| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0210/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/228 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/228
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Хулан,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гын Дд холбогдох эрүүгийн 2538001360218 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: М Улсын иргэн, М овогт Гын Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ****** сумын *** дугаар баг *************** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч П.Мтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний хоолойг боож газарт унагаж эрүүл мэндэд нь хүзүүний 5, 7-р нугалмын хугарал, хүзүүнд зурагдал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 2-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 50-р хуудас),
Хохирогч П.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 4 дүгээр сарын 04-ний шөнө 00 цагийн үед манай хамтран амьдрагч Г.Д бид хоёр хоорондоо маргалдаад удалгүй намайг түлхээд хоолойноос багалзуурдаад хойш эвгүй унаад хүзүү хөшигдөөд амьсгал бачуураад байсан. Тухайн үед би юм хэлэх гэхээр хэлж чадахгүй байхад дээрээс дарсаар байгаад миний хүзүүнд гэмтэл учруулсан. Тэгээд удалгүй миний хоолойноос тавиад бид хоёр хэсэг чимээгүй байж байгаад унтаад өглөө би ажилдаа явахаар гарахад миний хүзүү маш их зовиуртай байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-22-р хуудас),
Шинжээч Г.*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.Мгийн биед үүсэн баруун талын гайморын хөндийн ханын салс жигд зузаарсан, зүүн талын гайморын хөндийн доод ханад 1,6 см хэмжээтэй уйланхайт өөрчлөлтэй. Баруун талын духны дотор дэлбэнд зах хүрээ тод бус тархины эдийн нягтрал +18 болж буурсан гиподенс уйланхайт өөрчлөлтэй. Хамрын таславч зүүн тийш мурийсан гэх өөрчлөлтүүд нь гэмтэл биш ба тухайн хүний биед үүссэн эмгэг өөрчлөлт тул гэмтлийн зэрэг тогтоохгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),
Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.А-н 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 252 дугаартай: “...1. П.Мгийн биед хүзүүний 5, 7-р нугалмын хугарал, хүзүүнд зурагдал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. П.Мгийн биед үүссэн хүзүүний нугалмын хугарал нь тус тусдаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр, хүзүүний зурагдал нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
4. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 16-р хуудас),
Шүүгдэгч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би П.Мгийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би уучлалт гуйсан одоо бид хоёр хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Г.Д нь хохирогч П.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч П.Мгийн: “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас) хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Дг хохирогч П.Мд төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч П.М нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 23,760 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Д нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 23,760 төгрөгийн хохирлыг төлсөн нь Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Д нь хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, түүнд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
шүүгдэгч Г.Д нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538001360218 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Гын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Гын Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.Дд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрх хязгаарлах албадлагын албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Дд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн 2538001360218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР