Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1068

 

 “КМ ББСБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01072 дугаар шийдвэртэй “КМ ББСБ” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Б-, Б.Б- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 8 198 976.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “КМ ББСБ” ХХК- нь ЗГ1111/13/07/070 дугаартай зээлийн гэрээг А.Б-той байгуулж, 7 000 000 төгрөгийг, сарын 4.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Талууд зээлийн гэрээний хавсралтаар эргэн төлөлтийн хуваарийг баталсан ба үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 44-73 УНС улсын дугаартай Хьюндай Аванте Икс Ди маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж ЗБГ1111/13/07/070 дугаартай барьцааны гэрээг мөн өдөр байгуулсан.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болсон ба 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагч нарын хаяг бүртгэлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулснаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 45 дугаар байрны 208 тоот хаягт оршин сууж байгааг тогтоолгосон.

Зээлдэгч нар зээлийг эргэн төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үндсэн зээлд      4 435 703.32 төгрөг, хүүд 4 134 915.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 430 281.16 төгрөг, нийт 9 000 900 төгрөг төлсөн, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгчийг зээл төлөхийг шаардаагүй гэж байгаа нь тэднийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зээлийн гэрээний 3.2.5-д заасны дагуу тээврийн хэрэгслийг буцаах талаар яригдаагүй.

Нэхэмжлэгч тал хуульд заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг, тээврийн хэрэгслийг борлуулаагүй, гэрээний зүйл болох 7 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, өөрсдөө буцаагаад тээврийн хэрэгслийн төлбөр болгон өгсөн ба тээврийн хэрэгсэл худалдан авах эх үүсвэрийг зээлийн журмаар өгсөн. Барьцааны гэрээний дагуу тээврийн хэрэгслийг барьцаалсан боловч зээлийн төлбөр дууссан нөхцөлд А.Б-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон.

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 2 564 296.68 төгрөг, зээлийн хүү 4 692 659.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 942 020.03 төгрөг, нийт 8 198 976.23 төгрөгийг гүйцэтгээгүй байгаа тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн дээрх төлбөрийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээлийн үлдэгдэл 2 564 296.68 төгрөгийг зөвшөөрөх боломжтой, харин хүү 4 692 659.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 942 020 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлдүүлэгчээс 7 000 000 төгрөгийн зээл авч, өөрсдөөс нь 44-73 УНС улсын дугаартай Хьюндэй Аванте Икс Ди маркийн суудлын тээврийн хэрэгслийг худалдаж авч, зээлийн гэрээгээр баталгаажуулсан.

Үүнээс хойш тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байгаа боловч өмчлөгч нь нэхэмжлэгч бөгөөд зээлийг төлж дуусмагц өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаас үзэхэд 44-73 УНС улсын тээврийн хэрэгсэл нь 2011 онд нэхэмжлэгчийн өмчлөл болсон байна. Нэхэмжлэгчийн лизингийн журамд 12 жил болсон тээврийн хэрэгсэл худалдахгүй гэсэн зохицуулалт байхаас гадна 2015 онд манай зээлийг чанаргүй гэсэн ангилалд оруулсан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд лизингийн үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн атлаа хэргийн баримтуудаас үзэхэд лизингээр зээл өгдөг нь тогтоогдож байна. Бидний хувьд зээлийн гэрээний үүрэгт 9 000 900 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байсан. Эргэн төлөлттэй холбоотой асуудлаар эдийн засагч н.Ариунболдтой олон удаа холбогдож байсан, зээл авах үед бүртгэлтэй хаягт оршин суудаггүй, өөр газарт оршин сууж байсныг ахлах эдийн засагч нь мэдэж байсан.

2018 оны 6 дугаар сард бидэнтэй холбогдсон, үүнээс өмнө зээл төлөхийг шаардаж байгаагүй, өмнө нь 1-2 хоног зээлээ төлөхгүй хэтрүүлэхэд утсаар төлөхийг шаарддаг байсан. Гэтэл 4 жилийн хугацаанд зээл төлөхийг хэн ч шаардаж, сануулж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2 564 296 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Б-, Б.Б- нараас 2 564 296.68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 634 680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч А.Б-, Б.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 55 978 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146 133.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд огт маргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчиж, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь зээлдэгч Б.Б-, А.Б- нар “КМ ББСБ” ХХК--иас авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр тээврийн хэрэгсэл авч, үүнийгээ барьцаалсан нь зээлдэгчийг зээлийн гэрээ байгуулаагүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд хариуцагч нараас гаргасан тайлбарт хууль зүйн үндэслэлийг зааж мэтгэлцээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 2 564 296 төгрөгийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулан шаардсан тул татгалзаж байна гэдэг. Гэтэл шүүх хариуцагч зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй байхад талуудын хооронд гэрээний чөлөөт байдал, хүсэл зоригийн илэрхийллийн дагуу хүлээн зөвшөөрч байгуулсан гэрээг үгүйсгэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Зээлдэгч нь зээлийн хөрөнгөөр “КМ ББСБ” ХХК--иас тээврийн хэрэгсэл авсан нь хэрэгт баримтаар авагдсан бөгөөд энэ нь зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж шууд үзэх үндэслэл, агуулга болохгүй. Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК- нь хариуцагч А.Б-, Б.Б- нарт холбогдуулан 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр талуудын байгуулсан ЗГ1111/13/07/070 дугаар гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 2 564 296.68 төгрөг, зээлийн хүү 4 692 659.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 942 020.03 төгрөг нийт 8 198 976.23 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл болох             2 564 296 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нар нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК--тай харилцан тохиролцож, тухайн компанийн өмчлөлийн Хьюндай Аванте Икс Ди маркийн суудлын автомашиныг худалдаж авах зориулалтаар 7 000 000 төгрөгийг, сарын 4.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дээрх тээврийн хэрэгслийг, 100 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэрийн эд хөрөнгийн хамт барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх6-9/

 

Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч тал 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч А.Б-од шимтгэл хассан дүнгээр 6 965 000 төгрөгийн зээлийг олгосон байх бөгөөд зээлдэгч нь “КМ ББСБ” ХХК--ийн Төв салбарт 7 000 000 төгрөгийг автомашин худалдан авах төлбөрт гэх утга бүхий орлогын баримтаар буцаан шилжүүлсэн, хариуцагч нар эргэн төлөлтөөр үндсэн зээлд 4 435 703.32 төгрөг, хүү              4 134 915.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 430 281.16 төгрөг, нийт 9 000 900 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх65-66/

 

Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаагаар 44-73 УНС улсын дугаартай Хьюндай Аванте Икс Ди маркийн тээврийн хэрэгсэл нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч нарт олгосон мөнгөн хөрөнгийн барьцаа болгосон нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ. /хх56-58, 60-62/

Нэхэмжлэгч тал 2013 онд байгуулсан ЗГ1111/13/07/070 дугаар зээлийн гэрээний дагуу өөрийн өмчлөлд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс одоог хүртэл  бүртгэлтэй байгаа хөрөнгийг тус зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон  барьцаалсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний шинжийг агуулаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчсөн, хариуцагч зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй байхад талуудын хооронд гэрээний чөлөөт байдал, хүсэл зоригийн илэрхийллийн дагуу хүлээн зөвшөөрч байгуулсан гэрээг үгүйсгэж дүгнэсэн нь үндэслэлгүй, зээлдэгч нь зээлийн хөрөнгөөр “КМ ББСБ” ХХК--иас тээврийн хэрэгсэл авсан болохыг зээлээр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж шууд үзэх агуулга болохгүй” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ ёсоор хариуцагч нар эргэн төлөлтөөр нийт 9 000 900 төгрөгийг төлсөн байдлыг шүүх харгалзан үзэж, тухайн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 2 564 296.68 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 634 680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “КМ ББСБ” ХХК--иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалын хувийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                                                    ШҮҮГЧИД                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                       Т.ТУЯА