2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1662

 

  2025          06           26                                    2025/ШЦТ/1662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Э.Ууганзаяа,

хохирогч А.*******, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Т.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох эрүүгийн 2508015280651 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт , тоотод оршин суух гэх, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, овогт ийн ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр*******, Нарийн Сүүн сувилал 1 дүгээр гудамжны 1 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр болох хохирогч А.*******г “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гар болон хөл рүү нь гараараа болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст А.*******гийн гаргасан: “...миний бие нөхөр болох Т.*******д 3 дугаар сарын 2-нд гэртээ зодуулж бэртсэн, гомдолтой байна” гэсэн өргөдөл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

Хохирогч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр*******, тоотод би 4-13 насны 3 хүүхэд болон нөхрийн хамтаар байж байхад нөхөр маань манайд цагаан сараар ирж байгаа хүмүүстэй архи ууж байгаад 16 цагийн үед согтуу надаас машины түлхүүрээ нэхээд байхаар нь би өгөөгүй юм. Тэгсэн чинь миний зүүн болон баруун гар луу гараа атгаж байгаад тус бүр 3 удаа цохиод, хөлийн 2 шилбэ рүү 2, 2 удаа өшиглөөд, цээж рүү гараа атгаж байгаад 1 удаа хүчтэй цохисон, тэгээд гараад яваад өгсөн, одоо хаагуур явааг нь мэдэхгүй байна, гэртээ ирээгүй архи уугаад л явж байгаа байх. Миний цээж өвдөөд хөл гар хөхөрсөн. Өмнө нь 2021 онд намайг зодоод миний эрүүг хугалж байсан, тэгээд өршөөлөөр гарч байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

Гэрч Ж.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр буюу сар шинийн 2-ны өдөр ...*******гийн гэрт орсон. Тэгэхэд *******, ******* хоёр хоорондоо маргалдсан шинжтэй байсан. Би гал дээр цай хийгээд нөгөө талд бууз жигнэж орхичхоод нөгөө гэрт орж хүнд үйлчилж байгаад эргээд ороод ирсэн чинь *******, ******* хоёр өөд өөдөөсөө харчихсан маргаад зогсож байсан. Тэгж байхад ******* надад “Би хамаатан садангийн хүмүүстэй золгох шаардлагатай байна, намайг явуулахгүй байна” гэж хэлэхээр нь би хүн их байна, энэ хүмүүсийг явахаар нь эхнэр, хүүхдийн хамт цуг айл руу явахгүй юу, би ганцаараа танай гэрт хоол унд хийж чадахгүй гэж хэлчхээд эргээд гарч нөгөө гэрт орсон. Тэгж байгаад ахиад ороод ирсэн чинь ******* чи согтуу машин барьж яваад жалганд унаж, машин эвдсэн түлхүүрийг өгөхгүй гэж маргаж байсан. Тэр үед ******* сонин дуу алдсан. Би гайхаад эргээд харсан чинь *******г цохисон байсан. Би баярын өдөр олон хүний хажууд маргаж болохгүй гэж хэлээд гарч нөгөө гэрт орсон. Тэгж байгаад харсан чинь ******* ганцаараа саарал торгон дээлтэй Нарийн ферм чиглэлд алхаж байсан. Би *******тай уулзсан чинь уйлаад хөлийн шилбэ, цээж хэсэгт цохиулсан гэж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

Насанд хүрээгүй гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аав машины түлхүүр авах гээд тогоо өшиглөж ээжийг хоёр гар луу нь нэг нэг удаа цохиод, цээж хэсэгт нэг удаа цохисон. Зүүн хөл рүү нь хоёр өшиглөж, баруун хөл рүү нь нэг удаа өшиглөж зодсон. Аав машины түлхүүр авах гээд өгөхгүй болохоор нь зодсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

Насанд хүрээгүй гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Цагаан сарын шинийн 02-ны өдөр байсан бөгөөд өглөө босоод байж байхад манай өвөө гийн гэрт хүмүүс ирнэ гээд бид нар юм бэлдээд байж байсан. Хүмүүс ирээд аав хүмүүст архи аягалж өгсөн. Тэгж байхдаа нэлээн их согтсон, гэрт орж ирээд ээжээс машины түлхүүр нэхсэн, ээж машины түлхүүр өгөхгүй гэсэн чинь уурлаад тогоо сүү, усыг хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би хойд байшингаас бууз оруулж ирэхээр гарсан. Тэгээд буузаа аваад ороод ирэхэд ээж цээжээ барьсан амьсгаадаад байж байсан. Тэгээд аав найзыгаа дуудаад гэрээсээ явсан. Тэрнээс хойш гэртээ ирээгүй байгаа. Манай аав ******* ээжийн биед гэмтэл учруулсан. Яаж гэмтэл учруулсныг нь хараагүй. Манай ээж *******, дүү нар аав ээжийг зодсон гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сар шинийн 02-ны өдөр тохиож байсан. Тухайн өдөр манай нөхөр бид хоёртой хүмүүс ирж золголт хийгээд бид*******, Сүүн сувиллын 1-1 тоотод байх өвлийн сууцанд хамаатны хүмүүсийг хүлээж авсан. Тэгж байхад гадна талд байх сууцанд *******, ******* 3 хүүхдийн хамт хоол цай хийж байсан. Хүмүүс ирчихсэн хоол, цай байшингаас зөөгөөд байж байхад ******* согтуу *******тай маргалдаад байхаар нь “Та нар яасан муухай юм” гэж хэлсэн, тэгээд би хүмүүс ирсэн байсан гэр лүү орсон. Тэгээд орой хүмүүс явсны дараа *******гийн байсан гэрт ороход би амьсгал авч чадахгүй байна, ******* намайг зодчихлоо гэж хэлэхээр нь *******гийн хувцсыг тайлж үзэхэд зүүн гар хөхөрчихсөн, 2 хөл хэсэгт нь хөхөрчихсөн, цээж хэсэгт цохисон гээд амьсгалж чадахгүй байна гэхээр нь 103-т дуудлага өгч үзүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Өмнө нь 2021 онд байхаа *******г ******* зодож эрүүг нь хугалж, өршөөлийн хуульд орж өршөөгдөж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/3932 дугаартай: “...А.*******гийн баруун, зүүн бугалга, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тус тусдаа хохирлын зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед *******г би цохиж зодсон, өмнө нь зодоогүй гэж худлаа хэлсэн. Машины түлхүүр нэхээд өгөхгүй болохоор нь буузны жигнүүр булаацалдаж байгаад 2 хэсэгт 2 удаа, цээж хэсэгт нь 1 удаа цохисон. Ноцолдож байхдаа хөл хэсэгт нь цохисон байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),

Хохирогчийн гаргаж өгсөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 76-81 дүгээр хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед*******, Нарийны сүүн сувилал 1 дүгээр гудамжны 1 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч А.*******тай “машины түлхүүр өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар гар хэсэгт нь цохих, хөлийн шилбэ рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд баруун, зүүн бугалга, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч А.*******, гэрч Ж., Д., насанд хүрээгүй гэрч Б., Б. нарын мэдүүлэг, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн ЕГ0725/3932 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин энэ гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба уг хуулийн үйлчлэлд гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд хамаарна.

Шүүгдэгч Т.*******, хохирогч А.******* нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дундаасаа хүүхэдтэй, хамт амьдарч байсан ба шүүгдэгч Т.******* нь “машины түлхүүр өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч болох хамтран амьдрагч А.*******тай маргалдаж, улмаар түүний биед халдсан нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хохирогч А.*******гийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.*******гийн хууль бус үйлдэл болох цохиж, өшиглөснөөс үүссэн шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.*******гийн хамтран амьдрагч А.*******гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Иймд шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлын 460,532 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгч Т.******* нь хохирогчид 470,000 төгрөг шилжүүлэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “...470,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хохирогч А.*******, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар мөрдөн шалгах ажиллагааны явцад “А.******* миний бие сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар гаргуулна. Одоогоор шинжээч томилуулахгүйгээр эрүүгийн хэргээ шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул хохирогч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Т.*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Т.******* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Т.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлт гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өмнө нь 2021 онд хамтран амьдрагч А.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, шүүхээс гэм буруутайд тооцож байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүй дахин түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.*******д 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Т.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Т.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.*******гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.НЯМДАВАА