| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/00285/И |
| Дугаар | 181/ШШ2022/01795 |
| Огноо | 2022-08-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2022/01795
| 2022 оны 08 сары12 өдөр | 181/ШШ2022/01795 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банк ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Э,
Хариуцагч: Г.Н нарт холбогдох
8,855,739.86 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Боржигон овогт Лхагвасүрэнгийн*******, Нуга овогт Гомбосүрэнгийн******* нар нь Худалдаа, хөгжлийн банктай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар ПОБЗГ1801/191203 тоот ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 8,000,000 /Найман сая/ төгрөгийг жилийн 22,80%-ийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн ПОС-ын орлого барьцаалсан зээл авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид удаа дараа мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож, гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч Лхагвасүрэн овогтой*******/РД: ИЭ86073022/, Гомбосүрэн овогтой*******/РД: ИЕ770Ю976/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлдэгчийн ПОБЗГ1801/191203 дугаартай ПОС-ын орлого барыдаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ний 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт:
Үндсэн зээл 5,861,111.11/таван сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун арван нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг, үндсэн хүү: 2,647,978.64/хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга есэн зуун далан найман төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 340,649.11/гурван зуун дөчин мянга зургаан зуун дөчин есэн төгрөг арван нэгэн мөнгө) төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал: 6,000/зургаан мянга/ төгрөг
Талуудын хооронд байгуулсан дугаар ПОБЗГ1801/191203 тоот ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ-ний зээл зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 8,855,738,86/найман сая найман зуун тавин таван сая долоон зуун гучин найман төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагч Г.Нямсүрэн, Л.Эрдэнэсувд нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Л.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Эрдэнэсувд миний бие 2019.12.03-ны өдөр *******ны посыг байршуулж орлого/посын/ барьцаалсан зээл авсан.
Уг зээлийг төлөх явцад цар тахал гарч төлөлтөд хүндрэл учирч эхэлсэн. Уг учир явдлаа зээл авсан салбарын захиралд хэлэхэд огт хүлээж авдаггүй, хамтарч зээлээ эрсдэлгүй төлөх, мөн энэ хугацаанд Засгийн газраас зээлийн гэрээг 6 сараар сунгах чиглэл өгсөн байхад сунгаж өгөөгүй, ирж ажлын байран дээр маш их дарамт учруулдаг байсан.
Ийм учраас хүү, алдангиас тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, өөр банкнаас зээл аваад төлий гэхэд ******* хугацаа хэтэрсэн буюу муу ангилалдд оруулсан байсан учир өдий хүрсэн.
Эднийх хэтэрхий дээрэнгүй хандаж байгаа. Хуулийн мэргэжилтэн нэг удаа холбогдсон байдаг. Эхний гурван сар 250,000 төгрөгийг төлсөн. Сүүлд хоёр сар хийгээд нийт таван сар хийсэн. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Нотариатчын Худалдаа, Хөгжлийн банкинд гаргасан нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ПОБЗГ1801/191203 дугаар Пос-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №6-18/19 Улаанбаатар хотын банкны 13 дугаар тооцооны төвийн Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №6-18/54 Улаанбаатар хотын банкны 13 дугаар тооцооны төвийн Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК хариуцагч Л.Эрдэнэсувд, Г.Нямсүрэн нарт холбогдуулан үндсэн зээлд 5,861,111.11/таван сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун арван нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 2,647,978.64/хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга есөн зуун далан найман төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 340,649,11/гурван зуун дөчин мянга зургаан зуун дөчин есөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг, гарсан зардалд 6,000/зургаан мянга/ төгрөгийг, нийт 8,855,738.86/найман сая найман зуун тавин таван мянга долоон зуун гучин найман төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г.Нямсүрэн, Л.Эрдэнэсувд нар нь энэ хугацаанд Засгийн газраас зээлийн гэрээг 6 сараар сунгах чиглэл өгсөн байхад сунгаж өгөөгүй, ирж ажлын байран дээр маш их дарамт учруулдаг байсан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ПОБЗГ1801/191203 дугаар ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ПОБЗГ1801/191203 дугаар ПОС-ын орлого барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ/цаашид Гэрээ гэх/-ний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 1-ийн 1.1, 3-ын 3.1, 3.1.1, 3.1.3, 3.1.4, 4-ийн 4.1.1, 6-ийн 6.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 8,000,000/найман сая/ төгрөгийг, 18/арван найм/ сарын хугацаатай, сарын 1.90/нэг зууны ер/ хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20/хорь/ хувиар, хариуцагч Н.Эрдэнэсувдын дэлгүүрийн бүх бараа материалыг барьцаалж хариуцагч нарт шилжүүлэх, хариуцагч нар нь зээл, зээлийн хүүг Гэрээний Хавсралт 1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч нарт 8,000,000/найман сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ... барьцааны зүйл байна., 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна., 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэрээнд зааснаар хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 8,000,000/найман сая/ төгрөгийг, үндсэн хүүний төлбөрт 1,447,262.10/нэг сая дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуун жаран хоёр төгрөг арван мөнгө/ төгрөгийг, нийт 9,447,262.10/есөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга хоёр зуун жаран хоёр төгрөг арван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 2,138,888.89/хоёр сая нэг зуун гучин найман мянга найман зуун наян найман төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 665,096.41/зургаан зуун жаран таван мянга ерэн зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 9,415.02/есөн мянга дөрвөн зуун арван төгрөг хоёр мөнгө/ төгргийг, нийт 2,813,400,32/хоёр сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө., Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээний 3-ын 3.1.4, 3.1.5, 8-ын 8.3 дахь хэсэгт заасан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх заалт нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нараас үндсэн зээлд 5,861,111.11/таван сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун арван нэгэн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 2,647,978.64/хоёр сая зургаан зуун дөчин долоон мянга есөн зуун далан найман төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 340,649,11/гурван зуун дөчин мянга зургаан зуун дөчин есөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлсэн материалын нотариатчын зардал 6,000/зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нар нь Гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас нэхэмжлэгчид учирсан хохирол 6,000/зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хариуцагч нар нь Засгийн газраас зээлийн гэрээг 6 сараар сунгах чиглэл өгсөн байхад сунгаж өгөөгүй гэж маргаж байна.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг ... энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах ... асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. гэж заасан.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг нь орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамаарах ба орлого барьцаалсан зээлд хамаарахгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэсувд, Г.Нямсүрэн нараас нийт 8,855,738.86/найман сая найман зуун тавин таван мянга долоон зуун гучин найман төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,641.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 156,641.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Эрдэнэсувд, Г.Нямсүрэн нараас нийт 8,855,738.86/найман сая найман зуун тавин таван мянга долоон зуун гучин найман төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,641.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэсувд, Г.Нямсүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид 156,641.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ