Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/199

 

 

 

 

 

 

                                            2025/ШЦТ/199    

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Т.А  

Шүүгдэгч: О.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т сумын Оийн Жд холбогдох эрүүгийн 2512000880089 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 03 сарын 02-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Жт багийн .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт Оийн Ж/РД:А............./

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А аймгийн Ц сумын төвд П.Мтай таарсан ба урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдсан нөхцөл байдал тогтоогдох ба П.М нь О.Жаас салж ганцаараа алхаж явахад О.Ж нь ......улсын дугаартай өөрийн жолоодож явсан “приүс” маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслээр араас нь мөргөнө гэж хөөсөн, улмаар П.М нь А аймгийн Ц сумын 4 дүгээр багийн 4-404 тоот дахь хашаа руу зугтан орж нуугдсан. П.М нь тус хашааны эзэн Н.Бийн хамт хашаанаас нь буцаж гарахад О.Ж нь тээврийн хэрэгслээрээ П.Мыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн шилбэний булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч О.Жы шүүх хуралдаанд мэдүүлсэн:

                “...Би ганц зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Манай суманд 4-5 хяналтын камер тавиад удаагүй байсан. Хэрэг тус хяналтын камерын ойролцоо гарсан. Улсын яллагч намайг П.Мыг хөөж мөргөсөн гэсэн. Би П.Мыг хөөж мөргөөгүй. Н.Бэ болон П.М нар намайг дуба сохроор нүдчихээд, тэдний хашаа руу ороод эргээд мод бариад гүйж гарч ирсэн. Тэгэхээр нь би машинаа асаагаад зугтаахаар тойроход намайг зогсож бай гээд миний машин дээр хүрч ирсэн. Тэр үед П.М миний машины копуд дээр тогтоод, намайг жолоогоо хажуу тийшээ бүтэн дарахад гулсаад унасан. Үүнийг хөөж дайрсан гэж үзээд байгаа. Тиймээс үүнийг зөвөөр шийдвэрлүүлмээр байна. Би энэ талаар хэсгийнхээ төлөөлөгчид хэлээд миний хэрэгт хяналтын камерын бичлэгийн хавсаргаад өгөөч гэхэд камер ажиллахгүй байгаа гэж хэлсэн. Камер ажиллахгүй байх боломжгүй. Учир нь саяхан тавьсан шиэн камерууд юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэх мэдүүлэг,

 

          *Эрүүгийн 2512000880089 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч П.Мын өгсөн:

“...Би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10 цаг өнгөрөөд хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд дугуй засуулах гээд 15 цагийн орчим хүртэл сууж байгаад дугуйгаа засуулчхаад гараад ирсэн чинь Б, П нартай таараад 0,5 литрийн архи хувааж уугаад Т банкны үүдэн дээр зогсож байхад О.Ж Т банкны зүүн талын хашаа руу шээгээд зогсож байсан. Би машинаас буух гээд байж байсан чинь О.Ж ах Пгийн сууж байсан жолоочийн эсрэг талын цонхон дээр О.Ж ирээд Цын гөлөгнүүдийг алнаа та нар юу юм гээд орилохоор нь Б бид хоёр, та настай хүн байж юу яриад байгаа юм бэ гэсэн чинь О.Ж машины ардуур тойрч ирээд миний баруун талын мөрнөөс татаад машинаас буулгаад надад 3 буу байна. Чамайг хогийн жалганд аваачиж буудаж ална гэсэн. Тэгээд намайг машиндаа суулгаад хөдлөөд явсан. Машинд явж байх хооронд О.Ж би халтихан хүн хутгалаад явдаг юманд нь яваад ирсэн, чамайг гүйцээчихсэн байхад яадаг юм, танайхны эрээвэр хураавар юмнуудыг насаараа тэжээж байна гай минь гээд орилоод байхаар нь би ямар танай тэр хүүхдийг чинь дүүгээ суулгасан биш, хайр сэтгэлээрээ суусан хүмүүсийг би яаж мэдэх вэ гэж хэлсэн чинь машин барьж яваад арынхаа суудал дээрээс нэг дуваа сохор аваад намайг цохих гэхээр нь бултаад дуваа сохрыг нь цонхоор аваад шидсэн. Тэгтэл буцаж эргээд дуваа сохороо авах гээд буухаар нь би машинаас нь буугаад Н.Бийн хашаа руу орох гээд алхаж байсан чинь чамайг дайрч ална гээд ардаас давхиад ирэхээр нь би Н.Бийн хашаа руу гүйж ороход О.Ж машинаараа Н.Бийн хашааны хаалгыг нэг буруу талаараа шүргээд нэлээн хурдтай ороод ирэхээр нь би Н.Бийн гэр рүү гүйгээд үүдэн дээр нь очиход Н.Бийн  эхнэр урдаас гараад ирсэн. О.Ж Н.Бийн хашаанд орж ирээд бүтэн эргээд гараад явсан. Тэгтэл Н.Бэ надаас юу болоод байгаа юм бэ гэж асуухаар нь энэ хүн чинь намайг дайрч ална гээд хөөгөөд болохоо байлаа гэхэд Н.Бэ “би нэг хэдэн түлээ хагалаад хүргээд өгье” гэхээр нь тэндээ суугаад 2-3 бөндгөр түлээ хагалаад Н.Бэ хүргээд өгье гээд хашаанаас нь гарахад О.Ж зүүн талаас машинаараа их эрчтэй тулаад ирэхээр нь арай дайрчихгүй байлгүй гээд бодоод Н.Бийг түлхээд эргээд гүйсэн чинь миний зүүн хөлийн доод булчин луу урд буферны гол хэсгээр мөргөөд би копудан дээр бууж савж унаад нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Нэлээн согтуу байсан, хаана хэнтэй уусан талаар нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/

 

*Гэрч Н.Бийн өгсөн:

“...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15 цагийн орчимд А аймгийн Ц сумын 3 дугаар баг, 404 тоот хашаандаа мод бэлдээд сууж байсан чинь манай хашаа руу нэг хүн гүйгээд орж ирээд хашааны хаалганы ардуур орсон чинь гэнэт араас нь хашааны хаалгаар цагаан өнгийн приус маркийн, номерыг хараагүй машин манай хашаанд эргээд гараад явсан. Тэгтэл П.М хашааны хаалганы ардаас гарч ирээд манайх руу орох гэхээр нь хүрээд ир гэж дуудахад П.М хүрээд ирсэн. Ирэхдээ аль гар гэдгийг нь санахгүй байна, нэг хуруунаас нь цус гарч байхаар нь нойлын цаасаар цэвэрлэж өгсөн, тэр хооронд цагаан өнгийн машин манай гадаа эргэлдээд байсан. Тэгэхээр нь би П.Мыг дагуулаад хашаанаас гарсан чинь зүүн талаас ногоон цагаан өнгийн машин бид хоёр руу чиглээд давхихаар нь би хашаа руу зайлаад ухарсан. Тэгтэл П.М хойшоо гүйгээд 2-3 алхахад нөгөө цагаан өнгийн машин П.Мыг хөөж дайраад мөргөхөд П.М хамар дээр нь тохогдоод газар унасан. Нөгөө цагаан өнгийн машины копуд онгойсон, онгорхой чигээрээ манай гудамжны зүүн тийшээ давхиад явсан, явж байхдаа чамайг алнаа гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/

 

*Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн өгсөн:

“...Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 40.000 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 96-97 дугаар тал/

 

*Яллагдагч О.Жы өгсөн:

“...Өөрийн хийсэн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй ... Манай эхнэр Г.Бийн эзэмшлийн машин байгаа юм. Бид хоёр худалдаж аваад 7-8 жил болж байна. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2024 онд манай эхнэр замын цагдаад хураалгаад буцааж авч чадаагүй юм. Одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/   

 

* А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн АРХ0325/080 дугаартай:

 “...Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. О.Жы гэх цусанд 1.3 промилли спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-н 18-19 дүгээр тал/,

 

*А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн АРХ0725/074 дугаартай"...П.Мын биед зүүн шилбэний булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..гэх дүгнэлт /хх-н 28-29 дүгээр тал/,

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр А аймгийн Ц сумын төвд П.Мтай таарсан ба урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдсан нөхцөл байдал тогтоогдох ба П.М нь О.Жаас салж ганцаараа алхаж явахад О.Ж нь ......улсын дугаартай өөрийн жолоодож явсан “приүс” маркийн, цагаан өнгийн тээврийн хэрэгслээр араас нь мөргөнө гэж хөөсөн, улмаар П.М нь А аймгийн Ц сумын 4 дүгээр багийн 4-404 тоот дахь хашаа руу зугтан орж нуугдсан. П.М нь тус хашааны эзэн Н.Бийн хамт хашаанаас нь буцаж гарахад О.Ж нь тээврийн хэрэгслээрээ П.Мыг мөргөж эрүүл мэндэд нь зүүн шилбэний булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч О.Ж гэм буруутай болох нь хохирогч П.Мын”...Тэгтэл буцаж эргээд дуваа сохороо авах гээд буухаар нь би машинаас нь буугаад Н.Бийн хашаа руу орох гээд алхаж байсан чинь чамайг дайрч ална гээд ардаас давхиад ирэхээр нь би Н.Бийн хашаа руу гүйж ороход О.Ж машинаараа Н.Бийн хашааны хаалгыг нэг буруу талаараа шүргээд нэлээн хурдтай ороод ирэхээр нь би Н.Бийн гэр рүү гүйгээд үүдэн дээр нь очиход Н.Бийн  эхнэр урдаас гараад ирсэн. О.Ж Н.Бийн хашаанд орж ирээд бүтэн эргээд гараад явсан. Тэгтэл Н.Бэ надаас юу болоод байгаа юм бэ гэж асуухаар нь энэ хүн чинь намайг дайрч ална гээд хөөгөөд болохоо байлаа гэхэд Н.Бэ “би нэг хэдэн түлээ хагалаад хүргээд өгье” гэхээр нь тэндээ суугаад 2-3 бөндгөр түлээ хагалаад Н.Бэ хүргээд өгье гээд хашаанаас нь гарахад О.Ж зүүн талаас машинаараа их эрчтэй тулаад ирэхээр нь арай дайрчихгүй байлгүй гээд бодоод Н.Бийг түлхээд эргээд гүйсэн чинь миний зүүн хөлийн доод булчин луу урд буферны гол хэсгээр мөргөөд би копудан дээр бууж савж унаад нэг мэдэхэд газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бийн”...П.Мыг дагуулаад хашаанаас гарсан чинь зүүн талаас ногоон цагаан өнгийн машин бид хоёр руу чиглээд давхихаар нь би хашаа руу зайлаад ухарсан. Тэгтэл П.М хойшоо гүйгээд 2-3 алхахад нөгөө цагаан өнгийн машин П.Мыг хөөж дайраад мөргөхөд П.М хамар дээр нь тохогдоод газар унасан. Нөгөө цагаан өнгийн машины копуд онгойсон, онгорхой чигээрээ манай гудамжны зүүн тийшээ давхиад явсан, явж байхдаа чамайг алнаа гэж байсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Н.Бийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн АРХ0725/074 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч О.Ж нь хохирогч П.Мын биед зүүн шилбэний булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч О.Ж нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. А аймгийн прокурорын газраас нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.  

 

Иймд шүүгдэгч О.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч П.Мын биед зүүн шилбэний булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч П.М нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардал болох 290,900 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн тул дээрх төлбөрийг шүүгдэгч О.Жаас гаргуулан хохирогчид олгох, тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр А аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мг тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 40,000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн  байх тул шүүгдэгчээс мөн гаргуулж шийдвэрлэж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч О.Жы зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Жд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, оршин сууж байгаа А аймгийн Ц сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

              Шүүгдэгч О.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын гарын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн ......улсын дугаартай тоёота ........ маркийн автомашиныг эзэмшигч Г.Бөд буцаан олгож шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Оийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух А аймгийн Ц сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ сарын хугацаанд хориглосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Жаас 290,900/хоёр зуун ерэн мянга есөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Ц сумын Ц баг, Цын ам гэх газар оршин суух хаягтай, ..... овогт П.гийн М/РД:АЗ........./-д, 40,000/дөчин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс/Т сангийн 100900020080 тоот данс/-д тус тус олгосугай.  

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын гарын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн ......улсын дугаартай тоёота ....... маркийн автомашиныг эзэмшигч Г.Бөд олгосугай.

 

            7. Шүүгдэгч О.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хохирол болон бусад хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР