Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 6

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

      Улсын яллагч                                               Д.Нямдэлэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн даргаар                         Б.Урангоо нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шинчүүд овогт Хүдэрчулууны Доржпаламд холбогдох эрүүгийн 201618000268  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Шинчүүд овогт Хүдэрчулууны Доржпалам /РД: НЩ92060115/,

          

Шүүгдэгч Х.Доржпалам нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт оршин суух Б.Заринагийн 2 тонн тарвасыг 81-14 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Х.Доржпаламын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 10-р сарын  03-нд  сэжигтнээр  өгсөн:  ...Би 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шөнө Зүүнбүрэн сумын 2 дугаар баг Охиндийгийн наад талын салааны хойно байх айлын ногооны талбайгаас тарвас авсан юм. Уг тарвасыг надад мөнгөний хэрэг гараад манай эхнэр өвчтэй байсан учир мөнгө олох зорилгоор авсан юм. Тухайн тарвасыг хойно адуунд явж байхдаа харсан бөгөөд хүмүүс нь тарвасаа хураагаад шуудайлж байсан бөгөөд надад яаралтай мөнгөний хэрэг гараад байсан учир мэдэхгүй байх гэж бодоод авсан. Тухайн өдөр би хамаатны ах Бат-Оршихоос дээгүүрээ өмсөх цамц гуйж авсан бөгөөд ойроцоогоор 23 цаг өнгөрч байсан байх гадаа бороо их орж байсан. Тарвасаа би 00 цагаас 01 цаг 30 минут хүртэл ачсан гэж бодож байна. Уг авсан тарвас нь гадаа ногооны талбайн хаалганы хажууд хураалгаастай байсан юм. Уг асуудал нь миний буруу. Би өөрийн найз Төгсөөгийн хамт авсан бөгөөд Төгсөөд хэлээгүй “хүнээс авах ёстой ногоо юм” гэж хэлээд хамт ачилцсан. Төгсөө тухайн өдөр манайд ирсэн байсан бөгөөд Дархан руу тэр өдөр буцах байсан бөгөөд би “хамт ачаад Дархан оруулъя” гэж хэлээд аваад явсан. Миний тоолсноор 53 шуудай тарвас байсан. Би өөрийн эзэмшлийн Портер маркийн 81-14 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөсөн юм. Би хийсэн алдаандаа гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй хичээх болно. Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд дахин ийм алдаа гаргахгүй, тарвасын эздээс маш олон удаа гэмээ ухаарч уучлал хүссэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р ху/,

 2. Шүүгдэгч Х.Доржпаламын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 10-р сарын 14-нд  яллагдагчаар өгсөн: ...Надад яаралтай мөнгөний хэрэг гараад амар хялбар аргаар мөнгө олно гэж бодоод ийм зүйл хийлээ. Миний буруу дахин ийм алдаа гаргахгүй. Найз Төгсөөд хулгай гэж хэлэлгүй хамт ачсан юм. Би тарвасны төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд алдаагаа ухаарч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/,

  3. Шүүгдэгч Х.Доржпаламын 2016 оны 11-р сарын 04-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Миний хувьд хүний хурааж орхисон байсан тарвасыг авсан минь үнэн тухайн үед шуудайнд хийгээд орхисон байсан болохоор нь зараад хэдэн төгрөг болгох санаа төрөөд авчихсан миний буруу. Хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа. Зорилго бол хэдэн төгрөгтэй болчих санаа байсан юм. Хэн нэгэн хүний дарамт шахалтаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Надаас 2 тонн тарвас худалдан авах гэж захиалсан хүн байхгүй. Би тарвас ачихдаа Баттөгс гэдэг залуутай хамт явсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Миний хулгай хийж байгаа энэ асуудлыг Баттөгс мэдээгүй би тухайн үед ажлын хөлсөндөө авсан юм гэж ярьж байсан. Энэ үйлдэл маань Баттөгсөд ямар нэгэн хамаарал байхгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 54-р ху/,

4.Шүүгдэгч Х.Доржпаламын 2016 оны 12-р сарын 08-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Би 2016 оны 05 дугаар сард хөх өнгийн Портер машиныг Улаанбаатар хотын Да хүрээ захаас 4.000.000 төгрөгөөр өөрийн нэр дээрээ болгон худалдан авч 4 сар гаран унаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Заринагийн эзэмшлийн 2 тонн тарвасыг өөрийн эзэмшлийн машиныг найз Баттөгсийн хамт ачаад Дархан-Уул аймагт оруулж Баттөгсийг Биржийн урд буулгаад би машинтай ногоогоо ачаад цааш явж гэр хороолол дунд унтаж 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн үед ганцаараа хүнсний зах дээр шуудайг нь 8000 төгрөгөөр бодож бөөнд нь зүс танихгүй эрэгтэй, хөх өнгийн портер машинтай хүнд зарж 424,000 төгрөг болгоод тэр мөнгийг нь өөрийн ахуйн хэрэглээнд ашиглаж дуусгасан. Тарвас заралцах үед Баттөгс яваагүй. Энэ асуудалд оролцоогүй. Харин надтай 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байх миний утас руу залгаад “юу болоод байгаа юм бэ, цагдаа нар асуугаад байна” гэхээр нь би Баттөсгөд “намайг уучлаарай, би үнэндээ хулгай хийсэн юм. Биржийн гадаа зогсоод 8000 төгрөгөөр бөөндсөн” гэж хэлэхэд “чи надад худлаа хэллээ, хэрэгт хийчихлээ” гээд уурлаад утсаа салгасан. Тухайн үед Баттөгс цуг тарвас заралцаагүй. Харин Зүүнбүрэн сумаас машинтай гарч байхдаа надтай цуг тарвас ачилцсан хүн байгаа юм. Би 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сумын төв орж найзыгаа хүргэж өгөх юм чинь Портер машиндаа ачаа ачих бодол төрөөд төв орсон чинь Дархан луу ачаа ачуулах хүн олдоогүй, хэсэг сумын төвөөр явж байгаад орой болчихоор нь буцаад гэр лүүгээ хариад 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүргэж өгөх бодол төрөөд явж байсан чинь манай гэр лүү явах замд буюу замын хажууд шуудайтай ногоо хураагаад хаячихсан харагдсан. Тэгээд гэнэт энэ ногоог ачаад явах бодол төрөөд шууд гэр лүүгээ хариад Баттөгсөд “хүний ачаа ачих болчихлоо, мөнгө төгрөгийг нь авчихсан” гэж худлаа хэлээд Баттөгсийг аваад өөрийн хамаатны ах Бат-Оршихын гэрт очиж усны гутал, куртик авч шууд яваад ногоо байсан газар очиж ачсан юм. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 90-р ху/,

 5.Шүүгдэгч Х.Доржпаламын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: . Манай эхнэр эмнэлэгт хэвтсэн байсан. Тэгээд тухайн үед мөнгө хэрэгтэй байсан тул яах учираа олохгүй явж байгаад ийм алдаа гаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нь тийм ногоо байсныг харчихаад орой нь 23 цагийн үед очоод авчихсан. Хохиролд 1.600.000 төгрөг төлж хохирлыг арилгасан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Миний буруу. Ийм алдаа дахиж хэзээ ч гаргахгүй. Эхнэр хүүхдээ авч явахын төлөө ийм болчимгүй асуудал хийсэн нь миний буруу. гэх мэдүүлэг,

  6.Хохирогч Б.Заринагийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 09-р сарын 27-ны  өдөр өгсөн:  ...Манайх Бэлчир 2 дугаар багийн нутаг Охиндий гэх газар тарвас тарьсан. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр талбайгаасаа тарвасаа хураагаад 225 шуудай тарвас болсон бөгөөд талбайгаасаа бүгдийг нь хурааж шуудайлсан юм. Хураахдаа нөхөр дүүгийн хамт хураасан бөгөөд тарвасаа хэсэг хэсэг газар ачихад бэлэн болгож хурааж тавьсан. Талбайн хашааны үүд орчимд 80 шуудай тарвасыг эрт ачихад бэлэн болгож хурааж тавиад өнөө өглөө ачуулах гэж байсан юм. Бид нар өчигдөр хурааж дуусаад 1 цаг өнгөрч байхад амарсан бөгөөд би үлдээд идэх юм аа хийж байсан 12 цаг өнгөртөл унтаагүй байсан. Урьд шөнө бороо ороод байсан тул гадаа болж буй үйл явдал сонсогдохгүй байсан бөгөөд өглөө босоод ногооны талбайгаа тойрч үзэхэд хашааны үүдэнд хураасан тарваснаас ойролцоогоор 57 шуудай тарвас алдагдсан байсан. Хашааны гадаа хонхорт машин тавьж байгаад зөөгөөд явсан байсан. Миний харснаас Портер маркийн хэрэгслээр 2,3 хүн зөөсөн байсан бөгөөд урьд шөнө л бид нарыг унтаж байх хооронд авсан байх гэж бодож байна. Би алдсан тарвасаа өнөөдөр хот оруулж гадаа зогсож байгаад килограммлаж зарах байсан бөгөөд тарвасыг 1 кг бүрийг 1000 төгрөгөөр зарах бөгөөд үнэ нь уналаа гэхэд дор хаяж 800 төгрөгөөр зарах юм. Би алдсан тарвасаа 2 тонн болно гэж бодож байна. Тэгэхээр 1.600.000 төгрөгөөр үнэлж байна.  ...гэх мэдүүлэг, / хх-ийн 9-р ху/,

7.Гэрч Ж.Өнөрбаярын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 10-р сарын 02-ны өдөр өгсөн: ...Манайх тарвасаа 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр талбайгаасаа тарвасаа хураагаад 225 шуудай тарвас болсон бөгөөд нилээн орой болсон юм. Тэгээд бид нар хураасан тарвасаа нэг хэсэг болгож хураагаад ачихад бэлэн болгож тавиад амарцгаасан юм. Тухайн өдөр гадаа бороо нилээн орж байсан бөгөөд гадна болж буй үйл явдал сайн сонсогдохооргүй байсан бөгөөд маргааш өглөө нь 07 цагийн үед босоод тарвасаа хураахад хашааны хаалганы ойролцоо хураасан байсан 80 шуудай тарваснаас 57 шуудай тарвас алга болсон байсан бөгөөд хэн авсан болохыг мэдээгүй. гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,

           8.Гэрч Т.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 10-р сарын 10-ны өдөр өгсөн:  ... 2016 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн үед манай хамаатны дүү болох Доржпалам манайд орж ирээд “юм ачих гэсэн чинь гадуур өмсөх цамц норчихлоо таньд цамц байна уу” гэхээр нь би өдөр өмссөн цамцаа өгөөд явуулсан. Тухайн цамцны халаасанд миний гүйлгээ хийсэн баримт байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх 11-р ху/,

9.Гэрч Б.Оюунчимэгийн 2016 оны 11-р сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...2016 оны 09 дүгээр сарын 02-ний орой бороо орж байсан юм. Шөнө бороо орж байхад манай нөхөр гарч хонио хараад гадаа байж байхад орой 23 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Гаднаас манай нөхрийн хамаатны залуу Доржпалам орж ирээд нөхрийн хар өнгийн куртик, усны гутлыг нь аваад явсан. Энэ үед би нөхрөөс “ямар учраас хувцсыг чинь гуйж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “ажилд явж байгаа юм, хувцас норох гээд байна хуурай хувцас байвал өгөөч” гэнээ гээд нөхөр өмсдөг хар өнгийн куртик, усны гутлаа өгөөд явуулсан. Ингээд би нөхрийн хамт малаа манаж хоносон. Маргааш нь харин нөхрийг маань Цагдаагийн газраас дуудаад юу болсон бол ямар ч байсан “хүний тарвас алга болчихлоо, таны мөнгө тушаасан баримт хэргийн газар дээрээс олдсон гэнээ” гэж нөхөр надад ярьж байсан. Миний хувьд одоо ч гэсэн энэ асуудлыг сайн мэдэхгүй байна. Нөхрийн хамаатны залуу Доржпалам хүний ногооны талбайгаас тарвас авсан сураг надад сонсогдож байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 39-р ху/,   

10.Гэрч Ц.Баттөгсийн 2016 оны 11-р сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын төвд байдаг найз Доржпаламын гэрт хадлан тариалангийн ажлыг нь хийж өгөхөөр ирж тэдний гэрт 4 хоносон юм. Ингээд би 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг руу гэр лүүгээ явах талаар Доржпаламд хэлсэн чинь “надад хүнээс ногоо авах ёстой тэр бүтвэл цуг явна, явахгүй бол унаа олж өгнө” гэж ярьсан. Ингээд би гэрт нь гэрийн ажилд туслаад байж байхад Доржпалам ойр зуурын ажил хөөцөлдөөд явлаа гээд сумын төв өдөр 13 билүү 14 цагийн үед явчихсан. Харин би гэрт нь ганцаараа үлдээд малыг нь хараад байж байхад энэ өдөр бороо ороод байсан. Ингээд хэсэг хугацааны дараа харанхуй болчихсон цаг 21 цагийн орчим Доржпалам гэртээ сумын төвөөс орж ирээд “найз нь ачаагаа олчихсон, хүний ачаа байгаа юм, замдаа аваад явна” гэж хэлсэн. Ингээл малаа хотлуулчихаад эзэнгүй орхиод Портер машинтай бид 2 гэрийнх нь гаднаас хөдлөөд шууд нэг айлын гадаа буюу Доржпаламын ахынд очиж зогссон. Тэгээд намайг машин дотор нь сууж явж байхад Доржпалам нэг гутал, нэг хар өнгийн куртик аваад цааш хөдлөөд хөндлөн хөндлөн шургааган хаалгатай ногоон талбайн гадна очоод хураасан байсан шуудайтай ногоо байсан би ямар ногоог мэдээгүй ачих үед тарвас байсан. Тухайн ачих гэж очих үед Доржпалам “хүмүүс нь ачихад бэлдээд орхисон байна” гэж хэлсэн. Ингээд шуудайтай тарвасыг ачиж дуусчихаад бид 2 шууд Дархан-Уул аймаг руу яваад шөнө Дарханд орж ирээд би гэр лүүгээ харьж амрахаар биржийн урд буусан. Харин Доржпалам “хүний ногоог хүргэж өгнө” гээд машинтайгаа явсан. Тэгээд маргааш нь юу болсон талаар мэдэхгүй, өдөр нь Зүүнбүрэн сумын цагдаагийн байгууллагаас Мөнхбуян дуудаад би ирээд тайлбар өгсөн байгаа. Миний хувьд Цагдаагийн байгууллагад ирээд Доржпаламыг хулгай хийсэн гэдгийг мэдээд би Доржпаламд “чи ийм хэрэг хийж байсан бол хэлэхгүй яасан юм бэ” гэхэд “найз нь чамаас санаа зовоод худлаа хэлж, буруу үйлдэл хийчихлээ уучлаарай” гэж надад хэлсэн.  ...гэх мэдүүлэг, /хх 41-р ху/,

11.Гэрч Т.Бат-Оршихын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 10-р сарын 27-ны өдөр дахин өгсөн:  ...Би 2016 оны 09 дүгээр сарын 01-ний орой гэртээ байж байхад гадаа бороо ороод байхаар нь би өөрийн хоттой хонио манаж гадаа хоносон. Тухайн үед хонь манаж байхад орой 23 цагийн орчим “ахаа надад хуурай хувцас байвал өгөөч, би норчихлоо” гэхээр нь “чи хар усан борооноор харанхуй шөнө юу хийгээд яваад байгаа юм бэ” гэхэд “би ачаа ачих гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэр үед хүний ачаа ачиж явах гэж байгаа юм байна гэж ойлгоод өөрийнхөө гадуур өмсдөг хар өнгийн куртик, цэнхэр өнгийн усны гутал надаас аваад өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн портер маркийн машин аваад явсан. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Мөнхбуян над руу утсаар “та яаралтай сумын төв дээр хүрээд ир” гэхээр нь би очсон чинь айлын ногоон талбайд хулгай орж тарвас авсан байсан. “Хэргийн газар дээр таны банкны хуулга олдлоо энэ ямар учиртай юм бэ” гэхээр нь “энэ мөнгө тушаасан баримт миний хар өнгийн куртикний халаасанд байсан юм, ямар учраас чамд байгаа билээ” гэж асуухад “хэргийн газраас олдсон, куртик чинь хаана байна” гэхээр нь “миний эгчийн дүү өмсөөд явсан” гэж хэлсэн чинь “дүүгээ дууд” гэхээр нь Доржпаламыг дуудсан чинь “би айлын тарвас ачсан, одоо Дарханд явж байна” гэж хэлсэн. Ингээд ир гэж дуудаад өдөр нь хэсгийн төлөөлөгч Буянбаатартай уулзуулсан. Тэгээд би явсан. ... гэх мэдүүлэг, /хх 42-р ху/,

12.Гэрч Д.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11-р сарын 18-ны өдөр өгсөн:  ...Миний хувьд энэ хүнийг таньдаг, найз нөхдийн холбоотой. Миний хувьд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр түр хугацаагаар 250.000 төгрөг зээлж авсан юм. Тухайн үед Бат-Орших нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Хаан банкны салбараас 5680031753 дугаарын өөрийн данснаас миний 5675327841 дугаарын данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн юм. ... гэх мэдүүлэг, /хх 52-р ху/,

 

 зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Доржпалам нь 2016 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум, 2 дугаар бат оршин суух иргэн Б.Заринагийн  2 тн  тарвасыг өөрийн эзэмшлийн 81-14 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг нь, мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хууль сануулагдан асуугдсан гэрчүүдийн мэдүүлгүүдтэй тохирч, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэн, хохирол төлөгдсөн тухай баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Доржпаламыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Х.Доржпаламд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч  нь  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тооцон, хуульд заасан  ял оногдуулж оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Доржпалам нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хавтаст хэрэгт хураагдан  ирсэн  №01176233 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон хавтаст хэргийн 58-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 81-14СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн /мотор, хурдны хайрцаг нь эвдэрснийг бүтэн бүтэн болгуулж авах/ тээврийн хэрэгслийг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн  албанд даалгах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246-р зүйлийн 246.2,  283,  284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293-р зүйлийн 293.2, 294, 295, 296, 297, 298 дугаарзүйлүүдэд заасныг удирдлага  болгон  ТОГТООХ  нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Шинчүүд овогт Хүдэрчулууны Доржпаламыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “...машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х.Доржпаламын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар   хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Доржпаламд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Доржпалам нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэргийн 64-р хуудсанд  эд мөрийн баримтаар  хураагдсан хар өнгийн куртик, цэнхэр өнгийн усны хос гутлыг устгаж, 01176233 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар  хавтаст хэргийн 58-р хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн 81-14СЭҮ улсын дугаартай “Портер” маркийн /мотор, хурдны хайрцаг нь эвдэрснийг бүрэн бүтэн болгуулж авах/  тээврийн хэрэгслийг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Доржпаламд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй тул тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.      

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгуулагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг шүүгдэгч Х.Доржпаламд сануулсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Доржпаламд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.    

10.Шүүгдэгч Х.Доржпаламд урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

11.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  299-р зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  302 дугаар зүйлийн 302.1-дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолыг хүчинтэй болсноос  хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж уг тогтоолын хувийг прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад  даалгасугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  306-р зүйлийн 306.1  дэх   хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, гомдол эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас  хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН