| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0146/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/229 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/229
2025 06 30 2025/ШЦТ/229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пгийн Бд холбогдох эрүүгийн 2438002580116 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Пгийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр **** маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон 2024 оны 06 дугаар зүйлийн 01-ний өдөр Хөвсгөл аймгийн **** сумын төвийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Тн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч П.Б нь 2024 оны 06 дугаар зүйлийн 01-ний өдөр Хөвсгөл аймгийн **** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт адил замын уулзварт **** маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, б, в, 3.4а,в, 3.7в, 12.2-т заасан заалтуудыг зөрчин **** маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж, улмаар хохирогч Б.Тн эрүүл мэндэд гавлын баруун талд хөхлөг сэртэнгийн хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлууд хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-15-р хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-21-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 321 дугаартай: “...Б.Тн биед гавлын баруун талд хөхлөг сэртэнгийн хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ньхэрэгболсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 77-78-р хуудас),
Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн: “**** маркийн улсын дугааргүй мотоцикл нь тоормос явах эд анги бүрэн, зүүн талын гэрэл дохио асахгүй гэрлийн ламп шатсан. Бусад гэрэл бүрэн ажиллагаатай байна” шинжээчийн дүгнэлт (хх-ийн 90-р хуудас),
Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн: “**** маркийн улсын дугааргүй мотоцикль нь тоормосны дөрөөний чөмөг байхгүй улмаас тоормос ажиллахгүй” шинжээчийн дүгнэлт (хх-ийн 94-р хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаартай: “...Хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд хэрэг осол болсон гэх газар нь гэр хорооллын тэмдэг, тэмдэглэгээгүй шороон хөрсөн зам нь адил замын уулзвар гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг осол болох үед **** маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 15.8-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх магадлагаа (хх-ийн 99-100-р хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай: “...Хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд хэрэг осол болсон гэх газар нь гэр хорооллын тэмдэг, тэмдэглэгээгүй шороон хөрсөн зам нь адил замын уулзвар гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг осол болох үед **** маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а, б, в, 3.4а,в, 3.7в, 12.2-т заасан заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэх магадлагаа (хх-ийн 104-107-р хуудас),
Механик инженер тээврийн сургуулийн техникийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/127 дугаартай: “...**** загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон “в”-р заалт буюу “Жолоочид...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг ....хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна... **** загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “а” болон “в”-р заалт буюу “Жолоочид...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг ....хориглоно”, 10.3-р заалт буюу “Жолооч гарцаар замд нийлэхдээ уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна....**** загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн тоормосны дөрөөний чөмөг байхгүйн улмаас тоормос ажиллахгүй байсан бол зам тээврийн осолд нөлөөлнө **** загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 112-113-р хуудас),
Шүүгдэгч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би улсын дугааргүй хөх өнгийн нүүдэчин мотоциклоор ертөнцийн зүүгээр баруун талаас зүүн рүү гэр хорооллын гудамжаар явж байсан ертөнцийн зүүгээр хойд зүүгээс улаан өнгийн мотоциклтой, улсын дугааргүй 60 гаруй насны эрэгтэй хүн мотоцикл жолоодож ирээд зүүн талын хөл рүү мөргөж унасан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Тн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр **** сумын төвийн тугалын хашаан дээрээ хөгшинийхээ хамт очиж үхрзэ саачихаад төвийн хойд зүг рүү үхрээ тууж бэлчээрт гаргачихаад буцаад сумын төв рүү ороод гэо рүүгээ явж байтал хажуу талаас буюу миний баруун гар талын гудамнаас гэнэт мотоцикльтой 2 хүн гарч ирээд миний унаж явсан мотоциклийн урдуур ороод ирсэн. Тэгээд би тооромз гишгээд нэмэргүй зогсохгүй очоод тэр мотоциклтой 2 хүний унаж явсан мотоцикл руу мөргөөд би мотоциклтойгоо газар унаж байсан. Түүнээс хойшхийг би санахгүй ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг мэдэхэд сумынхаа эмнэлэг дээр очсон орон дээр хэвтэж байсан. Аймгийн төв буюу Мөрөн сумын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Тэгээд тэндээ 14 хоног хэвтэн эмчлүүлээд **** сумандаа эргэн ирсэн....миний бие одоо хурдан түргэн хөдлөх үед толгой эргээд манараад байдаг болсон. Миний толгой үе үе гэнэт хатгаж өвдөнө тэгэх үеэр нь өвчин намдаах эм хэрэглэж байна..1,720,000 төгрөгийн зардлыг өгчихвөл надад өөр гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 25-26, 28-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 2,590,516 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),
Иргэний хариуцагч Э.Згийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б **** маркийн мотоциклийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэр рүүгээ яваад ирнэ гээд унаад явсан...Бгийн унаж явсан мотоцикль миний эзэмшлийн мотоцикль мөн. Би уг мотоциклийг 2011 онд хүнээс худалдаж авч байсан...Хөл болон гар тооромж 2 хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би **** сумын төвд дэнж дээр байдаг ****** ахын гэр лүү орчоод гараад ирсэн чинь дэлгүүрийнх гадаа зүс таних ********* сумын залуу хөх өнгийн мотоцикльтой зогсож байсан. Тэгэхээр нь би намайг тэр доор үзүүрийн дэлгүүр лүү хүргээд өгчих гэсэн чинь тэгье гэсэн тэгээд би араар нь суугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байх замд хоёр гудамжны дунд байх өргөн чөлөөнд гарч ирэхэд ертөнцийн зүгээр хойд зүгээс урагш чиглэлтэй 1 мотоцикльтой хүн ирээд бид хоёрыг мөргөсөн, тэр мөргөсөн хүн Т ах байсан. Тэгээд бид хоёрыг мөргөчихөөд Т ах мотоцикльтойгоо газар унасан. Бид хоёрын мотоцикль ч гэсэн газар унасан. Харин бид хоёр газар унаагүй хөл дээрээ тогтоод үлдсэн. Тэр Т ах хажуу талаас орж ирж мөргөхөд харин бид хоёрын хөл гар руу мөргөөгүй мотоцикль рүү мөргөсөн тас гээд явсан. Тэгээд Т ах газар унаад дээшээ хараад хэвтээд байсан. Тэгэхээр нь би толгойг нь өвдөг дээрээ тавиад гээд хүүхэд нь ирээд аваад явсан. Дараа нь би Т ахын мотоциклийг унаад Т ахын хашаанд хийчихээд тэр Рашаантын зүс таних залуу бид хоёр яваад өгсөн. Согтсон зүйл байхгүй бага зэргийн архи амнаас нь үнэртэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),
Гэрч *************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г аавыг өндийлгөөд барьчихсан сууж байсан, нөгөө мотоцикль унаж явсан гэх танихгүй залуу хажууд нь зогсож байсан... манай аав Т нь сумын төвийн хойно байдаг малын хашаа руу очоод буцаад гэр лүүгээ уруудаад ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй хоёр гудамжны дунд байх өргөн чөлөөгөөр явж байхад баруун гар талаас буюу баруун талынх нь гудамжнаас 1 мотоцикльтой 2 хүн гарч ирсэн гэсэн. Гэнэт л гарч ирээд тулсан тоормоз гишгээд зогсоогүй гэж аав надад ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 61-62-р хуудас),
Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н бид 2 Ч-ын дэлгүүр орж тамхи авч байхдаа тэр Рашаантын танихгүй залуутай таарсан юм. Тэр 1 шил архитай явж байсан. Тэгээд архийг нь гоё аниагийн гэрийнх нь хашааны ард очиж рашаатын танихгүй залуу Н бид 3 тэр 0,5 литрийн Хараа нэртэй архийг хуваагаад уугаад дуусч байхад Г ах гарч ирсэн. Тэгээд бид 3 Г ахын хашаа руу ороод байшингийх нь ард талд үлдсэн жоохон архийг уусан. Рашаантын танихгүй залуу тэр архинаас уусан, бид нар адилхан л хуваагаад уусан...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-65-р хуудас),
Гэрч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр залуутай Чын дэлгүүрийн гадна таарсан. Тэр залуу 2 гар нь их тос болсон явж байсан. Бодвол эвдэрсэн машин тэрэг ухсан юм шиг харагдаж байсан. Тэгээд тэр залуу Чын дэлгүүрээс 1 шил архи аваад гараад ирсэн. Тэгээд ах хоёулаа хувааж уухуу гэхээр нь ах нь уухгүй гэсэн. Тэгээд тэр залууг чи хаачих гэж байна гэсэн би уруудна гэхээр нь тэгвэл намайг төв гудамжинд хүргээд өг гээд би төв гудамжинд хүргүүлээд буугаад үлдсэн. Тэгээд тэр залуу хаашаа явсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 67-68-р хуудас),
Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дэлгүүрийн гадна Рашаант сумын 1 мотоцикпьтой залуутай таарсан. Тэр залуу ганц шил архи байна 2 ахтайгаа уучихъя гэхээр нь за тэгье гээд Г ахын гэрийнх хашааны ард очиж хашааны сүүдэрт нөгөө 0,5 литрийн хараа нэртэй архийг рашаантын залуу, нэрийг нь мэдэхгүй юм, Ганболд бид 3 хуваагаад уугаад дуусч байхад Г ах хашаа руу согтуу орж ирж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-71-р хуудас),
Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д ахын гэр лүү ганцаараа орчоод гараад ирэхэд машин дотор байсан манай хүүхдүүд болох Х 15 настай, Б.Д 10 настай энэ 2 Т гуайг мотоцикльтой хүнтэй мөргөлдөхийг харсан байсан.. намайг гараад ирэхээр тэнд 2 мотоцикль мөргөлдчихлөө очиж тусалъя гэсэн. Тэгэхээр нь очоод эхлээ түргэн тусламж дуудасан, дараа нь төвийн багийн дарга Н ах руу залгаж хэлэхэд Н тэр даруй түргэнээс түрүүлж ирсэн. Би түргэн дуудсан байгаа шүү гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 73-74-р хуудас),
Шинжээч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед дээрх гэмтлүүд нь унах болон мөргөлдөх үед үүсгэгдэх боломжтой. Хамрын таславчийн муруйлт нь хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдоно. Гавлын баруун талд хөхлөг сэртэнгийн хугарал нь хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно...” гэх мэдүүлэг (хх-ийн 84-85-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2438002580116 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...П.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч П.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хохирол учирсан үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Хохирогч Б.Т нь зам тээврийн ослоос гавлын баруун талд хөхлөг сэртэнгийн хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий эрүү мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 77-78-р хуудас)-ээр тогтоогдсон.
Шүүгдэгч П.Б нь **** загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “а” болон “в”-р заалт буюу “Жолоочид...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг...зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг ....хориглоно”, 10.3-р заалт буюу “Жолооч гарцаар замд нийлэхдээ уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн болох нь Механик инженер тээврийн сургуулийн техникийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 8/127 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 112-113-р хуудас)-ээр нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал шүүгдэгч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч улмаар Б.Тн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан.
Дээрх хуулийн тайлбараас үзвэл шүүгдэгч П.Б нь жолооч гэх ойлголтод, түүний жолоодож байсан **** загварын улсын дугааргүй мотоцикл нь тээврийн хэрэгсэл гэх ойлголтод тус тус хамаарч байна.
Шүүгдэгч П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох А ангилалын эрхгүй болох нь жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 133-р хуудас)-ээр тогтоогдсон.
Шүүхээс тогтоосон шүүгдэгч П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр **** маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон 2024 оны 06 дугаар зүйлийн 01-ний өдөр Хөвсгөл аймгийн **** сумын төвийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Тн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэсэн хүндрүүлэх шинжид хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгч, хохирогч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэнд, эд хөрөнгө, ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч П.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Тн эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Хохирогч Б.Т нь 1,720,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн ба шүүгдэгч П.Б нь хохирогч Б.Тд хохирол 1,000,000 төгрөгийг түүний эхнэрийн дансаар дамжуулан өгсөн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч Б.Тд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Т нь үлдсэн 720,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч П.Бгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан.
Хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2,590,516 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 32-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Бгээс 2,590,516 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Бд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 130-158-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч П.Б нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дугаар зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан баривчлах ялыг нэмж нэгтгэн 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 79 тооны хонийг хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 135-158-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эцэг, эхийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 4 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Рашаант сумын хилийн дээсээр тогтоож, 1 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумаас гадагш явахыг хориглох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 4 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Пгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Пгийн Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Рашаант сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Бгээс 2,590,516 (хоёр сая таван зуун ерэн мянга таван зуун арван зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7.Ээрүүгийн 2438002580116 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Т нь 720,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч П.Бгээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР