| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Урангуа |
| Хэргийн индекс | 128/2022/0341/З |
| Дугаар | 128/ШШ2023/0043 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2023/0043
2023 01 11 128/ШШ2023/0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нобель трейд ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Буянбал
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Амгалан
Маргааны төрөл: Ашигт малтмал
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Буянбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан, гэрч С.Пүрэвжал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Нобель трейд ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Нобель трейд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах-аар маргаж байна.
2.Нэхэмжлэгч Нобель трейд нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр Нобель трейд ХХК-д Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Дэлгэр нэртэй газарт 2769.37 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-019093(Хэргийн 1 дүгээр хавтас, 47 дахь тал) дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон байх ба тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл/маягт К-11/-ийг зохих журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс тооцож 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.
Нобель трейд ХХК-аас өөрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн ХV-019093 дугаартай гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нөхөн авахаар хүсэлт гаргасныг хүлээн авч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 510 дугаар шийдвэрээр Нобель трейд ХХК-д Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Дэлгэр нэртэй 2769.37 гектар талбайд олгосон ашигт малтмалын хайгуулын XV-019093 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр XV-021481 тоот гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгожээ.
Уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болохоор гэрчилгээ, түүний хавсралтад тэмдэглэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Нобель трейд ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ашигт малтмал, газрын тосны газар хандах байсан. Гэвч компанийн гүйцэтгэх захирал болон геологич нарт коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өвчилснөөс шалтгаалан өөрийгөө тусгаарлаж, компани үйл ажиллагаа явуулаагүй тул хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаар эрх бүхий байгууллагад хандаж чадаагүй[1].(Хэргийн 1 дүгээр хавтас, 3 дахь тал)
Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл, хавсаргах баримт бичгийг хуульд заасан хугацаанд өгөөгүйгээс Нобель трейд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг кадастрын системд бүртгэжээ.
3.Нэхэмжлэгч Нобель трейд ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/001 дугаар албан бичгээр хандсан ба захиргааны байгууллагаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/601 тоот албан бичгээр ... тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон Геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хоёр: Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна. Иймд танай компаниас 22/001 тоот албан бичгээр ирүүлсэн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр уламжилъя гэх хариу авсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Анх Нобель трейд ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Дэлгэр нэртэй 2769.37 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар буюу 3 жилээр 1 удаа сунгуулсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Нобель трейд ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ашигт малтмал, газрын тосны газарт хандах байсан. Гэвч компанийн гүйцэтгэх захирал болон геологич нарт коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өвчилснөөс шалтгаалан өөрийгөө тусгаарлаж, компани үйл ажиллагаа явуулаагүй тул хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаар эрх бүхий байгууллагад хандаж чадаагүй байна. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй гээд 12.2.1-д эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх 12.2.4-д цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах... 12.2.6-д цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах журмыг чанд сахих 12.2.7-д ... халдварлагдсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх гэж заажээ.
Нобель трейд ХХК нь гүйцэтгэх захирал болон геологич гэсэн үндсэн 2 ажилтантай бөгөөд бусад ажиллах хүчнийг уул уурхайн компаниудын нэгэн адилаар нэг удаагийн хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулдаг. Гүйцэтгэх захирал Д.Буянбал болон геологич Г.Болдбаяр нарт 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах зэрэг коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өрхийн эмчийн заавраар өөрийгөө тусгаарласан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн болон 13-ны өдрийн шинжилгээгээр тус тус халдвар авсан болох нь тогтоогдсон.
Нобель трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал болон геологич нар нь нийгмийн өмнө болон цар тахалтай тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үеэс эдгэрэх буюу шинж тэмдэг арилах хүртэл өөрийгөө тусгаарлаж, эрх бүхий байгууллагаас тогтоосон 14 хоногийн хугацаа дуустал буюу 10 дугаар сарын сүүл хүртэл тусгаарлалтын дэглэмийг чанд сахисан.
Татварын ерөнхий хуулийн 6.1.41 дэх заалтад хүндэтгэн үзэх шалтгаан гэж дараах нөхцөл, шалтгааныг ойлгоно гээд 6.1.41.а-д эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдсон ... гэж заасан. Мөн Улсын дээд шүүхийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжийн 2.1-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ... хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 28 дахь хэсэгт ... гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон ... зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ хэмээн тайлбарласан байдаг.
Энэхүү нөхцөл байдлыг дүгнэж Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02/58 тоот Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл/Force majeure/ гэрчилгээг Нобель трейд ХХК-д олгосон.
Дээрх тайлбарласан үйл баримтууд, хуулийн зохицуулалтаас үзэхэд компанийн гүйцэтгэх захирал, геологич нарт үүссэн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна.
Компанийн хэвийн үйл ажиллагаа эхэлсэн даруйд бид үүссэн нөхцөл байдлыг тайлбарлан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр А/21-23 дугаар албан тоотоор ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж захиргааны байгууллагад алдаагаа засахыг хүссэн боловч 2021 оны 12 дугаар сарын 15-ны 8/5606 дугаар албан бичгээр татгалзсан хариу авсан. Тус хариуг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтан болон ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/601 дугаар албан тоотоор ... гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу иржээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа ... бодит нөхцөлд тохирсон ... байх ёстой. Энэ нь тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж зааснаар хэрэгжинэ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаас хоцорсон шалтгаан, нөхцөлийг тодруулаагүй, компаниас үүссэн нөхцөл байдлыг тайлбарласан өргөдөл, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг харгалзаж үзээгүй нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.
Дээрхээс дүгнэхэд Нобель трейд ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү.
Манай компанид хүргүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/601 дүгээр албан бичигт ... тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон Геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэснээс үзвэл тус кадастрын хэлтэст ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэл байгаа болох нь тодорхой харагдаж байна. Харин тул хэлтсийн дарга буюу албан тушаалтны шууд шийдвэр гараагүй байна.
Өөрөөр хэлбэл Нобель трейд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь кадастрын хэлтсийн дарга биш бөгөөд тус бүртгэлийг бүртгэсэн байгууллага хариуцах учиртай. Иймд бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс хэмээн өөрчилж байна.
Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар төрийн захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж хүсэлтийг хянан шийдвэрлэдэг. Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаж үзэхгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан. Иймд нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22.1-д зааснаар холбогдох тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргах, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.
Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохиолдолд захиргааны байгууллагын хууль бус бүртгэл хүчингүй болж, компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газар хүсэлт гаргах, тус газар хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхол сэргэнэ гэж үзэж байна.
Иймд Нобель трейд ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Дэлгэр нэрт газар 2769.37 м талбай бүхий газрын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар авсан. 3 жилийн дараа хуулийн шаардлагаа хангаж байсан тул сунгуулсан. Ингээд Ашигт малтмал газрын тосны газар 2021 оны 09 сарын 28-ны өдөр хандсан. Компанийн захирал корона вирус цар тахлын шинж тэмдэг илрэн өвчилсөн тул өөрийгөө тусгаарлан холбогдох эрүүл мэндийн шалтгаантай байсан. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, 12.2.4 дэх хэсэгт цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх гэж заасны дагуу тодорхой арга хэмжээ авсан. Үндсэн баримт бичгийг гүйцэтгэх захирал, мэдүүлэг өгсөн гэрч болох геологич Болдбаяр нар хариуцдаг. 2021 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн хоолой өвдөн, халуурч өвчний шинж тэмдэг илэрч өөрийгөө тусгаарласан. Шинжилгээ өгсний дараа 2021 оны 10 сарын 06-ны өдөр халдвар авч өвчилсөн нь тогтоогдсон.
Ингээд үйл ажиллагаагаа зогсоосон үйл баримт байдаг. Энэ Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41а эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж дурдсан байна. Мөн Улсын Дээд шүүхийн тайлбарт хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй гэдгийг төрийн байгууллагад очих үйл ажиллагааг хамруулан ойлгож болно. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тогтоолын 28 дахь хэсэгт гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар заасан. Үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь 2022 оны 01 сарын 31-ний өдөр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Нобель трейд ХХК-д олгосон. Хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн эсэхийг уг байгууллага тогтоогоод холбогдох нөхцөл байдалд дүгнэлт өгсөн. Энэ шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ өгч чадаагүй байдаг.
Мөн Болдбаяр геологич холбогдох материалаа бүрдүүлээд Ашигт малтмал, газрын тосны газар очиход нь н.Хэрлэнчимэг мэргэжилтэн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулж авчраагүй учраас хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Гэтэл 2021 оны 12 сарын 15-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газар албан бичигтээ Коронавируст үеийн нөхцөл байдал мөн гэж үзээд бүрдэл нь дутуу байсан ч гэсэн холбогдох хүсэлтүүдийг бүгдийг нь хүлээж аваад шийдвэрлэсэн гэдэг. Хэрэв тухайн үед хүлээгээд авчихсан бол байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаад хугацаандаа явуулах боломжтой байсан. 09 сарын сүүлээр хүсэлтийг хүлээж аваагүй. Ингээд компанийн хүмүүс 10 сар дуустал Ковид-19 өвчний улмаас эмчилгээ хийлгэн чөлөөтэй байсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 10 сарын 25-ны өдөр батлуулахаар явуулж, 11 сарын 04-ний өдөр шуудангаар ирсэн. Захиргааны байгууллага хуульд заасан бодит нөхцөл байдалд тулгуурлан үйл ажиллагаа явуулах ёстой байтал бодит нөхцөл байдлыг анхаараагүй. Шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдал тогтоох, 24.2 дахь хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд шалгах ажиллагааг захиргааны байгууллага хийх ёстой байсан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газраас анхаарч үзээгүй, иргэн хуулийн этгээдэд ялгавартай хандсан тул гомдолтой байна. Бид нар хугацаа сунгуулахаар гомдол гаргаагүй. Өгсөн материалыг хүлээгээд авчих л гэж байгаа. Холбогдох хүсэлтийг хүлээн авахыг хуулийн дагуу даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнө үү. гэжээ.
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Буянбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хайгуулын лиценз аваад 3, 3 жилийн хугацаатай сунгуулаад нийт 12 жилийн хугацаатай өгдөг. Монгол Улс суурь судалгааны ажил хийдэг. Нарийвчилсан болон нөөц хайгуулын суурь судалгааг өөрсдөө хувийн компаниар хийлгэдэг. Манайх 6, 7 жилийн хугацаанд төлөх ёстой төлбөрүүдээ төлөөд хийх ёстой ажлуудаа хийгээд явж байгаад 2021 оны 09 сарын 28-ны өдөр дараагийн 3 жилийн сунгалт хийгдэх ёстой байсан. Энэ их онцгой тохиолдол байсан. Монгол байтугай дэлхий хүртэл Ковид-19 өвчнөөс цочирдсон дельта хувилбарын том давлагаа эхэлсэн байсан. Ийм үед Ашигт малтмалын газар уян хатан байдлаар ажиллах ёстой байтал биднээс бэлэн байгаа баримтыг авалгүйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөө шаардсан. 09 сарын 28-ны өдөр би Болдбаяр руу мөнгөө шилжүүлээд тэр баримтаа өгсөн. Болдбаяр тэр мөнгийг 09 сарын 28-ны өдөр Богд банканд тушаах ёстой хэмжээгээр нь тушаагаад мөнгөний баримт, лицензийн хуулбар зэрэг К-11 дээр байгаа менежментийн төлөвлөгөөнөөс бусад баримтыг аваачаад өгөхөд аваагүй байгаа юм.
2021 он бол Ковид-19 өвчнөөс хамаарсан давагдашгүй, онцгой нөхцөл байдал байсан. Монгол Улс бол уул уурхайгаас их хамааралтай. Манай экспортын 93 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 хувь, төсвийн 27 хувь, аж үйлдвэрийн 47 хувийг эзэлдэг. 2022 оны байдлаар Монгол Улсад 700 гаруй хайгуулын лиценз байгаа. Өнөөдрийг хүртэл ямар ч ашиг олоогүй 150 орчим сая төгрөгийн зардал гаргаад хайгуул хийгээд явж байгаа. Манай компани одоо үргэлжлүүлээд нарийвчлан хайгуул хийх л хүсэлтэй байна. Түүнээс биш илүү их ашиг олох гэсэн хүсэлгүй. 10 сарын 13-ны өдөр би Ковид-19 туссан. Нэг хүн тэр өвчнийг аваад байж байтал гэр бүлийн хүн аваад л яг энэ процесс Болдбаяр дээр болсон. Үндсэндээ 14 хоног тусгаарлагдах гэж байгаа боловч 1 гэрт амьдарч байгаа гэр бүлийн бүх гишүүд туссан. Ийм нөхцөл байдалд Ковидын хуулийг баримтлан өөрсдийгөө тусгаарласан. Тэгсэн хэдий ч хугацаандаа хандсан. Энэ байдлыг анхаарч үзнэ үү. Бусад дутуу баримтыг ч гэсэн гүйцээгээд араас нь өгсөн. Гэтэл хүлээж аваагүй. гэжээ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн бүрдүүлж өгөх ёстой баримт дутуу ч гэсэн материал авч байсан гэдгийг Ашигт малтмалын газраас хариу албан тоот ирэхэд мэдсэн. Түүнээс өмнө энэ үйл баримтыг мэдээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт лиценз сунгуулахад 4 төрлийн баримт хавсаргахаар заасан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар хавсаргаж өгдөг. Энэ баримтыг авахдаа Ашигт малтмалын газрын ажилтан эх хувийг тулгаж үзээд хуулбар хувь дээр тэмдэг дарж авдаг хуулийн зохицуулалттай. Үйлчилгээний хөлс төлсөн баримт байх ёстой. Энэ мөнгийг 2021 оны 09 сарын 28-ны өдөр Богд банканд төлсөн байдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө тухайн үед байгаагүй. Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан гэж байгаа. Нобель трейд ХХК-ийн хувьд хавар тайлангаа Ашигт малтмалын газар руу явуулсан байдаг учраас бичгээр өгөх шаардлагагүй гэж ойлгосон. Тайлан нь өөрсдөд нь байдаг учраас шүүгээд харах боломжтой. Ингэхээр менежментийн төлөвлөгөөнөөс бусдыг нэхэмжлэгч өөрөө гаргаад өгөх боломжтой. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь сумын Засаг дарга, байгаль орчны байцаагчийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгааждаг баримт байгаа. Хуульд заасан 4 баримтын 3 нь нэхэмжлэгчид байсан гэдгийг хэлье. гэжээ.
8.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нобель трейд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Дундговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байрлах 2769,37 гектар талбай бүхий Дэлгэр нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-019093 дугаартай тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр Нобель трейд ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар олгосон байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй.
Нобель трейд ХХК нь өмнө нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадатсрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-019093 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс тооцон 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 510 дугаар шийдвэрээр Нобель трейд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019093 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцож ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай гэрчилгээ, хавсралтуудыг шинээр нөхөн олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
Хуулийн дээрх шаардлагын дагуу Нобель трейд ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтуудыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан.
Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 10 дугаар сарын 28/ өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасан.
Төрийн захиргааны байгууллагаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчид тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг, тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол Улсын хууль тогтоомж, бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ ойлгож мэдэгдэлд гарын үсэг зуруулдаг. Үүнийг Нобель трейд ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр МЭДЭГДЭЛ-д гарын үсэг зурж баталгаажуулснаар нотлогдож байна.
Нобель трейд ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 002 тоот хүсэлтийн хариуг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 8/4986 тоот албан бичгээр мөн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/21-23 тоот албан хүсэлтийн хариуг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5606 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсралтын хамт ирүүлээгүйн улмаас мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь баримтаар нотлогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
1.Тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа АМГТГ-ын ГУУКХэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ... Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно ... гэж тодорхойлсон байгаагаас Нобель трейд ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хуулийн шаардлага хангаж ирүүлсэн байхад түүнийг шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор байна. Гэтэл Нобель трейд нь ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд ирүүлээгүй байх тул мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Дээрх үйл баримтаас үзэхэд АМГТГ-ын ГУУКХ-ын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байна.
2.Ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т ... Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ... гэж тус тус заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа бөгөөд Нобель трейд ХХК нь АМТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байх тул тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг хүлээж авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
3.Ашигт малтмалын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үүргээ биелүүлж чадаагүй бол хүчин төгөлдөр хугацааг хойшлуулах тухай зохицуулалтыг хуульчилж өгөөгүй. Мөн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас аливаа нэг шийдвэр гардаггүй болно.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд Нобель трейд ХХК нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосныг бүртгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд ашигт малтмалын хайгуулын 019093 тусгай зөвшөөрлийг 2015 оны 10 сарын 28-ны өдөр авсан. 3 жилээр 3 удаа сунгуулах эрхтэй байдгийг маш сайн мэдэж байна. Энэ хугацаанд ашиг орлого гэсэн зүйл байхгүй. Дандаа зардал гардаг гэдэг нь үнэн. 2018 оны 11 сарын 05-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 770 тушаалаар 3 жилээр сунгагдсан. Эндээс 3 жил гэж бодвол 2021 оны 10 сарын 28-ны өдөр эхний сунгалт дуусна. Энэ талаар сайн мэдэж байсан байна. Ковид-19 цар тахлын үеийг бүгд мэдэж байсан. 2015 онд авсан лицензээ 1 удаа сунгуулж байсан. Энэ бүгдийг нь мэддэг байж уг компани жаахан хайнга хандсан гэсэн ойлголттой байна. Би бол тангараг өргөсөн төрийн албан хаагч Хэрлэнчимэгийн яриад байгаа зүйлд итгэж байна. Нэхэмжлэгч тал хэлэхдээ Болдбаяр геологич очсон байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу байсан учраас буцаасан гэж байна.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өвдөөгүй байх үедээ орон нутаг руу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг явуулаад авч байгаагүй юм бэ. Үнэхээр байгаль орчинд сөрөг нөлөө учруулаагүй журмын дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан бол орон нутаг батлаад л явуулдаг. Танайх сунгалтын жил гэдгээ тооцоод 8 сард явуулаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан авч болоогүй юм бэ. К11 маягтаа бөглөөд хураамжаа төлөөд хавсралт материалаа өгчихвөл манайх хүлээж аваад бүртгээд системээс шүүж үзээд л 3 жилээр сунгах Кадастрын хэлтсийн даргын тушаал гарчихна. Энэ дээр ялгаварласан зүйл байхгүй. Тийм үйл баримт тогтоогдоогүй. Энэ харилцааг хуулиар зохицуулсан. Хуульд заасан хугацаанд сунгах хүсэлтээ гаргаагүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байхад бүртгэх боломжгүй. Энэ үйлдэлд нь захиргааны байгууллага ямар буруутай юм. Тиймээс бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Нобель трейд ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан Нобель трейд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.1.Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
1.2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Нобель трейд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах-аар эцсийн байдлаар тодорхойлсон.
2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3.Хэргийн үйл баримтын тухайд, анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр Нобель трейд ХХК-д Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Дэлгэр нэртэй газарт 2769.37 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-019093(Хэргийн 1 дүгээр хавтас, 47 дахь тал) дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 3 жилийн хугацаатай олгосон байх ба тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл/маягт К-11/-ийг зохих журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс тооцож 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.
3.1.Нобель трейд ХХК-аас өөрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн ХV-019093 дугаартай гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нөхөн авахаар хүсэлт гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 510 дугаар шийдвэрээр Нобель трейд ХХК-д Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Дэлгэр нэртэй 2769.37 гектар талбайд олгосон ашигт малтмалын хайгуулын XV-019093 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож шинээр XV-021481 тоот гэрчилгээ хавсралтуудыг нөхөн олгожээ.
3.2.Уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болохоор гэрчилгээ, түүний хавсралтад тэмдэглэсэн байна.
4.Нэхэмжлэгч Нобель трейд ХХК-аас ...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандах байсан. Гэвч компанийн гүйцэтгэх захирал болон геологич нарт коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өвчилснөөс шалтгаалан өөрийгөө тусгаарлаж, компани үйл ажиллагаа явуулаагүй тул хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаар эрх бүхий байгууллагад хандаж чадаагүй ... хэмээн нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед ... Нобель трейд ХХК нь хугацаа сунгуулах өргөдөл болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бусад холбогдох баримтыг хуульд заасан эцсийн хугацаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бүрдүүлэн хариуцагч байгууллагын албан тушаалтан н.Хэрлэнчимэгт өгөхөөр уулзсан боловч төлөвлөгөө дутуу гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй, тухайн үед коронавирусын цар тахалтай байсан учир баримт дутуу байсан ч тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авч байсан боловч эс үйлдэхүй гарган хүлээн аваагүй. Компанид ажилладаг гүйцэтгэх захирал, геологич хоёр хоёулаа ковид-19 өвдсөн, холбогдох баримтуудаа өгч хүсэлт гаргахад хариуцагч байгууллага хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзаж үзээгүй, хоцорсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй нь буруу гэж тайлбарлан маргадаг.
5.Харин хариуцагч байгууллагаас ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2.үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3.байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. ... Нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна. хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
6.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:22.1.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар/баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2.үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3.байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Нобель трейд ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө холбогдох баримт бичгийг хавсарган хугацаандаа гаргасан эсэх буюу хуульд заасан журмын дагуу өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, хугацаандаа өргөдөл гаргаж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдал бий болсон эсэх, хариуцагч захиргааны байгууллагын гаргасан шийдвэр бодит байдалд тохирсон эсэхийг тус тус шалгах нь зүйтэй.
6.1.Нэхэмжлэгч Нобель трейд ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө холбогдох баримт бичгийн хамт/байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бусад/ хуульд заасан хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэргэжилтэнд биечлэн өгөх гэсэн боловч аваагүй буцаасан гэж тайлбарладаг ч гэрчүүдийн мэдүүлэг болон энэхүү үйл баримтыг нотлох боломжтой гэж үзэж цуглуулсан нотлох баримт, үзлэг/нотолгооны хэрэгслээр/-ээр хуульд заасан сүүлийн өдөр өргөдлөө хариуцагч байгууллагад өгөхөөр хандсан бодит нөхцөл тогтоогдсонгүй.
6.2.Түүнчлэн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар Нобель трейд ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ашигт малтмал, газрын тосны газарт хандах байсан. Гэвч компанийн гүйцэтгэх захирал болон геологич нарт коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өвчилснөөс шалтгаалан өөрийгөө тусгаарлаж, компани үйл ажиллагаа явуулаагүй тул хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаар эрх бүхий байгууллагад хандаж чадаагүй байна гэж тайлбарласнаас үзвэл зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэж Нобель трейд ХХК нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хариуцагч байгууллагад гаргасан гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай байна.
6.3.Дээрх маргаан бүхий нөхцөл байдлыг буюу хуульд заасан хугацаанд сүүлийн өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө өгсөн эсэхийг тогтоохоор шүүхээс холбогдох ажиллагаа хийж, нотлох баримт цуглуулж, гэрч асуусан, үзлэг хийсэн болохыг тэмдэглэв.
7.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь хуульд заасан баримт бичгийг өргөдөлдөө хавсаргах хуулийн шаардлагыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай хэмээн тайлбарлаж холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боловч нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хүндэтгэн үзэх шалтгаан нь шууд хамааралтай, шалтгаант холбоотой байхыг шаардана.
7.2.Гэтэл нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3.байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;-ыг ковид цар тахлын улмаас батлуулах боломжгүй байсан, орон нутагт биечилж очихгүй бол баталж өгдөггүй, амлалт өгч байж батлуулдаг гэх мэтээр шүүх хуралдаанд тайлбарлан маргадаг хэдий ч Нобель трейд ХХК ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад зайлшгүй шаардагдах байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахтай холбоотой ямар ч идэвхтэй үйлдэл хийгээгүй байна.
7.3.Тодруулбал Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03/385 дугаартай албан бичиг(Хэргийн 2 дугаар хавтас, 87 дахь тал)-т Тус сумын нутагт орших дэлгэр нэртэй 2769.37 га бүхий XV-021481 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Нобель трейд ХХК эзэмшдэг бөгөөд 2021 оны байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Монгол шууданд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр анх хийгдэж, Дорноговь Монгол шуудангаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дэлгэрэх салбарт ирж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан ирсэн төлөвлөгөөг хянаж үзээд төлөвлөгөөг баталж өгнө үү гэсэн албан бичиг хүссэний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар 001 албан бичиг ирж төлөвлөгөөг баталж өгсөн нь үнэн болно гэснээс үзвэл хуулиар заавал шаардагдах бичиг баримтын нэг болох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаа дуусгавар болсноос хойш нэг сарын дараа батлуулахаар хүсэлт гаргасныг зөвтгөх болон хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тус тус тогтоогдсонгүй.
7.4.Өөрөөр хэлбэл хуулийн нэг шаардлага болох байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах үүргээ хэрэгжүүлж чадаагүй нь нэхэмжлэгч Нобель трейд ХХК-аас шалтгаалсан байх бөгөөд хуульд заасан хугацаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө аливаа байдлаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах, түүнтэй холбоотой аливаа хүсэлт, албан бичгийг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргад илгээж байгаагүй атлаа үндэслэлгүйгээр биечлэн очихгүй л бол төлөвлөгөө баталж өгдөггүй хэмээн тайлбарлаж байгааг Нобель трейд ХХК-ийн шуудангаар илгээсэн хүсэлтийг хүлээн авч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн бодит байдлаар үгүйсгэх бүрэн үндэслэлтэй. Иймд хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхгүйгээр захиргаа бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.
8.Нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өргөдлөө хуульд заасан сүүлийн хугацаа хүртэл хэдийд ч гаргаж өгч болно гэж тайлбарладаг бөгөөд үүнийг онолын хувьд хүлээн зөвшөөрдөг, гэвч хуульд заасан шаардлагаа хангаж өргөдөл гаргах бодит боломжтой байсан эсэхийг тооцоолох шаардлагатай, ийнхүү хоног хугацаагаа тооцоолж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал мөн боловч нөгөө талаараа түүний үүрэг гэж үзнэ.
8.1.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нобель трейд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.Буянбал нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Интермед эмнэлэгт ПГУ-ын шинжилгээнд хамрагдаж эерэг, Г.Болдбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Тэгш мэнд өрхийн эрүүл мэндийн төвд Антиген илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж эерэг гарсан бүртгэлтэй байх ба нэхэмжлэгч талаас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж өвдсөн, цар тахлын хууль баримталж гэртээ тусгаарлагдсан гэж тайлбарлах авч 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Г.Болдбаяр нь банканд өргөдлийн хураамж тушааж, өргөдлийг холбогдох бичиг баримтын хамт Ашигт малтмал, газрын тосны газрын байранд биечлэн аваачиж өгсөн зэргээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаан-ы улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж чадаагүй гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.
8.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн үед ковид цар тахалтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бичиг баримт дутуу ч гэсэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг буцаахгүй авдаг байсан гэх, мөн цахимаар өргөдөл хүсэлтийг авч шийдвэрлэдэг байсан талаараа тайлбарласаар байтал нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө аливаа хэлбэрээр өгөөгүй, өгөөгүйтэй холбоотой талууд маргадаггүй, түүнчлэн ковид-19 цар тахлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавсаргаж өгч чадаагүй гэх тайлбар нь бусдаас эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаас биш гагцхүү нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас хамааралтай болохыг цохон тэмдэглэж байна.
9.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Шүүх хуралдааны явцад нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг нэхэмжлэгчид буцааж өгсөн, тэдгээр баримтууд нь маргааны үйл баримтыг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш бөгөөд эдгээр баримтуудаа нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт авахуулах шаардлагатай эсэх талаар нэхэмжлэгч талаас тодруулахад хүсэлтгүй, шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нобель трейд ХХК-ийн Нобель трейд ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021481 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгөөс 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРАНГУА