Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021-05-25

 

 

Б.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Б.Хы өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Хы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2006031732399 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Бн Х, 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Төв аймгийн шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 441 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

            Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Нтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт барилгын ажилд ашигладаг алхаар цохисноос эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Х овогт Бн Хыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Хд оногдуулсан 2.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Хд сануулж, Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Хаас 397.500 төгрөг гаргуулан хохирогч Ч.Нд олгож, хохирогч Ч.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Хаас жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэг болох үед би Ч.Нтэй огтхон ч маргалдаагүй бөгөөд Ч.Н болон түүний дүү Ч.Н нар өөр хүмүүстэй маргалдаж, зодолдсон болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайн үед Ч.Н нь арматур төмөр барин Өлзийсүрэн гэх залууг цохих гэж байхад нь салгах гэж Ч.Нтэй барьцалдах үйлдлийг хийсэн. Энэ үйлдлээс болж гэмтэл учирсан байх боломжтой байхад шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх хуралд прокурорын зүгээс намайг хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа буюу өмнө нь болж байсан маргаанд өс санаж Ч.Нг цохисон гэж өмнө нь болж өнгөрөөд мартагдсан зүйлийг гэмт хэргийн сэдэлт болгон яллаж байсан бөгөөд хэрэг болсон өдөр намайг хохирогчтой маргалдаагүй гэдгийг прокурор хүлээн зөвшөөрч байсан. Би Ч.Нтэй ямар нэгэн өс хонзон байхгүй. Тухайн хэрэг болох өдөр огт маргалдаагүй бөгөөд түүнийг барилгын алхаар цохиогүй. Хэрэг болох үед Ч.Н, Ч.Н нар согтуу байсан гэдгийг гэрчүүд хэлдэг. Баригдаж буй барилгын талбайд согтуу хүн ажиллуулсан гэх шалтгаанаар өөрсдөө буруутгагдах байх гэсэндээ хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Ж.Цэвэлмаа намайг хохирогчийн нүүрэнд алхаар нэг удаа цохисон мэтээр мэдүүлсэн гэж үзэж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Хы өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч Б.Хы гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Прокурорын зүгээс Б.Хыг өмнөх хувийн таарамжгүй харилцааны улмаас цохисон гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Б.Хыг гэм буруутайд тооцохдоо хохирогч Нтэй маргалдсаны улмаас нүүрэнд нь цохиж гэмтэл учруулсан гэж ялласан. Гэтэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Х нь хохирогч Нтэй тухайн өдөр маргалдаагүй болох нь тогтоогдож байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тухайн үед шүүгдэгч Б.Х нь барилгын арматур төмөр бариад явж байсан болох нь тогтоогддог. Гэм буруугийн тал дээр санаатай юу, болгоомжгүй юу гээд маргаад байна. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үйлдэл нь санаатайгаар тухайн гэмтлийг шууд бусаар учруулах зорилгоор цохисон гэдэг нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Нтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт барилгын ажилд ашигладаг алхаар цохисноос эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Нгийн “...Бригадын дарга Х гэдэг хүн алх бариад хүрч ирээд ... миний нүүр рүү алхаараа нэг удаа цохисон. ...Өмнө нь бид хоёр ажлаас болоод хоёр удаа маргалдаж байсан, гэхдээ зодоон болж байгаагүй. ...” /хх 10-13, 154/,

гэрч Ч.Нгийн “...Б.Х гэх залуу мужааны алхаа бариад Ч.Н ах бид хоёрыг ална гээд орилоод гүйж ирээд манай ахын хамар руу гартаа барьж байсан мужааны алхаар цохичихсон. ...” /хх 21, 180-182/,

гэрч Б.Энхбаярын “...Х ... алхаараа Нг цохих гэсэн, Н араас нь тэвэрсэн байж байгаад Хы цохисон төмөр алханд оногдсон. Нгийн хамраас цус гараад хамраа дараад доошоо буусан. ...” /хх 156/,

гэрч Ж.Цэвэлмаагийн “...Мужааны бригадын дарга Х арматурын бригадын дарга Нгийн нүүрэнд нь алхаар нэг удаа цохисон. ...” /хх 24-26/,

гэрч С.Түвшинсайханы “...Барилгын хашааны гадна Нтэй таарахад хамраас нь цус гарсан байсан. Юу болсон юм гэхэд Нг Х цохичихлоо гэж хэлсэн. ...Хоорондоо маргалдсан гэж надад хэлж байсан. Сүүлд шүүхээр орсон гэж мэдсэн. Х, Н нар ажлаас болж өмнө нь маргалдаж байсан. ...” /хх 158-159/,

гэрч Х.Батхүрэлийн “...Нгийн хамар орчмоос нь цус гарсан байсан. Доошоо буугаад явсан. ...” /хх 165/ гэсэн мэдүүлгүүд,

Б.Хы яллагдагчаар өгсөн “...Н миний араас ирж намайг барьж аваад надтай ноцолдсон. ...2020 оны 4 дүгээр сард ажлын асуудлаас болж Нтэй маргалдаад хэл амаар доромжилж “хасгийн шээс” гэж байсан. ...” /хх 39-42, 174-175/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8003 дугаартай “...Ч.Нгийн биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн этмойд хөндий, хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 28-29/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Хы иргэн Ч.Нтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт барилгын ажилд ашигладаг алхаар цохисноос эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Х “...Хэрэг болох үед би Ч.Нтэй огтхон ч маргалдаагүй бөгөөд ... түүнийг барилгын алхаар цохиогүй. ...Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Ч.Нгийн биед гэмтэл учруулсан талаар тухайн цаг хугацаанд хохирогч болон шүүгдэгчтэй хамт байсан Б.Энхбаяр, Ж.Цэвэлмаа нар гэрчлэн мэдүүлсэн ба тэдний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хэрэгт хамааралтай нотлох баримтууд байна.

Түүнчлэн, хохирогч Ч.Нгийн бие махбодид гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8003 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, гэрчийн мэдүүлэгт ноцтой эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Хы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ