| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/01837/И |
| Дугаар | 102/ШШ2022/02426 |
| Огноо | 2022-06-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2022/02426
| 2022 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2022/02426 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн *** хороо, *** гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн ***-сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн *** хороо, *** тоотод байрлах ***-т ХХК-нд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9.600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн ***-эс нь ***-т ХХК -нд холбогдуулан 9.600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж байгаа төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 0*** сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200.0 /хоёр зуун/ мянган төгрөгийн дэмжлэг олгоно гэж зааснаар ***-т ХХК-ийн 26 ажилтнуудад 2020 оны 4, 5 дугаар сард тус бүр 200,000 төгрөг, нийт 10,400,000 төгрөгийн дэмжлэгийг ажилгүйдлийн даатгалын сангаас шилжүүлсэн. Хариуцагч ***-т ХХК нь дэмжлэгийг харилцах дансандаа шилжин орсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ажилтны харилцах дансанд шилжүүлж, харилцах дансны хуулгыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ***-т ХХК нь 2020 оны 4, 5 дугаар сард нийгмийн даатгалын сангаас олгосон ажилгүйдлийн тэтгэмж болох 10,400,000 төгрөгөөс 400,000 төгрөг нь ажилчдад олгогдсон. Баянгол дүүргийн ***-сээс нэхэмжилж буй 9,600,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сард багтааж төлөхөөр төлөвлөж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн ***-сийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай Б.Алтангэрэлийг ажилд түр томилох тухай тушаал, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаартай акт, ***-т ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагчаас ***-т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус гаргаж өгсөн, шүүхээс ***-т ХХК-ийн 2020 оны 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг авах даатгуулагчийн жагсаалт, төлбөрийн нэхэмжлэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ***-т ХХК нь ажилгүйдлийн даатгалаас олгосон дэмжлэгийг харилцах дансандаа шилжин орсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ажилтны харилцах дансанд шилжүүлж, түүнийг нотлох харилцах дансны хуулгыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийн үндэслэлийн талаар маргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаартай акт, ***-т ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай албан бичиг, ***-т ХХК-ийн 2020 оны 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг авах даатгуулагчийн жагсаалт, төлбөрийн нэхэмжлэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Баянгол дүүргийн ***-эс нь ***-т ХХК-ийн дэмжлэг авах даатгуулагчийн жагсаалт, төлбөрийн нэхэмжлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн 2020 оны 4, 5 дугаар сард ажиллаж байсан нэр бүхий 26 даатгуулагчид ажилгүйдлийн даатгалын сангаас тус бүр 200,000 төгрөг, нийт 10,400,000 төгрөгийг тус хуулийн этгээдийн харилцах дансанд шилжүүлжээ.
4.2. Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаартай актаар хариуцагч ***-т ХХК нь ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэгт олгосон 9.600,000 төгрөгийг холбогдох 24 ажилтнуудад шилжүүлээгүй болохыг тогтоож, ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон дэмжлэгт хамрагдсан тус компанийн нэр бүхий 24 даатгуулагчтай холбоотой 9.600,000 төгрөгийн Баянгол дүүргийн ***-эст буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
5. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж байгаа төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 0*** сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200.0 /хоёр зуун/ мянган төгрөгийн дэмжлэг олгоно гэж,
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хэрэгжүүлэхэд баримтлах журмын 4.4, 4.5-д Аж ахуй нэгж нь энэ журмын 4.3-т заасны дагуу дэмжлэгийг харилцах дансандаа шилжин орсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ажилтны харилцах дансанд шилжүүлж, түүнийг нотлох харилцах дансны хуулгыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ гэж тус тус заасан байна.
6. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн ***-эс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар ***-т ХХК-ийн даатгуулагч нэр бүхий 24 ажилтнуудад 2020 оны 4, 5 дугаар сард тус бүр 200,000 төгрөгийн дэмжлэг олгосон байна. Харин ***-т ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хэрэгжүүлэхэд баримтлах журмын 4.4, 4.5-д зааснаар ажилгүйдлийн даатгалаас олгосон дэмжлэгийг харилцах дансандаа шилжин орсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор ажилтны харилцах дансанд шилжүүлж, түүнийг нотлох харилцах дансны хуулгыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хамт нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
7. Иймд хариуцагч ***-т ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн *** зүйлийн 3-т заасан нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах; 4-т заасан нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ***дугаартай акт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч ***-т ХХК-аас 9.600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүргийн ***-эст олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн ***-эс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *** зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ***-т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 168,550 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 15.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн *** зүйлийн 4-т зааснаар хариуцагч ***-т ХХК-аас 9,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүргийн ***-эст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *** зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн ***-эс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ***-т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 168,550 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ