Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/564

 

 

П.Л, Б.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/714 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Ганчимэгийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаартай прокурорын эсэргүүцлээр П.Л, Б.О нарт холбогдох 2110000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Пгийн Л, 1966 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. Б овгийн -гийн О, 1964 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, номын санч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 1, - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.1, 150 дугаар зүйлийн 150.1, 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч П.Л, Б.О нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Б.Оийн гэрт иргэн А.Нгийн гээгдүүлсэн Ж.Эын эзэмшлийн Хаан банкны картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглаж, бусдын 433.550 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Л, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч П.Л, Б.О нар нь тухайн үед гээгдэл эд хөрөнгө болох картыг бусдын эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримт, жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь, гээгдэл эд хөрөнгө нь эзэмшигч, өмчлөгч өөрөө эд хөрөнгөө гээсэн байх шинжийг агуулах ба хэргийн тухайд иргэн А.Н нь бусдын картыг биедээ авч явахдаа согтуурсан үедээ орхисон байхад шүүгдэгч нарын хувьд иргэн Ж.Эын картыг авч завшихаас илүүтэй түүний картад байгаа мөнгийг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, А.Нтай дэлгүүрээр үйлчлүүлэхдээ олж мэдсэн картын нууц дугаараа ашиглан дур мэдэн мөнгийг авч байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй, хулгайлах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоох нь зүйтэй.

...Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Л, Б.О нар иргэн Ж.Эын картын нууц дугаарыг мэдэж байсан, мөн тухайн картаас мөнгө нууцаар авсан үйл баримт тогтоогджээ.

Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч П.Лгийн гэрт буюу Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 19-483 тоотод А.Н, Б.О нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ж.Эын картыг гээгдүүлсэн, орхисон эсэхээ санахгүй байгаа талаарх баримтууд авагдсан байхад Б.Оийн гэрт А.Нгийн гээгдүүлсэн карт гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байгааг анхаарах.

Мөн шүүгдэгч нарыг 450.000 төгрөг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэхдээ 433.550 төгрөгийг авч завшсан гэж хохирлын дүн, тооцооллын хувьд илтэд зөрүүтэй ирүүлж, хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй.

Түүнчлэн 2021 оны 02 дугаар сарын 4-ний өдөр яллагдагчаар Б.Оийг татсан баримт хэрэгт авагдсан байхад Б.Оюунцэцэг /хх 35/ гэх хүн яллагдагчаар мэдүүлэг өгч гарын үсэг зурсан зэрэг зөрүүтэй баримтууд байгааг анхаарч, гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлон тогтоох нь зүйтэй.

Иймд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзсэн тул хэргийн зүйлчлэл болон бусад байдлуудыг анхаарч шалган зөвтгөн ирүүлэх шаардлагатай. ...” гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч П.Л, Б.О нарт холбогдох эрүүгийн 2110000000080 дугаартай хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Л, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Зүйлчлэлийн хувьд шүүдэгч өөрөө хүлээн зөвшөөрч маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл тохирсон хэмээн үзэж байна. Харин яллах дүгнэлтийн алдаа, яллагдагчийн мэдүүлэгт буруу бичигдсэн нэр, гэрч Ж.Энхтуяагийн мэдүүлэгт “...Нямдорж” гэж хэн болох, хэрэг үйлдэгдсэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн Ж.Энхтуяагийн “Хаан” банкин дахь данснаас зарлага хийгдсэн 2 гүйлгээний дүн нь 380.000 төгрөг байхад илт зөрүүтэйгээр 450.000 эсвэл 433.500 гэж хохирлын хэмжээг бичээд байгаа зэрэг байдлуудыг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй хэмээн шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Ц.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хэрэг нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр П.Лгийн гэрт үйлдэгдсэн ба яллах дүгнэлтэд Б.Оийн гэрт гэж зөрүүтэй байдлаар бичигдсэн бичиг техникийн алдаа гаргасан байгааг хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр П.Лгийн гэрт үйлдэгдсэн болох нь тогтоогддог. Дээрх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан судалж, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоох боломжтой, яллах дүгнэлтийг хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Хохирогч Ж.Эын эзэмшлийн Хаан банкны 5071471629 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын мөнгө хүлээн авсан талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар хохирогчид 433.500 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолд хохирлын хэмжээг зааж өгсөн байхад “хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг бүрэн тогтоож чадаагүй байна” гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх хуралдаанд хохирогч Ж.Э, гэрч А. Н нарыг оролцуулан мэдүүлэг авч, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч П.Л, Б.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/714 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос П.Л, Б.О нарыг бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Б.Оийн гэрт иргэн А.Нгийн гээгдүүлсэн Ж.Эын эзэмшлийн Хаан банкны картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглаж, бусдын 433.550 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт буруутгаж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй байна.

Хэрэгт хохирогч Ж.Эын “...Манай ах ... орж ирэхдээ согтуу “ах нь картыг чинь хаясан байна, ... хамт уусан хоёр хүүхэн авсан байх” гэж хэлж ирсэн. ...Тэр өдөртөө нийт 433.550 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. ...” /хх 13-14/,

гэрч А.Нгийн “...Гудамжинд танилцсан эмэгтэйн гэрт очиход нөхөр нь ирсэн байсан, ...тэгээд яасан талаар санахгүй байна, ...тэр айлын гэрт унтсан байсан, сэрээд ... Эын картыг өгөхөөр гэрт нь очиход карт нь алга болсон байсан. ...” /хх 15/,

Б.Оийн яллагдагчаар өгсөн “...Маргааш нь ... Л “манай гэрийн шалан дээр Хаан банкны карт байна” гэж хэлсэн. Тэгээд Л “хамт архи уусан Нгийн хайгаад байсан карт биш биздээ” гээд үзсэн. Тэгэхэд Э гэдэг хүний карт байсан. ...” /хх 34-35/,

П.Лгийн яллагдагчаар өгсөн “...Маргааш өглөө нь манай гэрийн шалан дээр нэг карт байсан. Тэгээд би аваад үзсэн чинь Нийгмийн даатгал гэсэн Э гэсэн нэртэй ногоон карт байсан. ...” /хх 45-46/ гэсэн мэдүүлгүүд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хууль сануулж авсан гэрч А.Н болон яллагдагч Б.О, П.Л нар гэмт хэрэг П.Лгийн гэрт үйлдэгдсэн талаар мэдүүлсэн байхад прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтдээ гэмт хэрэг Б.Оийн гэрт болсон гэж зөрүүтэй бичсэн байна.

Өөрөөр хэлбэл, П.Л, Б.О нарын хэзээ, хаана, яаж үйлдсэн, үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх, хэрэг гарсан газар, хохирлын дүн зэрэг зөрүүтэй үйл баримтыг эргэлзээгүй тогтоож ажиллаагүй байх тул мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн, прокуророос яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн гэх боловч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр А.Н нь 2021 оны 1 дүгээр сарын 14-нд Амар дэлгүүрээс эд зүйл худалдан авч буй бичлэг, Ж.Эын Хаан банкны дансны хуулгаар 2021 оны 1 дүгээр сарын 15-ноос 17-ны өдөр 388,000 төгрөг гүйлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Мөн прокурор Б.Оийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хх 27-28/-д “...картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 450.000 төгрөгийг авч завшсан ...” гэсэн атлаа яллах дүгнэлт /хх 68/-д “... картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 433.550 төгрөгийг авч завшсан ...” гэж хохирлын дүнг зөрүүтэй бичсэн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох ач холбогдолтой талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/714 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, тус шүүгчийн захирамжид бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Л, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ