээ шаварт суугаад машинаа гаргаж чадахгүй шөнө болоод арай гэж машин гуйж шавраас гаргуулаад тэндээ машиндаа унтаж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өглөөний үүрийн 05 цагийн үед А, Т 2-ыг тэнд нь үлдээгээд эргээд би хотод орж ирсэн. Тэгсэн над руу тэр оройн дахин яриад энд цас орох гээд байх шиг байна, буцаад хот оръё ирээд аваач гэхээр нь би тухайн өдрийн орой нь хотоос гараад тэр ууланд нь очоод А, Т 2-г авсан чинь тэр 2 нийт 8 ширхэг шуудай боргоцой түүсэн байсан...", "... Би тэр хоёрыг самар түүхээр явж байгааг мэдсэн. А нь надаас самартай модонд хүргээд өг гэж өөрөө гуйсан. Би тэр хоёртой хамт самар түүгээгүй тэнд хүргэж өгөөд л буцсан дараа нь очиж авсан...", "...Би А, Т хоёрт өөрийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр худалдаж авсан ******** улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчилсэн. Тэгэхдээ тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч өөр хүний нэр дээр байгаа би тэр хүнээс машинаа аваад нэр дээрээ шилжүүлж амжаагүй тухайн хүн нь хөдөө орон нутаг байна. Улаанбаатар хотод ирэхээрээ нэрээ шилжүүлнэ гэж бид тохирсон байсан. Надад машины төлбөр тооцоон дээр ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй нэр шилжүүлээгүй л байгаа юм..." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 43-44, 83 дугаар тал)
- Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хамтран амьдрагч Т бид 2 одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа болохоор хэрэглээний мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улиастайн ууланд очиж самар түүхээр ярилцаад бид 2 унаагүй болохоор манай ээжийн төрсөн дүү Б ахыг машинтай нь гуйгаад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12-13 цагийн хооронд гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улиастайн ууланд 16 цагийн үед очоод самартай ууландаа очих гэж замдаа бид 3 шаварт суугаад шавраа ухаад шөнө болоод арай гэж хүний машин гуйж шавраас гараад тэндээ машин дотроо нармалдаж сууж байгаад үүр цайгаад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө үүрийн 05 цаг болж байхад Б ах эргэж хот руу яваад Т бид 2 цаашаа уул руу самар түүхээр явсан. Тэгээд ууланд бид 2 очиход газарт боргоцой ихээр унасан байсныг түүсээр байгаад нийт 8 шуудай боргоцой түүсэн. Тэнд их хүйтэн салхитай мөн цас хаялаад байхаар нь би Б ахыг дахин машинтайгаа хүрч ирээд аваач гэж гуйгаад Б ах 2024 оны 09 дүгээр сарын 18-ны 16 цагийн үед Т бид 2 дээр машинтайгаа ирсэн...". "... Би ямар нэгэн байгууллага болон хэн нэгнээс ямар нэг зөвшөөрөл аваагүй." гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 71-72, 91 дүгээр тал),
- Шүүгдэгч Б.Бийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлол / хавтаст хэргийн 245 дугаар хуудас,
- Шүүгдэгч Т.Тын эзэмшлийн Хаан Банкны ********** тоот дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2 хавтаст хэргийн 1-12 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч Б.Бамбадорж гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Т.Т, А.А нар нь бүлэглэж 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 47.8 кг Сибирь хуш модны үр болох самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор түүж бэлтгэн, А.Аын нагац ах болох Б.Бийг гуйж түүний эзэмшлийн ************ улсын дугаартай Тоёота Хайлүкс маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 4.727.420 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хороонд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан багтсан 47.8 кг Сибирь хуш модны үр болох самрыг А.А, Т.Т нар нь зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшлийн 60-48 УНС улсын дугаартай Тоёота Хайлүкс маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.А, Т.Т, Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Т.Т А.А нар нь байгалийн ховор ургамал хуш модны самрыг түүж бэлтгэснээр шинжээчийн дүгнэлтээр 47.8 кг хуш модны самарыг 4.727.420 төгрөгөөр үнэлсэн, энэ бол шууд хохирол. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу 5 дахин нэмэгдүүлж тооцно. Нийт хохирол 4.727.420 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 23.637.100 төгрөгийг Шүүгдэгч А.А, Т.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Б.Бийн хувьд тээвэрлэсэн үйлдэлд гэм буруутайд тооцуулах. Тээвэрлэсэн үйлдэлд ашигласан тээврийн хэрэгсэл болох ****** улсын дугаартай Тоётоа Хайлүкс маркийн тээврийн хэрэгслийн эд зүйлийн үнэлгээгээр 10.492.500 төгрөгөөр үнэлсэн тул Б.Бээс 10.492.500 төгрөгийг гаргуулах саналтай байна. Хохирлын тухайд самар түүсэн 2 шүүгдэгчид экологийн 23.633.000 төгрөгийг хоёр хувааж олгох. Б.Бийн хувьд тээвэрлэсэн үйлдэлд тээврийн хэрэгслийн дүгнэлтээр гарсан дүнг гаргуулах саналтай. Битүүмжлээгүй бөгөөд үнэлгээ гаргасан тул тээврийн хэрэгслийн үнийн дүнг Б.Бээс гаргуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бурмаа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар гэм буруу дээр маргадаггүй, зүйлчлэл дээр маргадаггүй. Б.Бийн хувьд буруу хүмүүсээс зөвлөгөө авч, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнтэй харьцаж тэр хүний заасны дагуу гомдол гаргасан асуудалд Давж заалдах шатны шүүхээс буцаж ирсэн нөхцөл байдал байдаг. Үүний дараа өмгөөлөгчөөр намайг сонгож авсан. Сонгож аваад хууль зүйн зөвлөгөө өгсний үндсэн дээр шүүх хуралдаанд орж байна. Оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Гэм буруутай үйлдэл хийсэн бол хууль зүйн хариуцлага хүлээнэ. Улсын яллагч Б.Бийг самар түүсэнд хамааралгүй, машины төлбөр төлүүлэх санал гаргасны хүлээн зөвшөөрч байна. Ийм тохиолдолд торгуулийн ял оногдуулахыг хүлээн зөвшөөрнө” гэв.
Шүүгдэгч А.А гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Би гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шүүгдэгч Б.Б гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Би фейсбүүкээр хууль зүйн зөвлөгөө өгөх хүн байна гэхээр нь холбогдоход надад тэр хүн өргөдөл бичиж өгсөн. Би бол гэм буруутай, самар түүх гэж ирснийг мэдсэн. Хохирлыг би төлнө, машин тэргээ янз бүр болгоод төлнө. Улсад учруулсан хохирлоо бүрэн төлнө” гэв.
Шүүгдэгч Т.Т гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Гэм буруутайгаа ойлгож байна” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Т, А.А нар нь бүлэглэн 2024 оны 09 сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас самар түүхээр нагац ах Б.Бийг гуйж түүний эзэмшлийн ********** улсын дугаартай “Тоуоta Hilux” маркийн тээврийн хэрэгслээр хүргүүлэн очсон, Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 09 сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын ам гэх газраас самар түүхийг мэдэж хүргэж өгч А.А, Т.Т нарыг түүсэн 8 шуудай самрын хамт буцаан тээвэрлэж авчирсан болох нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ... 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн... Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Экологийн цагдаагийн албаны төв байрны ертөнцийн зүгээр урд талын авто машины гадна ил зогсоол дээр ертөнцийн зүгээр зүүн тийш урд хамар хэсгийн харуулан байрлуулсан гадна хэсэг шавар шавхай болсон 60-48 УНС улсын дугаартай хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл дотор 8 шуудайд савласан ургамлын эд эрхтэн /боргоцой/ байсныг цайруулахын тулд үзлэгийг цааш үргэлжлүүлэн тухайн *********** дүүргийн ****** зүгээр хороо *********** тоотод очин боргоцой цайруулах зориулалт бүхий төхөөрөмжид 8 шуудай ургамлын эд эрхтэн /боргоцой/-г хийн цайруулав цайруулах явцад гадаа цаг агаар салхитай байх ба боргоцойг төхөөрөмжид бутлахад самар нь хогтой цуг доош газарт унаж байх ба тухайн самрыг шигших зориулалт бүхий төмөр дээр шигшиж самар хог хоёр ялгах явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав гэсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа...Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан гэх мэдүүлэг, ...Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2024 оны 05 дугаар сараас зарна гэсэн зарыг байршуулж 07 дугаар сарын 02-ны Б гэх хүнд 11,500,000 төгрөгт зарсан. Тухайн үед наадам энэ тэр гээд амралт таараад завгүй явсаар байгаад одоог хүртэл нэрээ шилжүүлж амжаагүй байгаа юм...гэх мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.А-ийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны 2920 дугаартай Сибирь нарс (хуш)- Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (хуш)- pinus sibirica нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д болон Ойн тухай хуулийн 3.1.12- т заасан "Ойн дагалт баялаг"-т хамаарч байна.Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 23,3 хувьтай байх тул нойтон байна.Хуш модны үр буюу самрыг 1Ш8 5786:2007, ММ8 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой,Хуш модны үр буюу самрыг МNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой, ...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна, ...47,8 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900 төгрөг х 47.8 кг= 4.727.420 төгрөг байна.Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийн тооцоход 4.727.420 төгрөг х 3 = 14.182.260 төгрөг байна.Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу" Байгаль орчныг хамгаал тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан Хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 4.727.420 төгрөг х 5 = 23.637.100 төгрөг гэх.”гэх дүгнэлт Дамно Үнэлгээ ХХК-ний 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №ЭК- 24-24 дугаартай “...Тоуоta Hilux...нийт хөрөнгийн үнэлгээ 10,412,500 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын өөрсдийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.
Ховор ургамал гэж байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамалд хамаарна.
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсны улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, гэмт үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Бэлтгэсэн гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болгох болон бусад зорилгоор бэлтгэснийг ойлгоно.
Тээвэрлэсэн гэж нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлснийг ойлгоно. Шилжүүлэхдээ агаарын тээвэр, авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг ашиглаж болно.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаартай ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг тухай жилийн 10 дугаар сарын 20-ноос дараа оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зөвшөөрөгдсөн газраас үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх зөвшөөрөл олгох талаар зохицуулжээ.
Шүүгдэгч Т.Т, А.А нар нь 2024 оны 09 сарын 17-18-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр худалдаж ашиг олох зорилгоор бэлтгэсэн гэх самар нэршилтэй ургамал нь шинжээчийн 2920 дугаартай дүгнэлтээр Сибирь нарс хуш)- Du Tour-ны цайруулсан самар болох нь тогтоогдсон, мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар Самар /үр/ нь Сибирь Хуш-Сибирь Хуш-Pinus sibirica Du tour-ны үржлийн эрхтэн байдаг байна. Мөн Сибирь Хуш /Pinus sibirica Du Tour/-ны үр /самар/ нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна.
Иймээс шүүгдэгч Т.Т, А.А нар нь ховор ургамлын жагсаалтад орсон ургамлыг зөвшөөрөлгүй газраас зөвшөөрөл авахгүйгээр зөвшөөрөгдөөгүй хугацаанд түүсэн бэлтгэсэн, шүүгдэгч Б.Б тэдний үйлдлийг мэдсээр байж машин механизм ашиглан тээвэрлэсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нар өөрсдийн үйлдэл, гэм буруугийн асуудалд маргахгүй хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.Бамбадорж эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байгааг харгалзан үзэж шүүгдэгч А.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах, шүүгдэгч Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах, шүүгдэгч Б.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. А.А, Т.Т нарт зорчих эрхийг хязгаарлах ялын саналтай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албалдагын арга хэмжээ авах саналтай. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самрыг улсын орлого болгох саналтай байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бурмаа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Улсын яллагчаас А.А, Т.Т нарт зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулъя, Б.Бэд 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал оруулсан. А.А эхнэр нь өнөөдөр төрсөн, хүүхэд нь 1 сартай, хөгжлийн бэрхшээлтэй, харвалт өгсөн хадам ээжтэйгээ ам бүл дөрвүүлээ амьдардаг. Эхнэр нь ажил эрхлэх боломжгүй тул өөрөө хамаатны ах дээр газар шорооны ажил хийж оператораар ажиллаж, сард 3.600.000 төгрөгийн цалин авдаг талаар хэлж байна. Улсад учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Болохгүй цаг хугацаанд самар түүж ийм нөхцөл байдал үүссэн тул төлөхөө илэрхийлж байна. Б.Б бусдад учруулсан хохирол, тээврийн хэрэгсэл жолоодохдоо ашигласан машины төлбөрийг төлөхөө илэрхийлдэг. Б.Б Автобус 3 дугаар баазад 2008 оноос хойш жолоочийн ажил хийдэг хүн байна. Өнөөдөр ам бүл долуулаа, эхнэр, 4 хүүхдийн хамт болон ээжийн хамтаар амьдардаг. Ажил хийж ам бүлээ тэжээдэг ажил хийдэг. Улсын яллагчийн саналын хувьд энэ хүмүүсийн нөхцөл байдлыг харахаар зорчих эрхийг хязгаарлах ял байна. Гав зүүхэд амар мэтээр хүмүүс боддог. Хоёр цаг тутамд батарей дуусах зүйл байгаа бөгөөд 3 удаа зөрчил гаргасан тохиолдолд ялыг сольж хорих ял болгодог. Гэм буруу дээр маргахгүй, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн. А.А, Т.Т нарын хувьд нэг нь хүүхдээ харж, нэг нь ажлаа хийж хохирол төлөх шаардлагатай. А.А оператор хийдэг ч Улаанбаатар хотын хаана ч ажил гарсан очиж ажлаа хийдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Б.Б ажил эрхэлдэг боловч улсад төлөх хохирлын хэмжээг төлж барагдуулаагүй учир торгуулийн ял авахад хэцүү. Энэ хүмүүс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч аваагүй бөгөөд ямар ял авдаг, хариуцлагын талаар ойлгоогүй орж ирсэн. Энэ бүхнийг ухамсарлаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү, улсад хохирол төлөх боломжоор хангаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүн 5.400-27.000 нэгжээр торгох ял оногдуулах боломжтой. Энэ хүн хийсэн хэрэгтээ гэмшсэн, бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул эсвэл 5.400 нэгж буюу доод хэмжээгээр торгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Т.Т эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Хохирлыг хувааж төлнө” гэв.
Шүүгдэгч А.А эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүх шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж самар түүж борлуулж амьжиргаандаа хэрэглэх зорилгоор анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас анхнаасаа үйлдлээ үнэн зөв мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, самрыг их хэмжээгээр бусдад худалдаж ашиг олох зорилгоор түүсэн бэлтгэсэн цайруулсан гэх үйлдлүүд байдаг ч тэдний санаа зорилго, байгаль орчинд учруулсан хор уршгийн хэмжээ, гэм хорын хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, ар гэр үр хүүхдээ тэжээх, амьдрал залгуулах үүднээс ажил хийх шаардлагатай, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэж тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нарын Байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн тухайд 1 килограмм Сибирь хушны үрийн нөхөн төлбөр 1 кг самрыг 98.000 төгрөгөөр үнэлсэн. Нийт хохирол 4.727.420 төгрөг байх ба үүнийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 23.637.100 төгрөг байна.
Шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн хушны үр самар нь 47,8 килограммыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4.727.420 төгрөгөөр тооцоход /47.8*4.727.420х5=23.637.100/ бүгд 23.637.100 төгрөгийн хохирол болж байх бөгөөд шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн тул тэднээс хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин болох ******* улсын дугаартай “Тоуоta Hilux” маркийн автомашин нь гэрч Д.Санжаагийн өмчлөлд байгаа болох нь баримтаар тогтоогдож байх тул тухайн эд хөрөнгийн үнэлгээ болох 10.412.500 төгрөгийг шүүгдэгч Б.Бээс гаргуулж хохирол төлбөрт тооцохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47.8 килограмм жинтэй Хуш модны үр, идээг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж үнийг улсын орлогод оруулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Т, А.А нарыг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн”, шүүгдэгч Б.Б-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын үрийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, А.А, Б.Б нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Т, А.А Б.Б нарыг шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Т, А.А Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 47.8 килограмм жинтэй Хуш модны үр, идээг зохих үнэлгээг хийж худалдаж борлуулж үнийг улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нараас 23.637.100 төгрөгийг хувь тэнцүүлэн хохиролд гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 10.412.500 төгрөгийг гаргуулан хохиролд тооцуулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т, А.А Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ