Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/517

 

 

Х.Б, Э.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогч Т.Ч,

Цагаатгагдсан этгээд Э.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Т.Чын гаргасан давж заалдах гомдлоор Э.Б, Х.Б нарт холбогдох 2007000000267 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Эн Б, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Ган-Эрдэнэ” ХХК-д жолооны багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. Т овгийн Хийн Б, 1976 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “Маргад тражу” ХХК-д кранист ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Э.Б нь Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Чтай маргалдаж, улмаар зүүн нүд рүү нь гараараа цохих, түлхэж унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Х.Б нь Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Т.Чтай маргалдаж, улмаар гараараа тохойлдох, нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Х.Б, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Эгийн Б, Т овгийн Хийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 2007000000267 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Б, Х.Б нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 2.2-д зааснаар хохирогч Т.Чын 1.530.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Б, Х.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Т.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хоёр залууд зодуулаад хамартаа гэмтэл авсан. Миний хамар байнга битүү байдаг болохоор орой унтаж чадахгүй байгаа. Эмчид үзүүлэхэд “хамартаа хагалгаа хийлгэх шаардлагатай” гэсэн. Надад үндэслэлгүй мөнгө нэхэж авах сонирхол байхгүй. Шүүгдэгч нар өөрсдөө намайг дагуулж яваад миний шүд, хамрыг янзлуулаад өгчихвөл надад гомдол, санал байхгүй. Намайг худлаа далимдуулж мөнгө авах гээд байна гэж бодоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Миний эрүүл мэнд өмнө нь зүгээр байсан. Хамар битүү тул амаараа амьсгаа авахаар ам байнга хатаад, шингэн зүйл маш их уудаг болсон. Миний хохирлыг барагдуулаагүй, бүлэглэн санаатай зодож, гэмтэл учруулсан байхад эдгээр залуусын гэм бурууг тогтоолгүй цагаатгасан нь буруу гэж үзэж байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Цэрэнбалжир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Б.Ундралын “...Ч ах газар унасан, ... нөгөө хүн заамдсан чигтээ татаж “бос” гэж хэлээд татаж босгоод зүүн тахим руу нь 1 удаа өшиглөөд савчуулаад заамдсан чигтээ гарынхаа тохой юм уу, гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. ...” гэсэн, /Х.Бгийн талаар мэдүүлсэн/, гэрч Ч.Баттогтохын “...Ганбатыг “явъя” гэхэд “явахгүй” гэхээр нь манай нөхөр “тэгвэл хоёулаа явъя” гээд намайг хүчтэй татахад би газар унасан. Тэгээд босож байхад нэг хүн урд талын дэлгүүрээс гарч ирж яваа харагдсан ба мөн цаанаас нь 2 залуу ирж яваа харагдсан ба би хувцсаа гөвөөд эргээд хартал Ч газар унасан, нүүр нь цус болчихсон босч ирж байсан. Тэгтэл нэг өндөр залуу /Х.Б/ Чыг заамдаад авчихсан нүүр рүү нь тохойгоороо цохиж байгаа харагдсан. ...” гэж мэдүүлсэн. Хохирогч Т.Чын “...Би Ганбаад уурлаад эхнэрийнхээ араас хүчтэй татсан чинь унасан. Тэгээд ярьж байсан чинь Б гэдэг хүн нүүр рүү цохиж унагаасан. Хэвтчихээд босож ирэхэд Б гэдэг хүн намайг барьж аваад “муу пизда минь чи энд зодуулсан байсан шүү” гээд намайг боож аваад 2, 3 тохойлдсон. ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Э.Б, Х.Б нар нь С.Эгийн биед санаатай халдсан үйлдэл нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Э.Бг дэлгүүрт байхад нь түүний эхнэр “аавыг гадаа хүн зодоод байна” гэж хэлсний дараа гарч Э.Б хохирогчийн нүүрэн тус газар цохисон үйлдэл, Х.Б нь Т.Чулуужав, С.Э хоёрын хооронд үүссэн үйлдэл дууссаны дараа буюу Э.Бгийн үйлдлийн дараа очиж хохирогчид халдсан зэрэг үйлдлүүд нь бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж, аргагүй хамгаалалтын шинжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, эрх чөлөөнд нь халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй юм. Хамгаалагчийн буюу бусад этгээдийн эрх ашиг сонирхлыг нийгэмд аюултай халдлагаас хамгаалах үед хэрэв тухайн халдлага хүч хэрэглэсэн, хамгаалагчийн /Бгийн/ буюу бусад этгээдийн амь биед аюултай байсан, эсхүл ийм хүч хэрэглэхээр шууд айлган сүрдүүлсэн үйлдэл хийсэн гэж хохирогч Чыг үзэхээргүй байна. Мөн шүүхээс шийдвэр танилцуулахдаа шүүгдэгч Э.Б, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж, мөн хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг төлүүлэхээр, зарим хэсгийг иргэний журмаар нэхэмжлэхээр шийдвэрлэсэн талаар танилцуулсан боловч энэ талаар цагаатгах тогтоолд тусгагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон гэж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Э.Бгийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Э.Бгийн хувьд тухайн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг хийсэн. Тухайн нөхцөл байдалд хохирогч Т.Ч нь эхнэрээ зодож байсан. Э.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан үйлдлийг таслан зогсоосон. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Э.Бг Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Чтай маргалдаж, улмаар зүүн нүд рүү нь гараараа цохих, түлхэж унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Х.Бг Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны эцсийн буудал орчим 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед Т.Чтай маргалдаж, улмаар гараараа тохойлдох, нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Э.Б, Х.Б нарт холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “Э.Б, Х.Б нарын хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдэл нь гэрч С.Эг хохирогч нь заамдан гэрч Түвшиндөлийн машин руу шахан 2-3 удаа цохиж, түүнд хүч хэрэглэсэн үйлдлийг таслан зогсоох зорилгоор хохирогчийн довтолгоог няцаасан, ... шүүгдэгч нарын санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч энэхүү үйлдэл нь хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл” гэж үзжээ.

            Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;” гэж тус тус заасны дагуу прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б, Х.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хавтас хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байх тул Э.Б, Х.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Аливаа хүн аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.

Өөрөөр хэлбэл, хохирогч Т.Чын үйлдэл С.Эд ямар аюултай нөхцөл байдал бий болсон нь тодорхойгүй байх ба хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн довтолгоо дууссаны дараа Э.Б нь өөрийн эцэг С.Эг зодуулсныг мэдээд гүйн очиж Т.Чыг зогсож байхад түлхэж унагаасан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба Э.Б аргагүй хамгаалалт хийсэн, зайлшгүй аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал тулгарсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “ Шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг” гэж заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах хууль ёсны шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болохооор заажээ.

Иймд прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Т.Чын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Э.Б, Х.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл Э.Б, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ