Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.М,

Шүүгдэгч Э,

Шүүгдэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Д, Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокуророос “Т” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2319003370084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

1.Биеийн байцаалт:

Т

Э

2.Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлт дурдсанаар/:

2.1.Шүүгдэгч “Т” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * ***, “К” ХХК-ийн жоншны бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагaa явуулж байх үедээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй 0,5 литр хэмжээтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сард фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу бусдаас хууль бусаар худалдаж авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сард “Три Ти Ар Си” ХХК-иас Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй 3,5 литр хэмжээтэй химийн бодисыг хууль бусаар авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор “К” ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт 4 литр хэмжээтэй Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) rэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан,

2.2.Шүүгдэгч Э нь “Т” ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * ***, “К” ХХК-ийн жоншны бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байх үедээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй 0,5 литр хэмжээтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сард фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу бусдаас хууль бусаар худалдаж авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сард “Три Ти Ар Си” ХХК-иас Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй 3,5 литр хэмжээтэй химийн бодисыг хууль бусаар авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор “К” ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт 4 литр хэмжээтэй Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч “Т” ХХК, Э нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан...” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.2-т “химийн аюултай бодис” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэглэхийг хориглосон химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.4-т “хязгаарласан химийн бодис” гэж зөвхөн зөвшөөрсөн газарт, заасан зориулалт, хэмжээ, технологийн дагуу тодорхой хяналтын дор хэрэглэхийг зөвшөөрсөн химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгохоор заасан.

Триэтаноламин /Triethanolamine/ химийн нэр томъёотой, 102-71-6 олон улсын бүртгэлийн дугаар бүхий химийн бодис нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор батлагдсан “Жагсаалт батлах тухай /Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт/-ын 2 дугаар хавсралтын 28 дугаарт бүртгэгдсэн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис байна.

Уг бодисыг Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т зааснаар экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авахаар,

хадгалахад Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар химийн хорт болон аюултай бодис хадгалах агуулахын байршлыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих шатны Засаг дарга тогтоохоор,

Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын  2017  оны 05 дугаар сарын 23-ны     өдрийн 54/А/136/А/215  дугаар хамтарсан  тушаалын хавсралт Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмын 3 дугаар зүйлийн 3.1-д Химийн бодисыг “Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах” стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгалахаар тус тус хуульчилжээ.  

Дээрх хууль, журмыг тайлбарлавал: Химийн хорт болон аюултай триэтаноламин бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглахдаа эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авахаар,

Хадгалахад стандартын шаардлага хангасан агуулахад хадгална,   (байршлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зохих шатны Засаг дарга тогтоох), зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж ойлгоно.  

Шүүгдэгч “Т” ХХК нь  ... уул уурхайн олборлох үйл ажиллагааны MV-017291 дугаар тусгай зөвшөөрөлтэй /2013.04.08-2043.04.08/, ашигт малтмалын ашиглалтын 14218А тусгай зөвшөөрөлтэй /2013.04.08-2043.04.08/, гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, эцсийн өмчлөгч нь Ц.Болор-Эрдэнэ,  болох нь төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар зэргээр тогтоогдож байхаас гадна (1-р хавтас 198-204 тал, 2-р хавтас 106-121 тал), түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг гүйцэтгэх захирлаар шүүгдэгч Э нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, ажилд томилсон тушаал зэргээр тогтоогдож байна (2-р хавтаст хэргийн 107-108 хуудас, 2-р хавтаст хэргийн 180-190 хуудас).

Шүүгдэгч “Т” ХХК нь “К” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * багийн нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалттай барилга, үйлдвэрийн ажилчдын амьдрах 44 өрөө бүхий барилга болон ...4 шат дамжлагын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 5,447 м3 бүхийн жонш бутлах, баяжуулах үйлдвэрийн 2 барилга нийт 1,640 м2 бүхий талбай, үйлдвэрийн дэргэдэх лабораторийг түрээслэх гэрээг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан, дээрх гэрээг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөн өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар дахин байгуулжээ(1-р хавтаст хэргийн 233-239 хуудас).

“Т” ХХК-ийн түрээсэлж буй үйлдвэрийн дэргэдэх лаборатори нь триэтаноламин гэх химийн бодис хадгалах агуулахын дүгнэлт, зөвшөөрөлтэй болох нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11-04-014/60 дугаар болон 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагчийн 10-21-02/088/39 дугаартай химийн бодисын агуулахын дүгнэлт зэргээр тогтоогдож байна(1-р хавтаст хэргийн 180-181, 245, 249 хуудас).

Түүнчлэн шүүгдэгч “Т” ХХК нь “Т” ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16/22 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ байгуулан уг гэрээгээр “Т” ХХК нь “Т” ХХК-ийн даалгаварын дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших жоншны баяжуулах үйлдвэрт лабораторын үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. Мөн өдөр гэрээний нэмэлт гэрээ байгуулан гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ (1-р хавтаст хэргийн 226-130, 240-244 хуудас).

“Т” ХХК нь Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуучлалын яамнаас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 0002206 дугаартай, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 0002479 дугаартай химийн хортой, аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрлүүдийг авч байсан болон  0002479 дугаартай химийн хортой, аюултай бодис болох триэтаноламин бодисыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 28 кг бодисыг ашиглах эрхтэй байна (1 дүгээр хавтаст хэргийн 139, 146-147 хуудас).

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч “Т” ХХК болон Э нарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, авсан гэж зүйлчилж шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч “Т” ХХК нь өөрийн компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлосон жоншинд шинжилгээ хийлгэх зорилгоор өөрийн түрээсэлж буй лабораторын барилгад “Т” ХХК-тай гэрээ байгуулан шинжилгээ хийлгэхээр тохиролцсон, үүний дагуу “Т” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхээр триэтаноламин гэх бодисыг авч очсон болох нь гэрч А.Бын “...Манай байгууллага хамтран ажиллах гэрээний дагуу “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрөл гараагүй, лабораторын үйл ажиллагаа явуулахад бэлэн бус байсан учраас 3,5 литр триэтаноламин бодисыг үлдээгээд явсан...” гэх, гэрч С.Хгийн “...Энэ бодис нь жоншны үйлдвэрээс гарч ирж байгаа бүтээгдэхүүнд химийн шинжилгээ хийхэд ашигладаг. “Т” ХХК-ийн лабораториос гарч ирсэн триэтаноламин бодис нь хамтран ажиллах гэрээний дагуу манай байгууллагын ашиглаж байсан химийн бодис юм. Яагаад тухайн лабораторид үлдээгээд явсан гэвэл “Т” ХХК нь тухайн химийн бодисыг хадгалах агуулахын дүгнэлт нь 2023 оны 06 дугаар сард гарч зөвшөөрөлтэй болсон тул манай байгууллага тухайн бодисыг үлдээж явсан...”, “...3,5 литр триэтаноламин бодисыг хамтын ажиллагааны гэрээний дагуу “Т” ХХК-ийн лабораторид 2023 оны 07 дугаар сарын сүүлээр гүйцэтгэх захирал Э болон менежер О нарт хүлээлгэн өгсөн. Манай байгууллага тухайн бодисыг “Т” ХХК-ийн лабораторын үйл ажиллагаанд огт ашиглаагүй зөвхөн хүлээлгэн өгөөд явсан...”  гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна(1-р хавтаст хэргийн 151-167 хуудас).

“Т” ХХК нь триэтаноламин гэх химийн бодисыг өөрийн олборлосон жоншийг шинжлүүлэхэд тусгай зөвшөөрөл бүхий “Т” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахыг хуулиар хязгаарлаагүй байх тул 2023 оны 07 дугаар сард “Три Ти Ар Си” ХХК-иас Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3) гэх нэршилтэй 3,5 литр хэмжээтэй химийн бодисыг хууль бусаар авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор “К” ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдохгүй, энэ үйлдэлд гэмт хэрэгт гэмт хэргийг бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэж байна. 

2023 оны 05 дугаар сард фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу бусдаас хууль бусаар триэтаноламин бодисыг худалдаж авсан, гэх үйлдлийн тухайд:

“Т” ХХК нь химийн хортой, аюултай бодис худалдах зөвшөөрөл бүхий “Грийн химистри” ХХК-аас 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 500 мл савлагаа бүхий 20 ширхэг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Т” ХХК-д 500 мл савлагаа бүхий 10 ширхэг триэтаноламин гэх химийн бодисыг худалдаж авсан болох нь “Грийн химистри” ХХК-ийн албан бичиг, бараа материалын зарлагын баримт, Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуучлалын яамны 2024 оны 01 сарын 10-ны өдрийн 07/100 дугаар “Хариу хүргүүлэх тухай” түүнд хавсаргасан тусгай зөвшөөрлийн хуулбар зэргээр тогтоогдож байна. (1-р хавтаст хэргийн 167-170, 177-178 хуудас),  

“Т” ХХК нь триэтаноламин бодисыг 2023 онд 4 кг-ыг ашиглаж, 6 кг үлдэгдэлтэй талаарх тайланг Байгаль орчин, Аялал жуучлалын яамны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт хүргүүлж байжээ(1-р хавтаст хэргийн 154-157 хуудас).

“Т” ХХК-ийн ахлах мэргэжилтэн Бын “...15 литр триэтаноламин бодисыг 3.5 литр бодисыг “Т” ХХК-ийн лабораторын агуулахад үлдээж 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 4 литр бодисыг, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 2.5 литр бодис ашиглаж 5 литр бодисын үлдэгдэлтэй...” гэх агуулга бүхий мэдүүлэг нь (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 хуудас) дээрх тайланд дурдсантай зөрүүтэй байна.

Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь Байгаль орчин, Аялал жуучлалын яамны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт нийт 10 литр бодисоос 4 литрийг ашиглаж, 6 литр үлдэгдэлтэй гэж тайлан хүргүүлсэн байхад “Грийн химийстри” ХХК-аас 15 литр бодис авч 5 литр бодисын үлдэгдэлтэй гэж мэдүүлж байгаа нь зөрүүтэй байна.

Хэргийн газрын үзлэгээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * ***т байрлах “К” ХХК-ийн лабораторын барилгын химийн хорт, аюултай бодис хадгалах дүгнэлттэй агуулахад хэргийн газрын үзлэг хийж N(CH2CH2OH)3 химийн найрлага бүхий триэтаноламин нэршилтэй тус бүр 500 гр савлагаатай бор өнгийн шилэн савтай 8 ширхэг буюу 4 литр бодис байсныг 1 шил бодисыг хураан авч, үлдсэн 7 шил бодисыг лацдаж хадгалсан талаар дурдсан.

Хими, хими технологийн хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай “...Шинжилгээгээр тодорхойдогдсон дээж нь триэтаноламин (Triethanolamine CAS-ийн дугаар: 102-71-06) гэсэн нэртэй химийн бодис мөн болохыг тодорхойлов. ...Бодисын нэр: Триэтаноламин (Triethanolamine), CAS-ийн дугаар: 102-71-06. Химийн томьёо: С6Н15NO3. Уг бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан...” гэх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан(1 дүгээр хавтаст хэргийн 93-96 хуудас).

Уг дүгнэлтээр шинжилгээгээр тодорхойлогдох дээж нь триэтаноламин гэсэн нэртэй химийн бодис болохыг тогтоосон.

Дүгнэлтийн хариулт 3-т триэтаноламин гэх химийн бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуучлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан гэж дурдсаныг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дашдорж “...шинжээчийн дүгнэлтэд дурдсан А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 28 дугаарт триэтаноламин гэх бодис бичигдээгүй байна...” гэх агуулгаар мэтгэлцсэн.

Триэтаноламин гэх химийн бодис нь дээрх хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 28 дугаарт биш харин Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор батлагдсан “Жагсаалт батлах тухай /Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт/-ын 2 дугаар хавсралтын 28 дугаарт бүртгэгдсэн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дээрх журмыг буруу бичсэнийг тухайн бодисыг триэтаноламин гэх бодис болохыг тогтоосон дүгнэлтийг үгүйсгэхгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 4.1.7-д заасан эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэхээр,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.”,

3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно.”,

4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”,

6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” тус тус гэж заасан.

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 36-2/2767 дугаар Хими, Химийн технологийн хүрээлэнгийн захиргаанд хүргүүлсэн албан бичигт “Тус цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа бүртгэлтийн 661 дугаартай гомдол мэдээлэлд 500 граммаар савласан хүрэн өнгийн шилтэй эд зүйлийг шинжилгээ хийлгэхээр тогтоолын хамт хүргүүлэв. Шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан ирүүлнэ үү. Хариуцсан албан хаагч Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Ууганбаяр” гэжээ.

Уг албан бичигт Хими, Химийн технологийн хүрээлэн рүү шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тогтоолыг хүргүүлсэн талаар дурдсан, дээрх тогтоолын дагуу шинжээч асуултад хариулж дүгнэлт гаргасан байх тул тогтоол хэрэгт хавсаргаагүй байгааг шууд шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэхгүй учир нотлох баримтаар үнэллээ.

Шинжээчийн 12 дугаар дээрх дүгнэлтээр шинжилгээний дээжид ирүүлсэн бодисыг триэтаноламин гэх химийн бодис болохыг тогтоосон хэдий ч 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсанаар 8 шил 500 граммын савлагаатай бодис байсан болох нь тогтоогддог.

Шүүгдэгч нарыг 2 үйлдлээр триэтаноламин гэх бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэж буруутгаж байхад 1 шилтэй бодисоос дээж авч шинжилгээ хийлгэснээр бүх шилтэй бодисыг триэтаноламин гэх химийн бодис байсан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн Прокурорын яллах дүгнэлтэд “...хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “Т” ХХК-ийн үйлдвэрийн даргаар ажилладаг Б нь “... Триэтаноламин (Triethanolamine СвHNO3) гэх нэршилтэй 0,5 литр хэмжээтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сарын дундуур манай байгууллагад хэрэг болж магадгүй гэсэн зорилгоор фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу бусдаас худалдаж авсан...” гэж гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус зааснаар түүний өгсөн мэдүүлэгт дурдагдсан үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагаагаар буюу бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, мөн дан ганц түүний мэдүүлгийг үндэслэж яллах нь үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцэхгүй гэж дүгнэн Быг яллахаас татгалзсан.

Гэрч Бын мэдүүлгийг дангаараа нотлох баримтын эх сурвалж болж чадахгүй гэж дүгнэсэн боловч шүүгдэгч нарыг гэрч Бын “...Харин 1 шил буюу 500 мл бодисыг 2023 оны 5 дугаар сарын дундуур цахим сүлжээнээс “жоншны шинжилгээнд ашигладаг бодис зарна” гэсэн зар байхыг хараад манай байгууллагын лабораторид хэрэг болж магадгүй гэж бодоод үл таних хүнээс худалдаж аваад “Т” ХХК-ийн байранд хадгалж байсан...” гэх мэдүүлэгт дурдсан үндэслэлээр шүүгдэгч нарыг 1 шил буюу 500 мл триэтаноламин бодисыг олж авсан, хадгалсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөрдөгч, Прокурор нь хэргийн бодис байдлыг тогтоох үүрэг хүлээнэ.

“Т” ХХК нь Байгаль орчин, Аялал жуучлалын яамны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газарт нийт 10 литр бодисоос 4 литрийг ашиглаж, 6 литр үлдэгдэлтэй гэж тайлан хүргүүлсэн байхад “Грийн химийстри” ХХК-иас 15 литр бодис авч 5 литр бодисын үлдэгдэлтэй гэж зөрүүтэй тайлбар гаргасан байхад дээрх зөрүүг бүрэн шалгаж тогтоолгүй шүүгдэгч нарыг үргэлжилсэн үйлдлээр триэтаноламин гэх бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэж буруутайд тооцох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл “Т” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу “Т” ХХК-ийн үйлдвэрийн лабораторт ажиллахаар очихдоо 3,5 литр эсхүл 4 литр бодис үлдээгээд явсан, үйлдвэрийн дарга Б 500 граммын савлагаатай бодисыг худалдан аваад хадгалсан гэх мэдүүлэгт дурдсан буюу 8 шил бодисыг 2 өөр газраас авсан болохыг тогтоож чадаагүй байна. Түүнчлэн үйлдвэрийн дарга Б 1 шил бодис авсан гэх мэдүүлэгт үндэслэж шүүгдэгч нарыг буруутгаж байгаа бол тухайн бодис нь триэтаноламин гэх бодис мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгдэгч “Т” ХХК-ийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гэх Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * багт байрлах Жонш баяжуулах үйлдвэрийн дэргэдэх хяналтын лабораторын барилгын химийн бодис хадгалах агуулахад байсан 8 шил 500 граммын савлагаатай бодис нь бүгд триэтаноламин гэх бодис мөн болох нь тогтоогдохгүй, “Т” ХХК нь шүүгдэгч “Т” ХХК-д дээрх 8 шил бодисыг бүгдийг орхисон эсхүл 7 шил бодисыг орхисон болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй, зарын дагуу олж авсан гэх 1 шил бодис нь триэтаноламин гэх бодис мөн эсэх бүрэн тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч нар хууль бусаар триэтаноламин бодисыг авсан, хадгалсан гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул тэднийг цагаатгаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч нарыг цагаатгасан тул тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * *** К ХХК-ийн жоншны бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа 7 ширхэг 3.5 литр бодис, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 0.5 литр бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч” Т” ХХК-д буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Т” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасугай.

2.“Т” ХХК, Э нарт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын * *** “К” ХХК-ийн жоншны бага агуулгатай хүдэр баяжуулах үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа 7 ширхэг 3.5 литр бодис, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 0.5 литр бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч “Т” ХХК-д буцаан олгосугай.

4.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ