| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0137/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Наранчимэг |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Ш.Наранчимэг,
Хохирогч Г.Н,
Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Э.Дөлгөөн,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ц-ийн М-д холбогдох 2428002960169 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Н-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь тархи доргилт, баруун дагз, зүүн хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.М-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Г.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эмчилгээний зардал болон шатахууны зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. Өөр гомдол санал байхгүй гэв.
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн боомтод хувиараа цайны газар ажиллуулдаг байсан юм. Тухайн өдөр 17 цагийн үед би тус боомтын 25-ны хаалтын баруун талд өөрийн гэртээ Э-ын хамт байхад гаднаас Эын найз гэх танихгүй 4 залуу согтуу орж ирээд манай гэрт нэг шил Хараа 0.75 литрийн архи уух гээд тойруулж эхэлсэн. Тухайн архинаас бид хэд нэг нэг хундага уучихаад байхад тухайн ирсэн 4-н залуу нь хоорондоо маргалдах гээд манай гэрт чанга чанга яриад байхаар нь би та нар архи уучихаад манай гэрт битгий том том дуугараад бай, та нар одоо явцгаа гэхэд тухайн 4-н залуу нь миний үгийг тоогоогүй. Тэгэхээр нь би манай гэрт камер бичиж байгаа шүү, та нар битгий том том яриад бай, та камерыг чинь манай гэрийнхэн харж байдаг шүү гэхэд тухайн залуучуудаас М гэх залуу нь намайг та гэр камертай байгаад яадаг юм бэ гээд ширээн дээр байсан ууж байсан архины шилээр миний толгой руу цохисон. Тэгэхэд хажуу талд байсан Э босож бид хоёрыг салгах гэхэд Эыг цохиж цааш унагаагаад над руу хүрч ирээд намайг гараараа миний хөмсөг руу цохиж язлаад, дахиж намайг цохиж ухаан алдуулсан. Тэгээд намайг нэг сэрэхэд би газар унасан миний дээр М гэх залуу нь хоолны сэрээ барьсан миний нуруу руу хоёр удаа цоогоод татаж урж авсан. Тэгээд би түлхээд босож ирээд цагдаа дуудлаа та нарыг өгнө гэхэд тухайн залуучууд болон Э нар нь гэрээс зугтаад гарсан. Би тухайн үед цагдаа дуудаад цагдаа ирэхээр нь би цагдаатай цуг эмнэлэг орж биеэ үзүүлээд хөмсгөндөө таван оёдол тавиулсан. Хэргийн материалтай танилцахгүй. Мөн шүүх хуралд өөрийн биеэр очих боломжгүй. Би ажилтай учраас хэргийн материал болон шүүх хуралд очих завгүй болно. Би гомдолтой байна, 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр найз Э над руу өглөө 10 цаг өнгөрч байхад залгаад Морин заг дээр хүрээд ир, би нэг айлд байна гэж ярьсан. Тэгээд миний зав болохгүй байж байгаад би өдөр 13 цагийн орчимд Морин Заг суурьшлын бүсэд очиж Аварга хуушуур гэх нэртэй газар хоол идээд сууж байхад зүс таних Б гэх ахтай таараад машинаар нь Э-ын байгаа газарт хүргүүлж очсон. Тэгээд Э-ын дуудсан айлын гадна очиход Б ах энэ чинь манай найзынх байна шүү дээ гээд хамт орсон. Тухайн машин дотор Б ах бид хоёроос гадна Мөө, Б гэх 2 хүн байсан. Бид бүгдээрээ тухайн гэр рүү орсон. Гэр рүү ороход гэр дотор Э, Г, Н буюу А гэх 3 хүн 1 шил 0.75 литрийн Хараа нэртэй архийг уугаад сууж байсан. Бид нар ороод хамт ууцгаасан. Тэгтэл Б ах Г нар муудалцаад гэрээс гарсан. Тэгээд буцаад 10-15 минутын дараа орж ирсэн. Ямар нэгэн зодоон цохион хийгээгүй эвлэрээд орж ирсэн. Тэгээд уугаад сууж байтал А ах манай гэр битүү камер, бүх үйл хөдлөлийг чинь бичиж байгаа гэж агсарсан. Тэгэхэд М-өө чи камертай байхаараа яадаг юм, чи бичлэг хийгээд яадаг юм гэж муудалцсан. Удалгүй 2 биенээ цохилцож эхлэхэд Э дундуур нь орж салгахад М-өө Э-ын толгой руу архины шилээр 1 удаа цохисон. Тэгээд М-өө гэрээс гарч яваад эргэж орж ирээгүй. Тэгэхэд А ах хутга бариад ална тална гээд хэсэг агсарсан. Тэгж байгаад тайвшраад бид нарыг /Б, Г, Э, Б, мөн намайг/ Поошиг руу хүргэж өгсөн. Тэгээд бид нар поошиг дээр очоод өөр өөрсдийн машинууд руу явсан.” (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр Г гээд ах А /Н/ гэх хүний гэрт нь очсон. А /Н/ нь нутгийн найз ирлээ гээд нэг шил 0.75 тай Хараа гэх нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архиа хувааж ууж дуусаад Г ах 2 шил 0.75 тай Хараа гэх нэртэй архи худалдаж авсан. А /Н/ гэдэг айлд мах байсан тэрийг гэсэхээр нь шарж иднэ гээд байцгаасан. Тэгээд таньдаг Б гэдэг хүнийг ирж мах идээрэй гээд дуудсан. Тэгсэн удалгүй Приус 30 загварын машинтай Б өөрөөсөө гадна 3 хүний хамт нэг шил архитай ирсэн санагдаж байна. А /Н/ гэдэг хүн тэр хамт байсан бид хэдэд манай гэр гадна доторгүй битүү камер байгаа гэж хэлсэн. Тэгтэл М ч билүү М-өө ч билүү тэр залуу чи камертай байхаараа яадаг юм гээд тэр хоёр хоорондоо муудалцаад М гэх залуу учир зүггүй А гэх ахыг цохиод авсан. Мөн М-өө гэх тэр залуу гартаа архины шил барьчихсан байсан. Тэгээд Мөө гэх залуу А ахыг дахиад гараараа цохиод авахаар нь би салгах гээд ортол миний толгойн дундуур хажууд байсан архины шилээр цохисон. Тэгээд би хэсэг манараад сэргэсэн гэрээс гарч агаар амьсгалчхаад буцаад гэр рүү юу болж байна гээд орсон чинь А гэх ахын 2 нүд нь хавдчихсан байж байсан. тэр М ч билүү Мөө ч билүү махлагдуу 40 дөхөж байгаа гэмээр насны навтгар хамартай, хар бараан царайтай хүн баруун гараараа 2 удаа цохиод авсан. Нэг тийм могой ч юм уу, очир ч гэмээр юм уу бөгжтэй гараараа цохиж байсан. Би дундуур нь ороод салгах гэтэл намайг архины шилээр цохиод би манарсан. Намайг манараад гэрээс гараад ороод ирэх хооронд юу болсон талаар би мэдэхгүй байна. Тэр М гэх залуу архи ууж чаддаггүй сонин хүн байна лээ. Тэр А гэх хүн их хүн өдсөн хүн байна лээ. Би бас олон эрчүүд цугларсан байсан болохоор өөрийгөө цэгнээд нээх архи уухгүй байсан. Өөрөөр хоорондоо маргалдсан хүн байгаагүй.” (хавтаст хэргийн 33-35 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 574 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Н-ын биед тархи доргилт, баруун, дагз, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Г.Н-ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 43-44 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1481 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г-ийн Н /РД:/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” (хавтаст хэргийн 58-60 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал)
Г.Н-аас бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12-13 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.М-өөс 5,000,000 төгрөгийн хохирол, төлбөр нэхэмжилсэн. Энэ талаарх нотлох баримтаа хохирогч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй. Тийм учраас эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг шүүхэд оруулж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-ын сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлийн хохирол учирсныг гаргуулах нь зүйтэй. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжтой гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргаж мэтгэлцэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд баримтаар гаргаж өгсөн зүйл байхгүй тул үүнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Дээрээс нь сэтгэцэд учирсан хор уршиг нь нэгдүгээр зэрэглэлээр тогтоогдсон байгаа. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт нэхэмжилсэн 5,000,000 төгрөгөө шүүгдэгчээс гаргуулж авах хүсэлтэй байна гэх тайлбарыг,
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй, хохирол төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Н-тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь тархи доргилт, баруун дагз, зүүн хөмсөгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ий хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогчийн Г.Н-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), гэрч Ц.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), гэрч Л.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 574 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1481 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-60 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал), Г.Н-аас бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 12-13 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.М-ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд тархи доргилт, баруун, дагз, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 574 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ц.М-ий үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.М-ий хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ц.М нь хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Г.Н-ын зүгээс эмчилгээний зардал болон шатахууны зардалд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн болно.
Хохирогч Г.Н нь шатахуун, эмчилгээтэй холбоотой нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1481 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч Г.Н-ын сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэл (хавтаст хэргийн 58-60 дахь тал)-ээр тогтоосон байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг гарсан байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Н-ын сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлээр тогтоогдсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөгөөр тооцож, уг хохирол, төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Хувийн байдлын хувьд ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол, төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсээр ирсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд “DNH” ХХК-д жолооч хийдэг. Түрүүн цалингийнхаа талаар буруу хэлчих шиг боллоо. Нэг тээвэр нь 600,000 төгрөг байдаг гэж хэлж байгаа. Сард хэдэн удаа тээвэрт явахаас шалтгаалаад цалин нь янз бүр байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдээд хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас хуульд заасан хамгийн бага торгох ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч болон шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Ц-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.М-өөс гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-д олгож, хохирогчийн нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ