Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/02913

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/02913

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг   тоотод оршин суух Ш овогт Б А  

 

Хариуцагч: Баянгол дүүрэг   тоотод оршин суух С овогт Л А /РД:  /

 

8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ч, хариуцагч Л.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Л.Ат холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээгээр эхнэр М.Ц нь хариуцагч Л.Ат 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү гэрээний үүргээ хариуцагч огт биелүүлээгүй бөгөөд М.Ц нь 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барсан.

 

1.2. Дээрх гэрээний үүргийг шаардах эрхийг хууль ёсны өвлөгч Б.А хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Иймд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрт 12,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.    

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. М.Цгээс 10,000,000 төгрөг зээлсэн ба уг зээлийг төлж байсан боловч цар тахал болон санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад мөнгөөр төлж чадахгүй болсон. Зээлээ компанийнхаа оруулж ирдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр төлөх санал тавихад М.Ц зөвшөөрсөн ба тухайн бүтээгдэхүүнийг М.Ц нь манай компанийн дистрибьютерийн гэрээгээр ажилладаг Ц.Э-с авсан. Иймд зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн.

2.2. М.Цгээс зээл авсан ба түүний нөхөр зээлийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б.Ад олгосон өвлөх эрхийн  гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ  /ХХ-3-5 дугаар тал/

 

4. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Хариуцагч талын хүсэлтээр Ц.Э-с гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /ХХ-ийн 21-24 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

6. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: талийгаач М.Цгийн дансны хуулга /ХХ-ийн 31-36 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр М.Ц нь хариуцагч Л.Ат 10,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн ба уг мөнгөө авч чадаагүй 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Дээрх зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг талийгаач М.Цгийн өвлөгч болох Б.А хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэхүү гэрээгээр хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүд 2,500,000 төгрөг нийт 12,500,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс талийгаач М.Цгийн дансны хуулгаар 4,495,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул үлдсэн 8,000,000 төгрөгийг шаардаж байна.    

 

3. Хариуцагч нь М.Цгээс авсан 10,000,000 төгрөг, түүний хүүг мөнгөөр болон бараагаар төлж дууссан, гэрээ байгуулсан хүн нь нас барсан байхад нөхөр нь нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр М.Ц, Л.А нар “зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр Л.А нь М.Цгээс 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлэхээр тохиролцжээ. Энэхүү гэрээний дагуу хариуцагч 10,000,000 төгрөгийг хүлээн авсан, хариуцагч нь М.Цгийн дансанд 4,495,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй. Иймд дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын эрх, үүргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.А нь зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй байна.  

 

2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч М.Ц нас барсан, нэхэмжлэгч Б.А нь талийгаач М.Цгийн нөхөр болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”-ийг хууль ёсны өвлөгч гэж зааснаар Б.А нь талийгаач М.Цгийн хууль ёсны өвлөгч юм.

 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, 531.2 дахь хэсэгт “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж заасан. Нэхэмжлэгчид өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр олгосон байх ба уг гэрчилгээнд “2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн М.Ц, Л.Аийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үндсэн зээл болох 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт шаардах эрх”-ийг өвлөгч Б.А хүлээн авч байгаа талаар заажээ. Энэ нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, 43.3 дахь хэсэгт ”Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтална” гэж заасантай тус тус нийцжээ. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь талийгаач М.Цгийн өвийг хүлээн авсан буюу хариуцагч Л.Атэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нь үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 2,500,000 төгрөг нийт 12,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба үүнээс 4,495,000 төгрөг төлсөн болох нь М.Цгийн дансны хуулгаар тогтоогдож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,495,000 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг үүргийг хариуцагч нь Япон улсаас оруулж ирдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр төлж, дуусгавар болгосон гэж тайлбарласан ба тухайн тайлбартайгаа холбогдуулан Ц.Энхтуяагаас гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. Тухайн гэрчийн мэдүүлэгт “н.Ц бид хоёр их сайн найзууд, би захирал Л.Аээс бараа зээлж аваад түүнийгээ бага, багаар нь зараад буцаагаад мөнгийг нь өгдөг. ...захиралтай яриад өгч болно гэхээр нь н.Цд бараа өгдөг, ...н.Ц надаас нэг удаа 2,000,000 төгрөгийн бараа авсан, дараа нь бас гахайн эхэсээр хийсэн 720,000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн 6 ширхэгийг авсан, надаас нийтдээ 6,430,000 төгрөгийн бараа авсан. ...зээлийн талаар мэдэхгүй” гэжээ. Үүнээс өөрөөр М.Цд бараа, бүтээгдэхүүн өгсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн хариуцагчийг М.Цд 6,430,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн өгсөн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна М.Ц, Л.А нарын хооронд зээлийн гэрээний үүргийг бараа, бүтээгдэхүүнээр төлөх тохиролцоо хийгдсэн болох нь баримтаар нотлогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээний талууд анх тохиролцсон үүргээс өөр үүрэг хүлээлгэн өгч үүргийг дуусгавар болгож болно. Энэ нь гэрээний талуудын тохиролцооны үндсэн дээр хэрэгжих буюу анх тохиролцсон үүргээс өөр үүрэг хүлээлгэн өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрч, хүлээн авсан тохиолдолд үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ. Хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн оронд бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгөхийг М.Цг хүлээн зөвшөөрсөн, хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно” гэж зааснаар хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.     

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь өвлөн авсан өвийн хэмжээгээр талийгаач М.Цгийн үүргийг хүлээх бөгөөд хариуцагчийн М.Цд өгсөн гэх бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С овогт Л Аээс 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш овогт Б Ад олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4,495,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА