Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/235

 

 

 

 

 

 

 

 

 

  2025       07            01                                          2025/ШЦТ/235

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, 

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хын Год холбогдох эрүүгийн 2538000000255 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Хын Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Д” гэх газраас малын хашаа сэлбэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглаж 1,19 м3 хэмжээтэй модыг бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13-р хуудас),

Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (хх-ийн 15-р хуудас),

Мөрдөгчийн эд мөрийн баримтыг битүүмжлэх тухай санал, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл (хх-ийн 14, 16-17-р хуудас),

Хөвсгөл аймгийн прокурорын газрын прокурорын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл (хх-ийн 20-р хуудас),

Шүүгдэгч Х.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “..2024 оны 9 дүгээр сарын 10-ны орчимд Хөвсгөл аймгиин Б сумын 1 дүгээр багийн нутаг Д гэдэг газраас малын хашаа нурууд унасан байсан учир тухайн газраас хашаа сэлбэж засварлах зорилгоор 3 ширхэг босоо мод унагааж 4 метрийн урттайгаар тайрч бэлтгэсэн. Бэлтгэсэн модоороо малынхаа хашааны багануудыг сольсон зүйл болсон. Тухайн бэлтгэсэн модоо өөрийнхөө эзэмшлийн пронтер маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр евөлжөөний хашааны гадаа авчир зөөвөрлөж буулгасан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Н.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Б сумын **** 1 багийн нутаг ***** гэх газрын **** тус багийн иргэн Х.Г гэдэг хүн шинэс төрлийн 3 ширхэг босоо мод бэлтгэсэн талаар 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн. Х.Г гэдэг хүн мод бэлтгэх эрхийн бичиг баримт надаас аваагүй. Иргэн Х.Г гэх хүний үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Хөвсгөл аймгийн ********* сум дундын ойн ангийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай: “...4 метрййн урттай, 6 ширхэг мод нь хэрэглээний нойтон, шинэ мод байна. Уг бэлтгэсэн мод малын хашаа сэлбэх хэрэглээний мод. Иргэн Х.****ийн бэлтгэсэн мод 1,19 м3 экологи эдийн засгийн үнэлгээ 573,428 төгрөг. Тухайн иргэний мод бэлтгэсэн газар нь Хөвсгөл аймгийн Б сумын сангийн далай 1 дүгээр багийн нутаг "Д" гэдэг газар байршил № 49.12186- Е 99.25481 зааж байв. Тухайн ойн сан 3 дугаар муж...” гэх дүгнэлт (хх-ийн 42-43-р хуудас),

Хөвсгөл аймгийн *************** газрын 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаартай: “...Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 1,720,284 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх- ийн 51-р хуудас),

А ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-925-12356 дугаартай: “...Бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 100,000 төгрөг, Бонго маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 04 дүгээр сарын байдлаар 3,00,000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хх-ийн 49-52-р хуудас),

Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд 1,720,284 төгрөгийг шилжүүлсэн” гэх шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 79-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний....эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Х.Г нь хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт 573,428 төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,720,284 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-р хуудас)-ээр тогтоогдсон.

Шүүгдэгч Х.Г нь экологи эдийн засагт учирсан 1,720,284 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны Төрийн банкны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл (хх-ийн 79-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Г нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт битүүмжлэгдсэн 1,19 м³ буюу 6 ширхэг нойтон модыг, 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулах тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2538000000255 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 1,19 м³ буюу 6 ширхэг модыг, 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Хын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хын Гыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Год оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2538000000255 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 1,19 м³ буюу 6 ширхэг модыг, 3,000,000 (гурван сая) төгрөгийн үнэлгээтэй **** маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 (нэг зуун мянга) төгрөгийн үнэлгээтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хориргдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УУГАНБАЯР