Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,  

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Найдандорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овгийн Зандарын Отгон, Бараг овгийн Пүрэвдоржийн Оюунтунгалаг нарт холбогдох эрүүгийн 201715000106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг, “Асгатын Халгайт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Адуучин овгийн Зандарын Отгон. /РД: ЙИ85100939/  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дадал суманд 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг, “Асгатын Халгайт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Бараг овгийн Пүрэвдоржийн Оюунтунгалаг. /РД: ЖЛ90111707/  
Шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Асгатын нарийн жалганы Халгайт” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 4.13 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж 446040 /дөрвөн зуун дөчин зургаан мянга дөчин/ төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.                        

 Шүүгдэгч З.Отгон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Малжуулах төслөөс 20 ширхэг хонь авсан юм. Нэг орой нэг хонийг нь чоно барьчихсан байсан. Тэгэхээр нь авсан хонио цас, зуданд алдчихгүй, чоно нохойн хоол болгочихгүй гэсэндээ мод бэлтгэж саравч барих 
гэж байсан юм. Нэн ядуу учраас өөр ямар нэгэн аргаар саравч барих боломж байгаагүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.  
Шүүгдэгч П.Оюунтунгалаг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Төслийн шугамаар авсан хэдэн хонио чоно, нохойн хоол болгочих гээд байсан юм. Бид хоёр модноос өөр зүйлээр саравч барих боломж байгаагүй. Саравч барих гэж мод огтолсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу гэв.  
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Найдандорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын сүүлээр намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Бөөрөлжүүт” гэх газар хамгаалалтанд гарчихсан байхад байгаль орчны улсын байцаагч Ж.Тулга, цагдаагийн дэд хурандаа Энхболд нар “Асгатын халгайт” гэх газарт иргэний мэдээллийн дагуу шалгалт хийсэн байсан. Ойн тухай хуулийн 29.1.7 дугаар заалтыг зөрчиж 27 ширхэг мод бэлтгэсэн байсан. Ойд учруулсан 446040 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна гэв.  
Хохирогч Ч.Найдандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 10ны орчим Өвөрхангай аймгийн Уяянга сумын Өлт-7 дугаар багийн нутаг дэвсгэр Асгатын нарийн жалгын “Халгайт” гэх газраас тус газар оршин суудаг иргэн З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр 67 ширхэг “Шинэс” мод огтолж байгаль орчинд 446040 төгрөгийн хохирол учруулсныг Уянга сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Чойжил, тус сумын байгаль орчны байцаагч Ж.Тулга нар олж тогтоосон хэрэгт Уянга сумын Засаг дарга Б.Доржтогоогийн итгэмжлэлийн дагуу уг хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Эдгээр хоёр этгээд нь нэн ядуу бөгөөд малжуулах төсөлд орж 20 хонь авсан гэх бөгөөд малдаа өвөлжөө барихын тулд мод огтолсон байсан. Огтолсон модоо зөөвөрлөж амжаагүй байсан бөгөөд нийт хэдэн мод огтолсныг мэдэхгүй, гэхдээ дундуур нь хуваагаад нийт 67 ширхэг мод болж байсан. Шинэс модны дундаж өндөр нь 11-14 метр байдаг. ...Энэ газар нь яг тусгай хамгаалалтын дархан цаазат газар биш. Харин тусгай хамгаалалтын орчны бүсэд хамаардаг. Уг газраас модыг тодорхой саруудад бэлтгэдэг. Тухайлбал намар 10-11 сарын үед мод бэлтгэлийн үеэр сумын байгаль орчны албанаас тусгай зөвшөөрлийн дагуу түлшний зориулалтаар мод бэлтгэдэг. Мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй, мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй сард мод огтолж бэлтгэсэн. Байгаль орчинд уёруулсан хохирол болох 446040 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,  
Гэрч Ж.Тулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний бие ой шалгалтаар явж байтал 7 дугаар баг, Халгайтад шинээр тайрч унагасан мод байсан бөгөөд уулын орой хэсгээс тайрсан байсан. Ингээд би хэсгийн төлөөлөгч Э.Чойжилыг дуудаад уг модыг үзүүлж тэд нараар наад модоо дээшээ гаргаж журмын хашаанд хий гэж хэлчихээд явсан. З.Отгон нь өөрийн эхнэр П.Оюунтунгалагийн хамт малжуулах төсөлд хамрагдсан бөгөөд уг малдаа саравч барих зорилгоор П.Оюунтунгалагтай хамт 30 орчим ширхэг мод жижиг гар хөрөөгөөр огтолсон гэж хэлсэн. Халгайт нь тусгай хамгаалалтын бүсийн орчны бүсэд хамаардаг юм. Яг тусгай хамгаалалтын бүс биш юм. Тусгай хамгаалалтын орчны бүсээс мод бэлтгэж болно. Гэхдээ зөвхөн тусгай зөвшөөрөл авч байж л мод огтолж болно. Мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Өмнө нь зөвшөөрөл авах талаар нэг удаа ч хандаж байгаагүй. Шинэс мод бэлтгэсэн. Энэ нь хар модыг хэлдэг юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,  
Гэрч Ө.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...З.Отгон нь миний хамгийн том хүү байга юм. Бага насаа Зүүнбаян-Улаан суманд хөдөө мал дээр л өнгөрөөсөн. Сургуульд огт суугаагүй, зан араншингийн хувьд их даруу, хүний үгээр хэлсэн зүйлийг нь хийдэг, хүний өөдөөс үг ч хэлж чаддаггүй хүн. 2013 онд Уянга сумын П.Оюунтунгалаг гэж өөрөөсөө 5 дүү хүүхэнтэй суугаад дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд том нь 4 хүүхэдтэй, бага нь 2 настай юм. П.Оюунтунгалаг бас л дуу цөөтэй гэхдээ З.Отгоныгоо бодвол хүний өөдөөс хааяа үг хэлчихдэг, бас сургуульд суугаагүй, боловсролгүй, бичиг үсэг мэддэггүй хүн юм. Энэ хоёр хоорондоо таарамж их сайн байдаг, малгүй, 2017 онд л малжуулах төслийн хүрээнд 20 хээлтэй хонь авсан. Энэ нь гэхдээ зөвхөн төлөлсөн төлийг нь аваад 2020 онд буцааж нөгөө 20 хонийг нь өгөх 
нөхцөлтэйгөөр авсан. 4 ханатай муухан гэртэй, уг гэрийг 2015 онд дэлхийн зөв олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжийн хүрээнд өгсөн. ...2017 оны 02 дугаар сарын үед З.Отгон Зүүнбаян-Улаан суманд ирээд хэдэн мод тайрчихлаа, өвөлжөө барих санаатай, модоо гэр рүүгээ дөхүүлж чаддаггүй гэж хэлсэн. Тэр үед л мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/,  
Гэрч Ц.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...П.Тунгалаг нь миний өргөж авсан охин байгаа юм. З.Отгон нь түүний нөхөр бөгөөд манай хүргэн байгаа юм. 2017 оны эхээр Хэнтий аймаг руу явчихаад 03 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгаас ирсэн. Энэ үед З.Отгон нь надад хэлэхдээ “малын саравч барих гээд 02 дугаар сарын 10-ны үеэр хэдэн мод огтолчихлоо, хэдэн хонь авсан түүнийгээ хонуулах малын саравч барина даа” гэж хэлж байсан. Би яг тэр талаар нь нарийн мэдэхгүй байна. Манай хүн л мэдэх байх. П.Оюунтунгалаг хамт мод тайрсан гэж байсан. 30 орчим мод огтолсон гэж байсан. Намайг тайрсан байсан модыг нь харахад 60 гаруй л мод байсан. ...Энэ хоёулаа л их дуугүй, ноомой, бичиг үсэг мэдэхгүй, хүнд муу санадаггүй, ер нь бусдаас их шоовдорлогдсон юм. Бага насны хоёр хүүхэдтэй, ямар нэгэн хөрөнгө, мөнгө гэх юм байхгүй, боловсролгүй, З.Отгоны ар гэрт нь мөн тусалж дэмжих олигтой хүн байдаггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,  
Шинжээч С.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ер нь модонд хуучин, шинэ гэсэн ойлголт байдаггүй тул уг асуултанд хариулах боломжгүй юм. Тухайн хэргийн газар очиж модыг харсан ч гэсэн хуучин шинэ гэсэн хуучин, шинэ гэсэн асуултанд хариулах, модыг тодорхойлох боломжгүй юм. Дээрх мод 3 сар орчмын өмнө огтлогдож, тайрагдсан байх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,   
Шүүгдэгч З.Отгоны мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “... Миний бие эхнэрийн хамт 2017 оны 02 дугаар сарын дундуур Уянга сумын 7 дугаар багийн дарга Мөнхөө гэж хүнээс малжуулах төслийн хүрээнд хээлтэй 20 хонь авсан. Урьд нь бид хоёр малгүй байсан бөгөөд гэнэт малтай болоод иртэл өвөл болсон тул малаа оруулах өвөлжөө хэрэг болсон. Ингээд 20 хонио манай доохон талд байдаг Хөхөө гэж манай эхнэрийн ахынх нь өвөлжөөнд өвөлжүүлсэн. Тэгээд ер нь малтай болсон, хойшдоо ч мал маллах хүсэлтэй байсан тул малын өвөлжөө хэрэг болох нь тодорхой гэж үзээд эхнэрийн хамт ярилцаж байгаад ойрхон хэдэн мод ортлоод өвөлжөө барихаар шийдсэн. Тэгээд удалгүй 2017 оны 02 дугаар сарын дундуур л байх сайн санахгүй байна. Ямар ч байсан эхнэрийн хамт гэрийн ард байх /Асгатын хүрэн толгой/ гэж уулнаас 5 хоногийн турш нийт 27 ширхэг мод огтолсон. Тэр модоо тэндээ байлгаж байтал сумын хэсгийн төлөөлөгч Э.Чойжил, сумын байгаль орчны байцаагч Ж.Тулга нар ирээд миний бэлтгэсэн моднуудыг хэмжээд хурдан сумын төвд авч ир гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би 3 хоногийн дараа хадам аав болох Пүрэвдорж, эхнэр Оюунтунгалаг нарын хамт модоо гэрийнхээ ойролцоо зөөж аваачсан. ..Өвөлжөө барих гэж л мод огтолсон, өөр ямар нэгэн материал ашиглан өвөлжөө барих боломжгүй байсан. ..Би ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, учир нь би тэр талаар мэддэггүй байсан. 1 метр орчим өндөр, нэг талдаа модон иштэй, нөгөө иш нь байхгүй, жижигхэн хоёр хүний гар хөрөөгөөр хөрөөдсөн. Нийт 27 ширхэг мод тайрсан. Манай эхнэр бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй, харин энэ талаар Бор, Халзан, манай хадам аав нар мэднэ. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж болохгүй талаар огт мэдэхгүй, энэ талаар надад хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-85 хуудас/,  
З.Отгоны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын дундуур багийн даргаас малжуулах төслийн хүрээнд 20 хураглах хонь авсан бөгөөд малын саравч байдаггүй тул саравч барих зорилгоор хойд уулсын энгрээс эхнэрийн хамт жижиг гар хөрөөгөөр 27 ширхэг мод унагаасан. Бид хоёр энэ жилээс 20 хонь л маллаж байгаа юм. Тэдгээр хонинуудаа үхүүлчихгүй юмсан гээд саравч барьхаар шийдсэн. Түүнээс биш ямар нэгэн ашиг хонжоо хайж зарж борлуулах санаа агуулаагүй. Малдаа саравч барих зорилгоор ургаа мод тайрсан. Хоёр хүн хөрөөддөг жижиг гар хөрөөгөөр хөрөөдсөн. 27 ширхэг мод тайрсан. Бид хоёрыг мод тайрч байхад хүн байгаагүй. Мөн энэ талаар өөр хүн мэдээгүй...” гэсэн тайлбар /ххийн 32 хуудас/,  
П.Оюунтунгалагийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:  “...2017 оны 02 дугаар сарын дундуур манай нөхөр бид хоёр хэдэн хоньтой бөгөөд малын саравч байдаггүй тул саравч барих зорилгоор хойд уулын энгэрээс манай нөхөр бид хоёр нилээд хэд хоногийн турш жижиг хоёр хүний гар хөрөөгөөр 30 орчим шинэс мод бэлтгэсэн. Бид хоёр энэ жилээс л 20 хонь маллаж байгаа юм. Тэрийгээ зуднаар үхүүлчихгүй юмсан гээд саравч барихаар шийдсэн. Өөр ямар нэгэн материалаар барих гэхээр мөнгө байхгүй байсан. Хэдэн хонинуудаа дулаан байлгах зорилгоор саравч барих гээд мод огтолсон. Зөвшөөрөл аваагүй, 30 орчим л мод тайрсан. Бид хоёрыг мод хөрөөдөж байхад хэн ч байхгүй байсан, хэн ч мэдээгүй. Зөвшөөрөлгүй мод огтолж болохгүй гэж мэднэ, мод огтолсон нь бид хоёрын буруу...” гэсэн тайлбар /хх-ийн 34 хуудас/,  
Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай “1. 201715000106 тоот хэрэгт авагдсан фото зураг, зэргээлдээх моднуудтай харьцуулан шинжилгээ хийхэд модны холтос хүрэн саарал өнгөтэй, шилмүүс богино, багцалсан хэлбэртэй байна. Хураагдсан модыг бэлтгэсэн газар болох Уянга сумын Асгатын халгайт гэх газар нь ойн сангийн хэсэглэлийн хилийн газар зүйн солбилцолын зураг 51 дүгээр хэсэглэлийн 1, 2 дугаар ялгаралд багтаж байна. 51 дүгээр хэсэглэлийн таксацын бичлэгт 1, 2 дугаар ялгарлын хэв шинжийг тодорхойлохдоо байгалийн ой, 10 шс, ...алирст ритид хөвдөт шинэс, төрийн цөөцийг шс гэж тэмдгэлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/05 дугаартай дүгнэлтэд ойн 1 дүгээр мужлалд шинэс төрлийн 1 шоо метр хуурай шинэс модны экологи-эдийн засгийн суурь үнэлгээ 60000 төгрөг гэж тоолсон зэрэг үзүүлэлтээс харахад иргэн З.Отгоноос хураан авсан мод нь LARIX SIBIRIKA буюу шинэс, нутгийн нэр нь хар мод болох нь тогтоогдож байна. 2. 201715000106 тоот хэрэгт авагдсан З.Отгоноос хураагдсан модны фото зураг, хожуулын зургаас харахад холтос зарим хэсэгт хуурсан, модлог хэсэг нь ан цав гарсан, байгал орчин аялал жуулчлалын газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний 01/05 дугаартай дүгнэлтэд суурь үнэлгээг 60000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь уг мод хуурай болохыг баталж байна. 3. 201715000106 тоот хэрэгт авагдсан фото зургаас харахад З.Отгоноос хураагдсан мод үндэс, оройн хэсэггүй, мөчирлөсөн, уртын хэмээ 3.25-5.75 метр байгаа нь дундуур нь тайрч бэлтгэсэн болохыг харуулж байна. Таксацын бичлэгт 51 дүгээр хэсэглэлийн 1, 2 дугаар ялгарлын насны анги 3, дундаж өндөр 12, дундаж голч 14 гэж тэмдэглэсэн, хураагдсан модны модлогын нийт уртын 262.25 метр болж байгаагаас харахад 2527 ширхэг босоо модыг огтолж бэлтгэсэн байх боломжтой. 4. Газар дээр нь үзээгүй тул шинээр огтолж бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57 хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-1/,  
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,  
З.Отгоноос хураан авсан модны хэмжилт /хх-6/,  
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-29 хуудас/,  
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-39/,  
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-40-42/,  
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/29 дугаартай дүгнэлт /хх-72/,  
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/05 дугаартай: “...Ойн 1 дүгээр мужлалд шинэс төрлийн 1 шоо метр хуурай шинэс модны экологи-эдийн засгийн суурь үнэлгээг 60000 төгрөгөөр, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу хэрэглээний модны ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд 
учруулсан нийт хохирлын үнэлгээ 4.13 шоо.метр х 60000 төг х 1.8 = 446040 төгрөг /дөрвөн зуун дөчин зургаан мянга дөч/.” ...гэсэн дүгнэлт /хх-66-67/,  
Малжуулах гэрээ /хх-108-109/,  
Шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарын хувийн байдлыг тодорхойлсон ял шалгуулах хуудас /хх-94-95/, охин О.Нямдэлгэр, О.Бямбадолгор нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх104-105/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-106/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-107/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-127-128/  зэрэг болно.  
Шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Асгатын нарийн жалганы Халгайт” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 4.13 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж,  446040 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ч.Найдандоржийн “…З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн байсан. Нийт 67 мод байсан. Хохиролд бодит хохирол болох 446040 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Найдандоржийн “...2017 оны 02 дугаар сарын 10-ны орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өлт” 7 дугаар багийн нутаг дэвсгэр Асгатын нарийн жалгын “Халгайт” гэх газраас тус газар оршин суудаг иргэн З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр 67 ширхэг “Шинэс” мод огтолж байгаль орчинд 446040 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр хоёр этгээд нь нэн ядуу бөгөөд малжуулах төсөлд орж 20 хонь авсан гэх бөгөөд малдаа өвөлжөө барихын тулд мод огтолсон байсан. Огтолсон модоо зөөвөрлөж амжаагүй байсан бөгөөд нийт хэдэн мод огтолсныг мэдэхгүй гэхдээ дундуур нь хуваагаад нийт 67 ширхэг мод болж байсан. Шинэс модны дундаж өндөр нь 11-14 метр байдаг. ...Мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй, мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй сард мод огтолж бэлтгэсэн...” /хх-47-48/, гэрч Ө.Гантөмөрийн ”...2017 оны 02 дугаар сарын үед З.Отгон Зүүнбаян-Улаан суманд ирээд хэдэн мод тайрчихлаа, өвөлжөө барих санаатай, модоо гэр рүүгээ дөхүүлж чаддаггүй гэж хэлсэн. Тэр үед л мэдсэн...” /хх 49-50/, гэрч Ц.Пүрэвдоржийн “...З.Отгон нь надад хэлэхдээ “малын саравч барих гээд 02 дугаар сарын 10-ны үеэр хэдэн мод огтолчихлоо, хэдэн хонь авсан түүнийгээ хонуулах малын саравч барина даа” гэж хэлж байсан. …П.Оюунтунгалаг хамт мод тайрсан гэж байсан. 30 орчим мод огтолсон гэж байсан. Намайг тайрсан байсан модыг нь харахад 60 гаруй л мод байсан...” /хх-51/, гэрч Ж.Тулгын “...Миний бие ойд шалгалтаар явж байтал 7 дугаар баг, Халгайтад шинээр тайрч унагасан мод байсан бөгөөд уулын орой хэсгээс тайрсан байсан. Ингээд би хэсгийн төлөөлөгч Э.Чойжилыг дуудаад уг модыг үзүүлж тэд нараар наад модоо дээшээ гаргаж журмын хашаанд хий гэж хэлчихээд явсан. З.Отгон нь өөрийн эхнэр П.Оюунтунгалагийн хамт малжуулах төсөлд хамрагдсан бөгөөд уг малдаа саравч барих зорилгоор П.Оюунтунгалагтай хамт 30 орчим ширхэг мод жижиг гар хөрөөгөөр огтолсон гэж хэлсэн. Халгайт нь тусгай хамгаалалтын бүсийн орчны бүсэд хамаардаг юм. Яг тусгай хамгаалалтын бүс биш юм. ...Мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Өмнө нь зөвшөөрөл авах талаар нэг удаа ч хандаж байгаагүй...” /хх-52-53/, шинжээч Ганчимэгийн “…Ер нь модонд хуучин, шинэ гэсэн ойлголт байдаггүй тул уг асуултанд хариулах боломжгүй юм. Тухайн хэргийн газар очиж модыг харсан ч гэсэн хуучин шинэ гэсэн хуучин, шинэ гэсэн асуултанд хариулах, модыг тодорхойлох боломжгүй юм. Дээрх мод 3 сар орчмын өмнө огтлогдож, тайрагдсан байх боломжтой байсан” гэсэн мэдүүлгүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01-05 дугаартай шинжээчийн “…Ойн 1 дүгээр мужлалд шинэс төрлийн нэг шоометр хуурай шинэс модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 60000 төгрөгөөр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 394 дүгээр тушаалын 1-р хавсралтын дагуу хэрэглээний модны ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ: 4.13 шоо.метр х 60000төг х 1.8 = 446040 /дөрвөн зуун дөчин зургаан мянга дөч/ төгрөг болохыг тооцов гэсэн дүгнэлт /хх-66-67/, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01 
дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 56-57/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-29/, З.Отгоноос хураан авсан модны хэмжилт /хх-6/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 37-39/, шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.  
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт “… Шүүгдэгч нарын хувьд нэн ядуу өрх байгаа. Модноос өөр материалаар, өөр ямар нэгэн аргаар малдаа саравч барих боломжгүй байсан гэдэг нь гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн мод бэлтгэх тусгай зөвшөөрөл олгох сар нь 10-11 сард байдаг, уг зөвшөөрөл олгох хугацаа өнгөрсөн байсан гэдэг нь Ж.Тулга байцаагчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нар нь малжуулах төслөөр авсан 20 хонио цас зуд, шуурганд алдахгүй, чоно, нохойн хоол болгочихгүй гэсэн үүднээс мод бэлтгэж саравч барих гэж байсан байгаа. Малжуулах төслөөс авсан 20 хонь нь нийт 2000000 төгрөгийн үнэлгээтэй, 2020 онд буцааж өгөх нөхцөлтэйгөөр авсан байдаг. Харин шүүгдэгч нарын бэлтгэсэн модны хохирлын үнэлгээ нь 446040 төгрөг болсон. Мод бэлтгэх тусгай зөвшөөрөл авах гэж хандсан ч тусгай зөвшөөрөл өгөх хугацаа хэтэрсэн учраас зөвшөөрөл олгогдохгүй байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлд ган, зуд, шуурга, мөн амьтны довтолгоон ордог байгаа. Шүүгдэгч нар нь гарцаагүй байдалд орж мод бэлгэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж,  мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн  1 дэх хэгийн 1.8-д зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг, хохирогч Ч.Найдандорж нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нарыг гарцаагүй байдлын улмаас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.   
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  
Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.  
Шүүгдэгч Адуучин овгийн Зандарын Отгон, Бараг овгийн Пүрэвдоржийн Оюунтунгалаг нарыг бүлэглэн,  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн 
улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.  
Шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  
Шүүгдэгч П.Оюунтунгалаг нь 2012 оны 12 дугаар сарын 14-нд охин Отгоны Бямбадолгор, 2015 оны 07 дугаар сарын 12-нд охин Отгоны Нямдэлгэр нарыг төрүүлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь охин О.Нямдэлгэрийн 6228000083 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин 6228000001 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/44 тоот тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдсон,    
Шүүгдэгч П.Оюунтунгалагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэсэн зааснаар шүүгдэгч П.Оюунтунгалагт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч З.Отгоны гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Отгонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,  
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,   
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах болохыг шүүгдэгч П.Оюунтунгалагт мэдэгдэж,   
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Отгон нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оюунтунгалаг нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан тус тус ял оногдуулах болохыг дурьдаж,   
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Отгоноос 223020 төгрөгийг, шүүгдэгч П.Оюунтунгалагаас 223020 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,   
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Отгон нь 223020 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч П.Оюунтунгалаг нь 223020 төгрөгийн хохирлыг 1 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоож,   
Шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,   
Хэрэгт битүүмжлэгдсэн 67 ширхэг шинэс модыг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн, шүүгдэгч З.Отгоны эзэмшлийн Ubiquam брэндийн, U-200 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарын гэмт хэрэг үйлдэж олсон 67 ширхэг шинэс модыг улсын орлогод оруулж,   
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 75 см урт, дундаж өргөн 9 см, нэг тал нь ишгүй, нөгөө тал нь модон иштэй, уг иш нь 17 см, иш хэсэгтээ саарал өнгийн төмөр боож хийсэн, зэвэнд идэгдсэн бор өнгийн 51 ширхэг шүдтэй, ишгүй хэсгийн бариул нь сэтэрч хугарсан, төмөр материалаар хийгдсэн гар хөрөө 1 ширхгийг устгаж,   
Шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,   
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  
                                                              ТОГТООХ нь:  
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Адуучин овгийн Зандарын Отгон, Бараг овгийн Пүрэвдоржийн Оюунтунгалаг нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон нийцүүлэн өөрчилсүгэй.  
2. Шүүгдэгч Адуучин овгийн Зандарын Отгон, Бараг овгийн Пүрэвдоржийн Оюунтунгалаг нарыг бүлэглэн, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 3. Шүүгдэгч Адуучин овгийн Зандарын Отгоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,   
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Оюунтунгалагыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.  
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оюунтунгалагт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оюунтунгалагт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.  
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч З.Отгонд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.  
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгч захирамж гаргах болохыг шүүгдэгч П.Оюунтунгалагт мэдэгдсүгэй.  
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Отгон нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар,   
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оюунтунгалагт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг тус тус дурьдсугай.  
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З,Отгоноос 223020 төгрөгийг, шүүгдэгч П.Оюунтунгалагаас 223020 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулсугай.  
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Отгон нь 223020 төгрөгийн хохирлыг, П.Оюунтунгалаг нь 223020 төгрөгийн хохирлыг тус тус 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.  
12. Шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 67 ширхэг шинэс модыг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн, шүүгдэгч З.Отгоны эзэмшлийн Ubiquam брэндийн, U-200 маркийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарын гэмт хэрэг үйлдэж олсон 67 ширхэг шинэс модыг улсын орлого болгосугай.  
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 75 см урт, дундаж өргөн 9 см, нэг тал нь ишгүй, нөгөө тал нь модон иштэй, уг иш нь 17 см, иш хэсэгтээ саарал өнгийн төмөр боож хийсэн, зэвэнд идэгдсэн бор өнгийн 51 ширхэг шүдтэй, ишгүй хэсгийн бариул нь сэтэрч хугарсан, төмөр материалаар хийгдсэн гар хөрөө 1 ширхгийг устгасугай.  
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   17.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Отгон, П.Оюунтунгалаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   
                      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ