| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/01470/И |
| Дугаар | 102/ШШ2022/02440 |
| Огноо | 2022-06-28 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/02440
2022 оны 06 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2022/02440 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Ц
Хариуцагч: ОУБХС
Нэхэмжлэлийн шаардлага: 5.225.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Олон улсын боловсрол хөгжил санд холбогдуулан 5.225.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Олон улсын боловсрол хөгжлийн сан 2018 оны 03 дугаар сард ... дугаар сургууль, ... дугаар сургуулийн хүүхдүүдэд БНХАУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэй сургана гэж шалгалт авсан.
Хот хөдөөгийн сургуулиас нийлээд 16 хүүхэд БНХАУ-ын ЦТК нэг жилийн хугацаатай хэлний бэлтгэлд суралцаж цаашлаад их дээд сургуульд суралцуулна гэж тайлбарласан.
Ингээд ОУБТ гүйцэтгэх захирал н.М нэхэмжлэгч С.Ц гэрээ байгуулсан.
Гэрээ хийсний дараа тухайн сургуульд шаардлагатай бүх материалыг бүрдүүлж, төлбөрт 6.000.000 төгрөгийг байгууллагын .... дугаартай дансанд шилжүүлсэн.
Талуудын хийсэн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүчинтэй. Цанжөү технологийн коллежийн талаар Олон улсын боловсрол хөгжлийн сангийн захирал Н.М танилцуулахдаа хичээлийн танхим суралцах орчин бүрэн хангагдсан тав тухтай эрүүл ахуйн нөхцөл сайтай гэж тайлбарлан хүүхдүүдэд итгэл төрүүлсэн.
Монгол улсаас 16 хүүхэд ЦТК сургуульд хүүхдүүдийг захирал Н.М хүргэж өгсөн.
Гэвч хариуцагчийн танилцуулсан орчин нөхцөл сайн, суралцах нөхцөлөөр хангагдсан гэж тайлбарласан нь бодит байдал өөр байж хүүхдүүдийг сургуулийн захиргаанд албан ёсоор хариуцуулж өгөөгүй.
Сургуулийн дотуур байр оюутанд зориулсан дотуур байр биш камер хараа хяналт байхгүй, FC тоглоомын газартай ойр байрлах зэрэг суралцах орчин нөхцөл хангагдаагүй.
Дөнгөж очиж байгаа хэл мэдэхгүй хүүхдүүд хэлмэрч, орчуулагч байхгүй. ЦТК гэж байгаа боловч аль хотод хаана байдаг талаар бид мэдэхгүй.
Нэхэмжлэгчийн гэр бүл охиноо 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Монголдоо буцаж ирэхийг шаардан Э.Ц буцаж ирсэн. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Монголын хил давж 09 дүгээр сарын 23-ны өдөр Б хотод очсон. Замдаа 2 хонож очоод, буцаад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монголд ирсэн. Амьдрах суралцах орчин боломжгүй учраас БНХАУ-ийн ЦТК 9 хоноод ирсэн.
Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүүхдүүдийн эцэг, эх СХ дүүргийн Засаг даргад гомдол гаргасан.
Иймд гэрээнээс татгалзаж суралцах мөнгөө буцаан авна гэж Н.М захиралд хэлэхэд мөнгөө буцаан авах талаар өргөдлөө өгөө гэж хэлсэн атлаа Э.Ц ээж н.Т өргөдөл өгөхөд мөнгийг буцаан олгох боломжгүй гэдэг хариу өгснөөс маргаан бүхий харилцаа үүсээд 2018 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн газарт хандсан.
Цагдаагийн байгууллага иргэний харилцаа гэж үзсэн.
Нэхэмжлэгч төлбөр төлсөн боловч тэндээ суралцаагүй тул зуучлалд суралцуулахаар төлсөн 5.225.000 төгрөгийг буцаан авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч тайлбартаа буцаж Монголдоо ирээд олон жил өнгөрсний дараа мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлдэг. Суралцсан талаар бодит байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү .
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд өгсөн авснаа буцаан авах ёстой. Мөн хуулийн 207 дугаар зүйлийн 205.7 дах хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж хариуцагчид төлсөн мөнгөн дүнгээ буцаан авах нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч тал Э.Ц буцаж ирсэн талаар тайлбарлаж байна. Үүнд:
Орчуулагч, хэлмэрч, суралцах орчин нөхцөл байхгүй, FC тоглоомын газартай ойрхон гэдэг талаас тайлбарлаж байна.
Тухайн гадаадад суралцаж байгаа суралцагч нар өөрөө биеэ даан хэл сурдаг. Оюутны дотуур байрын нөхцөл сайн, х улсдаа сайн байртай сургуулийн тоонд ордог, давхартаа .... өрөөтэй, өрөөндөө ... хүн байрладаг, халуун хүйтэн устай, суралцах орчин нөхцөл бүрэн хангагдсан.
Дотуур байр болон сургууль хоорондоо ойрхон байрладаг.
Э.Ц, Олон улсын боловсрол хөгжлийн сангийн хооронд байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар суралцагчийн бичиг баримтыг суралцах улсын сургуульд илгээсний улмаас урилга ирж, БНХАУ-ын боловсролын яамны олгодог гадаад оюутан суралцахаар зөвшөөрсөн виз мэдүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулна гэж заасан.
Манай зүгээс шалтгаалах бүх ажиллагааг явуулсан бөгөөд суралцах хүүхдүүдэд хятад хэлний анхан шатны мэдлэг олгох үүднээс Монгол улсдаа 2 сарын хугацаатай сургалтанд хамруулаад Н.М захирал хүүхдүүдийг суралцах сургуульд өөрийн биеэр хүргэж өгсөн.
Зөвлөх үйлчилгээний гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар суралцагч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр өөрийн суралцах сургуулиа тодорхойлж мэдээлэл авах дүрэм журмуудтай танилцаж гэрээг байгуулна гэж заасан.
Үүний дагуу Э.Ц тухайн суралцах сургуулиа судалж өөрийн хүсэл зоригт нийцүүлэн хүсэлтээ гаргасан.
Бидний зүгээс сургуульд явуулахаар шаардсан зүйлгүй. Суралцах сургуулийн бүх мэдээлэл цахим орчинд нээлттэй ба өөр их дээд сургуульд суралцах боломж нэхэмжлэгчид байсан.
Энэхүү суралцах сургууль таалагдахгүй байсан бол манай талаас үзүүлж байгаа тэтгэлгийг авахгүй байх боломжтой байсан.
Гэрээ бүрэн биелэгдэж дуусгавар болсны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
БНХАУ-д суралцах нэг жилийн төлбөр 10.000 юань, нэг жилийн байрны төлбөр 8.000 юань, зуучлалын төлбөр монгол мөнгөөр 5.000.000 төгрөг.
Гэтэл хариуцагчийн зүгээс тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд 30-100 хувийн тэтгэлэг олгож байсан.
Үүнээс Э.Ц 30 хувийн тэтгэлэг олгосон. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1.800.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2.400.000 төгрөг нийт 4.200.000 төгрөг болж төлбөрийг хүлээн авсан.
Бусад гарах зардал болох эрүүл мэндийн шинжилгээний төлбөр зэрэг зардлыг өөрөө төлөх үүрэгтэй.
Иймээс энэхүү нэхэмжилж байгаа мөнгөн дүнг өгөх, хүлээн зөвшөөрөх боломжгүй, гэрээнд заасан сургуульдаа очиж, суралцаад ирсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах боломжтой байтал БНХАУ-ын их сургуульд очиж суралцаж байгаад ирсний дараа гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна, гэжээ.
Хавтас хэрэгт цугларсан баримтууд:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Д.М, Г.Г нарт олгосон “Итгэмжлэл”, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай “Зөвлөх үйлчилгээний гэрээ”, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ХБ дансны хуулга, 2018 оны 07 дугаар сарын 30-ны ХБ дансны хуулга, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ХБ дансны хуулга, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ГБ дансны хуулга, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын “Тодорхойлолт”, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай СХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол
Хариуцагчаас ОУБХС Улсын бүртгэлийн гэрчилгээ, ОУБХС дүрэм, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай ОУБХС Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, Н.М иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай “Зөвлөх үйлчилгээний гэрээ”, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Хаан банкны дансны хуулга, Суралцагчийн нэр, ЦТК шинэ оюутны төлбөрийн мэдээлэл, БНХАУ-д суралцах визний өргөдөл, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э.Ц гадаад паспортын хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ц.И олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ц.Ичинхорлоод олгосон “Итгэмжлэл”
Шүүхийн журмаар 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн СХ дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай БГ дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай Баянгол дүүргийн Прокурорын газрын албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Э овогтой Ц гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хариуцагчийн танилцуулсан орчин сайн, суралцах нөхцөлөөр хангагдсан гэж тайлбарласан бодит байдал нийцээгүй байсан учраас гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан авахаар шаардаж байна. Нэхэмжлэгч Япон улсад суралцаж байгаа” гэж тайлбарлав.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И “Хариуцагч үүргээ биелүүлж, гэрээ биелэгдсэн. БНХАУ-ын Ц хотод нэхэмжлэгчийг өөрийн биеэр хүргэж өгөөд, дотуур байранд оруулаад ирсэн. Орчин нөхцөл сайтай. Хамт явсан хүүхэд сургууль, дотуур байр ямар байдаг талаар ярьсан бичлэг, гэрэл зургийг өгсөн. Хариуцагчаас төлбөр авсан маргахгүй. Эцэг, эхтэй нь ярилцаад, хятад хэлний бэлтгэлийн талаар танилцуулж Э.Ц явсан. Гэрээнээс татгалзах боломжтой байтал сургуульд очиж суралцаж байгаад ирсний дараа гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тухайн суралцах сургуулиа судалж өөрийн хүсэл зоригт нийцүүлэн хүсэлтээ гаргасан. Бидний зүгээс шаардсан зүйлгүй. Суралцах сургуулийн бүх мэдээлэл цахим орчинд нээлттэй өөр их дээд сургуульд суралцах боломж нэхэмжлэгчид байсан. Суралцах сургууль таалагдахгүй бол манай талаас үзүүлж байгаа тэтгэлгийг авахгүй байх боломжтой байсан. Гэрээ бүрэн биелэгдэж дуусгавар болсны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ... дугаартай “Зөвлөх үйлчилгээний гэрээ-БНХАУ”-г байгуулж, зөвлөх БНХАУ-ын хэлний бэлтгэлд суралцагчийг суралцахад үйлчилгээ үзүүлэх, суралцагч сургалт, байр, зөвлөх үйлчилгээ үзүүлсний хариу төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэрээний хугацаа хүчинтэй байхаар харилцан тохиролцож, гэрээ хийгдсэн болох нь талуудын тайлбар, төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан “Зуучлалын гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Э.Ц 2000 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн бөгөөд гэрээ байгуулах үед 18 настай байсан буюу Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн эх С.Т зөвшөөрлөөр гэрээг байгуулсан талаар талуудын хэн аль маргахгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүхдийн сурах, амьдрах орчин муу, FC тоглоомын газар хажууд нь байрладаг, сургалтын төлбөрийг сургуульд нь төлөөгүй байсан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид гэрээний үүргээ биелүүлсэн, 27 хүүхдийн сургалтын төлбөрийг шилжүүлсэн учраас сургууль хүлээн авч, виз гарч, дотуур байрандаа оруулсан, суралцагч Э.Ц сургалтын төлбөр төлөөгүй эсэх талаар гомдол гаргаж байгаагүй, сургууль таалагдаагүй гэдэг шалтгаанаар ирсэн нь бидэнд хамааралгүй гэж мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчаас зуучлалын хөлсөнд төлбөрөөс тодорхой хувийг хөнгөлж 4.200.000 төгрөг авснаа зөвшөөрч маргаагүй.
Тодруулбал, зуучлалын гэрээний үндсэн шинж гуравласан харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдаагүй бусад гэрээний адил талуудын хүсэл зоригт нийцсэнээр байгуулагдаж, хариу төлбөрийн хувьд тодорхой тохиролцсон байдаг.
Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбараар зуучлагч ОУБХС, зуучлуулагч Б.Ц, нөгөө талд БНХАУ-ын Ц их сургууль гэсэн хоорондоо харилцан холбоотой нэг жилийн хятад хэлний бэлтгэлд суралцуулах зорилготой гэрээ хийгдсэн бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэтгэлэгт суралцахыг зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлж хүлээн авсан нь тогтоогдож байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас харахад, хариуцагч ОУБХС “Хаан” банкны депозит дансны хуулгаар 28 хүүхдийн сургалтын төлбөрийг шилжүүлсэн нь тогтоогдож мөн Б.Ц галт тэрэгний тасалбарыг үнийг төлж, Ц хотод хүүхдүүдийг биечлэн хүргэж өгсөнд нэхэмжлэгч маргахгүй байна.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүхдийн сурах нөхцөл тааруу, сургалтын төлбөр шилжүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үгүйсгэсэн, хариуцагч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийн талаар нотлох баримтаар нотлож чадахгүй байна.
Иймээс талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэрээний дагуу тодорхой үйлдэл хийж нэхэмжлэгчийг сургуульд нь хүргэн өгч тухайн суралцагчийн орчин нөхцөлийг баталсан гэрэл зураг, нэхэмжлэгчтэй хамт зуучлуулан суралцаж байгаа н.Х ярилцлага зэрэг үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ц нэхэмжлэлтэй, хариуцагч ОУБХС холбогдох 5.225.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА