Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2022/01974

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 06 181/ШШ2022/01974

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Б.Билгүүн, Д.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  оршин суух, О.Гүррагчаа /РД:/,

Нэхэмжлэгч: ё /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Нэргүй /РД:/,

Хариуцагч: байрлах, "Бичил глобус Финанс ББСБ" ХХК нарт холбогдох,

Зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 1,180,000 төгрөг, алданги 353,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгчөөр Д.С, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагч Бичил глобус финанс ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Гүррагчаа, Ч.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Гүррагчаа, Ч.Энхтуяа бид нар 2021-10-11-ний өдөр 11 цагийн үед СБД, 15-р хороо, Хан-Эрдэнэ дэлгүүрийн урд нөхөр О.Гүррагчаагийн өмчлөлийн УНК 09-19 улсын дугаартай Toyoto Harrier маркийн машиныг эхнэр Ч.Энхтуяа би жолоодож байх үед хариуцагч Б.Нэргүй нь УНТ 02-50 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ бидний машиныг мөргөж 2,180,000 төгрөгийн хохирол учруулсан. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирлын үнэлгээ 1,616,000 төгрөг, үнэлгээ хийх ажлын хөлс 90,000 төгрөг, нийт 1,706,000 төгрөг болсон ч зах зээлийн огцом үнийн өсөлтөөс болж сэлбэгт 1,240,000 төгрөг /кирло-450,000, их гэрэл-750,000, смокинг үйлчилгээ 40,000/, засварын зардал 850,000 төгрөг болж, үүн дээр үнэлгээ хийх ажлын хөлс 90,000 төгрөгийг нэмэхэд нийт 2,180,000 төгрөгийн хохирол гарсан.

Хариуцагч Б.Нэргүй 2021.10.22 өдөр 1,000,000 төгрөг дансаар бидэнд шилжүүлэн өгч, О.Гүррагчаа надтай Төлбөр барагдуулах гэрээ хийж, гэрээндээ 706,000 төгрөгийг 2021.10.29-ний өдрийн дотор төлнө, төлөхгүй бол алданги болон бусад зардал үүнд өмгөөлөгчийн хөлсийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн.

Хариуцагч Б.Нэргүй нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй ба төлбөрөө шаардан утсаар ярихад ээж нь гэх хүн муу үгээр доромжилсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу УНТ 02-50 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Бичил глобус финанс ББСБ ХХК нь хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

Мөн төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 100 хоногийн дараа шүүх хурал хуралдана гэж тооцон төлөгдөөгүй 706,000 төгрөгийн нэг хоногийн 0.5 /3530 төг/ хувиар алданги тооцож * 100 өдрөөр үржүүлээд 353,000 төгрөгийн алданги шаардаж байна.

Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд Б.Нэргүй болон Бичил глобус финанс ББСБ ХХК нараас Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын үлдэгдэл 1,180,000 төгрөг, алданги төлнө хэмээн хүлээн зөвшөөрсөн дүн болох 706,000 төгрөгөөс тооцсон алданги 353,000 төгрөг, нийт 1,533,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч "Бичил глобус Финанс ББСБ" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Намхайнямбуу овогтой Төгөлдөр нь "Бичил глобус финанс ББСБ" ХХК-тай 2019 оны 10 сарын 29-ний өдөр 210030101002286 тоот зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 1 сарын 4,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн байна. Энэ зээлийн гэрээний хамтаар фидуцийн гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг үндэслэн түүний эзэмшил, өмчлөлийн 02-50 УНТ улсын дугаартай Аванти маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг "Бичил глобус финанс ББСБ" ХХК-ний нэр дээр зээлийн гэрээний үүрэг дуустал түр шилжсэн байдаг.

Дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах нэгэн төрлийн арга болох фидуцийн гэрээг Н.Төгөлдөр гэх иргэнтэй байгуулсан. Зээлдүүлэгч компани нь машин барьцаалсан зээлийг зогсоолд байршуулах болон унаж явах гэсэн 2 нөхцлөөр олгодог ба Н.Төгөлдөрийн зээл нь барьцаа хөрөнгө болох машиныг зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч өөрөө ашиглах, унаж явах нөхцөлтэй зээл учраас гэрээнд автомашиныг унаж ашиглаж байхдаа бусдад ямар нэгэн хохирол учруулбал зээлдэгч хариуцах заалттай.

Зээлдэгч Н.Төгөлдөр нь зээлээ 2020.10.31-ний өдөр бүрэн төлж дууссан учраас талуудын хоорондын зээлийн болон барьцааны гэрээ бүрэн дуусгавар болсон байна. Н.Төгөлдөр гэх харилцагч иргэн нь өөрийн өмчлөл эзэмшлийн автомашиныг бусдад шилжүүлсэн, шилжүүлж авсан этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан актыг зөрчсөн жолооч Б.Нэргүйгийн буруутай үйлдлээс нэхэмжлэгч талд учирсан хохирлыг "Бичил глобус финанс ББСБ" ХХК хариуцахгүй. Өөрөөр хэлбэл бусдын хууль зөрчсөн үйлдлийн улмаас О.Гүррагчаа, Ч.Энхтуяа нарын эд хөрөнгийн хохирлыг "Бичил глобус Финанс ББСБ" ХХК хариуцах хууль зүйн үндэслэл огт байхгүй байна.

Иймд иргэн О.Гүррагчаа, Ч.Энхтуяа нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Сумъяа дүгнэлтдээ: Бичил глобус финанс ББСБ ХХК нь холбоогүй тул нэхэмжлэлээс хасах саналтай бөгөөд зөрчил гаргасан Нэргүй хариуцах үндэслэлтэй байна. О.Гүррагчаагийн нэхэмжилсэн мөнгийг албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн баримтад тусгагдсан зардлын хэмжээгээр гаргуулах саналтай байна гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Ойдовын Гүррагчаа болон Чулуунбаатарын Энхтуяа нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.10.22-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Зарлагын баримт 2ш, Ашид Билгүүн ХХК-ийн төлбөрийн баримт, Ашид Билгүүн ХХК-ийн 2021.10.18-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, автомашины гэрэл зураг, 2021.10.29-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Батболдын Нэргүйгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021.10.11-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021.10.19-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2021.11.16-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.29-ны өдрийн 182/ШШ2022/00858 дугаар захирамж, Батболдын Нэргүйн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Батболдын Нэргүйн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудсыг Нэргүй хүлээн авсан тухай баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. хариуцагч Бичил глобус Финанс ББСБ" ХХК-иас Бичил глобус Финанс ББСБ ХХК, Н.Төгөлдөр нарын хооронд байгуулсан 2019.10.29-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /фидуци/, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, 2021.10.11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, магадлагаа зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Гүррагчаа, Ч.Энхтуяа нар нь хариуцагч Б.Нэргүй, Бичил глобус Финанс ББСБ ХХК нарт холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 1,180,000 төгрөг, алданги 353,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул нь өмгөөлөгч аваагүй гэх үндэслэлээр өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Б.Нэргүй нэхэмжлэлийн хувийг гардан авч, шүүхэд хариу тайлбар гаргаагүй, хариуцагч Бичил глобус Финанс ББСБ ХХК нь Н.Төгөлдөртэй Зээлийн болон барьцааны /фидуци/ гэрээ байгуулж, автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан, автомашиныг зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч өөрөө ашиглах, унаж явах нөхцөлтэй учраас гэрээнд автомашиныг унаж ашиглаж байхдаа бусдад ямар нэгэн хохирол учруулбал зээлдэгч хариуцахаар тохиролцсон, 2020.10.31-ний өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. 2021-10-11-ний өдөр 11 цаг 15 минутын орчим Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Хан-Эрдэнэ дэлгүүрийн харалдаа замд Б.Нэргүй нь Hyundai avante маркийн, 02-50 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., 10.14-т Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчиж, Ч.Энхтуяагийн жолоодож явсан Toyoto Harrier маркийн 09-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан, ослын улмаас Toyoto Harrier маркийн 09-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан, хариуцагч Б.Нэргүйгийн үйлдсэн зөрчилд 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан үйл баримтууд нь 2021.10.11-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2021.10.19-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Ашид Билгүүн ХХК-ийн 2021.10.18-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, автомашины гэрэл зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 8-10, 13-16, 67-69х/

Дурдсан үйл баримтуудын талаар талууд маргаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ослын улмаас автомашинд учирсан хохирлыг төлүүлнэ, төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаанд хохирол төлөх үүргээ биелүүлээгүй тул алданги төлүүлнэ гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т, учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийг буюу шаардах эрхийг нэхэмжлэгч О.Гүррагчаа, Ч.Энхтуяа нар хэрэгжүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул нь О.Гүррагчааг Toyoto Harrier маркийн 09-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан этгээдийн хувьд, Ч.Энхтуяа уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан учраас нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй тул тус тээврийн хэрэгсэлд учирсан үр дагаврын хувьд нэхэмжлэгч О.Гүррагчаагийн эд хөрөнгийн эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Харин нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Ч.Энхтуяагийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Хариуцагч Б.Нэргүй нь Hyundai avante маркийн 02-50 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Toyoto Harrier маркийн 09-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, эвдрэл гэмтэл учруулсан үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэг нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт, Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар тодорхойлогдож байна.

Иймээс иргэдийн төлөөлөгч Д.Сумъяагийн зам тээврийн зөрчил гаргасан Б.Нэргүй хариуцах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэх, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.

4.1. Hyundai avante маркийн 02-50 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Бичил глобус Финанс ББСБ ХХК бүртгэлтэй болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11 хуудас/

4.1.а. Бичил глобус Финанс ББСБ ХХК нь Н.Төгөлдөртэй 2019.10.29-ны өдөр 210030101002286 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж 1,000,000 төгрөгийг 1 сарын 4,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээ /фидуци/-г байгуулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг үндэслэн барьцаа болох Hyundai avante маркийн 02-50 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг "Бичил глобус финанс ББСБ" ХХК-ийн нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон үед барьцаалуулагчид буцаан шилжүүлэхээр тохиролцжээ.

Мөн Барьцааны гэрээ /фидуци/-ний 1.6-д гэрээний хугацаанд автомашины эзэмшил, ашиглалтыг барьцаалуулагчид үлдээхээр, 4.4, 4.5, 4.6-д тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байхдаа бусдад хохирол учруулсан бол барьцаалуулагч хариуцах, тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой аливаа гэмт хэрэг, зөрчил, ... холбоотой үүсэх аливаа маргаанаас Зээлдүүлэгч нь ангид байж, хариуцлага хүлээхгүй байхаар талууд тохиролцжээ. /хавтаст хэргийн 62-65 хуудас/

4.1.б. Зээлдэгч Н.Төгөлдөр нь 2020.10.31-ний өдөр Бичил глобус Финанс ББСБ ХХК-ийн зээлийн төлбөрийг төлж, зээлийг хаасан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд автомашиныхаа өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй гэж хариуцагч тайлбарлаж байна. /хавтаст хэргийн 66 хуудас/

 

4.2. Хариуцагч Бичил глобус Финанс ББСБ ХХК-д Hyundai avante маркийн 02-50 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Н.Төгөлдөр нь гэрээний үндсэн дээр түр шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасны дагуу Бичил глобус Финанс ББСБ ХХК-ийг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч Д.Сумъяа нь Бичил глобус финанс ББСБ ХХК нь холбоогүй тул нэхэмжлэлээс хасах саналтай гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Иймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг болон 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг Бичил глобус Финанс ББСБ ХХК-д хамааралгүй байх тул О.Гүррагчаагийн Бичил глобус Финанс ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

5.1. Нэхэмжлэгч О.Гүррагчаа нь автомашиныг засварлахад бодитоор сэлбэгт 1,240,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 850,000 төгрөг гарсан гэх үндэслэлээр 2 ширхэг Зарлагын баримт-ыг шүүхэд ирүүлсэн. /хавтаст хэргийн 5-6 хуудас/

Эрхэм арвин Очир ХХК нь автомашин засварын үйлчилгээ эрхэлдэг эсэх нь тодорхойгүй байхаас гадна О.Гүррагчаагаас засварын ажлын хөлсөнд 850,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан бол Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалд заасны дагуу Бэлэн мөнгөний орлогын баримт-ыг үйлдэхээр байна. Гэтэл Зарлагын баримт үйлдсэн байх тул уг баримтаар нэхэмжлэгч О.Гүррагчааг автомашины засварын ажлын хөлсөнд 850,000 төгрөг төлсөн гэж үзэх боломжгүй байна. Харин сэлбэг худалдан авсан гэх Зарлагын баримт-д тусгагдсан сэлбэгийн үнэ нь Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланд тусгагдсан эвдэрсэн эд анги солих үнэлгээтэй ойролцоо байна. Автомашины эвдрэл, гэмтлийг зөвхөн сэлбэгийн үнээр тодорхойлох нь дээрхи хуулийн эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд нийцэхгүй тул бодитойгоор гарсан зардлаар хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

5.2. Иргэдийн төлөөлөгч Д.Сумъяа нь О.Гүррагчаагийн нэхэмжилсэн мөнгийг албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн баримтад тусгагдсан зардлын хэмжээгээр гаргуулах саналтай байна гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь: Ашид билгүүн ХХК нь Toyoto Harrier маркийн 09-19 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийг засварлахад гарах зардал буюу хохирлыг 1,616,000 төгрөгөөр тогтоосон. /хавтаст хэргийн 8-9 хуудас/

Хариуцагч Б.Нэргүй нь уг хохирлоос 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөөр нэхэмжлэгч О.Гүррагчаатай 2021.10.22-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулан баталгаа гаргасан байна. /хавтаст хэргийн 4 хуудас/

Иймд автомашины эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад гарах зардлыг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоосон 1,616,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

 

5.3. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй... гэж, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлохдоо, Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж зохицуулжээ.

5.3.а. Нэхэмжлэгч О.Гүррагчаа нь Ашид билгүүн ХХК-д автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ гаргуулах ажлын хөлсөнд 90,000 төгрөг төлсөн болох нь баримт /хавтаст хэргийн 7 хуудас/-аар тогтоогдож байна. Хуулийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх зарчмын хүрээнд учруулсан хохирлыг тогтоохтой холбоотойгоор нэхэмжлэгчээс гарсан 90,000 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5.3.б. Гэрээний бус үүрэгт хамаарах учирсан гэм хорын хэмжээг талуудын хүсэл зориг, тохиролцоо бүхий гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд үндэслэн байгуулсан гэрээгээр тохиролцсон үнийн дүн, алдангийн хэмжээгээр тодорхойлох боломжгүй юм. Иймээс Б.Нэргүйгээс алданги 353,000 төгрөг гаргуулах шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5.3.в. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул нь өмгөөлөгч аваагүй гэх үндэслэлээр өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тайлбар гаргасан тул нэхэмжлэлээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Нэргүй нь нэхэмжлэгч О.Гүррагчаад нийт 1,706,000 төгрөгийг хохирол учруулсан байх бөгөөд хариуцагч Б.Нэргүй нь 2021.10.22-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 706,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Гүррагчаад олгож, О.Гүррагчаагийн нэхэмжлэлээс үлдэх 1,827,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Нэргүйгээс 706,000 /долоон зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Гүррагчаад олгож, Ч.Энхтуяагийн нэхэмжлэл, Бичил глобус Финанс ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэл болон О.Гүррагчаагийн нэхэмжлэлээс 1,827,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар О.Гүррагчаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,500 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэргүйгээс 21,494 /хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Гүррагчаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА

 

ШҮҮГЧИД Д.БАТХУЯГ

 

Б.БИЛГҮҮН