| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0193/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/206 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/206
2025/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Нд холбогдох эрүүгийн 2512000000146 тоот хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 сарын 03-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт А аймгийн Т сумын Б баг, Б гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Лгийн Н/РД:АИ_......../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” худалдааны төвийн ....... тоот лангуу руу хүүхдийн хамт ороод гарахдаа тус лангууны сандал дээр түр хугацаагаар ил тавьсан байсан Ц.Эгийн “.........” маркийн гар утсыг, тухайн үед гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй, 6 настай, Ж.Сг гэх хүүхдээрээ авахуулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас 1.270.000 төгрөгийн буюу хуульд заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2512000000146 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Эгийн өгсөн:
“...Би Орхон аймгаас А аймгийн төгсөгчдийн дунд зохион байгуулагдах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирээд 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Э сумын ..-р багт байрлах Х худалдааны төвийн 2 давхрын ....... тоот лангуунаас өөрийн эзэмшлийн ...... маркийн гар утсаа алдсан. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандаж байна. 2 жилийн өмнө буюу 2023 онд Солонгос улсаас 2.800.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би үнэлгээний компанийн үнэлгээгээр үнэлнэ. Би имей кодоо мэднэ. 3.........7. Би алдсан гэх гар утсандаа мобикомын ...... дугаарыг ашиглаж байсан. Алга болсныхоо дараа шууд холбогдохоо больсон. Лангууны камерын бичлэгийг шүүтэл эмэгтэй хүүхэд дагуулсан 40 орчим насны шаргал өнгийн пиджактай эмэгтэй сандал дээр байсан миний шар өнгөтэй, шар ногоон өнгийн кейстэй утсыг аваад гарч байсан. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч Ж.Сын өгсөн:
“...2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр намайг “Х” худалдааны төвийн ....... тоот дэлгүүртээ ажиллаж байтал 15 цагийн үед манай үеэл эгч Ц.Э орж ирсэн. Тэгээд би үеэл эгчтэйгээ юм яриад сууж байтал эгч Ц.Э манай дэлгүүрийн сандал дээр өөрийн .... маркийн гар утсаа үлдээгээд миний хажууд суусан. Хэсэг хугацааны дараа эгч сандал дээр үлдээсэн гар утас алга болсон байна гээд бид манай дэлгүүрийн камерыг шүүтэл 5-6 насны охин дагуулсан, 35-40 насны шар пиджактай эмэгтэй орж ирээд манай дэлгүүрт гоо сайхны бүтээгдэхүүн үзэж зогсож байгаад сандал дээр байгаа эгчийн гар утас руу хүүхэд рүүгээ харан зааж, гар утсыг хүүхдээрээ хулгайлуулаад гараад явсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-52 дугаар тал/
*Яллагдагч Л.Нн өгсөн:
“...Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 62-63 дугаар дугаар тал/
*Хулгайд алдагдсан гар утсыг иргэн Л.Нгээс хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 27-30 дугаар тал/
*Хулгайд алдагдсан гар утсыг хохирогч Ц.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 44-45 дугаар тал/,
*Эд мөрийн баримтаар хураагдсан, дүрс бичлэг бүхий Сиди бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 46-47 дугаар тал/,
*Дамно ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн АЦ25-97 дугаартай:
“.............. маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 1,270,000/нэг сая хоёр зуун далан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 15-18 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” худалдааны төвийн ....... тоот лангууны сандал дээрээс Ц.Эгийн эзэмшлийн “.........” маркийн гар утас хулгайд алдагдаж, түүнд 1.270.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Н үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Эгийн”... 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед А аймгийн Э сумын 3-р багт байрлах Х худалдааны төвийн 2 давхрын ....... тоот лангуунаас өөрийн эзэмшлийн ....... маркийн гар утсаа алдсан. ... Алга болсныхоо дараа шууд холбогдохоо больсон. Лангууны камерын бичлэгийг шүүтэл эмэгтэй хүүхэд дагуулсан 40 орчим насны шаргал өнгийн пиджактай эмэгтэй сандал дээр байсан миний шар өнгөтэй, шар ногоон өнгийн кейстэй утсыг аваад гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Сийн”...Ц.Э манай дэлгүүрийн сандал дээр өөрийн ......... маркийн гар утсаа үлдээгээд миний хажууд суусан. Хэсэг хугацааны дараа эгч сандал дээр үлдээсэн гар утас алга болсон байна гээд бид манай дэлгүүрийн камерыг шүүтэл 5-6 насны охин дагуулсан, 35-40 насны шар пиджактай эмэгтэй орж ирээд манай дэлгүүрт гоо сайхны бүтээгдэхүүн үзэж зогсож байгаад сандал дээр байгаа эгчийн гар утас руу хүүхэд рүүгээ харан зааж, гар утсыг хүүхдээрээ хулгайлуулаад гараад явсан байсан...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн АЦ25-97 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Нн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Л.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Ц.Эд 1,270,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба утас буюу хохирлыг шүүгдэгч нь буцаан өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Л.Н нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Л.Нд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР