| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2021/00294/И |
| Дугаар | 143/ШШ2021/00331 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 143/ШШ2021/00331
Нэхэмжлэгч: Т.Т
Хариуцагч: Г
Ө******* газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоол ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах М.Хүрэлбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Ж*******, Э.Ц******* нарын гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0292101 дугаартай Шийтгэлийн хуудас- аар И******* ХХК-г нөхөн татвар, алданги, торгууль нийт 122 009 877 төгрөг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн. Үүнээс урьд төлсөн татварын илүү төлөлтийг суутгаан хасаад нөхөн татвар 45 564 579 төгрөг, алданги 12 477 816 төгрөг, торгууль 13 669 376 нийт 71 711 771.10 төгрөгийг И******* ХХК-аас татварын байгууллага нэхэмжилсэн. И******* ХХК-аас төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тул шүүхэд хүсэлт гаргасны дагуу Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай гүйцэтгэх хуудас гарсан. Гүйцэтгэх хуудасны дагуу төлбөрийн үүргийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг нээн ажиллагаа явуулж эхэлсэн. И******* ХХК нь үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа тул өнөөг хүртэл ямар нэгэн төлөлт хийж чадахгүй үлдэгдэл 71 711 771.10 төгрөг хэвээрээ байгаа. И******* ХХК нэг бүр 2 500 төгрөгийн үнэ бүхий 1 000 ширхэг энгийн хувьцаатай бөгөөд бүх хувьцааг Тийн Т******* эзэмшдэг. И******* ХХК-н санхүүгийн баримт, өмчийн бүртгэлд ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх байдаггүй. Компаний гүйцэтгэх захирлаар Т.Т*******гийн төрсөн дүү Т.О******* бүртгэлтэй байдаг. Компани 2017 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Ө******* газрын 224 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.С*******ын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоол-ын дагуу Т.Т*******гийн эзэмшлийн Төрийн банк ХХК дахь тоот Иргэний халамжийн нэрийн данс, тоот тэтгэврийн нэрийн дансыг 71 711 771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр хасалт хийхийг даалгаж, битүүмжилсэн байна. Т.Т******* одоо эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн байдлаас үүдэн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж 300 000 төгрөг сар бүр Төрийн банк дахь тоот тэтгэврийн нэрийн дансаар дамжиж олгогддог. Тэр дансанд одоогоор 600 000 төгрөг орчихсон боловч өөрөө захиран зарцуулах боломжгүй болоод байна. 2021 оны 04 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх газарт хандан И******* ХХК-н хувьцаа эзэмшигч бус Т.О*******, С. А*******, хувьцаа эзэмшигч Т.Т******* нарын хувийн хөрөнгийг төлбөр гаргуулах хөрөнгөд тооцож битүүмжлэх, арилжааны банк дахь дансыг 71 711 771 төгрөгийн дүнгээр битүүмжилж байгаа нь хууль бус тул хязгаарлалт, битүүмжүүдийг цуцална уу гэх агуулгаар хүсэлт гаргаж байсан. Т.О*******, С. А******* нарын дансны битүүмжлэлийг цуцалсан боловч Т.Т*******гийн дансыг 71 711 771 төгрөгийн дүнгээр битүүмжилж тус дүнгээр хасалт хийлгэхийг банкинд даалгасан хэвээр байна. Дээрх дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь хуульд заасан иргэний өмчийн эрхийг ноцтой зөрчиж байна. Учир нь: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.6 дахь хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврээс төлбөр гаргуулж болохгүй гэх заалтыг зөрчсөн. Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс тайлбарлахдаа Т.Т******* төлбөр төлөгч компанийн нийт хувьцааг эзэмшиж байгаа тул бүх өр төлбөрийг өөрийн хөрөнгөөр хариуцах ёстой гэж шийдвэрийнхээ үндэслэл болгодог. Төлбөр төлөгч болон түүний төлөөлөгч Т.Т*******гийн зүгээс Т.Т*******гийн эзэмшиж байгаа хувьцааны үнэлгээний хэмжээгээр буюу 2 500 000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд Т.Т******* компаний нэрийн өмнөөс үүргийг хариуцна гэх байдлаар тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгчийн хооронд үүссэн саналын зөрүү нь Компаний тухай хуулийн 9.3, 9.5 дахь хэсгийг өөр байдлаар ойлгосноос үүдэлтэй. Компаний тухай хуулийн 9 дүгээр зүлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Компаний тухай хуулийн 9.3 Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасан. Мөн Компаний тухай Монгол Улсын хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай тогтоолд 12.Мөн зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж компанийн хүлээх үүргийг гишүүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй бөгөөд гагцхүү компанид оруулсан хөрөнгө буюу эзэмшиж байгаа хувьцаагаар хариуцлага хүлээхийг хэлнэ гэж тайлбарласан байна. Хууль болон тайлбарт хувьцааны хувиар бус хэмжээгээр гэж заасан байх тул төлбөр төлөгчийн байр суурь үндэслэлтэй байна. Хуулийн дагуу Т.Т******* нь төлбөрийн чадваргүй Их Говийн Ундарга ХХК-ийн нэрийн өмнөөс нийт 2 500 000 төгрөгийн төлбөрийн үүрэг гүйцэтгэснээр түүний үүрэг дуусгавар болох учиртай. Гэтэл данс битүүмжлэх тогтоолд түүний дансыг 71 711 771 төгрөгийн дүнгээр битүүмжилсэн нь хууль зөрчиж байна.
Иймд Ө******* газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.6 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул хууль бус тогтоолыг хүчингүй болгоно уу. Энэхүү нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзлээ. Мөн энэ талаарх гомдлыг урьд өмнө нь өгсөн боловч 2 сарын хугацаанд ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гаргасан нэхэмжлэл 2 үндэслэлтэй, 1 дүгээр хэсэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйл, 2 дахь хэсэг нь Компанийн тухай хуулийн 9.3 болон 9.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь төлбөр төлөгч Т.Т******* нь хөдөлмөрийн чадвар алдалттай тэр тэтгэврээ авдаг данс хаасан байсан. Энэ талаар нотлох баримтаа гаргаж өгвөл дансыг нээх боломжтой гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас асууж тодруулсан тул энэ үндэслэлийг өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй.
Гол маргаан Компанийн тухай хуулийн 9.3-г хэрхэн тайлбарлаж ойлгох вэ гэдэгт маргаан гараад байгаа. Маргаан бүхий актны тогтоох хэсгийн 1-д 71 711 771 төгрөгийн төлбөрийн дүнгийн хэмжээгээр төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн хувийн харилцах дансанд битүүмж тогтоосон байгаа гэсэн. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл компанийн тухай хуулийн 9.3-д хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хүлээхгүй бөгөөд Компанийн тухай хуулиар эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан. Эзэмшиж байгаа хувьцаа гэдэг нь ХХК нь 2 000 000 төгрөгийн дүрмийн сантай ийм компани байгаа. Иймд эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ буюу 2 000 000 төгрөгөөр битүүмжлэх ёстой байсан. Гэтэл 71 711 771 төгрөгийн үнийн дүнгээр харилцах дансыг битүүмжилсэн нь хууль зөрчиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар гүйцэтгэх хуудас ирснийг хүлээн ав шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Дээрх ажиллагаатай холбоотойгоор ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******ын Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус газраас ХХК-нд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллаагаа явуулж 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 71 711 771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх тухай тогтоолыг хүргүүлсэн. Мөн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор төлбөр төлөгч ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Т*******гийн Хаан, Хас, Төрийн, Голомт, Капитрон, Худалдаа хөгжлийн банканд байрших харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйл 88.1.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Т.Т*******гийн халамж болон тэтгэврийн орлогоос хасалт хийж төлбөрт суутган шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй болно. Төлбөр төлөгч Т.Т******* төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нар нь хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг талаар холбогдох баримтыг авч ирэх тухай ярьж байсан боловч ямар нэгэн нотлох баримтыг өнөөдрийг хүртэлх хугацаанд тус газарт гаргаж өгөөгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжинд заасан журмын дагуу шийдвэрлэнэ, мөн Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компаний өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасан талаар ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Т*******д тайлбарлаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******ын гаргасан нэхэмжлэлд ХХК нь 2017 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй талаар тайлбар байна. Монгол улсын Дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоол, мөн хуулийн 9.5-д заасан компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэдэг нь компанид оруулсан хувь нийцүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно гэж тайлбарласан байдаг. ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч т.Т******* Хаан банкнаас зээл авах зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БГХ/2018 дугаар барьцааны гэрээнд өөрийн хувийн хашаа байшин бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох Өмнөговь аймаг Даланзадгад сум 2 дугаар баг Хан-Уул 1-16 тоотод байрлах хувийн сууц, гэр бүлийн зориулалттай газрын хамт барьцаанд тавихдаа зээлийн гэрээний 2.7.2-д Барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно гэсэн хэсэгт /3612694/ ХХК гэж оруулан 100 хувийн хувьцаа эзэмшигч Т.Т******* нь тус барьцааны гэрээг ганцаараа баталгаажуулж гарын үсэг зурсан нь өөрийн эд хөрөнгийг зааглаагүй талаарх хөдлөшгүй баримт юм. Т.Т******* өөрийн эд хөрөнгөө компанийн эд хөрөнгө гэж заагласан талаарх нотлох баримт гаргаж ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т*******гийн хувьцааны хэмжээгээр биш ойлголт энэ дээр яригдаад байгаа юм. Хувьцааны үнэлгээ ямар ч байж болно. Хувь хэмжээ гэдэг нь тухайн компанийн хувьцааны хэдэн хувийг эзэмшиж байгаа талаар яригдаж байгаа. Компанийн дүрмийн сан нь хэдэн төгрөг байх нь энэ хуульд заасан асуудалд огт хамааралгүй. Зөвхөн хувьцаа эзэмшигч нь хэдэн хувийг эзэмшиж байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Мөн хуулийн 9.5-д заасан ойлголт нь Т.Тэмжүүжин нь Хаан банкнаас зээл авахдаа барьцааны зээлийн гэрээ байгуулаад барьцааны зүйлдээ ХХК-ийг тавьж байгаа нь Т.Т******* тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй байх тул уг хувьцаа эзэмшигч Т.Т******* нь өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах ёстой гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Т.Т*******гийн нэхэмжлэл, 0769 дугаартай итгэмжлэл, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 06 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбар, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******ын хариу тайлбар, шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх тухай Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0769 дугаартай Т.Т******* нь Б.Э*******ад өөрийгөө төлөөлж нэхэмжлэл гаргах үйлдэл хийх эрхийг 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу Ө******* газарт холбогдуулан тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийн дагуу тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт Энэ хуулийн 20.3-т заасан буцаах үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж зааснаар Ө******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Б 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 19160256 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, улмаар зохигчдын маргаж буй төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Т.Т*******гийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг 71.711.771 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр хасалт хийхээр тогтоожээ.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан ба нэхэмжлэгч Т.Т******* нь ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба түүний компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Т******* нь ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр өөрийн төлөөлөх эрх бүхий компанийн өр төлбөрийг давхар хариуцах үүрэгтэй, хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т.Т*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******ын нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т*******гийн Ө******* газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данснаас хасалт хийх, данс битүүмжлэх тухай тогтоол ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР