| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/02920/И |
| Дугаар | 102/ШШ2022/00410 |
| Огноо | 2022-02-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/00410
| 2022 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2022/00410 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.О
Хариуцагч: Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 5,030,000 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Б.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
/Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Д.Б-д холбогдуулан 5,030,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч Б.О дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Нэхэмжлэгч миний бие Компьютер ланд үйлчилгээний төв дээр наймаа эрхэлдэг. Хуучны танил Д.Б нь өмнө надаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 23,200,000 төгрөгийн эд зүйлийг авч, энэ гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж байсан. Тиймээс түүнд итгэсэн учир дахин 5,030,000 төгрөгийн эд зүйлийг зээлээр өгсөн. Үүнд 2,800,000 төгрөгийн үнэтэй толгой компьютер нэг ширхэг, 380,000 төгрөгийн үнэтэй кассын компьютер нэг ширхэг, 190,000 төгрөгийн үнэтэй дэлгэц нэг ширхэг, 60,000 төгрөгийн үнэтэй камерын дэлгэц нэг ширхэг, 1,400,000 төгрөгийн үнэтэй компьютерын касс 40 ширхэг, 200,000 төгрөгийн сүлжээний хэрэгслүүдийг хариуцагч зээлээр авсан. Талууд хэлцлийг амаар хийж эд зүйлээ хүлээлгэж өгсөн байдаг. Төлбөр төлөх хугацааг 14 хоног гэж тохирсон боловч хариуцагч нь тэр хугацаандаа мөнгөө өгөөгүй. Удаа дараа шаардлаад мөнгөө өгөөгүй учир би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэвч цагдаагийн байгууллагаас иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байна гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хандахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн учраас дахин нэхэмжлэл гаргаж цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж хаягийг тодруулснаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ талаар баримтыг хэрэгт өгсөн байгаа. Энэ байдлаас харвал хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. 2017 оны 11 сараас хойш тасралтгүй шаардлагаа гаргаж явсан гэж үзэж байгаа. Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 5,030,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн авсан эд зүйл нь одоогийн байдлаар зах зээлийн үнэ нь 14,000,000-15,000,000 төгрөг болсон байгаа. Гэхдээ нэхэмжлэгч тухайн үед тохирсон үнээрээ шаардаж байгаа. Мөн хариуцагч цагдаад өгсөн тайлбартаа би 1,150,000 төгрөгийг буцааж өгсөн гэж дурдсан байсан. Гэтэл тэр мөнгийг өгсөн гэдгийг нотлох баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ...Д.Бадрал нь ...Баянгол дүүрэг, 1 хороо, Давхарын 20-2 тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон гэсэн албан бичиг /хх3/, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт/хх4/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1727 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хх5/, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх6/, нэхэмжлэгчийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл/хх7/, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх8-10/, Б.О, Д.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, уг хуулбар дээр ...5,030,000 төгрөг бараа авсан талаарх баримт /хх 11/, нэхэмжлэгчийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл/хх12/, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх13-15/, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх16-17/-ийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас ямар нэг бичгийн баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д.Б-аас 5,030,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд ханджээ.
Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Д.Б-д 5,030,000 төгрөгийн үнэ бүхий компьютрийн сэлбэг, хэрэгсэл худалдсан. Тэрээр төлбөрийг буцааж өгөөгүй байгаа тул мөнгөө нэхэмжилнэ гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1727 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Б.О, Д.Ба нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, уг хуулбар дээрх ...5,030,000 төгрөг бараа авсан талаарх бичгийн баримт, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Б.О-гийн гаргасан гомдол, мэдээллийн дагуу Д.Б-ыг цагдаагийн байгууллагаас шалгаж, мэдүүлэг авахад Д.Б нь ...5,030,000 төгрөгийн бараа зээлээр авсан, ...зарим мөнгийг буцаан төлсөн гэсэн агуулгатай тайлбар өгч байжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаар бичгийн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
Нэгэнт нэхэмжлэгчийн ...хариуцагчид 5,030,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн худалдсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй учир шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон эрх, үүргийг зохицуулсан иргэн, хуулийн этгээдийн хэлцлийг худалдах-худалдан авах гэрээ гэх бөгөөд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар буюу бичгийн хэлбэрээр байгуулах боломжтой.
Тодорхой хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч тал хариуцагчид нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж шүүхээс үзсэн учир хариуцагчаас 5,030,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 95,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 95,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Од-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 5,030,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 95,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ