| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2021/03618/И |
| Дугаар | 102/ШШ2022/00806 |
| Огноо | 2022-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2022/00806
| 2022 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2022/00806 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг өөрийн байр “Т Б” ХХК /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод оршин суух Л Т Б /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг *тоотод оршин суух Б У /РД: /
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг *тоотод оршин суух Уын Х /РД: /
83,133,601.54 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д, хариуцагч нарын төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч П.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
Гуравдагч этгээд У.Х Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч Л.Т Б, Б.У нарт холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Л.Т Б, Б.У нар нь “Т Б” ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс зөрчсөн, уг зөрчлөө арилгаагүй. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүргээ шаардсан.
2. Хариуцагч Л.Т Б, Б.У нь нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Хариуцагч Л.Т Б нь их хэмжээний төлбөрийн дарамтад орсны улмаас 2020 оны 10 дугаар сараас хэвтэн эмчлүүлэх шаардлага үүссэн, мөн ковид-19 цар тахлын улмаас зээл авах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, зээл төлөх боломжгүй болсон. Гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагч нараас шалтгаалаагүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
2.2. Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээгээ цуцласан болохоо мэдэгдсэн. Иймд тухайн өдрөөр гэрээ цуцлагдсан, үүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.
2.3. Цар тахалтай холбоотой гарсан хуулийн зохицуулалт, нөхцөлөөр хангаагүй буюу зээл төлөх хугацааг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг олгоогүй.
2.4. Дээрх үндэслэлүүдээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах боломжтой гэсэн агуулгаар маргажээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2019 оны 8 дугаар сарын 19-ний зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээнүүд, зээл хүүний тооцоолол, нотариатын үйлчилгээний баримт, мемориалын баримтууд, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох тухай мэдэгдэл, зээлийн дансны харилцагчийн хуулга, Л.Т Б, Б.У нарын бичсэн өргөдөл, хүсэлт, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, зээлийн хяналтын тайлан, зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, /ХХ-13-29, 38, 39, 57-65 дугаар тал/
5. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
6. Хариуцагчийн хүсэлтээр шүүх Л.Т Бгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай баримтууд, У.Хгийн Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг эрх бүхий байгууллагаас гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. /ХХ-ийн 73-81, 97 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 65,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 60,478,479.39 төгрөг, үндсэн хүү 22,246,773.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 387,348.88 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг нийт 83,133,601.54 төгрөг төлөх үүрэгтэй байна.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Хариуцагч Л.Т Б нь их хэмжээний төлбөрийн дарамтад орсны улмаас 2020 оны 10 дугаар сараас хэвтэн эмчлүүлэх шаардлага үүссэн, мөн ковид-19 цар тахлын улмаас зээл авах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, зээл төлөх боломжгүй болсон, нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээгээ цуцласан болохоо мэдэгдэж, энэ өдрөөр гэрээ цуцлагдсан, үүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй, гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүү хуримтлуулж хариуцагч нарыг санхүүгийн дарамтад оруулсан, цар тахалтай холбоотой гарсан хуулийн зохицуулалт, нөхцөлөөр хангаагүй гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №102100716537 дугаартай гэрээгээр хариуцагч нар нь “хөрөнгө оруулалтын” зориулалтаар 65,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,90 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Т Бгийн өмчлөлийн Л.Т Бгийн өмчлөлийн * тоотод байршилтай 108м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Баянгол дүүрэг *тоотод байршилтай, нэгж талбарын *дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэлтэй 400м2 талбай бүхий газар, гуравдагч этгээд У.Хгийн өмчлөлийн * тоотод байршилтай 50м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй хувийн сууцаар хангуулахаар талууд тохирч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцжээ. Мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь ашигласан хоногоор хүү төлөх, зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон байх ба 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс үндсэн зээл төлөх, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд, тохирсон хэмжээгээр төлөөгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Дээрх хугацаанаас хойш хариуцагч нар гэрээний зөрчлөө арилгаагүй, үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөр гэрээг цуцлаж, тухайн өдөр хүртэлх хугацааны үүргийг шаарджээ.
Гэрээний үүргээ гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь хариуцагч өөрийн буруугаас болоогүй гэдгийг баримтаар нотлоогүй байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарыг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгож, уг хугацаанд үүргийн зөрчлөө арилгахыг шаардаж 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээний 6.2.1-д зааснаар гэрээг цуцлаж байгаа талаараа 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч нарт мэдэгдсэн байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ.
Гэрээг цуцлах гэдэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээний биелэгдсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлаж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгэх бөгөөд гэрээ цуцласан үеэс үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог. Иймд гэрээ цуцласнаас хойш нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөрт 60,478,479.39 төгрөг, хүүд 7,437,664.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 26,031.59 төгрөг нийт 67,942,175.84 төгрөг төлөх үүрэгтэй байх ба зээлийн гэрээний үүрэгт 15,170,425.7 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзлээ. /ХХ-ийн 62 дугаар тал/
Нотариатын зардал нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөх үүрэгтэй нь холбоотой тул нотариатын үйлчилгээний 21,000 төгрөгийг шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлээс нийт 15,191,425.7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Зохигчид барьцааны гэрээгээр хариуцагч Д.Т Б, гуравдагч этгээд У.Хгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байх ба уг гэрээ Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын хүсэлтийг үндэслэн барьцааны гэрээний нэг тал болох У.Хг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн. У.Х нь 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй үйл баримт тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Т Б, Б У нараас 67,942,175.84 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,191,425.7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Л.Т Бгийн өмчлөлийн * тоотод байршилтай 108м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй хувийн сууц, У.Хгийн өмчлөлийн * тоотод байршилтай 50м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Л.Т Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг *тоотод байршилтай, нэгж талбарын *дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-*дугаарт бүртгэлтэй 400м2 талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643,818 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Т Б, Б.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 567,861 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА