| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2021/03777/И |
| Дугаар | 102/ШШ2022/01841 |
| Огноо | 2022-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/01841
2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 102/ШШ2022/01841 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ***, *** хотхон *** тоотод Х овогтой Н,Ч /РД:***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ***, *** байр, *** тоотод оршин суух Б овогтой А,С/РД:***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 58,589,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Ч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н,Чнь хариуцагч А.Эд холбогдуулан хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны улмаас олох байсан орлого 58,589,076 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н,Чнь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *** ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах *** дугаартай гэрээгээр Чингэлтэй дүүргийн *** хороо, **** тоот хаягт бүртгэлтэй, худалдаа үйлчилгээний зориулалттай ***,*** тоот 7,6 м.кв талбайтай павильоныг 76,000 ам.доллараар худалдан авахаар харилцан тохиролцсон. Урьдчилгаа төлбөр 17,000 ам.долларыг бэлнээр 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлж, дээрх павильоныг өөрийн бараагаа худалдан борлуулж, олсон ашгаас үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл павильоны өмнөх түрээслэгч А.Э нь А ХХК, *** ХХК-нд холбогдуулан ***,*** тоот түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн ***,*** тоот павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, А.Э нь павильоныг хууль бусаар буюу шударга бусаар эзэмшиж байсныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр тогтоосон. Н,Чнь Бөмбөгөр худалдааны төвд Ц-2, 3 тоот павильоныг түрээсэлж бэлэн хувцас зардаг бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 сарын орлого 40,032,250 төгрөгөөс борлуулсан барааны үнэ 25,243,412 төгрөгийг хасаж тооцоход 14,788,838 төгрөгийн цэвэр ашиг олсон. Нэхэмжлэгч Н,Чнь *** ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр тухайн павильонд үйл ажиллагаа явуулсан бол дээрх байдлаар ашиг, орлого олох байсан. А.С-ийн хууль бус эзэмшлээс ***,*** тоот павильоныг чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс тухайн павильоныг чөлөөлж өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 28 сар буюу нийт 58,589,076 /28 сар * 2,092,4***/ төгрөгийн олох ёстой байсан ашиг орлогоор хохирсон. Хариуцагч А.Э хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглаж, нэхэмжлэгч Н.Ч-ын эрхийг зөрчсөн тул олох ёстой орлогод 58,589,076 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: А.Э нь А ХХК-тай түрээсийн гэрээний харилцаатай, Н,Чгэдэг хүнтэй ямар ч түрээсийн харилцаа үүсээгүй. Н,Чнь *** ХХК-тай гэрээ байгуулсан гэдэг. Гэрээнээс үүссэн гэм хорын хохирлыг гэрээ байгуулсан этгээдээс нэхэх эрхтэй. Гэрээний хохирлыг гэрээнд заагдсан үүргээ 100 хувь биелүүлсэн этгээд үүргээ биелүүлээгүй нөгөө талаас нэхэмжлэх эрхтэй байдаг. Иймд Н.Ч-той гэрээ байгуулаагүй буюу шууд эрх зүйн харилцаанд ороогүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Ч-ын иргэний үнэмлэх, *** ХХК болон Н,Чнарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, А ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17,000 ам.долларын кассын орлогын баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 0*** сарын 02-ны өдрийн ***дугаартай тогтоол, Н,Чболон Э ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан бөмбөгөр худалдааны төвд худалдаа эрхлэгчтэй байгуулах гэрээ, Н,Чболон Хасбанк ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ, С.С-ээс павильон хүлээлцэх маягт, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл бараа, бүтээгдэхүүн захиалсан үнийн тооцоо, Хаан банк дахь Н.Ч-ын *** тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орсон орлогын жагсаалт, Хас банк дахь Н.Ч-ын *** тоот дансны хуулга, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг,
хариуцагчаас А.Э болон А ХХК-ийн хооронд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан *** дугаартай *** plaza худалдааны төвийн ашиглалтын гэрээ, *** plaza худалдааны төвийн талбай хөлслөх гэрээ, *** plaza худалдааны төвийн талбай, автомат хаалгатай павильон хүлээлцэх акт, А.Э болон *даатгал ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан *** дугаартай даатгалын гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн*** дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Хас банк ХХК-ийн 942,400 төгрөгийн орлогын баримт, Хаан банк дахь А.С-ийн 502***48654 тоот дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгч, шүүх Чингэлтэй дүүргийн *** хороо, Их тойруу ** дугаар байрны ***,*** тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж зэрэг баримтуудыг бүрдүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр М.Б, С.А нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ НЬ
1. Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А.Э нь хууль ёсны эзэмшигч Н.Ч-ын зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Н,Чболон А.Э нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүйгээс гадна Н,Чнь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч этгээд биш тул хохирол шаардах эрхгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Н,Чнь *** ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ***дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн *** хороо, Их Тойруу ** хаягт байрлах ***плаза худалдааны төвийн ***, 221***тай 7.6 м.кв талбайг 76,000 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцсон байх ба худалдан авагч тал болох Н,Ч урьдчилгаа төлбөрт 17,000 ам.доллар шилжүүлсэн, үлдэгдэл 59,000 ам.долларыг төлөөгүй болох нь А ХХК-ийн кассын орлогын баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.2. Хариуцагч А.Э нь А ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *** дугаартай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн *** хороо, Их Тойруу ** хаягт байрлах ***плаза худалдааны төвийн ***, 221***тай 7.6 м.кв талбайг худалдааны чиглэлээр сар тутам 760,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцож, гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 12 сараар сунгасан байна.
4.3. Хариуцагч А.Э нь А ХХК болон *** ХХК-нд холбогдуулан А.Э болон А ХХК-ийн хооронд байгуулсан ***, 221***тай түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн ***,*** тоот павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, Н,Чболон *** ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн, *** ХХК-аас хариуцагч А.Эд холбогдуулан ***,*** тоот талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.
4.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр А.Э болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан ***, 221***тай түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн ***,*** тоот павильоныг бусдад худалдахдаа 100 хувь төлбөрийг авч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг сунгахыг даалгах, Н,Ч болон *** ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн *** хороо, **** хаягт байрлах ***плаза худалдаа үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах ***,*** тоот 7,6 м.кв талбайг А.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
5. Нэхэмжлэгч тал шүүх хариуцагч А.С-ийн хууль бус эзэмшлээс маргаан бүхий хөрөнгийг чөлөөлж шийдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тухайн худалдааны талбайг чөлөөлсөн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглаж хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар хариуцагч А.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс маргаан бүхий худалдааны талбайг хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч Н,Чнь хохирол шаардах эрх бүхий этгээд мөн эсэх нь талуудын маргааны зүйл болж байна.
7. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглаж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
8. Нэхэмжлэгч Н,Чнь маргаан бүхий худалдааны талбайг худалдаж авахаар *** ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг төлсөн байх боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар талууд худалдах-худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *****тай албан бичгээр тогтоогдож байх тул маргаан бүхий худалдааны талбайн өмчлөх эрх нэхэмжлэгч Н.Ч-т үүссэн буюу өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.
9. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ. Нэхэмжлэгч Н,Чнь *** ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу ***,*** тоот худалдааны талбайг эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр худалдааны талбайг өөрийн мэдэлдээ авсан буюу эзэмшиж байсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Ч-г Чингэлтэй дүүргийн *** хороо, Их Тойруу ** хаягт байрлах ***плаза худалдааны төвийн ***, 221***тай 7.6 м.кв худалдааны талбайны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнээс тухайн эд хөрөнгийг ашиглах талаар зөвшөөрөл аваагүй гэж хариуцагч А.Э-г буруутгах боломжгүй гэж үзлээ.
11. Иймд хариуцагч А.Э-г хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө ашиглаж Н.Ч-ын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул олох ёстой орлого 58,589,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т заасныг баримтлан хариуцагч А.Ээс 58,589,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ч-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ